УРЛАГ

Б.Наминчимэд: Үгийн шид

Уншигч та бүхэндээ бид Зохиолч, сэтгүүлч, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Наминчимэдийн “Үгийн шид” бодролыг хүргэж байна.

ҮГИЙН ШИД

Өнөөдөр гэрээс гарангуут санамсаргүй нэгэн танилтай таарав. "Хүүе, царай чинь яасан цонхигор байх юм, зүгээр үү? ” гэж байна. Уг нь өглөө гайгүй шиг л боссон юм. "Зүгээр зүгээр ” л гэлээ. Нойр дутуудаагүй дээ, яасан юм бол гэж дотор элдэв юм бодогдох.

Цааш жаахан явж байтал хоёр дахь танилтайгаа таарав. "За ах хүү, бие тэнхээ сайн уу? Та чинь юу билээ, дал дөхөж байгаа юу? ” гэж байна. Шууд л явчихаа алдав. Ингэтлээ царай алдаж, ядарчихсан юм байхдаа. Тэгээд жигүүрээ хугалуулчихсан нэг муу турлиах аятай, дугуйн дээрээ ч гарч чадсангүй, түрээд цааш сажилж яваад нэг хүн мөргөчихлөө. Гэтэл бас нэг танил маань. "Хүүе, сайн уу? Та дугуйтай яваад, ёстой мундаг юм аа. Түрүүн таныг дугуйтайгаа хажуугаар шур гээд гарахыг чинь харсан. Арван хэдтэй хүүхэд шиг л явж байна билээ ” гэж байна. "Юуных нь мундаг байхав, ядарчихаад, түрээд явж байхад гэсэн ” чинь, "Яалаа гэж, та яг хүүхэд шиг харагдаж байна, ёстой хөөрхөн. Мундаг юм аа, би бүр танд атаархчихлаа ” гэж байна.

Тэгэнгүүт сэв хийтэл дугуйндаа мордож аваад хотын төвийг дөрөв тойрчихоод сэнгэнэтэл жийгээд хүрээд ирлээ. Хүн ч сэтгэлийн амьтан юм дөө, хэрвээ гурав дахь хүн арай өөрийг хэлсэн бол орой бараг эм тариандаа орох байсан байх аа.

Үг гэдэг нэн хүчтэй. Үгээр хүнийг алж, аварч болдог. Үг санаанаас төрж, бусдад санаа сэдэл төрүүлдэг. Төсөөлөл бодит биелэл болох нь бий. Сайн, муу үг хэлсэн усны талстуудын ялгааг судалсан Япон эрдэмтнээс эхлээд орчин үеийн ШУ-ны эрдэмтэн судлаачид энэ талаар олон туршилтууд хийх болсон.

Уран бүтээлчдэд энэ нь маш тодорхой харагдаж мэдрэгддэг. Зөвлөлтийн Нобелийн шагналт их зохиолч, яруу найрагч Борис Пастерняк "Яруу найрагчид аа, шүлгэндээ үхлээ бүү зөгнө ” гэж гэрээсэлсэн. Зөн ч юм шиг, өвөрмөц уран бүтээлийнхээ араас хорвоог орхисон, гэхдээ зарим нь бүр өөрийн дураар орхисон уран бүтээлчид олон.

Монголчууд маань үг гэдэг энэ сонирхолтой зүйлийн хүч чадлыг эртнээс таньж мэддэг, амьдрал ахуйдаа хэрхэн ашиглах талаар маш олон сургааль, ёс, заншил үлдээжээ.

ҮГ ШИДТЭЙ гэлцэнэ.

- Амны билгээс ашдийн билэг

- Монгол хүн амны билгээр

- Хэлэхийн өмнө бодох, хийхийх өмнө хэмжих

- Уруул давсан үгийг хөөж гүйцдэггүй, уул давсан адууг хөөж гүйцдэг

- Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал

- Сайн санааны үзүүрт тос

- Муу үг модон улаатай

- Санаа сайтын заяа сайн гэх мэтээр.

"Амандаа шар тос зуусан яасан сайхан хүү вэ ” , "Ерөөлөөр болог ” , "Сайн амтай", "Дэл сул яриатай дэмий солиу хүн ” гэх мэтээр ярина.

Шинэ гэр барихдаа, гэр бүл болохдоо, даахь үргээхдээ, үрс гаргахдаа, шинэ дээлтэй болохдоо, алсын аянд мордохдоо гээд ер үйлдэл бүхэндээ монголчууд ерөөл магтаал хэлж, ерөөл бэлгийг нэн чухалчилдаг. Хурим найр хийхдээ, хүүхдийн даахь үргээхдээ яагаад заавал Ерөөлч хайгаад давхиад байдгийн учир тэр. Уг нь тэр ерөөлийн үгс бол сүйдтэй юм ховор, урнаар толгой холбосон цагаахан магтаал төдий нь ихэнхдээ. Гэвч тэр бүхний цаана орчлон хорвоогийн жамд найрсан нийлэхийн гүн утга утга бий.

Монголчуудын мэндчилгээ ч онцгой, үгийг сонголт, билгэдэл, ерөөл нэн арвин. "Амархан сайн байна уу? Тарган тавтай сайхан намаржиж байна уу? Таны бие лагшин тунгалаг уу? Ажил үйлс нь сайн уу? Танайхан сайн уу? Нөгөө тэр нь сайн уу? гээд л хөвчихнө. Цагаан сараар бол "Даага далантай, бяруу булчинтайгаа ” -гаа дуудаад бүр залхмаар ч юм шиг, ялангуяа энэ завгүй эрчилж хуйларсан орчин цагт бол. Нэг их олон "Сайн уу? ” -тай. Уг нь бол ганц Hi л байхад хаваасаг гэмээр. Салж явахдаа Баяртай гэж хэлдэггүй байж. Баяртай гэвэл түр ч байж болно, бүр ч байж болно, Түүний оронд "Замдаа сайн яваарай даа” баяртай уулзая ” гэх мэт. Баярлаж талархах үг нь ч Гялайлаа, Талархлаа гэх мэтээр дэстэй.

Амнаас нь олигтой уг унадагүй хүнийг "Муу амт ” , "Ёрын амт ” , "Хар хэлт гээд ” жаахан жийрхэх талдаа. Нөгөө талдаа хараал зүхэл ч үгээр дамжина. Бас биелнэ.

Орчин цагийнхаар бол Үг, Санаа гэдэг хүчирхэг энерги. Тэр хүчирхэг энергийг сайн сайханд, сайн сайхнаар ашиглах эсэх нь ухааных. Ер энэ орчлонд учир холбоогүй юм гэж үгүй. Бүгд нэн нарийн шүтэн барилдлагатай, нэг амьтай, нэг цул оршихуй. Нүдэнд ил харагдах шүтэлцээ нь 0,05 орчим хувь, бусад шүтэлцээ холбоо нь бидний махан нүдэнд үл үзэгдэнэ, үл мэдрэгдэнэ. Орчин цагийн физикийн ШУ энэ талруу судалгаа хийж буй. Ерөөс саланги тусгаар бусдаас хамааралгүй оршдог юм гэж үгүй, БИ ч гэж үгүй. Тиймээс өөрийгөө хайрлах, эрхэмлэхийг хүсэж буй бол ер оршихуйг бүхэлд нь халиах учиртай болдог. Монголчууд бидний уламжлалт танин мэдэхүй маань энэ. Түүнийх нь гол илэрхийлэл нь Билгэдэлт сэтгэлгээ, амьтны үр ялгал үгүй хайрлах нинж үзэл. Нэг илрэл нь ерөөл билгэ буюу амны билгэ.

"Хар авдранд ном бий, Хазгар өвгөнд эрдэм бий ” гэж хориод жилийн тэртээ Төрийн шагналт яруу найрагч, зохиолч З.Дорж агсныг уншиж байхад "Мэднэ шүү дээ, хар авдарны оёорт хулганы баас л ихэнхдээ байдаг. Хазгар өвгөний үгэнд яршиг төвөг л дандаа байдаг даа ” хэмээн шоолж суув. Одоо бодохнээ нь тэр Хар авдар, Хазгар өвгөн хоёр бол хэн нэгэн тодорхой хүн, аль нэг авдрын тухай биш үндэстний маань уламжлалт оюун танин мэдэхүйн эрдэнэсийн сангийн тухай яриа байж.

Гэрт ороод ирэхэд хүртэл гэгээ татах шиг болдог гэгээн сайхан найрагч Тоомойн Очирхүү агсан "Хүмүүсээ надад урам хайрла ” гээд сайхан шүлэг бичжээ. Омголон догшин ч гол ус намуухан урсах шиг зөөлөн яруу ертөнцтэй их найрагч Очирбатын Дашбалбар "Амьдраа бие биеэ хайрла, хүмүүсээ ” гэж гэрээсэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button