БНСУ-д нохойн мах идэхийг хориглосон хууль батлагдлаа
Өмнөд Солонгосын Парламент мягмар гарагт /2024.01.09/ нохойн мах идэх, худалдахыг хориглох тухай хуулийн төслийг баталсан байна. Солонгосчууд зууны улиралд нохойн мах идэх нь биеийн тэнхээг сайжруулдаг гэж үздэг байсан ч одоо үед нохойн мах идэх нь багассан юм.
Орчин үед ихэнх залуучууд нохойг тэжээвэр амьтан гэж үздэг болсон. Ийм учраас нохойн мах идэх явдал нэлээд ховор болж, цөөн хэдэн ресторан мөн зарим ахмад настнууд л нохойн махтай хоол иддэг байна.
Амьтны эрхийн активистууд нохойн мах бэлтгэх арга хэтэрхий хэрцгий хэмээн шүүмжилсээр ирсэн. Ихэнх нохдыг нядлахдаа цахилгаанаар цохиулах эсвэл амьсгал хураатал нь дүүжилдэг.
Нохой үржүүлэгч болон мах бэлтгэгчид сүүлийн үед нохой нядлах аргаа илүү хүнлэг болгож байгаа хэмээсэн юм. Гэхдээ БНСУ-ын ерөнхийлөгчөөр Юн Сок Ёл сонгогдсоны дараа нохойн мах идэхийг хориглосон хуулийг батлахыг дэмжих хүмүүс нэмэгдсэн байна.
Учир нь Юн Сок Ёл эхнэр Ким Кён Хитэй хамт зургаан нохой, найман муур тэжээдэг юм. Ким Кён Хи нь нохойн мах идэх явдлыг хүчтэй шүүмжилж ирсэн байна. Мөн солонгосчууд гэртээ амьтан тэжээх нь ихсэн, 2010 онтой харьцуулахад нохой тэжээдэг айлын тоо 16 хувиар нэмэгджээ.
Шинээр баталсан хуулийн дагуу мах бэлтгэхийн тулд нохой үржүүлж, нядалсан тохиолдолд гурван жил хүртэл хорих, эсвэл 30 сая хүртэл воноор торгох ял оноох юм. Тус хуульд нохойн мах идсэн тохиолдолд шийтгэл оноох талаар тулгаагүй байна.
Нохой үржүүлэгч, худалдагчдын эвслийн албан тушаалтан Сон Вон Хак тус бүлэг Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгджээ. Хуулийг батлахын өмнө тус эвслийн гишүүд ирэх таван жилийн хугацаанд амсах алдагдлыг нөхөнийн тулд нэг нохойнд дор хаяж 2 сая вон тооцож нөхөн төлбөр өгөхийг шаардсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.