М.Чимиддорж: Манай нам фракцад хуваагдаж, хагарсан зүйл алга. Үе солигдох процесс өрнөж байна

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч М.Чимиддоржтой намынх нь дотоод нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намын генсект яг нэг хүний нэр дээр тухайлан тогтоогүй байна. Энэ ондоо багтаад шийдэгдэнэ-
-Маргааш /өнөөдөр/ нийслэлийн ардчилсан намын даргын сунгаатай. Удахгүй АЗХ-ны сунгаа болно. Дотоод сонгуулиуд дуусаагүй бужигнаантай байцгаана уу?
-Нэр дэвшигчдийн бүртгэл явагдаж байна. Одоогийн байдлаар дөрвөн хүн өрсөлдөхөөр яригдаж байгаа. М.Тулгат, Ц.Баатархүү, Д.Бадарсан, Д.Батцогт нар. Энэхүү ярилцлага бууж дуусахад дахиад нэрс нэмэгдчихсэн байх биз. АН-ын дотоод сонгууль маш өрсөлдөөнтэй болдог. Дотоод ардчилалттай намд, өрсөлдөж байж мандатаа авдаг тогтолцоотой. Энэ бол улстөрийн намуудад байх учиртай амин чухал шалгуур.
2023 оны нэгдүгээр сараас эхэлсэн АН-ын эв нэгдлийн үйл ажиллагаа одоо бүх шатны сонгуулиар дуусах гэж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн намын хорооны гишүүдийн сонгууль болсон. Одоо нийслэлийн намын даргын сонгууль, дараа нь АЗХ-ны сонгууль болно. Хамгийн сүүлд АН-ын ЕНБД-аа сонгосноор удирдлага, тогтолцооны хувьд сая бүтэн нам болох юм. 2020 оны сонгуулийн дараа болох учиртай байсан сонгуулиуд сүүлийн нэг жилийн дотор зохион байгуулагдаж байна. Оноос өмнө асуудлууд шийдвэрлэгдэнэ.
-Намын гал тогоо хариуцдаг, сонгуульд удирдаж орох учиртай чухал субьект болох генсекээ яагаад одоо болтол томилж чадахгүй байгаа юм бэ?
-АН-ын ЕНБД бол намын чухал албан тушаал. 2024 оны сонгууль хаяанд ирчихлээ. Генсек намын сонгуулийг зохион байгуулж ажиллах учиртай хүн. Энэ албан тушаалд томилогдох боломжтой олон хүн бий. Хэн нь илүү намаа удирдаж сонгуульд орвол оновчтой вэ гэдэг асуудал хүлээгдэж байна. Намын дарга, удирдах зөвлөл, удирдлагуудын түвшинд одоогоор яг нэг хүний нэр дээр тухайлан тогтоогүй байх шиг байна. Энэ ондоо багтаад шийдэгдэнэ байх.
-Журмаараа танай намын дарга нэрлэх учиртай. Фракцуудын шахаанд ороод хөдөлж чадахгүй байгаа юм биш үү?
-Дүрмээрээ АН-ын дарга ҮБХ-нд нэр санал болгох ёстой. Фракцуудын шахалт гэж ойлгож болохгүй л дээ. Хамгийн гол нь ирэх сонгуульд АН-ыг хэн сайн удирдаж чадах вэ гэдэг хүнийг сонгох нь зөв. Нөгөө талаас АН хамтын удирдлагын зарчимд шилжсэн. Намын даргын бүрэн эрх боловч, удирдлагын түвшинд дэмжигдэж, хамтарч ажиллах чадвахтай гэсэн хүнийг л томилох юм.
Би хүн нэрлэмээргүй байна. Харин өөрийн бодлоор тавигдах учиртай шалгууруудыг нэрлэе. Нэгт, авлигад идэгдсэн, эдийн засгийн хямралаас гарч чадахгүй, данхайсаар байгаа төрөөс хариуцлага нэхэх. Мөн бодлого гаргаж, мөрийн хөтөлбөр боловсруулахдаа оройлон оролцож чадах, АН-ын бүх шатны байгууллагын саналыг авсан, тулхтай хүн байгаасай. Хоёрт, өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсан хүнийг ЕНБД болгож болохгүй. Гуравт, өнгөрсөн хугацаанд намын дотоод зөрчлөөс шалтгаалан олон нийттэй харилцах харилцаа суларсан. Тэгэхээр, олон нийт, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж чадахуйц хүн байгаасай. Дөрөвт, зохион байгуулах чадвартай хүн байх хэрэгтэй. Намын бүх шатны байгууллагыг шуурхай удирдлагаар хангаж ажиллах чадвартай хүн байгаасай.
-Нам дотроо фракцуудад хуваагдсан зүйл алга. Шийдвэр гаргах түвшинд нөлөөллөө хадгалж үлдэх сонирхолтой хүмүүс бий-

-Намын шат шатны байгууллагуудын сунгаа болж, удирдлагуудтай болж байгаа нь сайн хэрэг. Гэвч сонгууль дөхчихсөн энэ үед энэ дараалсан сунгаанууд фракцуудын сандал суудлын төлөөх зодооныг хурцатгах вий гэсэн болгоомжлол байна уу?
-Ардчилсан чөлөөт сонгуулийн үр дүнгээр тодорч байгаа хүмүүс бол жинхэнэ манлайлагчид. Аль ч шатных бай. Чөлөөт сонголтынх нь үндсэн дээр итгэлийг нь олж авч байна гэсэн үг. Ялж, ялагдаж сурч байж ардчилал оршино. Намын дотоод сонгууль хагарал, бутралын үүд хаалгыг нээж байна гээд өөрсдийгөө эрх баригч намтай харьцуулж, сонгуулиа буруутгаж болохгүй. Нээлттэй нийгэмд хаалттай инситуц байвал удаан оршин тогтнохгүй. Тиймээс АН үргэлж нээлттэй. Элсээд ороод ирсэн тохиолдолд намын бүх шатны удирдлагад өрсөлдөх эрх нь ч нээлттэй.
-Дотоод сонгуулиуд чинь хэр шударга болж чадаж байна вэ?
-АН-ын бүх шатны сонгуулийг нийгэмд харлуулах гэж үздэг. Ялагдахаараа “сонгууль шударга биш байна” гэж хэлж болохгүй. Өнөөдрийг хүртэл явуулсан дотоод сонгуулиудад зохион байгуулалтын жижиг алдаа гарч байсан байж магадгүй. Гэхдээ нээлттэй системийн суурь шалгуураа хангаж ирсэн. АН-ын дотоод сонгууль шударга, чөлөөтэй болдог. Тухайлбал, өнөөдөр гэхэд л Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдэд мэтгэлцэх, өөрийгөө таниулах хугацаа бага гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Намын гишүүдээс гадна нийгэм хэрхэн хүлээн авч байгааг анзаарч байж сонголт хийгддэг гэж хэлж болно.
-Увсынхан "Анчин", З.Энхболдынхон “Хангарьд”, Д.Ганбат гишүүн “Хийморь”, 70-80 оны залуус нь "Од", "Морьтон" гэхчлэн танай намд арав гаруй фракц үүсчихсэн. Дээр нь С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэхчлэн хууччуулынхаа шантааж, шахалт дороос өндийхгүй байгаа юм биш үү?
-Нэг зүйл хэлэхэд манай намд фракц байхгүй. Клубууд бол бий. Нэг хэсэг нь бодлогын тодорхой шийдлүүдийг дэмждэг. Хүний эрхийн асуудлаар нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй механизм бий болгочихсон. Олон улсын харилцаа, бүс нутгийн интеграцид орохыг дэмждэг гэхчлэн. Манай нам доторх клубууд шийдвэр гаргахдаа бие биенийхээ саналыг хүндэтгэж сонсдог, яриа хэлэлцээр хийдэг зарчимтай. Түүнээс биш тэрний тал, энэний тал гэхчлэн фракцуудад хуваагдсан зүйл алга.
Мэдээж улстөр л юм хойно шийдвэр гаргах түвшинд нөлөөллөө хадгалж үлдэх сонирхол бий. Аль ч улстөрийн намд байдаг л үзэгдэл. Тэглээ ч хуваах албан тушаал атгаж байгаа хүмүүс биш.
-Залуу хүний хувьд намынхаа бодлогыг сайхнаар тайлбарлаж, хагарал бутралаа ярихгүй байхыг хичээж байгааг тань ойлгож байна л даа. Гэвч өмнөх дарга нарын хагарал байсаар байгаа нь нууц биш?
-Улстөр хоёр талтай. Нэг тал нь яах аргагүй бодлого. Өөрийн чинь хэлж байгаа зөв. Хэн их бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх чадамжтай болж байна вэ гэдэг нь улстөрчдөд тавигддаг чухал шаардлагуудын нэг. Нөгөө тал нь оролцоо. Хэн их хөдөлмөрлөж байгаа нь хүлээн зөвшөөрөгдөнө. Хөгшин, залуу байхаас үл хамаараад.
1990 оны ардчилсан хувьсгалаас хойших залуучууд өнөөдөр АН доторх бүх шатны удирдлагын түвшинд ороод ирчихсэн ажиллаж байна. Улстөрийн зөвлөлийн гишүүдэд 70, 80 оныхон зонхилж байна. Дунд шатны сонгуульд 1990 оныхон орж ирлээ. Манай намд үе солигдох процесс идэвхтэй өрнөж байгаа. Тэгэхээр залуучууд оролцохгүй байна, боломж олдохгүй байна гэх нь өрөөсгөл ойлголт.
-Улстөрийн зөвлөл журам баталж, сонгон шалгаруулалтын хороо бий болгоно. Тус хорооны санал дээр үндэслээд жагсаалтаар өрсөлдөх хүмүүсийн нэрс, эрэмбийг тогтооно-

-Намынхаа даргыг хүлээн зөвшөөрөхгүй, огцруулах асуудал одоо ч яригдсаар байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л С.Зориг агсны хөшөөтэй байрны гадаа Л.Гантөмөрийг огцрохыг шаардаж цугласан. Манлайлж чадахгүй, ажлаа хийхгүй байгаа шалтгаанаар эсэргүүцээд байгаа юм уу?
-Түрүүн хэлсэн шүү дээ. Бүх зүйл дээр санал нэгддэг хоёр хүнийг олоход ч хэцүү гэж. Эхнэр, нөхөр ч бүх зүйл дээр санал нэгдээд байдаггүй. Ардчилсан нам 200 мянган гишүүнтэй. АН-ын суурь зарчим бол чөлөөт, шударга сонгуулиар өрсөлдөөд төлөөлөх эрхээ авсан хүмүүсээ хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвхөн намын даргыг биш шат шатны дарга нарыг ч хүлээн зөвшөөрөхгүй ч хүмүүс бий. Хүлээн зөвшөөрөхгүй байх, дуу хоолойгоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Эсэргүүцнэ, түүнийгээ илэрхийлнэ гэдэг нь өөрөө АН-ын суурь үнэт зүйл. Эрх чөлөө. Манай намын дотоод тогтолцоо үүнийг нь олгодог, хамгаалдаг. Хоёр зүйл хэлмээр байна.
Нэгт, зарим шатны сонгуульд өрсөлдөөд ялагдсан байж магадгүй. Тэглээ гээд системийн буруу биш. Дараа дахиад өрсөлдөх боломж нь байж л байгаа. Сонгууль дөхөж байна. Хоёрт, АН ялах нь АН-ын гишүүдийн эрх ашиг биш. АН ялах нь монголын уналтыг зогсоох тулгуур болчхоод байна. Энэ түүхэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаасай. Санал нийлэхгүй байж болох ч, сонгуульдаа оролцож, тогтолцоогоо өөрчлөхөд идэвхийлээсэй л гэж хүсэж байна.
-Сонгууль дөхчихлөө. Намууд жагсаалтаар хэнийг оруулж ирэх вэ гэдэг нь удахгүй анхаарал татах сэдэв болно. Эрх баригч намын дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаалтаар нэр дэвшүүлнэ гэдгээ хэлчихсэн. Танайх харин хэрхэх вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед би АН-аас ажлын хэсэгт ажилласан. Сэтгэл дундуур үлдсэн. Учир нь жагсаалтыг хэрхэн гаргах тухай хуульчлаагүй. Эрх баригч намын хувьд намын дарга нь хэнийг парламентийн гишүүн болгох вэ гэдгийг шийднэ. Хуулиар зохицуулалгүй хоосон орон зай үлдээчихсэн байхгүй юу. Энэ бол буруу. Сонгогчдоор намын нэр дугуйлуулаад, хэн УИХ-ын гишүүн болох вэ гэдгийг намын дарга ганцаараа шийддэг байж болохгүй. Хуулийн маш том цоорхой төдийгүй, ардчилсан тогтолцоонд аюултай үзэгдэл. АН энэ хуулийн цоорхойг харсан. Тиймээс АН-ын Улстөрийн зөвлөл журам батлаад нам дотроо сонгон шалгаруулалтын хороо бий болгож байгаа. Тус хорооны санал дээр үндэслээд жагсаалтаар өрсөлдөх хүмүүсийн нэрс, эрэмбийг тогтоож гаргах учиртай. Гэхдээ эцсийн шийдвэрийг ҮБХ шийднэ. Санал нийлэхгүй байгаа бол ҮБХ-нд санал гаргаад, нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй.
Бид хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлээд байгаа боловч тийм биш. Биднээс хөгжлийн ялгаатай л хүмүүс. Хүн амьдралынхаа аль нэг шатанд хагжлийн бэрхшээлтэй тулгардаг. “МАН ялгаатай хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэж ярьж байна. Манайх яах вэ” гэдэг асуудал яригдаж байсан. Энэ бол ялгаварлал. МАН-д ялгаатай хүмүүс ороод өрсөлдөх эрх хаалттай. Яагаад гэвэл намын дарга нь шийднэ. Харин АН-д ямар ч хүн орж ирээд өрсөлдөх үүд хаалга нээлттэй. Тэргэнцэртэй, таягтай, хэл ярианы бэрхшээлтэй гэдгээр нь ялгаварлаж өрсөлдөх боломжийг нь хаасан зүйл байхгүй. Өрөвдөөд, ялгаварлаад тусад нь бодлого гаргасан ч зүйл байхгүй. Хөгжлийн ялгаатай байж болно. Харин бидэнтэй адилхан нийгмийн бүх үйл ажиллагаанд оролцох боломжтой байх ёстой. Хамгийн наад зах нь тэргэнцэртэйгээ хүссэн барилга руу ордог байх ёстой. Барилга тэгж баригдах ёстой.
Парламент гэдэг бол хууль тогтоох байгууллага. Бодлогын шийдвэр гаргахад оролцоо, хувь нэмэр чухал гэдэг нь л суурь шаардлага.
-АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрээр нийтийн сонсгол явуулахаар гарын үсэг цуглуулж байгаа тухай мэдээлэл гараад удаж байна. Мэдээж нам доторх хагарлын нэг хэлбэр гэж харагдаж байгаа?
-Эрх баригч намын гишүүд УДШ-ийн гаргасан шийдвэрийн зөв, бурууг хэлэлцэх эсэх дээр гарын үсэг зурж байгаа тухай мэдээлэл дуулсан. АН-аас улстөрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яллаж байгаад яллагдагчаар татсанаас өөр хэргээр ял өгч байсан. Эр орноосоо урвасан гэх хэргээр татаад татварын асуудлаар яллаж байсан. Харин МАН-ын гишүүдийн авлига, албан тушаалын гэм буруутай нь тогтоогдсон ч, хялбаршуулсан журмаар торгоод өнгөрдөг жишиг бий. Энэ бол ялгаварлал. Ардчиллын үндсийг ганхуулж байгаа маш том алдаа.
Монгол Улсад олон намын тогтолцоо, олон ургалч үзлийг дэлгэрүүлэхгүй, нухчин дарах, айдаст автуулах гэсэн эрх баригч намын оролдлого.
Ардчилсан тогтолцооны амин сүнс биенээ хянадаг эрх мэдлүүдийн тэнцвэр дээр оршдог. Тэгэхээр шүүхийн гаргасан шийдвэрийг парламент хэлэлцэнэ гэдэг утгагүй зүйл. Халтирвал дарангуйлал л тогтоно.
АН-д бүтэн нэртэй хүн байлгахгүн төлөө эрх баригчид ажиллаж байна. Сонгуулиас өмнө дахиад ч хэрэг үүсгэх байх. Нүүрсний хэргийн сонсголыг арванхоёрдугаар сард хийхээр болчихлоо. Хянан шалгагч, шинжээч нараа өөрчлөөд байна. Үүний цаана хэний хэргийг олон нийтэд сонсгох уу, хэнийхийг дарж өнгөрөөх үү гэдгээ л хийх гээд байгаа хэлбэр. Улстөрийн шоу болоод өнгөрнө байх.
2015 оноос хойш бид улстөрийн шоу дунд амьдарч байна. Авлига, ядуурал хоёрт авчихлаа. Улс орныг суртал ухуулгаар хөгжүүлэх боломжгүй. Бодлого, түүнийг хариуцлагатай хэрэгжүүлдэг төрийн институттэй байж хөгжүүлнэ.
-Х.Нямбаатар шинээр томилогдоод асуудлаа огт ойлгохгүй байна-

-Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан Түгжрэлийн хуулийг шуурхайла батлах төлөвтэй. Сөрөг хүчнй хувьд ямар бодолтой байна вэ?
-Хотын дарга шинээр томилогдсон. Яагаад томилогдсон гэж хэлж байна вэ гэвэл дээрээс нь томилчихсон. Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа түүний удирдлагын тухай хуульд нутгийн өөрөө удирдах ёсыг зохицуулсан байдаг. Шинэ Хотын шинэ даргад нийслэлийг гоё болгох тухай юу ч хамаагүй хэлэх хэрэгцээ байсан байх. Улстөрийн тоглолтыг нь ойлгож байна. Гэвч хүний суурь эрх рүү халдсан асуудал оруулж ирж байгаа юм. Чөлөөт нийгэмд хааж боох замаар асуудлыг шийдэх боломжгүй. Х.Нямбаатар шинээр томилогдоод асуудлаа огт ойлгохгүй байх шиг санагдсан. Яагаад гэвэл өнөөдөр нийслэлд тулгамдаж буй утаа, түгжрэл, хөрсний бохирол бол газар зохион байгуулалт, менежмент, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт гэхчлэн цогц асуудал. Энэ асуудлуудаа уг үндсээр нь шийдвэрлэхгүйгээр жорлонг нь солино, түгжрэл бууруулна гээд нэмэргүй.
-Таны бодлоор яах ёстой юм?
-Эдийн засагч хүний хувьд Улаанбаатарыг хөгжих боломжтой хот гэж үздэг. Нийслэлийн газрыг менежментийн эргэлтэд оруулж чадвал үнэ цэнтэй хөрөнгө. Дэд бүтцийн асар их хэрэгцээ бий. Түүнийг нь худалдаж авч чадахуйц хөдөлмөрч иргэд бий. Харамсалтай нь иргэдээ ажил хийх, өндөр орлоготой болох эдийн засгийн боломжуудыг нь хаачхаад ядуу байлгаж байна. Түүнээс биш монголчууд залхуу биш. Хилийн чанадад яаж ажиллаж байгааг бид харлаа. Гадаадын хөрөнгө оруулагч компаниудад ямар их хичээл зүтгэл, өндөр ур чадвар гаргаж ажиллаж байгааг үзлээ.
Харамсалтай нь ийм хөдөлмөрч ард түмний бүх боломжийг хаачхаад ядуу байлгаж байна. Ядуу байгаа гэр хороолол бий гэж тайлбарлаж байна. Хүмүүстээ хөдөлмөрлөж боломжийг нь бий болго. Хөдөлмөрлөх боломж бий болчихвол энэ гэр хороолол хэдхэн жилийн дотор орон сууц, хаус хороолол болно. Өнөөдөр 400 мянган айлын орон сууц шаардлагатай гэж байна. Энэ чинь өөрөө эдийн засгийн маш том боломж. Макро эдийн засгийн бодлого нь зөв байвал иргэд нь өөрийнхөө гараар хөдөлмөрлөж, боломжоо өөрсдөө бий болгоно. Өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн хүмүүс, монголчууд. Төр иргэдийнхээ боломжийг хаачхаад байгаад л асуудал бий.
-Эрх баригчид сонгуулийн жилийн төсвөө баталчихлаа. Сөрөг хүчин ч олигтой үүргээ гүйцэтгэж чадсангүй?
-УИХ-ын гишүүд төсөв батлахад дуугүй байсангүй. Дуу хоолойгоо илэрхийлсэн. Тэр нь нийгэмд хүрч чадаж байна уу үгүй юу гэдэг нь тусдаа асуудал. Төсвийг олох орлого, зарцуулах дүн гэж ойлгодог. Гэтэл хэд хэдэн амин чухал шаардлага бий. Эрх барьж буй Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх ямар зорилт тавьж байгаа юм бэ гэдэгтэй уях учиртай. 2024 оны төсвийг “сонгуульд ялах” гэсэн ганцхан зорилготой гэж харсан. Мэдээж хор хохирлыг нь иргэд үүрнэ. Урсгал тэр тусмаа халамжийн зардлыг огцом нэмлээ. Халамжийн зардлыг нэмж байгаа нь сонгуулийг худалдаж авч буй, гажуудсан ардчиллыг бий болгож буй хэлбэр.
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг. Нүүрсний экспортыг огцом нэмэгдүүлсэн. Худлаа шүү дээ. Нүүрсний үнэ байнга ийм өндөр байх боломжгүй. “Ийм хэмжээний орлого олно” гэж урьдчилж худлаа төлөвлөөд байхаар зарцуулах мөнгө нь ч худлаа болно. Орлого нь бүрдэхгүй бол өр болно. Тэр өрийг нь татвар төлөгчид халааснаасаа төлнө. Төсөв дээр онцолж яримаар хэд хэдэн зүйл бий.
-Тухайлбал?
-Ардчилсан, чөлөөт зах зээлтэй орон гэгддэг. Гэвч энэ олон төрийн өмчит компаниуд хувийн хэвшлийг амьдрах аргагүй болгож байна. Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ашигтай ажиллах боломжгүй болж байна. Монгол Улсын эдийн засгийн 50 хувийг төр хянадаг болчихсон. Энэ бол аюул. Чөлөөт эдийн засаг байхгүй болж байна гэсэн үг. Ирэх оны төсөвт Засгийн газрын өрийг 44.4 их наяд гэж оруулж ирсэн байна лээ. 44.4 их наяд гэдэг бол 12.9 тэрбум ам.доллар.
2015 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын гадаад өр 3.7 тэрбум ам.доллар байсан. АН-ыг “Чингис бонд”- оор нь их шүүмжилдэг. Гэтэл аймгуудыг засмал замаар холбох, дөрөвдүгээр цахилгаан станцыг өргөтгөх, Яармаг чиглэл рүү инженерийн дэд бүтэц барьсан.
2016 оноос хойш Засгийн газрын өр 9 тэрбум ам.доллароор нэмэгдчихжээ. Энэ мөнгийг юунд зарцуулав. Нэг ч гэсэн цахилгаан станц нэмэгдсэн үү. Үүнд маш их харамсаж байна. Энэ мөнгийг иргэд татвараараа төлнө.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨНӨРБАЯР МЭТИЙН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ МОНГОЛ ТҮМЭНД ЯМАРЧ НҮҮРГҮЙ БОЛСОН БАЛАЙ ЭТГЭЭД ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛНИЙ ЗАРЦ БҮҮ ХЭЛ БУЗАР БҮХНИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭГЧ ХОГИЙН ТАНТАН СУГАНЫ ҮС БОЛСОН АДГИЙН АМЬТАН МАНАЙ НАМААР БАГ ХИЙГЭЭД БАЙХАД ЧИНЬ АРД ТҮМЭН ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ ВЭЭ, ТЭГТЭЛ АРДЫН НАМЫН ЗАЛУУЧУУДЫГ ХАРААЧ ИЧЭЭЧ, ТЭД ЯАЖ ХАМАГ БУЛХАЙ БУЗАР ХУЛГАЙ ХИЙСЭН АМЬТСАА ЯАЖ ГАРГАЖ ИРЖ ХОЛДУУЛЖ �######�УУЛЖ БАЙНАВ?
ХООЛОНДОО ОРОХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ. ДАРААГИЙН, ШИНЭ ҮЕИЙН ЭЛБЭГДОРЖ, БАТТУЛГА, САЙХАНБИЛЭГ, ГӨЛЧГИЙ ЭНХБОЛД, БАЯРЦОГТ......ууд
Ямар харагдаж бариагүй хүн юу вэ
ардчилсан намынхан бүүр нэг үйлсгүй ардчилсан нам дотроо ардчил�##�жчихсан сайхан гарууд шүү нээрээ
Өнөрбаяр гэж нэг нөхөр бий. Өөрийгөө нилээн их юманд бодчихсон хамаг юм будлиулаад яваад байдаг. Нам дотооддоо филтер хийгээд аятайхан явб�##� яадаг юм болдоо
Манай намын буурь суурьтай з�##�уугийн нэгдээ
Тэр нөлөөлөгчид чинь фракц үүсгээд байна аа. Нэгдмэл байж болдоггүй юм уу
Ардчилсан нам харин нээлттэй. Нээлттэйдээ л олон түмний нүдэн дээр ил дургүйцэл магта�##� бүх юм аа аваад явж байгаа. Парлиаментэд арай тоо нь олширвол их юм хийнэ дээ
Hutsaj bdg shu
Дараагийн сонгуульд АН ,МАН 2-оос 1 ч хүн гарахгүй.Попын хатан Пүрэвдорж үлдэж магадгүй.Поп Пүүжээ үлдэе гэж бодож бвл одооноос эхлээд сайн хор хутгах хэрэгтэй.Амжилт хүсэе.!!
hotiin namiin darga Badarsan bsn n iluu ajilj chadah hun bailaa , ingeed hot samuurah zamdaa orloodoo !