1962 онд үйлдвэрлэгдсэн Феррари 51.7 сая ам.доллароор зарагдлаа

1962 онд үйлдвэрлэгдсэн Феррари брэндийн 250 GTO загварын машин өнгөрсөн долоо хоногт дуудлага худалдаагаар орж 51.705 сая ам.доллароор зарагдсан байна. Ингэснээр тус 250 GTO нь дуудлага худалдаагаар хамгийн их үнэ хүрсэн Ферраригийн загвар болж байгаа юм
Худалдаа өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2023.11.13/ Нью-Йорк хотын “Sotheby’s”-д болжээ. Тус загварыг 1962-оос 1964 оны хооронд 39 ширхгийг л үйлдвэрлэсэн байна.
Үүнээс гадна тэдгээр загварын эзэмшигч нар машинаа бараг зардаггүй. “Sotheby’s”-д болсон дуудлага худалдаа нь тус загварыг сүүлийн 38 жилд анхны удаа олон нийтэд зарахаар санал болгосон тохиолдол юм.

3765 гэх тээврийн хэрэгслийн таних дугаартай тус GTO 250 нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн Феррари. Харин хамгийн үнэтэй зарагдсан Ферраригийн рекордыг өөр нэг GTO 250 эзэмшдэг.
“WeatherTech” компанийн үүсгэн байгуулагч, автомашин цуглуулагч Дэвид МакНейл 2018 онд 4153 тээврийн хэрэгслийн таних дугаартай GTO 250-ийг 70 сая ам.доллароор худалдаж авсан.

Харин дэлхийн хамгийн өндөр үнэтэй зарагдсан машины рекордыг 1955 онд үйлдвэрлэгдсэн Мерседез Бенз брэндийн 300 SLR Uhlenhaut Coupe эзэмшдэг. Тус загвар 2022 онд 142 сая ам.доллароор худалдаалагдсан юм.
Эх сурвалж: CNN, Autocar
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.