Өрхийн орлого зарлагын зөрүү хэрэглээний зээлийг өсгөж байна

Эдийн засгийн өсөлт өрх гэрүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар Ерөнхий сайдын уулзалтаар Монгол банкны эдийн засагч, судлаачид ярилцжээ.
Тодруулбал, 2023 оны байдлаар Монгол улсад 980 мянган өрх байгаа бөгөөд энэ оны II улирлын байдлаар өрхийн дундаж орлого нь зарлагаасаа 200 мянган төгрөгөөр бага гарсан аж. Харин засгийн газраас хэрэгжүүлж буй орлогын дахин хуваарилалт буюу төсвийн бодлогын үр нөлөөгөөр III улирлын орлого зарлагын зөрүү 80 мянган төгрөг болж буурсан байна.
2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхүүдийн эзлэх хувь 2020 оны байдлаар нийт өрхийн 27.5 хувь байсан бол энэ оны III улирлын байдлаар 40.8 хувь болж өссөн байна.
Өрхүүд бага орлоготойгоос дундаж орлоготой руу, дунджаас өндөр орлоготой руу шилжиж байгаа ч бодит орлого сүүлийн гурван жилд буурсан үр дүн харагджээ.
Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт болох цалингийн орлогын ДНБ-д эзлэх хувь хөгжингүй орнуудад дунджаар 40 хувьтай байдаг бол манай улсад 28 хувьтай байгаа аж.
Банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 14 хувьтай байгаа бол хэрэглээний зээлийн өсөлт 35.5 хувьтай байгаа аж. Өрхийн орлого ба зарлагын зөрүү хэрэглээний зээлийг өсгөхөд нөлөөлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.