Хүүхэд эмэгтэйчүүд түр хоргодох 5 байр байгууллаа

Япон улсын засгийн газрын санхүүжилтээр Монгол улсад дөрвөн жил үргэлжилсэн "Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" төслийн хаалт өнөөдөр боллоо. Тодруулбал Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн 4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар уг төслийг санхүүжүүлжээ.

Төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг даван туулагчдад амьжиргааны зардлын дэмжлэг үзүүлэх, хохирогчдыг хамгаалалтад авах хамтарсан багийг чадавхжуулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн гурван чиглэлд ажилласан байна.
Тухайлбал Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт төслийн хүрээнд түр хамгаалах байр шинээр байгуулж 475 хохирогчид үйлчилгээ үзүүлжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 21 түр хамгаалах байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төвтэй болж, 4500 гаруй хүнд үйлчилсэн байна.

Мөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрөөр 50 эмэгтэйд грант олгож, 50 эмэгтэйн бичил бизнесийг санхүүжүүлжээ. Өнгөрсөн 6 сарын хугацаанд хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүд сард 500 мянгаас 3 сая төгрөгийн орлого олж, 20-300 хувиар орлогоо нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн ШШГЕГ-тай хамтран зан үйлд нөлөөлөх албан сургалтын хөтөлбөр, гарын авлагыг шинэчилж, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, шийдвэр гүйцэтгэгч, сургалтын мэргэжилтэн 107 хүнийг сургалтад хамруулжээ.
Мөн төслийн хүрээнд хамтарсан багийн сургагч бэлтгэх хөтөлбөрөөр 40 сургагч багш бэлтгэж, 12 аймаг, 5 дүүргийн 3000 гаруй хүнийг сургалтад хамруулж, 6 судалгааны ажил, 10 төрлийн 34 гарын авлага гаргасан байна. Онцлоход хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй талаарх судалгааг энэ ажлын хүрээнд анх удаа хийжээ.

Хамтарсан багийг чадавхжуулах, үйл ажиллагааг сурталчлах зорилгоор "Хүлцэхүй" олон ангит УСК бүтээж олны хүртээл болгосон нь онцлох ажлын нэг гэдгийг дурдлаа.

Цаашид гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд хохирогч төвтэй үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, мөн нөгөө талаас хүчирхийлэл үйлдэгчдэд зан үйлийн сургалт явуулахад анхаарах зайлгүй шаардлатай байгааг төслийг санаачлагчид хэлж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.