УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТОЙМ: Хуулийн зодоонтой, хоёр яллагдагчтай, “нүүрсний хулгайч”-тай намрын чуулган

УИХ-ын 2023 оны намрын чуулган аравдугаар сарын 02-нд нээлтээ хийсэн билээ. Намрын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа.

-Хөрөнгө оруулалтын хууль: Г.Занданшатар, Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар гурвын дунд хойшлов-

Эл хуулийг Засгийн газар санаачлан ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар 2023 оны зургаадугаар сард өргөн барьсан. Улмаар экс Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэхийг эсэргүүцэж УИХ-ын даргад хандсан.

“Хэлэлцэх эсэхийг хэлэлцэх” гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулах шатандаа гацсан юм.

Эхний санал хураалтад, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн нарыг “картаа сугалж бойкот хийснээр ирц хүрээгүй” гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдэж байв.

Хоёр дахь санал хураалтад, АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ хугацаа УИХ-ын 2023 оны намрын чуулганы хаалтын өмнөх өдөр дууссан. Чуулганы хаалтын өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-д 156 албан бичгээр тус хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэд эсэргүүцэж байгаа тул хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна" хэмээн алх цохьсон.

Ингээд намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх асуудал 2024 оны хаврын чуулган руу шидэгдсэн юм.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцэж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “хэлэлцлээ” гэх шалтгаанаар УИХ-ын даргыг ҮХЦ-д өгч, спикер Г.Занданшатар хэлэлцэх эсэхийг дангаараа шийдвэрлэн хойшлуулав.


-Сонгууль: Тойргоо бүсчилж, холимог тогтолцоогоор 126 гишүүнээ сонгоно-

Монгол Улс 2012 онд УИХ-ын сонгуулиа холимог тогтолцоогоор хийж байсан. 48 гишүүнийг мажоратори тогтолцоогоор, 28-ыг нь хувь тэнцүүлэн сонгосон. Одоо энэ тогтолцоог дахин ашиглаж 78-ийг нь тойргоос, 48-ийг нь жагсаалтаар сонгох гэж байна. Үүнээс намын жагсаалтаар нэр дэвшигчдийг хаалттай сонгох уу, нээлттэй нэрлэх үү гэдэгт гол анхаарал хандах юм.

Мөн бүсчилсэн хөгжил нэрийн дор сонгуулийн тойргийг томсгож 13 хуваасан. Бүсчилсэн тойргоор хуваахдаа хүн амын болоод газар нутгийн тэгш байдлыг хангах учиртай. Гэвч энэхүү “тэгш байх зарчим алдагдсан” гэж улстөрчид болоод улстөр судлаачид шүүмжилж байгаа юм. Нөгөө талаар бүсчилсэн тойрог том нам, танигдсан улстөрчдөд давуу талтай. Харин шинэ залуучууд болоод эмэгтэйчүүдэд халгаатай байх эрсдэлтэй.


Сонсгол: Б.Батдаваа ба түүний схем задарч, “Ажнай” жижиг Тавантолгойд, “Админерал”, “ТиТиЖиВиКо”, “Моннис” “Хишиг арвин индустриал” нар ЭТТ ХК-д туйлж байжээ

Парламент анх удаа нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийсэн нь Хөгжлийн банкны зээл болоод “нүүрсний хулгай”-н асуудал байв. Хоёр дахийг нь саях намрын чуулганаар амжуулав. Парламентын хувьд эерэг, нийтийг хэрсүүжүүлэх том алхам болсон. Гэвч сонсголын төгсгөлд “хулгайч” нар сул чөлөөтэй, хариуцлага гэж байхгүй байгаад олон нийт бухимдаж буй.

Улсын хилээр 5.2 сая тонн буюу 5 тэрбум ам.долларын нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан. 3000 жолооч гаргаснаас хамгийн олон удаа гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан 20 жолооч, 15 компани гэсэн тоо дурдагдсан.

Нэгт, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Өмнөговийн бүлэглэл орон нутгийн жижиг Тавантолгойг цөлмөсөн. Өмнөговийн Ханбогд сумын Засаг дарга нар болох Ш.Эрдэнэжаргал 59.1га, Х.Нэхийт 60га зарсан нь илчлэгдсэн. Өдгөө 11 хүн яллагдагчаар татагдагдаад буй.

Хоёрт, ЭТТ ХК-ийн баруун зүүн цанхийн нүүрс олборлолт, хөрс хуулалтад гуравхан том компани их наядаар туйлдаг. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай монгол дахь захирал Э.Оюутцэцэнгийн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК 3.7 их наядыг, Б.Хишигдоржийн “Хишиг арвин индустриал” 1.4 их наядыг, Б.Чулаанбаатарын “Моннис” нар.

Гуравт, ЭТТ ХК-ийн 404 их наядын нүүрсний үнэлгээтэй Бортээгийн уурхайг МТАС нэгдэл доорх дөрөвхөн компани 700 тэрбумын тендерээр авчихсан байгаа нь сөхөгдөв. Эл нэгдэлд багтдаг 4 компанийн нэг “Админерал” ХХК. Эл компанитай нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэрлэгдсэн.

Дөрөвт, ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий 8 компани 5.2 сая тонн нүүрсний 1.1-ийг нь гаалийн бүртгэлгүйгээр хилээр гаргасан дуулиан. Б.Батдаваа, Ц.Амгалан нартай УИХ-ын Сү.Батболд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, АН-ын дарга Л.Гантөмөр, Д.Оюунхорол нартай хэрхэн холбоотойг бид хүргэсэн.

Нөгөө талаар Б.Ганхуягийг оролцуулсангүй. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, “Бодь” интернэйшнлийн А.Амундра гэсэн чухал гэрчүүд ирээгүй юм.


-Намрын чуулганаар яллагдагчаар татагдагсан хоёр-

2023 оны намрын чуулганаас өмнө УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, С.Раднаасэд нараас гадна Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ нарын яллагдагчаар татагдсан байдаг. А.Адъяасүрэн гишүүн л авлигын асуудлаар бол бусад нь "нүүрсний хулгай"-н асуудал гэх малгайн дор шалгагдаад удаж байна.

Харин 2023 оны намрын чуулганаар “ногоон автобус”-ны цавчааны асуудлаар Ж.Сүхбаатар Түгжрэлийн сайдаасаа бууж, яллагдагчаар татагдсан. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан, ЕТГ-ын дарга асан З.Энхболдод давуу байдал бий болгосон үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм.


Хууль: Спикерийн НӨАТ-ын 5 хувь гацаж, Б.Энхбаярын авлигын шүүх маргантай хоцорч, Х.Нямбаатар түгжрэлийн хуулиа батлуулав

НӨАТ-ын 2 хувийг 5 болгох БА Г.Занданшатар: Спикер попорч, Сангийн сайдыг эгдүүцүүлсэн талцал үүссэн. НӨАТ-ын буцаалтыг хоёр хувийг таван хувь болгох CEO Club-ын гишүүдийн дэвшүүлсэн саналыг холбогдох яамдаар судлуулна хэмээсэн. Эл мэдээлэл олон нийтийн дунд өндрөө авч УИХ-ын дарга шинэ сайтаараа судалгаа явуулсан. Хэдхэн хоногийн дотор 100 мянган хүний санал авсан билээ. Олон нийтийг төлөөлөх эрх бүхий байгууллага нийтийн саналыг нэг дор ингэж авч чадсан нь түүхэн үйл явдал байсан. Гэвч УИХ-ын даргын зүгээс саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгэж, мэтгэлцээн зохион байгуулах ажил хийгдсэнгүй. Амжсангүй. НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь хүлээлт үүсгэсэн асуудлын нэг. Үүнийг татварын реформ хийх байдлаар УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар оруулж ирнэ гэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Түгжрэлийн хууль БА Х.Нямбаатар: Энэ хуульд эхлээд төлбөртэй бүс байгуулж түүнээс нь тодорхой хэмжээний өндөр татвар авах асуудал маргаан дагуулж байв. Гэвч энэ заалтаа аваад хаячихсан. МАН-ын бүлгийн гишүүд сонгууль болох гэж байхад "гал"-тай хууль батлахгүй гэж тус заалтыг дэмжээгүй. Ямартай ч хуулийн сайд хийж байсан Х.Нямбаатар түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлээд хуульчилж, дараа нь үе шаттай арга хэмжээ авахыг зорьсон. Одоо орон нутгийн автомашинаас өндөр төлбөр авах, таксинуудыг бүртгэлжүүлж эрхийг нь 3 саяар олгох зэрэг давс мэт гашуун түүний шийдвэрүүд нь эхнээсээ хэрэгжиж эхлэх юм.

Авлигын дагнасан шүүх БА Б.Энхбаяр: Авлигын дагнасан шүүх байгуулах тухай Засгийн газрын санаачилгыг МАН-ын бүлэг дэмжсэн. Энэхүү санаачилгын хажуугаар “хуулийн хулгай хийх” гэж байгаа тухай асуудал хөндөгдсөн. Тодруулбал, “авлигын дагнасан шүүх байгуултал түр зуурын арга хэмжээ” нэрийн дор Шүүх байгуулах хуулийн төслийг дагаж орж ирсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд 17.7 дугаар зүйл. Өөрөөр хэлбэл, “авлигын хэргийг шүүхдээ Эрүүгийн анхан шатны шүүхийн эрх хэмжээг давж заалдах шатны шүүх руу булаан авч, УДШ давж заалдах шатны журмаар хэлэлцэнэ” гэх агуулга.  Хачирхалтай нь авлигын дагнасан шүүх байгуултал буюу шүүх байгуулахтай нь огт хамаагүй асуудлаар шүүхэд хянагдах гэмт хэргээр ялгаварлаж Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-19 16:42

ЭГҮҮР.МН бол хамгийн сайн .Олон түмэнд үнэн мэдээлэл хүргэдэг миний үзэх унших дуртай сайт мөн . Туйлширдаггүй худ�##� мэдээ нийтлэдэггүй миний насанд ( 68) тохирсон мэдээлэл өгдөг . Дандаа орж үздэг .

Хариулт
Хариулт
2024-01-19 17:04

Энэ долоо дотор аймаар хулгайч нь Ч.Хүрэлбаатар байна .Тэр шөнө дөлөөр хятадтай уулзаж хөрөнгө оруул�##�тын гэрээг хэлэлцэв .Хятад 21 % ажилгүйдэлтэй байна ( 294 сая хүн) мөнгөгүй хөрөнгөгүй хүн дурын газраа эзэмшиж монголд эзэн суух юм гэнэ . Хүрэлбаатарын зүрх нь итгэл сэтгэл нь угшил нь хятад юм байхаа даа . Би энэ хүнийг үзэн ядаж байна .Д�##�д ороосой

Иргэн
Иргэн
2024-01-19 23:11

Газар нутгаа гадаадын хөрөнгө оруулагч гэгч доншуучдад эзэмшүүлдэг Үндсэн хууль, газрын тухай хуулиудтай зөрчилдсөн 2013 оны ГХОруул�##�тын б�##�ай хуулиа өөрчилсөнгүй үлдээлээ. Энэ тэгээд ариун явдлуу.

Холбоотой мэдээ

Back to top button