Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Дэл сүүл хилээр гаргахыг хориглосноос адууны шир мянга мянгаараа өмхийрч мууджээ

Эмээлт орчимд адууны арьс ширийг их хэмжээгээр дэлгэж эвгүй үнэр гарч байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу бид зорин очлоо.

Энд мянга мянган адууны арьс шир дэлгээтэй байхын зэрэгцээ эвгүй үнэр хаа сайгүй ханхалж байлаа. Бид арьс ширийг хурааж баглаж байсан ажилчдаас очиж тодруулахад  бид зөвхөн хөлсний ажилчид, арьс ширийг хураа гэдэг тушаалыг өгсөн. Хариуцдаг эзэн нь “Их Уул” гэсэн хаягтай газарт байгаа гэлээ. Харин “Их Уул” хэмээх томоохон хаягтай газарт очиход тухайн газрын эзэн Н.Алтанхуяг биднийг угтсан юм. Тэрээр арьс шир бол үндэсний баялаг гэтэл зарим худалдаачид болон засгийн газар үүнийг хог хаягдал хэмт үзэж байна хэмээн халаглан ярьж байлаа.

Н.Алтанхуяг: Хятад худалдаачид адууны арьс ширийг дэл сүүлтэй нь авдаг

-Адууны арьс шир их хэмжээгээр өмхийрч хураагджээ. Яагаад?

-Адуу битүү туурайтай халдварт өвчин дамжуулдаггүй учраас хятадууд түүхий эдийг авдаг. Гэтэл манай улс 2003 онд арьс ширийг боловсруулж байж гаргах тогтоол гаргасан. Бидэнд арьс шир боловсруулах нөхцөл бололцоо техник технологи байхгүй учир урд хөрш лүү гаргаж чаддаггүй. Харин хэдэн жилдээ нэг удаад адууны арьс ширийг хоёр улсын хоорондын харилцааны үндсэн дээр боловсруулалгүй гаргах боломж гардаг. Бид зөвхөн дэл сүүлийг нь л ашиглах зорилготойгоор худалдан авч,  шир  нь хураагдаад байгаа нь энэ.

-Одоо арьс ширийг урд хөрш рүү гаргах ямар ч боломжгүй гэсэн үг үү?

-Энэ жил хоёр улсын хоорондын харилцааны үндсэнд боловсруулаагүй арьс шир гаргах боломж нээгдэнэ гэсэн. Гэхдээ засгийн газраас гаргасан нэг утгагүй тушаал биднийг арьс шир гаргах боломжгүй болгочихсон. Саяхан 500 метр квадрат дэл сүүлний дотоодын үйлдвэр нээгдэж, дэл сүүл гаргахыг хориглочихсон. Гэтэл хятадууд адууны арьс ширийг заавал дэл сүүлтэй нь  цуг авдаг.  Ингээд л ченжүүд бид хэдэн зуун саяаар хохирч байгаа юм.

-Адууны арьс ширийг хэдэн төгрөгөөр авч байна? Танд одоо  адууны арьс шир хэдий хэмжээний байна вэ?

-Адууны арьс ширийг одоогоор 12 мянган төгрөгөөр авч байгаа. Энэ нь зөвхөн дэл сүүлний үнэ. Өмнө нь бид 65 мянган төгрөгөөр авч байлаа. Өндөр үнээр авсан тэр арьс хураагдчихсан хог болоод байж л байна. Ердөө миний жишээгээр авч үзэхэд надад 200 мянган адууны арьс шир байна. Энэ бүгдийг дэл сүүлийг нь аваад хаяхаас өөр аргагүй боллоо. Удаан хадгалахын тулд давсалж хатаадаг. Гэвч одоо гэнэт бороо орвол яах вэ? Энүүгээр байгаа бүх арьс шир өмхийрнө. Ердөө миний авсан арьс шир ийм хэмжээнд байхад бусад аж ахуй нэгж хүмүүст хэр их байгаа бол. Мөн эмээлтийн энэ эвгүй үнэр бүгд адууны арьс хураасан газруудаас л гарч байгаа. 

-МАНАЙ УЛС АДУУНЫ АРЬС ШИРИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЬСАН Ч УСЫГ МАШ ИХЭЭР БОХИРДУУЛАХ УЧИР ХОХИРОЛТОЙ-

-Адууны арьс ширийг эх орондоо боловсруулах юм, ямар нэг бүтээгдэхүүн хийх арга зам бий юу? Та судалж байсан уу?

-Манайд технологи нь байхгүй, орж ирэх боломжгүй. Орж ирлээ ч манай улсад алдангитай. Хятадад арьс шир боловсруулдаг үйлдвэрүүд бараг хаагдаад байна. Адууны дэл сүүлийг нь авна, мөн арьсаар нь желатин цавуу хийдэг юм байна лээ. Гэвч тэр үйлдвэр нь усыг маш ихээр бохирдуулдаг гэсэн. Иймээс бид энэ их арьс ширний дэл сүүлийг л ашиглаад хаяхаас өөр арга зам үлдэхгүй байгаа.

-Энэ их адууны арьс ширийг хаана хаях вэ? Эмээлтийн хогийн цэг хаагдсан шүү дээ?

-Төрийн болон хувийн хог ачдаг хүмүүсийг дуудаж Улаанчулуут юм уу бусад хогийн цэг рүү хаях байх. Миний хувьд маргааш эдгээр дэл сүүлийг нь авсан болон муудсан бүх арьс ширээ хаяхаар машин дуудсан. Төрийн өмчийн машиныг дуудахад 250 мянган төгрөг гэсэн. Гэлээ гээд тэд чинь яг даах хэмжээгээр нь ачаад л яваад өгнө. Тэгэхээр бид үнэтэй ч хувийн машинтай хүмүүс дуудаж их хэмжээгээр арьс ширээ ачуулан хаях арга зам байна. Мэдээж нэг дор их хэмжээгээр хаяж байгаа хог хаягдал чинь хаяж байгаа газартаа хэр их хор нөлөөтэй байна вэ гээд бодохоор асар их хохирол шүү дээ. Уг нь энэ их арьс ширийг ашиглаж чаддаг бол үндэсний баялгаас их юм алга даа.

-МЯНГААС ДЭЭШ МЕТР КВАДРАТТАЙ АРВАН ҮЙЛДВЭР НЭЭГДЭЖ БАЙЖ ДОТООДЫН ДЭЛ СҮҮЛИЙГ БОЛОВСРУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БОЛНО-

-Саяхан нээгдсэн дэл сүүлний үйлдвэр дотоодын дэл сүүлээ авч, үйлдвэрлэхэд хангалттай хүрэх үү?

-Дотоодын адууны арьс ширний арван хувийг л авч хүрэх байх. Энэ чинь ердөө таван зуухан метр квадрат шүү дээ. Ганцхан үйлдвэр нээгдээд тэр нь дотоодын арьс ширээ боловсруулж дийлэхгүй байхад тийм шийдвэр гаргадаг нь хэцүү. Арга ядаад манайх өнгөрсөн 4-р сарын 5-нд буюу ханш нээсэн өдөр 1800 метр квадрат дэл сүүлний үйлдвэрийг бариулж эхэлсэн. Энэ зургаадугаар сард нээхээр төлөвлөөд байгаа. Ядаж л  1800 метр квадрат арван үйлдвэр байхад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж бэлтгэх үйлдвэртэй болно шүү дээ.

-Ажилчдын хувьд та ямар хүний нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байна?

-Манайхан чинь их сонин, ажил үнэхээр их голно. Одоо байгаа ажилчид дунд үндсэн ажилтан гэж бараг байхгүй. Өдрийн 30-50 мянган төгрөг амлаж байхад ихэд чамладаг. Тэгээд ч өдрийн ийм ханштай юм чинь гээд назгайрч суух нь бий. Харин үйлдвэрийнхээ хувьд одоогоор 50-100 ажилтан авч ажиллуулна гэж төлөвлөж байна. Мэдээж хүний нөөцөө монголчуудаараа бүрдүүлнэ. Гэхдээ гаднын улсын мастер мэргэжилтэн байх ёстой учраас тийм ганц нэг хүн авчирна гэсэн төлөвлөөтэй ажлаа шургуу явуулж байна. Шинээр нээгдсэн анхны дэл сүүлний үйлдвэрийн залуус ч мөн адил өмнө нь надтай хамтардаг байсан хүмүүс шүү дээ.

-Дахин өөр дэл сүүлний үйлдвэр баригдаж байгаа болов уу танд мэдэх зүйл байна уу?

-Дахиад нэг жижиг үйлдвэр манай ойролцоо баригдаж байгаа. Өөрөөр баригдсан юм байхгүй дээ. Бид чинь алдагдалд орохгүй нь тулд л ийм үйлдвэрийг маш их мөнгө гаргаж бариулж байна. Бид бусад ченжүүдийн арьс ширийг авч боловсруулна гэдэг ч хүнд асуудал. Наанадаж бидэнд санхүүжилт нь хаана байна. Энэ байгаа дэл сүүлээ боловсруулж байж, арьс шир авсан, үйлдвэр барьж босгосныхоо зардал мөнгийг олж чадах биз. 

-Та бүхэн холбогдох газруудад хандаж албан бичиг хүргүүлсэн үү?

-Саяхан нэг албан бичиг хүргүүлсэн. Бидэнд ямар нэг хариу ирээгүй л байна.

-ТӨР ЗАСАГ НҮДЭЭ ОЛСОН ТОГТООЛ, ШИЙДВЭР ГАРГАЖ МАЛЫН ТҮҮХИЙ ЭДЭЭ ХОГ ХАЯГДАЛ БУС ҮНДЭСНИЙ БАЯЛАГ БОЛГОХ ЦАГ ХЭЗЭЭ ВЭ-

Эмээлт захын ганц ченжээс 200 мянган адууны хаягдал арьс шир гарч байгааг мөнгөн дүнд шилжүүлбэл 2,4 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол харамсалтай тоо. Тэр том захын маш олон хашаа, агуулахад хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх арьс шир байгаа нь ойлгомжтой. Ганц адууны арьс ширээр тогтохгүй малын дотор өлөн гэдэс, нэхий гэх мэт ашиглагдахгүй хог хаягдал болж байгаа түүхий эдүүд маш их байгаа юм. Малын шулсан ясыг ашиглан ясны шөл, дахин боловсруулж тахиан тэжээл, бордоо гэх мэт маш олон төрлийн зүйлд ашиглах боломж бий. Мөн үнэгүйдэж хаягдаад байгаа нэхийг 500 төгрөгөөр худалдан авч, элдэж янзлан гэрийн бүрээс хийх хөдөлмөрч хүмүүс ч олон байгаа юм. Энэ мэт бүтээлч сэтгэлгээтэй хөдөлмөрч хүмүүст хандсан нүдээ олсон ажил, судалгааг хийж үндэсний баялаг үндэсний үйлдвэрийг босгох цаг хэзээ вэ?

Малын түүхий эд бүхий л зүйлсийг ашиглаж болох боломж бидэнд бий боловч үйлдвэрлэл, нөхцөл бололцоо нь бүрдэхгүй байгаа юм. Нэгийг нь ч хаяхгүйгээр ашиглах болох баялаг түүхий эдүүд бидэнд байв ч бид газар шороонд булуулж хог хаягдал, халдварт өвчлөлийн эх үүсгэвэр болгож байгаа нь харамсалтай бөгөөд үнэн бодит байдал болоод байна.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button