Судалгаа: Савлагаатай нэг литр усанд 110-400 мянган нанопластик бий
Даваа гарагт /2024.01.08/ “Proceedings of National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа савлагаатай нэг литр усанд 110-400 мянган нанопластик байсныг илрүүлжээ.
Энэ тоо нь өмнөх судалгаануудын үр дүнтэй харьцуулахад 10-аас 100 дахин их байгаа юм. Учир нь эрдэмтэд савласан ус дотор 5 мм-ээс нэг микрон (метрийг саяд хуваасантай тэнцэх хэмжээ) хүртэл микропластикийн тоог шинжилж байсан юм.
Харин энэ судалгаа нь нанопластик буюу метрий сая хуваасантай тэнцэх хэмжээнээс жижиг хуванцар ширхгийг судалсан байна. Эрдэмтэд АНУ-д зарагддаг гурван өөр брэндийн савласан уснаас дээж авч шинжилжээ. Шинжилж үзсэний үр дүнд нэг литр савласан усанд дунджаар 240 мянган нано болон микропластик байдаг гэдгийг илрүүлсэн байна.
Тэдгээр хуванцрын бичил хэсгүүдийн 90 хувь нь нанопластик үлдсэн нь микропластик байсан юм. Судалгааг ахалж бичсэн Колумбын их сургуулийн физикын химич Найшин Чян ихэнх пластик савласан хуванцар сав болон усыг бусад бохирдуулагч бодисноос шүүхэд ашигладаг урвуу осмосын мембранаас гаралтай гэж хэлжээ.
Эдгээр пластикууд нь хүний эрүүл мэндэд хортой юу гэх асуулт гарч ирнэ. Үүнд судалгааг бичсэн эрдэмтдийн нэг болох Рутгерсийн их сургуулийн хор судлаач Фиби Стэйплтон “Одоогийн байдлаар судалж байгаа. Бид хүний эрүүл мэндэд хэр хортой мөн хортой эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ эдгээр пластикууд хүн болон амьтдын эд дотор орж чаддаг. Одоо явагдаж буй судалгаанууд эдгээр пластик нь хүний эсэд ямар нөлөө үзүүлдгийг шинжилж байгаа” хэмээн хариулсан юм.
Эх сурвалж: CNN, PBS
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.