Украин ОХУ-ыг барьцаанд буй цэргүүдийг хөнөөсөн гэж буруутгажээ

Орос цэргүүд бууж өгсөн хоёр Украин цэргийг буудан хөнөөж байгаа гэх бичлэг цацагдсаны дараа Украины тал мөрдөн байцаах ажил эхлүүлсэн байна. Украины прокурорууд тус бичлэгт Оросын дүрэмт хувцастай хэсэг хүмүүс зэвсэггүй украинчуудыг ойрын зайнаас буудаж байгаа дүр зураг бичигдсэн гэж мэдэгджээ.
Тус бичлэгийг үнэн эсэх дээр бусад эх сурвалжууд мэдээлэл өгөөгүй байгаа юм. ОХУ өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Украин руу довтолсны дараа Киев, Москва хоёр бие биеэ Женевийн конвенцыг зөрсөн гэж буруутгасаар ирсэн. Тус конвенц нь зэвсэгт мөргөлдөөн, олзлогдсон хүмүүстэй харьцах харилцааг зохицуулсан хууль юм.

Украины Ерөнхий прокурорын газар ням гарагт /2023.12.03/ мэдэгдэл гаргахдаа “Дайны хууль, ёс зүйг зөрчсөн, санаатайгаар хүн амины хэрэг үйлдсэн” хэргээр мөрдөн байцаалтын ажил эхлүүлсэн гэжээ.
Албаны хүмүүс урьдчилсан мэдээллээс тус явдал Украины зүүн бүсэд орших Донецк мужийн Степове тосгоны ойролцоо болсон гэж дүгнэж байгаа аж. Харин бичлэгийг хэзээ, хэн хийсэн талаар Ерөнхий прокурорын газар мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.