SCMP: Монгол шинэ боомтуудаар БНХАУ, ОХУ-тай худалдаагаа тэлж Ази болон Европыг холбохоор зорьж байна

Хонкогт үйл ажиллагаа явуулдаг “South China Morning Post” сонин Монгол Улс шинээр барьж буй хуурай газрын боомтуудаараа дамжуулан БНХАУ, ОХУ-тай худалдаагаа нэмж, Ази болон Европыг холбох зорилготой байгааг мэдээлжээ. Нийтлэлийг орчуулж хүргэе.
Байгалийн баялаг ихтэй боловч хөгжил буурай Монгол Улс БНХАУ, ОХУ-тай худалдаагаа өргөжүүлэхийн тулд хуурай газрын долоон шинэ боомт байгуулахаар төлөвлөж байна гэж Монголын албаны хүн "South China Morning Post”-д хэллээ.
Далайд гарцгүй тус улсын эрх баригчид боомтуудын техник, эдийн засгийн үндэслэлийн боловсруулж байгаа хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны сайд С.Бямбацогт хэлсэн юм. Тэрбээр нэмж ТЭЗҮ-ийг боловсруулахад ДЭМБ, НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс Монгол Улстай хамтран ажиллаж байгаа гэв.
“Эдгээр санаачилга нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг өргөжүүлнэ. Ингэснээрээ экспортын хэмжээг нэмэгдүүлж, импортыг хурдасган, тээвэрлэлт, барааны өртгийг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэж С.Бямбацогт хэллээ.
Монголын зүүн өмнөд хэсэгт орших Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд дор хаяж нэг боомт барьж Хятадын хилтэй ойрхон ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн хойд хэсэгт орших Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсэд Оросын газар нутагтай гармаар холбосон боомт хамгийн багадаа нэгийг байгуулах зорилготой тавьжээ.

“The Economist Intelligence Unit”-ийн Бээжин дэх салбарын ахлах эдийн засагч Шү Тиэнчэнь “Одоо байгаа ачаа, тээврийн байгууламжууд нь экспортын өсөлтийг дийлэх хүчин чадалгүй учир Монголд шинэ хуурай газрын боомт хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Экспортын өсөлт нь бусад дэд бүтцийн хөгжилд ч гэсэн нөлөөлсөн. Тухайлбал Тавантолгойн нүүрсний уурхайг БНХАУ-ын хилтэй холбосон замын ажил дуусаж, зургаадугаар сараас 24 цагийн турш ажилладаг хилийн боомтууд үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Шүн хэлснээр эдгээр дэвшлүүд нь Монгол дахь тээвэрлэлтийн гацааг хөнгөвчилсөн байна. Боомтын төслүүд нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаггүй хэр нь тээвэрлэлтийн хэмжээ их байвал чамлашгүй өгөөж өгөх боломжтой гэдгийг тэр онцлов.
Тэр “Эдгээр хуурай газрын боомтууд нь хөршүүдтэйгээ худалдаа хийхэд туслаад зогсохгүй Франц, Герман зэрэг Монголын уул уурхайн баялгийг сонирхож байгаа улс орнуудтай худалдаа хийхэд тусална” гэж хэллээ.
Харин Хонконгийн Политехникийн Их Сургуулийн логистик, далайн тээвэр судлалын тэнхимийн дэд профессор Т.Л Ип “Хуурай газрын боомт нь тээвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ нэгтгэх, түгээх боломжийг олгодог газар дээр суурилсан байгууламж. Үүний үр дүнд нэмүү өртөг үүсдэг” хэмээв
Хуурай газрын боомтууд нь ихэвчлэн тодорхой далайн боомттой авто болон төмөр замаар холбогдож, далайгаар тээвэрлэсэн барааг зөөвөрлөдөг билээ.
Ип "БНХАУ, ОХУ хоёр Монголын хуурай газырн боомтуудыг гараа дэлгэн угтаж авна гэж таамаглаж байна" гэсэн юм. Мөн тэр БНХАУ эсвэл ОХУ-ын хөрөнгө оруулагчид хуурай боомтод хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтад гар бие оролцох хүмүүс тус хоёр улсаас ирж олно гэдгийг дурдав.
С.Бямбацогт “Ази-Европыг холбосон хамгийн дөт зам болж өгч байгаа энэ стратегийн газарзүйн байршлыг ашигласнаар эдийн засгийн коридорт Монголын гүйцэтгэх үүрэг нэн чухал” гэж хэллээ.
Ердөө 3.4 сая хүн амтай тус улс хөрөнгө оруулалт татахын тулд БНХАУ дээр тулгуурладаг. Харин Хятад Монголыг Төв Азитай хийх худалдааны холбоос гэж хардаг юм.
Хятадын гаалийн мэдээллээс харвал 2021 онд БНХАУ-Монголын худалдаа 9.1 тэрбум ам.долларт байжээ. Энэ нь 2022 онд нэмэгдэж 12.2 тэрбум ам.доллар болсон. НҮБ-ын тоо баримтаас харвал Монголын экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал бүрдүүлдэг. Харин БНХАУ Монголоос гарч буй ачааны 80 гаруй хувийг хүлээн авдаг байна.
Тухайлбал Монголын нүүрсийг БНХАУ үйлдвэрүүдээ ажиллуулах гэж шатаадаг. С.Бямбацогт ойрын хэдэн жилийн дотор БНХАУ-Монголын худалдаа 20 орчим тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж буй.
Монгол Улсын Засгийн газар экспортоо нэмэгдүүлэхийн тулд зургаан шинэ автозамын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гурван улсын худалдааг нэмэгдүүлэхийн тулд тус улс Монгол-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн коридорын сүлжээг сайжруулж байгаа юм.
Мөн Монгол Европ болон далайн боомттой Азийн орнуудтай хуурай газрын замаар холбогдох хүртээмжийг нэмэгдүүлж байна.
Монгол Улс зүүн хилдээ төмөр замын гарц бий болгох зорилготой гэдгээ С.Бямбацогт хэллээ. Уг гарц нь ОХУ-ыг Монголоор дамжуулан Жинзоу, Лианюньган далайн боомтуудтай холбох юм. 2019-өөс 2023 оны хооронд Монгол Улс 905 км төмөр зам барьж, нийт төмөр замын сүлжээгээ 2,258 км болгожээ.
“Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хэмжээнд төдийгүй бүс нутагт тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ” гэж С.Бямбацогт хэлсэн юм.
Эх сурвалж: South China Morning Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.