Тойм, анализ

Хотын гишүүд ба хоттой хонь

Дөрвөн уулын дунд багшралдан орших хотын иргэдээ ер нь улстөрчид хоттой хонь хэмээн сэтгэж, өөрсдөө олз идэш олж идэгч чоно лугаа явж ирэв. Тэдний сонгогчидтой тогтоож ирсэн харилцааны арга нь "Хот бүрэн, чоно цатгалан" үгтэй дүйнэ.

Утгачилбал, гишүүд сонгогчидтойгоо "Ихээр муудалцахгүй, дургүйг нь шууд хүргэхгүй, хүслийг нь бага сагаар биелүүлнэ. Өөрсдөө тэгэнгээ сайтар хөлжиж авна" гэсэн харилцааны дүрэм баримталсан шиг харагддаг.

Хот эдүгээ 24 мандаттай. Улсын нийт хүн амын талаас их хувь нь хотод амьдарч байна. Ирэх сонгууль 78/48 хэлбэрээр явагдаж, хотод дахин хоёр мандат нэмэгдэх юм. Ингэснээр мандатаар сонгогдох гишүүдийн гуравны нэг нь хотын төлөөллөөс бүрдэх нь ээ.

Энэ олон төлөөллийг манай хотынхон чухам юунд ашиглавал бидэнд илүү сайн үр дүнг авчрах вэ. Тэднээс юу хүсэж, ямар ажил амжуулахыг шаардах нь нийтэд тустай вэ?

Олон нийтээсээ "УИХ-ын гишүүн гэж хэн бэ, тэр ямар үүрэгтэй вэ" гэж асууж үзвэл, "Тойрогтоо юм хийх" гэсэн хариулт зонхилно. "Тойрогтоо юм хийх" гэдгийг төсөвт тухайн тойргийн аж ахуйн шинжтэй асуудлуудыг шийдэх зардлыг суулгаж өгөхийг хэлээд байх шиг байгаа юм.

Улсын төсвөөр тойрогт нь сургууль цэцэрлэг баригдах, зам гүүр тавигдахад УИХ-ын гишүүд яг л өөрийн халааснаас санхүүжүүлсэн мэт очиж тууз хайчилдаг. Үүнийг тойргийнхон нь тус гишүүнийг ач ивгээлээ хайрласан мэт хүлээж авдаг нийтлэг байдалтай.

Төсөв батлагдах үеэр Сангийн сайдаа 00 орсон ч хормойлдон дагаж, "Ээ, манай тойргийн энэ төсвийг л" хэмээн учирладаг байдал Үндсэн хуульд ЗГ-ын эрх хэмжээг өргөж өгснөөс хойш арай цөөрсөн. Гэвч 2024 оны төсөвт л гэхэд зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооны түвшинд нэгтгэж, 240 тэрбумаар өсгөөд тойргуудын жижиг төсвүүдийг боочхож /линк/ байх жишээтэй.

Гэвч тойрогтоо хэдэн төгрөгийн төсөв батлуулж, очиж тууз хайчилдаг байдлаар хотын гишүүд цаашдаа сонгогчдын итгэлийг олох, өөрийнхөө талаар зөв ойлголт төрүүлэхэд хэцүү болсоор байна. Сошиал медиа хөгжихийн хэрээр олон нийт асар ихээр хэрсүүжсэн.

Ер нь л түгжрэл, агаарын бохирдол үлэмж ихтэй хотод шийдлийн, шийдвэрийн манлайлал үгүйлэгдэх болов. Нөгөө талд эрх баригчдын дараалан нийтэд барьсан "Нүүрсний хулгай", Хөгжлийн банкны акц", ногоон автобусны дуулиан нь эргээд тэднийг шударга байх том дүүжлүүрт өлгөчхөөд байна.

Цаашид системийн шинжтэй асуудлуудаа цэгцэлж байж, сонгогчдын итгэлийг олох нийгмийн уур амьсгал ингэж бүрдэв. Нийтэд таалагдахгүй зарим шийдвэрийг хотын гишүүд сонгогчдоосоо зөрж гаргах шаардлагатай ч нүүр тулгарч байна.

Тухайлбал, хотынхон А бүс рүү машинтай нэвтрэхээр бол өдөрт 27,500 төгрөг төлдөг болох, хуучин авто машинаа хотоос ямар нэгэн байдлаад "алга болгож байж", шинэ дугаар авах, торгуультай бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг агуулгууд туссан түгжрэлийн хуулиа Нийслэлийн гишүүд автоматаар дэмжих шахалтыг намаасаа авсан.

Хотын иргэдэд таалагдахгүй заалт олонтой хуулийг Нийслэлээс сонгогдсон гишүүд ил цагаан дэмжихэд хүндрэлтэй. Тэдэнд саналаа өгдөг олонх масс үүнд дургүй байгаа. Тиймээс ч уг хуулийн төслийн ажлын хэсгийг хотын гишүүд дундаас ахлах хүн олдсонгүй. Орон нутгаас сонгогдсон тул "алдах юмгүй" ангилалд оруулаад, Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг ахлуулахаар шахжээ. Энэ нь "Дорноговьдоо очоод нэр дэвшчих юм чинь" гэж тооцоод, Б.Дэлгэрсайханыг түгжрэлийн сайд болгосонтой утга дүйв.

Найр тавьж, эв эеийг эрхэмлэнгээ өөрөө бас ашиг шимээ хүртдэг "Хот бүтэн, чоно цатгалан" харилцааны хэлбэрээр цаашдаа хотын гишүүд ба сонгогчид холбогдоход асар бэрхтэй болж буйг дээрх жишээ илэрхийлнэ. Тэд ийм айдастай ч өнгөн дээрээ сонгуулийн мандат олгох эсэхэд гол нөлөөлөх хүчнүүд болох Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт микрофоноо ашиглан, сайтар тал засахаа бас мартсангүй.

Хотын иргэдийг хоттой хоньдтой зүйрлэн ая эвийг нь салхины аясаар тэгсхийгээд л олчихдог, тэднийг аргалчихдаг. Сонгуулиар яаж ийгээд хэдэн санал зулгааж, парламентад дөрвөн жил суучихдаг. Ийм ая тух амар олддог байсан цаг эдүгээд хэцүү болох нь ээ. Тэгэхээр сонгогчдод нөлөөлөх эффектийг шинээр бодож олох, тэднийг эргүүлэх шинэ даалгавар намчдад, улс төрчдөд, УИХ-ын гишүүдэд ирж буй. Нөгөө талд хотын иргэдэд хоттой хонь лугаа байхгүй байх эрх нь бас илүү сайнаар нээгдэж буй ойлгууштай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-13 10:11

24 оны сонгуулиар МАН цуманид өртөх нь тодорхой болчихлоо доо.

BidЗочин
BidЗочин
2023-11-13 19:02
Reply to  Зочин

АН-д нь тэгэлээ гээд олигтой боловсон хүчин бас байхгүй ээ.

хүннү
хүннү
2023-11-13 14:01

Энэ гишүүд ер нь сонгогчийнхоо төлөө юу хийдэг юм? Наад зах нь иргэдийн чинь өмч хөрөнгөнд дуртай нь х�##�даж байна. Тухайлб�##� граж, ТҮЦ-н эздийг нь орилж бахируулж байгаад нураачхаж байна. Нурааж бужлгаж болно, яагаад тэдэнд нөхөн олговор өгөхгүй байгаа юм? Хүний 40,50 саяар бариулсан хашааг нэг м�##� өглөө нь шийдвэр гаргаад нураачхаж байна. Ингэж болдог юм уу? Үүний төлөө хотоос сонгогдсон гишүүд үхсэн мэт таг дуугай. Дарангуйлагчийн т�##� орчихсон. БГД-ийн 2022 оны тайлан гэх А4-н цаасны ар өвөр тэр чигтэй граж буулгасан тухай байх жишээтэй. Гэтэл хогондоо дарагдсан хэвээрээ.

Иргэн
Иргэн
2023-11-14 12:40

Хүн ичээд үхдэг бол энэ хүмүүс ичиж үхмээр харагдах юм.

Зочин
Зочин
2023-11-14 18:56

100 ямаанд 60 ухна

Холбоотой мэдээ

Back to top button