Top StoriesНийгэм ярилцлагаСПОРТ

Ихэр даамчин Б.Анужин ба Б.Мөнхжин: Өрсөлдөгчид биднийг андуурч, өргөө сольж суух тохиолдол элбэг

Баатархүүгийн Анужин, Баатархүүгийн Мөнхжин ихэр охид анх 2013 онд эмээгээрээ хөтлүүлэн "Шавь" цогцолбор сургуулийн даамын дугуйланд элсэн орсноор олон арван амжилтын эзэд болжээ.

Тэд багаасаа даамын спортоор хичээллэж, өсвөрийн аварга болон, цаашлаад улс, тив, дэлхийд цөөнгүй олон амжилт гаргасан аж.

Б.Анужин хоёр удаагийн өсвөрийн улсын аварга, Залуучуудын улсын аваргын мөнгө, 2016 оны Ази тивийн аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгө, УАШТ-ий насанд хүрэгчдийн төрөлд 2023 онд аварга болжээ.

Харин Б.Мөнхжин 2018 оны өсвөрийн улсын аварга, залуучуудын улсын аваргын мөнгө хүрэл, 2014, 2018 онд 14 настайдаа Ази тивийн аварга.

Саяхан болсон ДАШТ-нд тэргүүлж их мастер цол алтан медаль авч амжилтаа баталжээ. Охидын хүсэл сонирхол ижил төсөөтэй бөгөөд оюуны их спортод гаргах амжилтын зорилго ч мөн ижил юм. Ийнхүү бид тив дэлхийд нэрээ цуурайтуулсан ихэр охидтой ярилцлаа.

-Өөрсдийгөө товчхон танилцуулбал?

-Сайн байцгаана уу? Баатархүүгийн Мөнхжин, Баатархүүгийн Анужин нар байна. 2004 онд Улаанбаатар хотод төрсөн.

Б.А: Одоо ШУТИС-ийн Интерьер дизайны ангийн хоёрдугаар дамжааны оюутан.

Б.М: МУИС-ийн Орон судлалын хөтөлбөрийн нэгдүгээр дамжааны оюутан.

-Яагаад даамын спортыг сонгож хичээллэсэн бэ?

-Анх бид хоёрыг эмээ маань "Шавь" клубт оруулж байсан. Тухайн үедээ хоёр сар хичээллээд завсарлага аван, нэгдүгээр ангид элссэн. Тэгтэл клубийн багш бид хоёрыг эрж сураад ангийн багшид "Танай ангид даам тоглодог хоёр авьяастай хүүхэд байгаа, тогтвортой суух, сэтгэн бодох чадвар өндөр хүүхдүүд учир эцэг эхтэй нь холбогдох хэрэгтэй" гэсэн. Ингээд л буцаж клубтээ орсон. Тэр үед багш маань бид хоёрт "Дахиж даамаа битгий хаяарай, та хоёр шиг сэтгэх чадвар сайтай, сууж сурсан хүүхэд ховор шүү" гэж хэлсэн. Тэр үеэс хойш бараг даамаасаа холдоогүй ээ.

-Даам тоглосноор хүн ямар чадвартай болдог вэ?

-Төлөвшинө, аливаа асуудлыг олон талаас нь бодож шийдвэр гаргаж сурна. Мөн ой тогтоолт сайн хөгждөг, хурдан цээжилж, удаан мартдаг.

-Гэр бүл нь хэрхэн дэмждэг вэ?

-Манай аав, ээж хоёр биднийг 17 нас хүртэл бүх тэмцээнд хамт явдаг байсан. Тухайн үедээ гайхдаг байсан ч сүүлд учрыг нь олсон. Биеэ даагаад явж байгаа хүүхдүүд аав ээжийн хяналтгүй учир тэмцээнийхээ дундуур ийш тийшээ яваад сулавтар байх нь элбэг учраас л бид хоёрыг тэмцээн бүрд аав ээж хоёр маань дагаж явж. Тиймдээ ч илүү хариуцлагатай, илүү нухацтай тоглолтуудыг өрнүүлдэг байсан. Одоо ч маш их урам өгч, бүх цаг үед дэмждэг.

-Даамнаас өөр урлаг спортын сонирхол байгаа юу?

Б.А: Байгаа. Бид хоёр хоёулаа зурдаг. Мөнхжин төгөлдөр хуур тоглодог. Би гитар тоглодог.

-Ихэрүүдийн зорилго мөрөөдөл?

Б.А: Бид хоёрын даамын спортын зорилго ижилхэн. Оргил цол болох олон улсын их мастер болох зорилготой. Би одоогоор спортын мастер цолтой. Харин Мөнхжин даамын дэлхийн мастер цолтой. Энэ зорилгын төлөө арай түрүүлж яваа нь Мөнхжин.

-Тэмцээний үед тохиолдож байсан мартагдашгүй дурсамж юу вэ?

Б.А: 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээр Мөнхжин бид хоёр нэг эгнээний ширээнд таарсан. Би урд нь, Мөнхжин миний хойно суучихсан шил шилээ хараад сууж байсан юм. Бид хоёртой Хятадын тамирчид тоглож байсан. Надтай арай илүү чадварлаг тамирчин таарсан. Харин Мөнхжинтэй туршлага бага тамирчин тоглож байсан. Хятад тамирчид ус уух гэж маш их босдог. Тэр хоёр яг зэрэг ус уух гэж босоод буцаж суухдаа ширээгээ андуураад суучихсан. Өргөө сайн цээжлээгүй байсан ч юм уу, өрөг солигдсон байгааг ч анзааралгүй шууд нүүдэл хийж эхэлсэн. Тэмцээний үед ярихыг хориглодог учраас арай гэж холио солиогоо гаргасан. Хятадын хоёр тамирчин бид хоёрын царайг нэлээн гайхаж харж байгаад учраа олсон. Ер нь гадаадууд бид хоёрыг маш их андуурдаг.

Б.М: 2017 онд ДАШТ-д явахдаа 13 настай хэрнээ 17 настай хүмүүсийн ангилалд нас өгсөж тоглосон. Анужин тэр үед насандаа тоглож байсан. Анужингийн тэмцээний заал 1 давхарт минийх 3 давхарт байсан юм. Анужингийн тоглолт дуусаад хожиж гарч ирчихээд 1 давхарт утсаа оролдоод сууж байсныг нь манай хэсгийн шүүгч надтай андуураад торгож байсан.

-Даамны спортоос шантарч байсан үе байдаг уу?

Б.М: 2014 онд ДАШТ мөнгөн медаль аваад нэг хэсэг л хичээлдээ анхаарч даамнаас түр хөндийрсөн. 2016 оны тэмцээнд орохдоо нэлээн муу үзүүлэлт гаргасан. Тэр үед "Дэлхийн аварга тамирчин чинь ийм муу байсан юм байна" гээд хэл аманд орсон. Тэгэхэд л шантарч, энэ спортыг орхих талаар бодсон. Манай аав, ээж хоёр "Юм нэгээр дуусахгүй, чи залуу байна, чамд тоглох олон жил байна" гэж зоригжуулж билээ. Сүүлдээ даамын спортын уран сайханд нь дурлаж эхэлсэн. Хожил нь ямар гоё юм бэ, даамын 20 хүүгээр яаж ийм уран тоглолт үзүүлж байна аа, их мастерууд хөлгөн дээр ямар гоё тоглолт үзүүлэв ээ гээд шимтсээр байгаад. Одоо 100 буудалт даам ихэр бид хоёрын амьдралын салшгүй нэг хэсэн болсон.

-Одоо ямар клубт харъяалагдаж байгаа вэ?

Б.А: БГД-ийн харъяа Олон улсын их мастер Р.Манлай багшийн Алтанхүү клуб

Б.М: Монгени цогцолбор сургуулийн Монгени клубт Олон улсын их мастер Сүхбат багшийн дор суралцдаг.

-Ихэр байхын давуу талыг юу гэж бодож байна вэ?

Б.А: Нэг нэгнийхээ хамгийн сайн зөвлөгч бас бэлтгэл хангагч нь болдог. Бид хоёр, хоёр өөр клубт явдаг. Нэг клубт явдаг байхдаа нэг нэгнийхээ тоглотыг андахгүй сайн мэддэг учраас, яаж ч тоголсон тэнцдэг байсан. Өөр гараагаар эхэлсэн ч тэнцдэг. Одоо хоёр өөр багшийн арга барил нөлөөлөөд нэгнийхээ тоглолтыг тааварлаж чадахгүй, ана мана үзэлцдэг болсон. Миний мэдэхгүйг Мөнхжин мэддэг, Мөнхжингийн мэдэхгүй юмыг би мэддэг болохоор бие биенийхээ дасгалжуулагч болж эхэлсэн.

-Түрүүн даамыг их уран гоё гэж байсан, яагаад. Мөн хожлоос юу нь сайхан байдаг вэ?

Б.М: Дааманд цохилт буюу комбинаци гэж ойлголт бий. Комбинаци гэдэг нь өөрийнхөө хүүг өгч байгаад хамгийн сүүлд өрсөлдөгчийнхөө бүх хүүг идэх, эсвэл өгсөн хүүгээсээ хэд дахин их тооны хүүг өрсөлдөгчөөсөө идэх. Энэ нь их уран. Даамыг нас харгалзахгүй тоглодог учраас өөрөөсөө насаар ах, цолоор их хүнийг ялах их гоё. Хажууд тоглолт хараад байж байгаа хүн "Энэ ч хожихгүй дээ" гэж бодож байхтай нь зэрэгцээд комбинациа ашиглаад хожих үе зөндөө. Даамын спорт хүний доторх тэсвэр тэвчээр, оюун ухааныг хамаг сайнаар нь гаргаж ирдэг болохоор их гоё.

Б.А: Олон нүүдлийн цаадахыг харж байгаа нь маш сайхан, өөрөөсөө ах хүнийг ялж кайф авдаг ч, өөрийгөө ялан дийлж байх нь л энэ спортын хамгийн сайхан нь санагддаг.

-Өдийг хүртэл дэмжиж ирсэн хүмүүстээ зориулж үг хэлвэл?

Б.А: Хамгийн анх даамын цагаан толгойг зааж өгсөн "Шавь" клубийн н.Нармандах багшдаа мөн шавь нь болох н.Дамдинсүрэн, н.Хэрлэнмөрөн хоёр багшдаа баярлалаа. Би "Хасу Мега Старс"-ын олон улсын их мастер н.Баттулга багшаасаа өөрийн тоглолтын хэв маягийг сурч байсан. Үргэлж дэмждэг н.Манлай болон н.Алтанхуяг багш нартаа маш их баярлаж явдаг. Мөн багаас минь дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхөд хамаатан садандаа баярлалаа.

Б.М: Анужин тоглолтын хэв маягаа х.Баттулга багшаас авсан бол би Манлай багшаасаа авч байсан. Сүхбат багш бид хоёр өмнө нь "Хасу Мега Старс"-д харъяалагдаж хамт тоголдог байсан. 2016 оноос хойш багш миний бүх тоглолт арга барилыг мэддэг учраас 2022 оны зунаас хойш маш сайн ойлголцож ажилладаг. Жоохон байхаас эхлээд зааж чиглүүлж байсан бүх багш нартаа маш их баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гантулга
Гантулга
2023-11-11 23:01

та хоёрт цаашдын сурлага амьдр�##�д өндөр амжилтыг хүсэн ерөөж байна

зочин
зочин
2023-11-12 06:45

2 дүүдээ спортын өндөр амжилт хүсье. Баттулга багш ч мундаг шүү. Нямаа ах нь

Зочин
Зочин
2023-11-12 10:05

Гоё

Зочин
Зочин
2023-11-12 17:01

Хөөрхөн 2.оо сайн бна.Хорвоо дэлхий уужуу хийх зүйл их гэдэг шиг та 2 минь амжилтанд хүрээд эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулсан сайн хүмүүс болоорой

Зочин
Зочин
2023-11-12 17:04

Bytshan basgaduuddaa amjilt husie

Холбоотой мэдээ

Back to top button