Шар хантаазтнууд цалингаа ₮2 сая болгохыг шаардлаа

Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан, албан хаагчид өнөөдөр цалингаа 40-60 хувиар нэмэгдүүлж, 2 сая төгрөгт хүргэх шаардлага тавин жагслаа.
НОСНААУГ-ын ажилтан, албан хаагчдын цалин муу тул хүний нөөцийн дутагдалд орж, тус байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахад ч хүндрэлтэй болоод байгаа аж. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран шийдвэрлэх ёстой гэдгийг тус газрын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос онцолжээ.
Тодруулбал, НОСНААУГ 2000 гаруй ажилтантайгаас 800 гаруй нь 650 мянган төгрөгийн цалин авдаг аж. Тиймээс НОСНААУГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхлэн тавьжээ. Гэхдээ одоог хүртэл цалинг нь нэмээгүй бөгөөд дээд албан тушаалтнууд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 660 мянган төгрөг болгож нэмэх боломжтой гэсэн байна. Үүнийг эсэргүүцэж, цалингаа нэмүүлэхээр 500 гаруй ажилтан жагссан бөгөөд шаардлагыг нь хүлээж авахгүй бол хуульд заасан тэмцлийн хэлбэрүүдээр үргэлжлүүлэн тэмцэхээр төлөвлөсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.