ОРОН НУТАГСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Түймрээс аврагдсан эрх “БҮЖИН” алим идэх дуртай

Үхэл амьдралын зааг дээр хэвтээ, эхээ амалж ч амжаагүй болов уу гэмээр хоёр хотон юу юугүй ороод ирэх гал түймрийг мэдэх ч үгүй хэвтэнэ. Ээж нь яагаад ч юм ойр хавьд байсангүй. Хорвоо дээр ирээд хоёр, гурав ч хоноогүй амьтны жаахан төлүүд ойн хээрийн түймэрт өртөхөд хэдхэн алхамын зайтай байхад нь тэр олжээ.

МЭДЭЭ /2019.05.24/ Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай бүс, Хаг-Туулын бэлчрийн гацаа гэх газарт ой хээрийн түймэр энэ сарын 20-нд  гарчээ. Энэ үеэр түймрийн голомтод ажилласан Эрдэнэ сумын залуус эхээс дөнгөж төрсөн хандгайн  хос хотолыг /тугал/ гал түймрийн аюулаас аварсан баяртай мэдээг уншигч танд хүргэе. Түймэр гарсан тухай мэдээллийг малчид өдрийн 12 цагийн үед тус сумын байгаль орчны байцаагчид мэдэгдсэн байна. Улмаар сумын удирдлагууд  аймгийн онцгой комисс руу яаралтай мэдэгдэж, сумаас 12 хүний бүрэлдэхүүнтэй хоёр машин түймрийн голомт руу хөдөлжээ. Түймрийн голомтод Төв аймгийн онцгой байдлын комисс, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөл зэрэг 50 гаруй хүн гурван өдрийн турш ажиллаж, энэ үеэрээ ховордсон Шивэр хандгайн нялх хос хотол нь ширүүн галд шатах аюулд өртөөд байжээ. Золоор нутгийн залуус олж харж гал түймрийн голомтоос гаргалаа.

2019.11.07

Тэр гэдэг нь Сайнбаярын Баасанхорлоо гэж буянтай нэгэн бүсгүй. Тэрбээр ярихдаа “Тавдугаар сарын 21-нд … бэлчирт ой хээрийн түймэр гарч, түймэр унтраах явцдаа хандгайн хоёр хотол олсон. Ээж нь ирнэ гэсэн бодол байсан учир Хан хэнтийн захиргааны алба хаагчид, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын албан хаагчид, Төв аймгийн Эрдэнэ сумын сум дундын цагдаа, ойн байцаагч, улсын байцаагч нутгийн иргэд “Битгий оролд, ээж нь голчихдог юм” гэсний дагуу оролдсонгүй. Гэвч ээж нь ирсэнгүй. Хоёр хотолыг өлсөж, цангана гэдгийг мэдэж байсан учир анхны өдөр нь ус ширгээж буцалгаж байгаад ёотны тал хийж, сүүгээ цээдэмлээд, коланы 300 грамттайг авч холиод уулгалаа. Ингээд ээжийг нь ирэх болов уу гэж ч их харлаа. Шатсан талбайн хэмжээг тогтоохоор дрон нисгэхэд олдоогүй, ирээгүй. Ингээд орхивол хоол тэжээлийн дутагдлаас болж үхнэ, эсвэл амьтны хоол болно. Тэр хоёр нялх амьтныг шувуу ирээд л тоншихоор байсан. Тиймээс тавдугаар сарын 23-нд гэртээ авч ирэн, 25-наас эхлээд байшиндаа оруулж, мишокоо дэвсэн нөхөртэйгөө хоёулаа шөнөдөө манаж, харж хонодог боллоо. Гэвч эр нь яаж ч хичээгээд амьд үлдсэнгүй, “яваад өгсөн”. Одоо бүжин 11 сарын 21-нд зургаан сар хүрнэ” гэлээ.

БУГА АА, ХАНДГАЙ ТЭЖЭЭСЭН НЬ

БҮЖИН. Хоёр эзнээ хаа явсан газарт нь орилсоор дагаж явдаг, орхиод ажил амжуулахаар явахад нь уурлахдаа хашаагаа зад өшиглөж гараад давхидаг, алим идэж, сүү уух дуртай бие том ч эрх, нялх энэ молцог хандгайг Бүжин гэж өхөөрдөн дуудах болжээ. Нээрэн ч чих нь дэлдэн, үсэрч хариаж явдаг, эрх дураараа амьтан юм.

Бүжинг, ижлийнх нь хамт анх олоход өдөртөө 200 грамм сүү бас бус ус сэлт уудаг байж. Удахгүй нэг сар хүрэхдээ 1.5 литр, цаашлаад 3,4 литр сүү уудаг байснаа одоо 5 литр сүү ууна. Нялхдаа угжаар сүүгээ хөхөж уудаг байснаа одоо уруулных нь хөгжлийн онцлогоос болж угжаараа сүүгээ ууж чадахаа больж, түмпэнгээр ууна. Гэвчиг л амьтны нялх үрийн араншингаар түмпэнтэй сүүрүүгээ ховдоглон дайрахдаа эхийнхээ дэлэнг эгээ л эвэлгэх гэсэн тугал мэт дугтрана. Сүүгээ уусныхаа дараа хэсэгтээ нойрмоглон хэвтэхийг эзэд нь “манарах” гэж өхөөрдөн шоглох аж.

Эхнэр Сайнбаярын Баасанхорлоо, нөхөр Болдбаатарын Ганбуга нар Тэрэлжийн ойролцоохон аж төрнө. Бүжингээ амьтан хүний нүдэнд өртүүлээд байх тийм ч дуртай биш, муу санаатай хүмүүс муухай зүйл хийх вий гэж тэд болгоомжилно. Нөхөр Ганбугыг нь найз нөхөд нь Бугаа гэж дуудах бөгөөд “Буга аа хандгай олж тэжээгээд сонин тохиолдол шүү” гэж инээлдэнэ. Үнэхээр хандгай ч Буга аа даа хайртай гэж жигтэйхэн. Бугаагаа унтаж байхад нь хандгай нь хэнийг ч ойртуулдаггүй нь их сонин гэж тэд хөхрөлдөнө.  

БАЙГАЛЬД НЬ ТАВИХ ГЭЖ ЯАРАХГҮЙ

С.Баасанхорлоо “Сүүгээ уухдаа л дайрч ирдэг болохоос бусад үед хоёр эзнээ хаа явсан газарт нь дагаад л явна. Аав, ээж хоёроо гэж тэр ойлгосон бололтой” гэв. Нэг удаа “ээж нь” ажилдаа явж, “аав нь” хот руу явах хойгуураа хажуу айлдаа Бүжинг захиж үлдээгээд явтал уурлахдаа хашааны гурван банзыг хуга өшиглөөд, гараад давхичихсан байж. Метр гаруй өндөртэй хашааг бол өлхөн даваад гарчихна.

Ойр хавийн үхрүүд нийлж “дээрэлхдэг” байснаа сүүлийн үед эргээд Бүжин өөрөө айлгадаг болсон аж. Өөр айлын үхрүүд нийлж мөөрөлдөөд түүнийг мөргөх гэж ирснээ удалгүй айгаад зугтчихна. Учир нь төв суурин газар гаршуулан тэжээж байгаа ч зэрлэг амьтны төрөлх араншин нь хааяахан цухалзана.

Хүзүүн дээрээ тохоод зөөхөд 3 орчим кг жинтэй байсан Бүжин өнөөдөр зургаахан сартайдаа ийм сүрлэг биетэй болжээ. Одоо нас бие гүйцвэл хоёр эзэндээ гүйцэгдэхгүй. Гэхдээ хоёр эзэн нь Бүжингээ ойд нь тавьж зүрхлэхгүй. Учир нь зэрлэг байгальдаа өсөөгүй, биеэ дааж сураагүй цор ганц хотол чоно, баавгайн хоол болох нь тодорхой. Тиймээс гурван настай болж үржилд ордог болоход нь байгальд нь тавих бодолтой байгаагаа тэд учирлан ярьж байв.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close