Газын зурвас: Гал зогсоох хугацааг хоёр өдрөөр сунгах тохиролцоонд хүрчээ

Израил, Хамас түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэн зуучилсан Катар улс даваа гарагт /2023.11.27/ байлдааныг зогсоох хугацааг хоёр өдрөөр сунгах шийдвэрт хүрснийг мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагаас /2023.11.24/ эхлэн Израил болон Хамас бүлэг барьцааны хүмүүсийг хоригдож буй палестинчуудаар сольж, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулахаар дөрвөн өдрийн турш гал зогсоосон.

Гал зогсоох сүүлийн өдөр буюу даваа гарагт Хамас 11 Израил иргэнийг суллаж нийтдээ барьцаанд байсан 69 хүнийг сулласан байна. Харин Израил нэмж 33 хүнийг суллан дөрвөн өдрийн турш сулласан Палестин иргэдийн тоог 150-д хүргэжээ.
Ням гарагт /2023.11.26/ Хамас бүлэг гал зогсоох хугацааг сунгах хүсэлтэй буйгаа мэдэгдсэн. Мөн Израилын дайны парламент ням гарагт хуралдахдаа гал зогсоох хугацааг сунгах талаар хэлэлцсэн юм.
Байлдаан зогсоох хугацааг сунгах тохиролцоонд хүрсний дараа Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхун ахлах зөвлөх Марк Регев “Барьцаанд буй арван хүнийг суллах бүрд бид хугацааг нэг хоногоор сунгана. Хамас тохиролцсоны дагуу барьцаанд буй хүмүүсийг суллавал хугацааг сунгана, ийм энгийн” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.