"Төсвийг тэлэхгүй байж чадвал бондын өрийг бондоор дарсны хэрэг гарна"
Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн оны аравдугаар сарын 23-нд 500 сая ам.долларын Евро бондын өр болоод Засгийн газрын өрийн баталгаатай, Самурай бондын 30 тэрбум иен (200 орчим сая ам.доллар)-ийн өрийг хуваарийн дагуу барагдуулсан. Манай улс тус бондуудыг төлж чадахгүй бол дефолт зарлах түвшинд хүрснийг олон улсын шинжээчид болоод дотоодын эдийн засагчид тодотгоод байсан билээ. Харин 2023 оны төгсгөлд Сангийн сайд Б.Жавхлан “Бид бондын өр төлбөрүүдээ барагдуулан 2026 он хүртэл бондын өр төлбөргүй болж, доллароо дотооддоо нөөцлөх боломж бүрдлээ. Ингэснээр ирэх жилүүдэд эдийн засаг улам сэргэнэ” гээд байв.
Гэвч бид сүүлийн бондыг дахин бонд босгож, нэг ёсондоо хойд хормойгоороо урд хормойгоо нөхлөө. Нөхөөс бондын төлбөрийг төлөх үеийн долларын ханшаар барагдуулна. Мөн энэ оны гуравдугаар сард 392.5 сая ам.долларын “Хуралдай” бондын үлдэгдэлтэй. Үүнийгээ барагдуулах эх үүсвэрээ бүрдүүлсэн гэх. Түүний дараа 2026 онд “Номад” бонд 600 орчим сая ам.доллар, 2027 онд “Сенчүри” бонд 500 сая ам.доллар гэх мэтээр өр төлөлтүүд үргэлжилнэ.
Бид 2026 оны бондын эргэн төлөлт хүртэл эдийн засгийн ямар нөхцөлд байх болоод сонгуулийн дараа нөхцөл байдал хэрхэх тухай эдийн засагчдаас байр суурийг лавлалаа.
-Бондыг бондоор дарж болох ч түүний зарцуулалт, өгөөж хамгийн чухал-
Санхүүч Г.Батжаргал тоймлохдоо “ Ардчилсан намын тавьсан өрийг МАН төлж байна гэдэг юм яваад байгаа. "А" банкнаас зээл авч "Б" банкны зээлийг төлөхийг зээлээ төллөө хэмээж попрох хэрэггүй. Үүнийг дахин санхүүжилт гэх бөгөөд дахин санхүүжилтээсээ илүү зээлийг 2015-2023 онд авсан байна. USD/MNT ханшийг тооцвол дунджаар 6.8 тэрбум доллароос 8.8 тэрбум доллар болж нэмэгдсэн. Бондыг бондоор дарж болно. Хамгийн гол нь бондын зарцуулалт, түүний өгөөж чухал юм.
2026 он хүртэл эдийн засгаа ямар хэмжээнд нэмэгдүүлэх, экспорт, төлбөрийн тэнцлээ тогтмол ашигтай гаргаж чадвал бондын өр төлөхөд асуудал гарахгүй. Наана нь төсвийг хэт тэлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Төсөв тэлээд байвал инфляц, бодлогын хүү буурахгүй. Тэгэхээр хувийн хэвшил зээл болон бусад санхүүгийн хэрэгслээр хөрөнгө оруулалт хийхэд санхүүжилтийн өртөг өндөр хэвээр байна. Хамгийн гол нь эдийн засаг өсөөд байгаа боловч тэр нь иргэн бүрт бодиттой хүрэхгүй байгааг анхаарах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
-Татвар нэмэхийг хойш тавьж, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй-
Уг сэдвээр эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлэхдээ "Макро эдийн засгийн ерөнхий дүр зураг эерэг байгаа. Бид өртэй холбоотой асуудлуудаа шийдэж, сүүлийн гурван улирал дараалан эдийн засаг сэргэг байснаас үүдэн энэ үр дүнд хүрлээ. Төсөв эерэг, татварын орлого өндөр байгаагаас гадна гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл гэх макро эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд эерэг байна. Энэ нөхцөл байдал уул уурхай, эрдсийн салбарт 60 гаруй сая тонн нүүрс экспортолсонтой шууд холбогдоно. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг дотоод болон гадаадын эдийн засагчид уул уурхайн салбарт хамаатуулан ойрын 2-3 жилд эергээр төсөөлж байна. 2024 оны эдийн засгийг 5-6, 6-7 хувь өсгөхийн тулд мөн л 50-60 сая тонн нүүрс гаргах шаардлагатай.
Эрх баригч нам эсвэл сонгуульд ялсан аль нэг намын үндсэн зорилго нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой өсөлт болгож барих чухал байна. Бүтцийн хувьд бид уул уурхай, эрдсийн салбараас шууд хамааралтай ийм үед эдийн засгийн зөв бодлого баримталж, төсвийг хумих, хуримтлуулах, ирээдүйн сангуудаа арвижуулж төсвөө тэлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Төсвийн нөөц сангуудыг арвижуулж, бизнесийн орчныг тэлүүлэх чухал байгаа. Татварын зөв бодлогоор бизнесүүдийг дэмжих хэрэгтэй. Уул уурхайгаас бусад салбаруудыг онилон давхар хөгжүүлэхэд анхаарч, бизнесүүдийн сэргэх боломжийг олгох хэрэгтэй. Одоо яригдаад буй татвар нэмэх зэрэг нь энэ цаг үед таатай бус шийдэл юм. Мөн сонгуулиар улс төрийн намуудын амлалт, популистууд хэр хэмжээнд газар авах, үүнийг хэрхэн хязгаарлаж чадах, УИХ хэрхэн бүрдэх нь эл асуудлын зангилаа болох эгзэгтэй үе ирлээ. Тиймээс олсныхоо хэрээр зарлага гаргаад байвал мөчлөг дагасан уналт, сэргэлтдээ эргэлдэнэ" гэлээ.
Экспортын хэмжээ өндөр энэ цаг үед өр зээлийн төлөлтгүй буюу гадаадаас нэхэгдэх аливаа өрийн дарамтгүй байгаа нь манай эдийн засагт сэргэлт авч ирж байна. Түүний зэрэгцээ өр төлбөрийг ямар замаар барагдуулсан гэдгээс үл хамааран олон улсад төсвийн сахилга баттай харагдаж, цаг хугацаанд нь төлбөрөө төлсөн бүртгэл үүсч, зээлжих зэрэглэлээ тогтвортой хэвээр хадгалах, олон улсын хөрөнгө оруулагчдын илтгэлийг сэргээсэн сайн үр дагавартай аж. Гэлээ ч бид дотооддоо экспортыг цалгардуулахгүй байхын зэрэгцээ төрийн зүгээс төсвийг тэлэхгүй байх нь нэн чухал байгаа юм байна. Хэрэв тэгж чадвал уг сэргэлтийг дааж авч явах нөхцөл бүрдээд байгааг мэргэжилтэн, эдийн засагч, санхүүч нар нэгдмэл байр суурьтайгаар дээрх тодруулга яриагаараа илтгэлээ.
Тэгвэл, Монголын Улсын Засгийн газрын гадаад зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 5.9 тэрбум ам.доллар байна. Үүнд:
- 1.1 тэрбум ам.доллар нь 1991-2011 оны хооронд үүсгэсэн өр,
- 1.5 тэрбум ам.доллар нь 2012-2016 онд үүсгэсэн өр,
- үлдсэн 3.1 тэрбум орчим ам.доллар нь 2017-2023 оны хооронд үүсгэсэн өрүүд эзэлж байна.
2017-2023 онд үүсгэсэн өрийн 1.5 тэрбум ам.доллар нь өмнөхтэй адил төсөл хэрэгжүүлэх зээлүүд, 1.6 тэрбум ам.доллар нь төсвийн дэмжлэг байна. 2017 онд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсон. Мөн ОУВС, Япон, АХБ-аас зээл авсан. Тэгэхээр дээрх 3.1 тэрбум ам.долларын өрийн тал нь ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлийн үед авсан зээл болж байгаа юм.
Бид өр зээлээ барагдуулсаар байгаа ч өр багасахгүй, дуусахгүй байгаа нь Засгийн газраас төлөөд зөрүүлээд дахиад л урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байгаагаас үүдэлтэй. Тиймээс Монгол Улс өр төлбөрөө А-Б-д шилжүүлэх байдлаар тухайн үеэ аргацаах бус өр төлөх стратеги бодлого хамгийн чухал байгааг салбарынхан онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.