Гадаад мэдээДЭЛХИЙ

Агаарын бохирдлыг бууруулбал дэлхийн дулаарал хурдасна

Агаарын бохирдлын улмаас дэлхий даяар жил бүр сая сая хүн нас бардаг. Ийм учраас агаарын бохирдлыг арилгах нь нэн чухал асуудал билээ. Тэгтэл агаарыг бохирдуулж буй бодисууд биднийг нарны цацрагаас хамгаалж байдаг аж.

Ийм учраас агаарын бохирдлыг арилгавал дэлхийн дулаарлыг хурдасгах эрсдэлтэй. БНХАУ-ын агаарын бохирдолтой хийсэн арав гаруй жилийн тэмцлийн үр дүнг харсан эрдэмтэд энэхүү хэцүүхэн дүгнэлтэд хүрсэн байна.

Агаарын бохирдлын ихэнхийг хүхрийн давхар исэл (SO2) үүсгэдэг. Нүүрсний үйлдвэрүүдээс ялгарч буй хүхрийн давхар ислийг Хятадын эрх баригчид 90 хувь хүртэл бууруулсан.

БНХАУ-ын албан ёсны тоо баримт болон эрүүл мэндийн судалгаанууд хүхрийн давхар ислийн хэмжээг бууруулсан нь мянга мянган хүний амийг аварсан гэдгийг харуулсан билээ.

Гэхдээ агаараас нарны энергийг ойлгон, сарниулдаг хортой бүрхүүлээ авч хаяснаар БНХАУ-ын дундаж температур 2014 оноос хойш 0.7 градусаар нэмэгдсэн байна.

АНУ-ын Далай, Агаарын мандлын Үндэсний Захиргаанд (NOAA) агаар мандлын химичээр ажилладаг Патрисиа Куинн “Энэ бол нэг нь нөгөөгөө дардаг асуудал. Бид агаарын чанарыг сайжруулахын тулд агаараа цэвэршүүлэх хүсэлтэй, гэхдээ ингэвэл дэлхийн дулаарлыг хурдасгана” гэжээ.

Агаарын бохирдлыг арилгах нь сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын зарим хотуудад дундаж температур нэмэгдэхэд хүлэмжийн хийгээс илүү нөлөө үзүүлсэн гэж эрдэмтэд үзэж буй.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссоос гаргасан (IPCC) хамгийн сүүлийн тайланг ахалж бичсэн байгаль орчны физикч Пауло Артаксо “Аерозол нь манай гарагийн халалтын гуравны нэгийг халхалж байна. Хэрвээ агаарын бохирдлыг арилгах арга хэмжээ авбал богино хугацаанд дэлхийн дулаарлыг маш ихээр хурдасгана” хэмээсэн юм.

“IPCC”-ийн 2021 онд гаргасан тайлан дүгнэлтдээ хүхрийн давхар ислийн хамгаалалт байгаагүй бол дэлхийн дундаж температур аль хэдий нь 1.6 градус цельсээр нэмэгдэх байсан гэж бичжээ.

Дэлхийн улс орнууд дундаж температурын нэмэгдэлтийг 1.5 градусаас бага байлгах зорилго тавьсан. “IPCC” дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх үетэй харьцуулахад 1.1 градусаар нэмэгдсэн гэж үздэг.

Энэтхэг, Ойрх Дорнод гэх мэт агаарын бохирдол өндөртэй бүс нутгууд БНХАУ-тай ижил арга хэмжээ авч хүхрийн давхар ислийг бууруулбал илүү хална гэж эрдэмтэд хэлжээ.

Ши Жиньпиний агаарын бохирдолтой хийсэн дайн ба түүний үр дүн

2012 онд Ши Жиньпин БНХАУ-ын төрийн эрхийг гартаа авсны дараа агаарын бохирдолтой тэмцэхээ амласан. 2014 оны гуравдугаар сарын 5-ны өдөр, Ши Жиньпин Бээжингийн утаанд дарагдсан гудмаар алхсаныхаа дараа Үндэсний Ардын Конгрессын өмнө агаарын бохирдлын эсрэг дайн зарласан.

Шинээр баталсан хуулийн дагуу цахилгаан станцууд болон гангийн үйлдвэрүүд хүхрийн агууламж багатай нүүрс рүү шилжиж, бохирдол их ялгаруулж буй олон зуун үйлдвэрүүдийг хаан, бензиний стандартыг чангатгасан юм. БНХАУ-ын хамгийн том энергийн эх үүсвэр одоо ч гэсэн нүүрс хэвээрээ байгаа.

Гэхдээ нүүрс шатааснаар ялгарах хүхрийн давхар ислийн ихэнхийг арилгаж чаджээ. Агаарын бохирдолтой дайн зарлахаас өмнө БНХАУ-ын хүхрийн давхар ислийн ялгаруулалт 2006 онд 26 сая тонн байснаас 2013 онд 20.4 сая тонн болж бага багаар буурсан.

Харин шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсний дараа хүхрийн давхар ислийн ялгаруулалт 87 хувиар буурч, 2021 онд 2.7 сая тонн болсон байдаг.

Агаарын бохирдол их хэмжээгээр буурсан нь дагуулаад дулааралтыг хурдасгажээ. 2014 оноос хойших есөн жилийн хугацаанд жилийн дундаж температур 10.34 байв. Энэ нь 2001-ээс 2010 онтой харьцуулахад 0.7 градус цельсээр нэмэгдсэн үзүүлэлт.

Дулааралтын явц орон нутгийн түвшинд илүү хүчтэй явагджээ. Техасын A&M их сургуулийн судлаач Яаняан Шү “Reuters” агентлагт хэлэхдээ БНХАУ-ын халуун зуух гэж нэрлэгддэг Чунцин, Ухань хотуудад дундаж температур 1 градусаар нэмэгджээ.

Хэт халалтын үеэр агаарын бохирдлыг бууруулсны нөлөө илүү хүчтэй байж магадгүй аж. Их Британийн Ридингийн их сургууль аэрозолын нөлөөг судалдаг цаг уур судлаач Лаура Вилкокс “Компьютерын загварчлалаас харвал хэт халж байгаа өдрүүдэд дундаж температур 2 градус хүртэл нэмэгдэж магадгүй” гэсэн байна.

Энэ жил БНХАУ-д хэт халалт хүчтэй явагдсан. Шинжааны баруун хойд бүсэд өнгөрсөн долоодугаар сард 52.2 цельс градус температур бүртгэгдэж, 2015 онд бүртгэгдсэн 50.3 хэмийн рекордыг эвдсэн. Мөн Бээжинд дөрвөн долоо хоногийн турш 35 хэм давж халсан билээ.

Хүхрийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулахын үр дүн орон нутгийн хэмжээнд хамгийн хүчтэй илэрдэг. Гэхдээ алс хол газар хүртэл дулааралтад нөлөөлж болдог аж. 2021 онд Яаняан Шү гар бие оролцсон судалгаа 1980-аад онд Европын орнууд аэрозолын ялгаруулалтаа бууруулахад БНХАУ-ын хойд хэсгийн цаг уурыг өөрчилсөн байх магадлалтайг харуулжээ.

Энэтхэг, Ойрх Дорнод

Энэтхэгт хүхрийн давхар ислийн бохирдол нэмэгдсээр байгаа. АНУ-ын Далай, Агаарын мандлын Үндэсний Захиргаан сүүлийн 20 жилийн хугацаанд Энэтхэгийн хүхрийн давхар ислийн ялгаруулалт 2 дахин нэмэгдсэн аж.

2020 онд хөл хорионы улмаас агаарын бохирдол буурсны дараа Энэтхэгийн газрын температур нэмэгдсэн юм. Энэтхэгийн цаг уурын алба мэдээлснээр 2020 оны дундаж температур 1981-ээс 2010 оны дунджаас 0.29 хэмээр халуун байжээ.

БНХАУ-ын жишгийг дагаж Энэтхэг агаарын бохирдолтой тэмцэж байгаа. 2019 онд тус улс Үндэсний цэвэр агаар хөтөлбөрөө хэрэгжүүлж, 2026 он гэхэд 100 гаруй хотдоо агаарын бохирдлыг 40 хувиар бууруулах зорилго тавьсан.

Саудын Арабын Абдулла хааны нэрэмжит ШУТИС-ийн цаг уур судлаач Сергей Осипов “Цар тахлаар хүмүүсийн үйл ажиллагаа хэсэг хугацаанд зогсоход, агаар мандал хурдан цэвэршиж температур тэр дор нь өссөн” гэж хэлжээ.

Агаарын бохирдлыг ч бууруулж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хэрэгтэй

Эрдэмтэд агаарын бохирдолтой тэмцэхээ зогсоох нь огт шийдэл биш гэдгийг онцоллоо. Гэхдээ зарим судлаачид нарны цацрагийг илүү ойлгохын тулд хүхрийн аэрозолыг агаар мандалд цацаж дулааралтыг багасгахыг санал болгож буй. Ингэх нь урьдчилж тооцоолоогүй үр дүн гаргаж магадгүй гэж олон эрдэмтэд үздэг.

Тийм учраас ихэнх эрдэмтэд метаны ялгаруулалтыг багасгахыг санал болгодог юм. Метаны ялгаруулалтыг зогсоох нь уур амьсгалын тэмцлийн эсрэг хамгийн хурдан үр дүн үзүүлэх арга.

Яагаад гэвэл метан агаар мандалд арав хүртэл жил оршдог байна. Харин нүүрсхүчлийн хий олон зуун жилийн турш хадгалагддаг. Ийм учраас метаны ялгаруулалтыг багасгаснаар арван жилийн дотор үр дүн харах боломжтой.

“IPCC”-ийн тооцооллоор 2019 оны байдлаар метан дэлхийн дундаж температурыг 0.5 хэмээр нэмжээ. Дэлхийн 100 гаруй орон метаны ялгаруулалтаа 2030 он гэхэд 30 хувь хүртэл бууруулах амлалт өгсөн.

Флорида мужийн их сургуулийн агаар мандлын судлаач Майкл Даймонд “Метаны ялгаруулалтыг бууруулснаар агаарын бохирдлыг багасгах үед дэлхийн дундаж температурын нэмэгдэл 1.5 градус цельсээс давах аюул тулгарахгүй” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-09 08:38

Өө тэгвэл агаараа улам сайн бохирдуулж дэлхийн дулаарлыг зогсоох ёстой болохнээ. Хүн төрөлтөн мөхлийн замдаа шуударчээ

Зочин
Зочин
2023-11-09 08:51

Манайханд одоо амар аан

Зочин
Зочин
2023-11-09 08:53

Тэрбум мод утаа 2 оор дэлхийг аварна

Зочин
Зочин
2023-11-09 16:03

манайх шиг хөлдүүс орон агаараа л цэвэрхэн байлгах аваас сайхан лулаарчтх юм байна шүү дээ. Иым учраас утаа болон агаарын бохирдлын эсрэг тэмцэцгээеэ.

хүннү
хүннү
2023-11-10 10:48

Нүүрсээ л түлээд байхаас, утаа буурлна гэж мөнгө идэх хэрэггүй болждээ. Дарга нарт л хохиролтой мэдээ байна.

Зочин
Зочин
2023-11-10 15:39

Манайд утааг бууруулах аргаа олохгүй болхоор бүүр аргаа бараад утааг ашигтай болгочиж

Холбоотой мэдээ

Back to top button