УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган| "Монгол Улсын хууль тогтоомжид хүний эрхийг зөрчсөн 800 гаруй заалт байна"

УИХ-ы намрын чуулганы 2023.10.26-ны өдрийн хуралдаан эхэллээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

НЭМЭЛТ: 11.30 цаг

-"Зөвшөөрлийн шүүхийг байгуулах асуудлыг ярьж байгаа"-

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 24 цагаар дагнасан, мэргэшсэн шүүгчтэй байвал хэрхэх вэ. Тэгэх боломж байна уу. Прокурор 24 цагаар ажилладаг. Шүүхэд ингэх боломж бий юү. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй хэмээн үзвэл даруй шүүхэд хүргүүлнэ гэжээ. Даруй гэдэг нь ямар хугацаа вэ. Шүүхийн шатанд шүүгдэгчийн цагдан хоригдох хугацаа нь яллагдагчийг цагдан хорих нийт хугацаанд хамаарахгүй гэжээ. Хүний эрхээ зөрчөөд байгаа юм биш үү.

Ажлын хэсгээс: Баривчлах ажиллагааны шүүхийн харьяаллыг тодорхой зааж өгч байгаа. Баривчлагдсан хүн хамгийн ойр байгаа шүүхэд эрхээ хамгаалуулах боломжтой. Шүүх байгуулах тухай хуулийн хүрээнд зөвшөөрлийн шүүх байгуулах асуудал яригдаж байгаа. Хэрэв ийм шүүх байгуулагдвал цагдан хорих баривчлах асуудлыг дагнасан шүүх хяналт тавих боломжтой. Нөгөө талаараа ийм шүүхийг бариагүй байсан ч улсын хэмжээнд нийт шүүх шүүгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрээр тухайлан баривчилж, цагдан хорих асуудлыг шүүгч дагнан хариуцахаар болсон. Зөвхөн цагдан хорих, баривчлах асуудлыг шүүгч дагнан хариуцах юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Процесст өртсөнөөс болж буцаасан хэрэг хэд байна. Хохирлыг нь төлнө гэдэг нь зөв. Хууль зөрчөөд хүн шийтгэсэн хүмүүсийн бурууг татвар төлөгчийн мөнгөөр төлөх ёстой юм. Процессын хуулийг зөрчсөн хүмүүст өөрт нь хариуцлага тооцуулсан тоо байгаа юу. Эднийг хэрхэн шийдвэрлэх вэ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Гэрчийн эрх бол өөр. Яллагдагчийнх нь ч өөр. Хэргийг өөрөөр нь хүлээлгэх зорилгоор гэрч байдлаар асууж байгаад яллагдагч болгодог арга барил нэвт шингэжээ. Шалтгаан нь хуульд бас байна. Ирэх долоо хоногт Шүүх байгуулах тухай хуулийг дагуулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хоёр зүйл заалт нэмэх гэж байгаа. 31.2.8 бол гэрчийг яллагдагч болгодог заалт юм. Үүн дээр зарим өөрчлөлт оруулах замаар сайжруулах ёстой. Зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийн заалт бий. Бүтэн ажиллахгүй байгаа. Шүүхийн хууль шиг бүтэн болгоогүй. Мөрдөх алба болон прокурорын хяналтын хэсгийг үлдээснээс болж, шүүхийг буруушааж байна. Нотлогдоогүй, дутуу шалгасан, талуудын эрхийг зөрчсөн хэгийг дутуу боож, шүүх цагаатгаж байна. Ийм асуудал байгаа. Тиймээс шүүх шүүгч рүү чичилж дайрахаас илүүтэй анх хэрэг үүсэхээс нь эхэлж, бүхий л процесст нь анхаарах хэрэгтэй. Тэгж байж шинэтгэл хийлээ гэж хэлэх боломжтой. Үгүй бол шүүхийн шинэтгэлээ татаж унагаах эрсдэлтэй байна.

Монгол Улсын хууль тогтоомжид хүний эрхийг зөрчсөн 800 гаруй заалт байна. Эрүүгийн процессын асуудал үүнд байгаа. Судлаачдын цагаа үрсэн ажил цаас болж өнгөрөх ёсгүй. Энэ судалгааны ажлуудыг ажил хэрэг болгоно. Тиймээс оруулж ирэх ажлын хэсгийг би сая байгуулсан. 32 цагаан лонхыг нэг амьсгаагаар тоолж болдоггүй юм билээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Цахим орчинд сэвж, хэрэг үйлдсэн гэж нийтээр шийтгэчихээд барьж хорьж, олон нийтийн сэтгэлийг амрааж байна. Мөрдөн байцаах хэргийн явцыг задалдаг нь сенсацыг сенсацаар дарах асуудал юм. Шүүх хурал явагдаж байж гэм буруутайд мэтгэлцэх ёстой. Гэтэл хамтрагч нь захиалаад Б.Ганхуягийг цагдан хориод байх вий.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-15 жилийн хугацаанд 425 иргэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулжээ-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Чуулганаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид бүгд хүүхэдтэй. Тусгаарлах арга хэмжээ авах, сэтгэл зүйд нь нөлөө үзүүлэхгүйгээр гэрт нь нэгжлэг хийх, баривчлах хэрэгтэй. Аав ээжийнх нь хийсэн хэрэгт хүүхэд ямар холбоотой юм бэ. Шүүх цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алдарч байна, нэр хүнд нь ч унаж байна. Тойрогт ажиллах үеэр С.Баярцогтын хэргийг хөндөж байна. Шүүхэд итгэхгүй байна шүү дээ. Шүүхээр шийдвэрлэсэн хэргээ цайруулж байна гэдэг нь шүүх өөрөө өөрийгөө үгүйсгэсэн хэлбэр юм. Хүчний байгууллагад итгэхээ больж ээ. Европын АНУ-ын хэргийн процессыг харахад хүн амины хэрэгт сэжиглэгдсэн ч нотолж чадахгүй байгаа бол баривчилдаггүй. Гэтэл манайх аюултай нөхцөл байдлаар хэмээгээд тусгаарладаг. Хойшлуулшгүй баривчилгаа гэдгээ бүрмөсөн хуулийн төслөөсөө ав л даа.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Гэмт хэргийг олж тогтоох, ял оноох, шүүхээр шийдвэрлэх гэх мэт процессын хууль тогтоомж бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангаж байж, дээрх процесс явагдах учиртай. Түүнээс биш гэмт хэргийг хууль зөрчөөд ч хамаагүй илрүүлж болохгүй. Тухайн иргэн гэмт этгээд байсан ч эрхээ эдлэх ёстой. Цагдан хоригдож байгаа этгээдэд ямар үндэслэлээр цагдан хорьж байгаа талаар тайлбарлаж, өгөхгүй банййа. Өмгөөлөгч талд нь цагдан хорих үндэслэлийг тайлбарлаж өгөх ёстой гэдгийг хуульд тусгаж өгнө. Яаралтайгаар хуулийн төслийг оруулж ирэхээр хэлэлцээд зарим зүйлсийг үлдээсэн. Тиймээс ажлын хэсэг, байнгын хорооны үеэр орхигдсон зүйлсийг нэмээд явна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Б.Энхбаяр сайд аа, та ажлаа авсны дараагаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задарч байгааг хөндөж, таслан зогсооно гэсэн. Хэргийн материалыг задалж байгаа сэтгүүлчийг бид буруутгах боломжгүй. Тэдэнд материал өгсөн хүмүүсийг олж тогтоомоор байна. Та эхлүүлсэн энэ ажлаа гүйцээгээрэй. Шаардлагатай бол ХЗБХ-гоор тусад нь хэлэлцүүлэг хиймээр байна. Хоёрт, энэ ажил чинь гацаж байгаа бол Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах газрыг сэргээх асуудлаа Ерөнхийлөгчтэй яриад оруулж ирмээр юм. Гуравт, өргөсөн тангаргаасаа зөрчиж, хэрэг хийсэн шүүгч, өмгөөлөгч, прокурорууд хайчив. Ажлаа хийж байна уу, торгууль аваад алга болсон уу. Эсвэл ажлаас нь халсан уу.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буруу хийснээр хэчнээн хүнийг хэлмэгдүүлэв гэж судаллаа. 2008-2023 оны байдлаар 425 иргэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулсан хэмээн үзэж, нөхөн төлбөр гаргасан байна. Хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорьсон, гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй, тэдний хохирлыг эдийн засгийн мөнгөн дүнгээр барагдуулах шийдвэр гарсны үлдэгдэл 2.4 тэрбум төгрөг байна. Миний тухайд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байгаа тохиолдолд буюу 2024 онд 100 хувь барагдуулна. Төр хүнийг хэлмэгдүүлсэн байна. Зөрчсөн этгээд болох төр өөрөө хүний эрхийг сэргээн эдлүүлэх ажлыг өөрөөсөө эхлүүлэх ёстой. Шүүхийн шийдвэр гарсан байхад төр мөнгөгүй хэмээн нөхөн олговрыг өгөхгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хойшлуулшгүй тохиолдол гэдгээ одоогийн Эрүүгийн хуульдаа хэрхэн сайжруулах юм. Хоёрт, сэтгэл санааны хохирлыг өнгөрсөн жил тооцдог болсон. ХЭҮК-ын илтгэлд 382 хүнээс гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч гэх хүнийг шууд заасан, 135 хүнийг баривчилсан ч 24-48 цагийн дараа сулласан байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг хэрхэн өөрчилж, сайжруулж байна.

Ажлын хэсгээс: Шүүхийн зөвшөөрлөөр болон хойшлуулшгүй буюу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилдаг. Хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн хугацаанд судалж үзэхэд нийт баривчилгааны 99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй явагдсан байна. Үүний 60 хувь нь хойшлуулшгүй гэх үндэслэлээр баривчилгааг хийжээ. Дийлэнх тохиолдол нь гэрч хэрэгтнийг шууд заасан үндэслэл байдаг. Энэ хуулийн төслөөр бүхий л баривчилгааг шүүхийн үндэслэлээр байлгахаар болсон. Хойшлуулшгүй үндэслэл гэдэгт ямар нөхцөл байдал байх вэ гэдгийг нь тодотгож өгнө. Баривчлах ажиллагаа шүүхийн болон прокурорын хяналт доор хэрэгжинэ. 48 цагийг 24, 24-өөр нь хувааж авч үзэж байгаа. 24 цагийн хугацаанд прокурорын хяналт доор байх бөгөөд үндэлслэлгүй хэмээн үзвэл суллаж болно. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэхдээ 24 цагийн өмнө шүүхэд мэдэгдэнэ. Шөнийн 22.00 цаг хүртэл шүүхээс энэ ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх зарчим орж ирсэн. Хүний эрхийг хангах үүднээс өмгөөлөгч томилж оролцуулах заалт шинээр орж байгаа. Эрх нь зөрчигдөсөн, хууль бусаар баривчилсан хэмээн үзвэл гомдол гаргаж болно. Прокурор үүнийг хянана. Гомдол гаргаагүй байсан ч 30 хоногийн хугацаанд хянаж, ажиллана.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Энэ хуулийг төслийг дэмжиж байгаа. Онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууламжид саад учруулсан болон халдсан бол эрх зүйн зохицуулалтыг сайжруулсан байна. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн заалтуудыг хамтад нь оруулж ирсэн байна гэж харж байгаа. Кибер аюулгүй байдлын асуудал их хөндөгдөж байна. Кибер аюулгүй байдлын төсвийг 2024 онд суулгаагүй. Үйл ажиллагаагаа хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Үүнтэй холбоотой төсөв Тагнуулын байгууллагын төсөвт тусгагдаж явдаг уу.

Ажлын хэсгээс: Кибер гэмт хэрэгтэй холбоотой гомдол мэдээлэл одоогоор манайд бүртгэгдээгүй.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Цахим гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн. Харьяаллаараа цагдаагийн байгууллагад хамаардаг. Нэгт, цахим мөрийтэй тоглоом залиланд олон тооны хүн мөнгөө алдаж байна. Арилжааны банкууд дээр иргэд тэр дундаа залилан хийдэг хүмүүс данс нээж явж байна. Тухайн гэмт этгээдүүдийн данс нээх боломжийг хязгаарлахын тулд хувь хүний мэдээллийн тухай хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхэд анхаарч ажилана. Урдаас нь угтаж, урьдчилан сэргийлэх ажлыг түгээж байна. Урьдчилан сэргийлэх бүтцийг томруулна. Цагдаагийн байгууллагын гол цөм нь болгоно. Кибер аюулгүй байдлын албыг томруулна гэж бодож байгаа. Урьдчилаад хэлчихлээ. Уг нь ингэж болохгүй юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Цахим тоглоомын газруудын учрыг олохгүй бол арай л хэтэрхий байна. Яаж цэгцлэх юм байгаа юм. Олон айлын амьдралыг хэцүү байдалд оруулж байна. Хохирогчийн эрх хангагдах байдлыг та нар тооцоолж байгаа юу. Ийм төрөл дээр цагдан хорьж болно гэх мэтээр ангилж ажиллана гэж ойлголоо. Хар тамхитай холбоотой хэрэг болон цахим тоглоом дээр ялын хэмжээг чангатгах юм уу, яадаг юм. Цагдан хорих үндэслэлээ хэрхэн ангилах вэ.

Ажлын хэсгээс: Сэжигтнийг баривчлах зөвшөөрлийг шүүхээс эхэлж авахтай холбоотой цаг алдсанаар хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учрах, нотлох баримт үгүй болох, оргон зайлах, хэргийг халуун мөрөөр илрүүлж байгаа нөхцөл байдал бий болох зэргээс бусад нөхцөлд баривчлах ажиллагааг шүүхээс зөвшөөрөл авдаг болъё гэж байгаа юм. Зарим төрлийн гэмт хэргээр баривчлах, цагдан хорих гэх мэтийг ангилахгүй. Хэргийг шалган явах процессод үүсэж болох гэм хохирлоос хамааралтай.


НЭМЭЛТ: 10.10 цаг

-Би та нарт ухаан зааж өгье. НӨАТ-ын хуулиа оруулаад ир-

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж спикерт хандаж үг хэллээ.

Тэрбээр, "Г.Занданшатар даргад хандаж үг хэлье. Ардчилсан намын бүлэг НӨАТ-ын урамшууллын хоёр хувийг таван хувь болгох хуулийн төслийг өргөн бариад явж байсан. Гэтэл манай Ардын нам бидний хийж буй сайн үйлийг баллуурдаж байдаг. Г.Занданшатар энэ асуудлыг олны анхааралд орууллаа. Хуулиа хурдан өргөн барь. Сайд нар бас янз бүрийн зүйл яриад байх юм. Парламентын засаглалтай орон шүү. Тиймээс элдэв янзын зүйл яриад хэрэггүй.

Би та нарт ухаан зааж өгье. НӨАТ-ын тухай хуулиа Г.Занданшатар дарга оруулаад ир. 2024 оны төсөв ороод ирчихсэн. НӨАТ-ын татварыг нааш цааш болгоход хүндрэлтэй байгаа бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж тооцоод батлаад яв л даа. Ингэснээр ард түмэн татварын дарамтаас бага ч гэсэн ангижирна. Эр хүн харайсандаа, эмээлт морь зорьсондоо гэх үг бий. Замын дундаас буцав даа, Г.Занданшатар дарга аа" гэв.


ЭХЛЭЛ:

-Чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ-

УИХ-ын намрын чуулганы 2023 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хэлэлцэх асуудлыг хүргэж байна. Үүнд,

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-26 13:33

нямбаатар гэр нөхрийн ниыслэлийн түгжрэл болон газрын хуульд оруулах өөрчлөлтийг их хур�##� батлах юм бол хүний эрх зөрчигдөөд жинхэнэ шороотойгоо хутг�##�данаа. Тэгээд нямбаатар 24 оны сонгуулиар намдаа жинхэнэ нянбактер болсон нь батлагдана даа �######�уул хөөрхий.

Холбоотой мэдээ

Back to top button