НИЙГЭМНийгэм мэдээ

PISA үнэлгээний багц мэдээлэл: Улсын, хувийн сургууль ялгаагүй 2 хүүхэд тутмын 1 хоцрогдолтой

Цахим орчинд 10 хүүхэд тутмын зургаа нь буюу 64 хувь нь унших чадвар бүрэн эзэмшээгүй байна гэсэн мэдээлэл анхаарал татаад байна. Тэгвэл энэхүү дүн хаанаас, хэрхэн, яаж гарч ирсэн талаар бид сурвалжилсан юм.

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл PISA үнэлгээг гурван жил тутамд зохион байгуулдаг аж. Манай улсын тухайд энэ үнэлгээнд анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцжээ.

Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулсан байна.

2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтсан. Цаасан болон компьютерт суурилсан хэлбэрээр үнэлгээг зохион байгуулдаг бол манай улс компьютерт суурилсан хэлбэрийг сонгосон юм.

-PISA гэж юу вэ-

PISA нь сурагчид суурь боловсрол эзэмших хүртэлх хугацаанд /15 нас хүртэл/ боловсролын байгууллагаар дамжуулан олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг юм.

Ингээд 1.5 жилийн туршид боловсруулалт хийж судалгааны үр дүнг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр зарлалаа. Энэ үр дүнгээр Монгол улс 81 орноос:

  • Математикаар 47 дугаар байр
  • Унших чадвараар 65 дугаар байр
  • Байгалийн ухаанаар 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.

"10 хүүхэд тутмын 6 нь буюу 64 хувь нь унших чадвар бүрэн эзэмшээгүй байна"-

Математик: Монгол Улс математикийн хичээлийн үнэлгээнд оролцсон 81 орноос 425 оноо авч, 47 дугаарт жагссан байна. OECD орнуудаас 2.5 жилийн хоцрогдолтой гэж гарчээ. Азийн орнуудаас 1.2 жилийн хоцрогдолтой байх аж.

Унших: Унших чадварын үнэлгээ хамгийн муу гарсан байна. Ойлгох, эссе бичих, өөрийгөө илэрхийлэх зэрэг чадваруудыг энэ шалгалтаар дүгнэдэг. Энэ чадвар 81 орноос 65 дугаар байранд орлоо. Олон улсын үзүүлэлтээс таван жилийн хоцрогдолтой, азийн хүүхдүүдээс 2.5 жилийн хоцрогдолтой гэсэн үр дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл 10 сурагч тутмын зургаа нь уншиж ойлгож чаддаггүй байна.

Байгалийн ухаан: OECD-ийн 81 орноос 53-т орлоо. Шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээлэл хийх тайлбарлах ур чадвар OECD орнуудаас гурван жилийн хоцрогдолтой. Үзүүлэлтээс харахад хоёр хүүхдийн нэг нь уг чиглэлийн суурь түвшинд хүрээгүй байна.

Манай улсын хувьд доод түвшний эзлэх хувь 51 хувьтай байжээ. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд тутмын нэг нь хоцрогдолтой байгааг илэрхийлж байна.

Харин 160 хүүхэд дэлхийн дээд хэмжээнээс давсан үнэлгээ авчээ.

-PISA-ийн тэргүүлэх шинжээч: "Монголын хоёр сурагчийн нэг нь суурь түвшнээс доогуур үзүүлэлттэй байна"-

PISA байгууллагын тэргүүлэх шинжээч энэ үеэр:

"Дэлхий дахинд нийт 81 улс орны 690 мянга орчим 15 настай сурагч энэ шалгалтад хамрагдлаа. Монгол Улс анх удаа энэ шалгалтыг өгсөн бөгөөд PISA-д тавтай морил гэж хэлмээр байна. Юун түрүүнд энэ шалгалтад орох нь улсуудын хувьд нэлээд хүнд шийдвэр байдаг. Тиймээс ийм зоригтой шийдвэр гаргасанд баяр хүргэе. Сурагч, багш, сургууль гэсэн системийн хэмжээний хамтын ажиллагааг тогтоож, сурагч нийгмийн амьдралд бүрэн оролцоход зайлшгүй шаардлагатай ур чадваруудыг хэрхэн эзэмшсэн гэдгийг үнэлдэг.

2022 оны хувьд математикийн хичээл дээр Болгараас илүү амжилт гаргасан. Физикийн хувьд мөн адил. Харин Унших чадварын хувьд арай бага амжилт үзүүлжээ. Шалгалтын үр дүнд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.

  1. Бага наснаас нь суурийг нь сайн тавих
  2. Тэгш хүртээмжгүй байдлыг бууруулах
  3. Дата ашиглалтыг сайжруулах

Цахим хэрэглэгдэхүүнийг сургалтад ашиглахдаа бусад улс орныг бодвол маш эрүүл хэрэглээтэй байна. Технологийн хэрэгслүүдээсээ холдож байгаа үед түүнийгээ үгүйлэх, унтууцах ийм харилцаа ажиглагдсангүй. Монгол сурагчдын хувьд математикийн хичээл дээр цахим хэрэглэгдэхүүн ашиглахад анхаарал сарнидаг ч эрүүл хэрэглээтэй учир багшийн хяналтыг нэмэгдүүлэхэд сайн үр дүн гарах боломжтой. Сурагчдын хүнсний хомсдол байгаа эсэх дээр анхаарсан судалгааг хийсэн. Энэ дээр сурагчдын хувьд олон улсын дунджаас харахад сургуулийн орчинд аюулгүй байдлыг мэдэрч чадахгүй байгааг мэдэрсэн нь анхаарал татаж байна" гэлээ.

-БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: "Багш мэргэжлээр суралцагсадад өндөр шаардлага тавина"-

Мөн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:

Сургалтын систем маш эмзэг бөгөөд бид анхаарлаа хандуулах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг энэхүү үнэлгээнээс харлаа. Нэн түрүүнд шинэ залуу багш нарт анхаарал хандуулах бөгөөд багшийн мэргэжлээр суралцах хүүхдүүдэд өндөр шалгуур тавьж, сайн багш бэлтгэх явдал юм.

Энэ судалгаанаас үзэхэд төрийн болон хувийн сургуулийн гүйцэтгэлийн ялгаа хол зөрүүгүй байна. Өөрөөр хэлбэл өндөр төлбөр төлөөд сурч байгаа хүүхэд өгөөжөө хүртэхгүй байгаа гэсэн үг буюу төрийн сургуульдаа явсан ч ижил үзүүлэлттэй байхаар байна.

Монгол сурагч хүүхдүүдийн амьдралын сэтгэл ханамж 7.2 буюу Азийн дунджаас дээгүүр байгаа нь давуу тал юм. 2022 оны судалгааг эхлэхийн өмнө үдийн цайг үдийн хоол болгосон нь нөлөөлсөн байх магадлалтай. Мөн цар тахлын дараа ЕБС-иудад сэтгэлзүйч ажиллуулж, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар шүгэл үлээж, орон нутгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулсан гэх мэт ажлууд нөлөөлсөн" хэмээв.

-Хөдөө орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 2.5 жилийн хоцрогдолтой байна-

Төрийн сургуулиудын гүйцэтгэл хувийн сургуулийн гүйцэтгэлээс хол зөрүүтэй гараагүй байна. Мөн унших чадварын хувьд төрийн сургуулийн хүүхдүүд илүү амжилт үзүүлжээ. Энэ үзүүлэлтэд дундаж амьдралтай айлын хүүхдүүд байгаа нь илүүтэй нөлөөлсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн гэр бүлийн эдийн засгийн чадамж нь сурлаганд илүү нөлөөлдөг байна. Харин хувийн, улсын сургуулийн ялгаа тийм ч их гарсангүй.

Нийслэл, аймаг, сумдын сургуулиудын сургалтын чанарын ялгаа харин багагүй гарсан байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 2.5 жилийн хоцрогдолтой байна. Харин OECD-ийн дунджаас дээгүүр оноо авсан сурагчид хөдөө орон нутагт түлхүү байгаа хэдий ч дэлхийн чансаад хүрсэн сурагчид байгаа аж.

Манай улсад үе тэнгийхний дээрэлхэлт OECD-ийн дунджаас дээгүүр, Азийн дунджаас арай бага түвшинд байна. Үүнээс үзэхэд нийт хүүхдүүдийн 21.3 хувь нь ил болон далд хэлбэрийн үе тэнгийхний дээрэлхэлтэнд өртөж байна.

-Дэлхийн түвшинд хүрсэн нийслэл, аймаг, сумдын сургуулиуд-

Нийслэл хотоос: Эрдмийн өргөө цогцолбор, Арваннэгдүгээр сургууль, Монгол тэмүүлэл

Аймгаас: Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор, Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургууль, Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургууль

Сумын төвөөс: Сэлэнгэ аймгийн Мандал сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас дэлхийн түвшний хүүхдүүд шалгарчээ.

PISA-ийн шалгалт өгсөн З.Энхжин: "Анх энэ шалгалтыг хараад гайхаж байсан"

Энэ үеэр мөн шалгалтад хамрагдсан сурагч З.Энхжин:

"Анх 15 настай аравдугаар ангид байхдаа уг шалгалтыг өгсөн. Хүүхдүүдийг хооронд яриулахааргүй зохион байгуулалттай суулгасан бөгөөд шалгалтын хувьд гайхмаар байсан. Өгөгдөл өгөөд хэрвээ чи оронд нь байсан бол яах вэ? гэсэн асуулттай, аль эсвэл ийм нөхцөл байдалд яах байсан бэ? гэдэг зохиомж хийлгүүлж байсан. Сонирхолтой хэрнээ сэтгэх чадвар ажиллуулсан шалгалтууд байсан. Бид нарын өгч заншсан уламжлалт шалгалтуудаас тэс ондоо, сонирхолтой байсан.

Энэхүү үзүүлэлтүүдээс харахад манай улсад засаж сайжруулах олон арван асуудал байна. Үүний нэг нь сурагчдын техник технологийн хүрэлцээ болон хэрэгцээнд суурилсан тоног төхөөрөмжөөр хангах явдал юм. PISA дүн биш үнэлгээ учир, дараа дараагийн жилүүдэд бид илүү анхаарч, амжилтаа ахиулахыг урьтал болгох хэрэгтэй байгаа юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button