Гадаад мэдээДЭЛХИЙ

New Yorker: Нүүдэлчид орчин цагийн нийгмийн суурийг тавьсан

АНУ-ын “The New Yorker” сэтгүүл нүүдэлчдийг зэрлэг, хэрцгий дайчид байсан гэх ойлголтыг үгүйсгэн, орчин үед түүхчид нүүдэлчдийг одоо үеийн нийгмийг үүсгэх суурийг тавьсан гэж үзэх болсон талаар нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Өнгөрсөн есдүгээр сард Пап Францис Монголд айлчилсан анхны Ватиканы тэргүүн болсон. Тус улс 1,500 хүрэхгүй Католик шашин шүтдэг хүмүүстэй. Нийслэл Улаанбаатарын төв талбайд болсон Францисыг хүлээн авах арга хэмжээг хэдэн зуун хүн л үзэж сонирхжээ.

Харьцуулахад, наймдугаар сард Португалын нийслэл Лисбонд Францис айлчлахад 1.5 сая гаруй хүн түүнийг харахаар ирсэн байдаг. Хүмүүс Францисыг ямар зорилгоор Монголд ирээд байсныг мэдээгүй юм. Ватиканы төлөөлөлд зориулж барьсан хүндэтгэлийн зоогт ажиллаж байсан хүн “Католик шашинтууд гэж ямар хүмүүс бил ээ” гэж асууж байв.

Айлчлалынхаа үеэр Францис дипломатууд, соёлын тэргүүнүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж үг хэлэхдээ XIII-XIV зууны үед Монголын эзэнт гүрэн шашин шүтэх эрх чөлөөг олгосон талаар ярьжээ.

Тэрбээр “Өвөг дээдэс тань өргөн уудам нутагт дэвсгэрт оршин буй ард түмний ялгаатай чанарыг хүлээн зөвшөөрч, тэдгээр чанаруудыг хамтын хөгжлийн хөшүүрэг болгон чадсан гайхалтай чадвартай юм” хэмээсэн байна.

Мөн Францис Еврази даяар монголчуудын сахиулсан тогтвортой байдлын үе болох “Pax Mongolica”-г тэмдэглэн, тэр үед мөргөлдөөнгүй, олон улсын хуулийг хүндэтгэдэг байсныг дурдсан юм.

Дундад зууны үеийн Христийн шашинтнууд Францисын хэлсэн үгийг сонсоод гайхах байсан. Баруун Европт монголчуудын талаар анх удаа тэмдэглэн үлдээсэн хүн бол Бенедикт урсгалтай номлогч юм. Тэр 1240 онд монголчуудыг “Сатаны жигшүүрт угсаатны асар том арми... цусаар ангаж цанган, цус ууж нохой, хүний махыг урж иддэг” гэж бичжээ.

Лалын шашинтнууд ч гэсэн монголчуудыг цусанд шунасан зэрлэгүүд гэж үздэг байв. 1258 онд Хүлэгү хаан Багдад хотыг дайлаар мордсон үед цогцсууд хөлд хөглөрч, гудмаар цусан гол урсан тус хотын “Мэргэн ухааны өргөө” гэх агуу номын сан шатаагдсан гэгддэг.

Багдад хотыг тоносон явдал нь Исламын алтан үеийн төгсөл болсон гэж олон түүхчид үздэг билээ. Монголчуудын хэрцгий дүр зураг тэдний байлдан дагуулалт дууссаны дараа ч гэсэн яригдсаар ирсэн. Вольтайрын жүжигт “Эзэнт гүрнийг өөрсдийн нутгийн адил цөл болгох зорилготой зэрлэг хөвүүд”-ийн талаар гардаг байна.

Одоо цагт Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Чингис хааны нэрийг дарангуйлалтай холбодог хэвээрээ. Пап Францис энэ хуучирсан үзэл бодлыг эсэргүүцсэн бөгөөд тэрбээр цор ганцаараа ийм байр суурь илэрхийлсэн хүн биш юм.

“Орд: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” номдоо Мари Фаверо “Евразийг ихэнх хэсгийг хялбархан байлдан дагуулсан монголчуудыг хэт харгис гэх хэвшмэл ойлголтыг бид дэндүү амархан хүлээн зөвшөөрчээ” гэж бичсэн байна.

Түүнтэй ижил үзэл бодол илэрхийлж Кеннет В.Харл “Талын эзэнт гүрэн: Соёл иргэншлийг хэвшүүлсэн нүүдэлчин овгийн түүх”, Энтони Саттин “Нүүдэлчид: Манай ертөнцийг бүтээсэн хэсүүчлэгчид”, Николас Мортон “Монголын шуурга: Дундад зууны Ойрх Дорнодод эзэнт гүрнүүдийг бий болгон, унагасан нь” гэх мэт ном бичжээ.

Тэд олон арван жилийн турш нүүдэлчид, тэр дундаа монголчуудыг харгис хэрцгий гэх өгүүлэмжийг шинэчлэхийн тулд ажиллаж ирсэн байна. Нүүдэлчид цусанд шунасан, хүний мах иддэг араатнууд биш худалдаа наймаа, мэтгэлцээн, шашин шүтэх эрх чөлөөг дэмжсэн ухаалаг зохион байгуулагчид байсан юм.

Мэдээж тэд хотуудыг эзлэн авч, хүмүүсийг боолчилдог байсан нь үнэн. Гэхдээ өөр маш олон гүрэн үүнтэй ижил, бүр илүү хэрцгий байсан олон тохиолдол бий. Энтони Саттин “Тал нутгийн түүхийг сэргээх төсөл нь тэнд амьдарч байсан ард түмнийг өөрсдийн гэсэн түүхтэй, дайлаар мордсон суурин иргэншлүүдээс дутахааргүй нийгмийг бий болгон, бидний амьдарч буй одоогийн ертөнцийг бүтээхэд тусалсан түмэн гэж үздэг” хэмээжээ.

Евразийн тал нутгийг Ямная соёлтой хүмүүс МЭӨ 3 мянган оны орчим эзэгнэж эхэлсэн. Тэд болон тэдний үр удам Европ, Энэтхэг, Ойрх Дорнод, баруун Хятадад тархан суурьшжээ. Ямная хүмүүсийн тархан суурьшилтаас хойш хэдэн мянган жилийн дараа Евразийн тал нутгийн хүн амын бүтэц өөрчлөгдсөн байна.

МЭӨ 7-р зуун гэхэд Скифчүүд Евразийн тал нутгийн баруун хязгаарт ноёрхож эхэлсэн юм. Тэд Ассирийн эзэнт гүрнийг нуран унагахад оролцож, Персийн хааныг хоёр ч удаа ялсан байна. Скифчүүд Евразийн зүүн тал нутаг рүү тархан суурьшиж, хэдэн зуун жил өнгөрсний дараа МЭӨ 200 онд Хүннү гүрэн гарч ирнэ.

Хүннү нар АНУ-ын газар нутагтай тэнцэхүйц өргөн тал хээрт суурьшдаг овог аймгуудаас бүрддэг байв. Кеннет В.Харлын хэлснээр тэд Модун Шаньюйн удирдлага дор шатлал бүхий засаглал үүсгэн, өөрсдийн гэсэн бичгийн систем үүсгэжээ.

“Модун Шаньюй тал нутагт анхны удаа эзэнт гүрний тогтолцоог байгуулснаар Аттилагаас эхлэн Чингис хааны байлдан дагуулалтын суурийг тавьж өгсөн” гэж Харл бичсэн байна.

“Талын эзэнт гүрэн” номдоо Харл Чингис хааны удирдсан монголчуудын амжилтыг хамгийн их биширчээ. Тэрбээр Монголын Эзэнт гүрнээр дамжин цаасны үйлдвэрлэл, бууны дарь дорнодоос баруунд дэлгэрч, мэдлэг боловсролын тархалтыг эхлүүлэн Европ далайг эзэгнэхэд түлхэц үзүүлсэн гэж бичжээ.

Харл “Орчин үеийн дэлхийн эдийн засаг ийнхүү монголчуудын ачаар үүссэн” гэх дүгнэлтэд хүрсэн юм. Монголчууд орчин үеийн нийгмийг босгосон түмэн гэх санааг шинэ үеийн эрдэмтэд илэрхийлэх болов. Саттин ч гэсэн Харлтай ижил бодолтой. Тэр Харлтай ижил аргумент гарган луужинг дорнодоос баруун руу нүүсэн технологи гэж бичсэн юм.

Мөн Саттин арабчууд зэрэг бусад нүүдэлчид европчуудад инновац хүргэхэд тусалсан гэдгийг мөн онцолжээ. Тэдний бичсэн ном антропологич Жэк Уэтерфордын 2004 онд хэвлүүлсэн “Чингис хаан ба орчин үеийн ертөнцийн бүтээн байгуулалт” номоос сэдэвлэсэн нь гарцаагүй.

Эдгээр түүхчид монголын эзэнт гүрэн хэрхэн оргил гарсан талаар ижилхэн түүхийг өгүүлнэ: Даруу, авхаалж самбаатай, заримдаа харгис хэрцгий байж чаддаг Тэмүүжин нэртэй хүү сүүлийн дөрвөн зуун жилд анхны удаа Монгол овог аймгуудыг нэгтгэв. 1206 онд тал нутгийн ноёдын цуглаанаар түүнийг Чингис хаан буюу “догшин” буюу “далай хаан” гэж нэрлэдэг. Дараагийн хорин жилд Чингис хаан болон түүний дагалдагчид Каспийн тэнгис, Номхон далайн хоорондох газар нутгийг нэг удирдлага дор оруулна.

Европын империализм хүчээ авах үед Европ төвтэй түүх бичигдэх болсон. Гэхдээ одоо үед үүнд өөрчлөлт гарах боллоо. Саттин энэ талаар “Нүүдэлчдийн түүх биднийхээс дутахгүй гайхамшигтай, мөн ач холбогдолтой. Гэхдээ бид өөрсдийгөө чухалчлах мэдрэмжээ хянаж сурахгүй бол өөрсдийгөө бүх зүйлийн хэмжүүр мэт харсаар байх болно” хэмээсэн байна.

Эх сурвалж: New Yorker

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-29 09:04

Dan hyatad haad l bna dag

Зочин
Зочин
2023-12-29 11:02

Монх нуух ертонцийн жамд нийцсэн нуудэлч соёлын давуу т�##� ш�##�гарч pax mongol байгуулагдсан боловч эрхшээлдээ оруулсан суурин иргэншлээс хавьтлын вирусжилт авч

Fukin' awesome
Fukin' awesome
2023-12-29 15:58

Shoogaach! Hamag buhniig ustgaj nuraadag, zalxuu yum baij!

Холбоотой мэдээ

Back to top button