Улс төрийн мэдээ

Вьетнамын ерөнхийлөгчийн урилгаар: Олон тулгуурын нэг, социалист орнуудын сонирхол нэмэгдсээр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сарын 1-5-ны өдрүүдэд Бүгд найрамдах Социалист Вьетнам улсад айлчлахаар болжээ. Ингэхдээ тус улсын ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгыг хүлээн авсан байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 70 жил болж байна. Хамгийн сүүлд 10 жилийн өмнө л төрийн тэргүүний хэмжээний айлчлал хийгдэж байжээ.

Харин айлчлалын үеэр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзах юм байна.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.

Түүнчлэн “Монгол, Вьетнамын бизнес форум”-д оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцоно гэж албан хэвлэлд нь мэдээлсэн байна.

Гадаад бодлогын хувьд манай улс олон тулгуурт, нээлттэй зарчмыг баримталдаг. Нэг том тулгуур нь мэдээж хоёр хөрш. Нөгөө тулгуур нь гуравдагч хөршийн, тэр дундаа барууны орнууд хамаарч явдаг. Харин бас нэгэн том тулгуур бол урт удаан дипломат харилцааны түүхтэй, социалист орнууд болоод байгааг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр онцолж байв.

Өнгөрөгч зун Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кубад айлчилсан, ерөнхийлөгчийнх нь урилгаар. Энэ бол дэлхийд социалист системээ хадгалж үлдсэн цөөн орны нэг, мөн урьдын дипломат харилцаатай.

Саяхан Лаос улсаас УИХ-ын чуулганы танхимын засвар шинэчлэлийн ажилд 50 ширхэг ширээ бэлэглэх санал тавьсан. Модон эдлэлдээ гаргууд бөгөөд мөн социалист Лаос орон үүгээрээ хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж байгаа хэрэг.

Энэ удаа мөн социалист Вьетнам улсын ерөнхийлөгч нь өөрөө манай улсын Ерөнхийлөгчийг ийн урьсан нь дээрхийн адил. Вьетнамын хувьд цагаан будааны экспортоор хамтарч ажиллах боломж өндөртэй.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны Ерөнхий санал шүүмжлэлийн хэсгийг ажиглахад хөгжиж буй орнууд нэгдэн, өөрсдийн хөгжлийн гарц, ашиг сонирхлыг хүчирхэг гүрнүүдийн эсрэг илэрхийлж эхэллээ. Зүүний давлагаа ч хүчээ авч, улс орнууд нэгдэж буй.

Энэ давлагаанд газар зүйн сонирхолтой байрлалтай, гадаад бодлогыг тэнцвэржүүлэх шаардлагатай Монгол Улс ийнхүү жижиг бөгөөд социалист орнуудын ч анхаарлыг татаж эхлээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button