Евро бүсийн эдийн засаг гуравдугаар улиралд ширгэв

Эдийн засагчид Евро бүсийн орнуудын эдийн засаг ширгэнэ гэж таамаглаж байсан. Мягмар гарагт /2023.11.13/ гарсан шинэ тооцооллоор Европын Холбооны орнуудын ДНБ-ий хэмжээ хоёрдугаар улиралтай харьцуулахад гуравдугаар улиралд багасжээ.
Европын Холбооны статистикийн алба (Eurostat) аравдугаар сарын 31-ний өдөр евро хэрэглэдэг 20 оны ДНБ өмнөх улирлаас 0.1 хувиар буурсан гэж урьдчилсан байдлаар мэдээлсэн. Тэгвэл үүнийгээ баталсан мэдэгдлийг өчигдөр гаргасан байна.
Эдийн засаг сулрах үед ажилгүйдлийн түвшин нэмэгддэг. Харин Европын Холбооны орнуудад эсрэгээрээ ажил эрхлэлт өмнөх улирлаас 0.3 хувиар, өмнөх жилийн мөн үеэс 1.4 хувиар ихэсжээ.
“EuroStat”-ийн мэдээлснээр Франц 0.1 хувь, Испани 0.3 хувь, Бельги 0.5 хувийн өсөлт үзүүлсэн. Харин Итали огт өсөлт үзүүлээгүй бол Австри, Португал, Ирланд Эстони, Литва улсуудын эдийн засаг багассан байна.

Өсөлтийн уналт нь өндөр инфляц, түүхэн дээд хэмжээний бодлогын хүү тогтоосны үр дүн юм. Мөн Европын орнууд төсвийн бодлогоо чангатгасан нь эдийн засаг унахад хүргэв.
Аравдугаар сард Европын Холбоонд инфляц огцом буурсан. Ийм учраас Европын төв банк аравдугаар сарын 26-нд хуралдахдаа бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Өмнө нь тус банк 10 удаа дараалж бодлогын хүүгээ нэмсэн билээ.
Евро бүсийн эдийн засаг дөрөвдүгээр улиралд багасвал эдийн засгийн уналтад орох юм.Эдийн засаг хоёр улирал дараалж ширгэхийг эдийн засгийн уналт гэж үздэг. Европын төв банкны дэд ерөнхийлөгч Луис де Гуиндос дөрөвдүгээр улиралд эдийн засаг ширгэх магадлал өндөр, хамгийн сайндаа өсөлт эсвэл уналт үзүүлэхгүй гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.