Ажиглалтын сурвалжилга: Нийслэлд цас орсны дараа түгдэг өмхий үнэр “Модны 2”-ын бохирын цооногийнх уу

Улаанбаатар хотод үнэртэж буй хүхэрлэг үнэрийн талаар Баянгол дүүргийн иргэн “Манай гэрийн ойр орчмоос энэ үнэр гарч байгаа. Саяхнаас үнэртэж эхлээгүй. 2021 оноос эхэлж өвлийн улиралд үнэртдэг байсан. Харин энэ жилээс хот даяар үнэртээд байна” гэдэг мэдээллийг ирүүлэв.
Хаанаас эхтэй, ямар шалтгаантайгаар энэ үнэр үнэртэж буйг төрийн аль ч байгууллага олж чадаагүй тул иргэний мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.
Баянгол дүүргийн "Модны-2" орчимд ирэхэд Улаанбаатар хотын төвд үнэртдэг үнэр арай илүү тод үнэртэж байв. Иргэний ирүүлсэн мэдээллийг нягтлахын тулд хэзээнээс энэ үнэр үнэртэж эхэлсэн талаар ойр хавьд амьдардаг иргэдээс лавлалаа.
-Хүхрийн гэгдэх үнэр 2021 оноос “Модны-2” орчмоос үнэртдэг байсан-

Тус хэсгийн 79 дүгээр байранд оршин суугч Иргэн Б хэлэхдээ "Миний мэдэхээр энэ үнэр 2021 онд үнэртдэг л байсан. Шөнийн цагаар ихэвчлэн үнэртдэг. Цонх хаалттай байх үед агааржуулалтын хоолойгоор ч дамжиж үнэртдэг. Бид цонхоо бараг нээдэггүй. Сүүлийн нэг жилд бүр маш хүчтэй үнэртэж байгаа. Энэ хавийн бохир усны шугамдаа байдаг юм уу, үерийн даланд байдаг юм уу мэдэхгүй. Улаанбаатар хотод саяхан нэг өдөр нийтээрээ үнэртэхээс өмнө “Модны-2” орчимд үнэртдэг л байсан.
Ойр орчмын дэлгүүрүүд хаалга цонхоо нээхгүй бизнесээ эрхэлдэг. Энэ үнэрийг хүмүүс утааных гэж таамаглаад байгаа. Гэхдээ бид /тус бүсийн оршин суугчид/ утааных гэж бодохгүй байна. Тэр Бонго машины цаана /хуруугаараа заав/ усны шугам бий. Яг тэр нүхийг жилд 2-3 удаа тогтмол газрыг нь сэтлээд засаж янзалдаг. Дээр нь байгаа цасыг шүүрдээд харвал аспалтыг нь ч тавиагүй, шороогоороо хэвээрээ байгаа. Энэ хавьд зөвхөн цас орсны дараа биш шөнө болгон үнэртдэг. Гэхдээ цас ороод агаар тогтуун болсон хойно үнэр илүү тодордог. Манай гэр энэ хавьд амьдраад долоон жил болж байгаа" гэдэг мэдээллийг өглөө.


Иргэн Б-ын өгсөн мэдээллийн дагуу ойр орчмыг ажив. Ингэхэд, тус байрны урд талд “Модны-2”-ын үерийн усны далан байлаа. Харин байрных нь хойд зүгээр 100 метр хүрэхгүй маш ойрхон байрлалтай бохирын цооногууд /траншейны нүх/ олноор байв. Цооногуудыг төө хэрийн цементэн хоёроос гурван давхар тагаар таглажээ. Битүүмжлэл сайтай цооног тул үнэр ялгарч байгаа гэж үзэх боломжгүй байв. Иймд урд зүгт байрлах үерийн усны даланд очлоо. Улаанбаатар хотод үнэртээд буй эхүүн үнэр тийм ч тодоор энд үнэртсэнгүй.
-Энэ үнэр нэг цооногоос маш хүчтэй үнэртдэг-

Харин тус хэсгээр явж буй иргэн Иргэн У хэлэхдээ "Энэ үнэр 2024 оноос өмнө үнэртдэг байсан. Орой, шөнөөр их үнэртдэг учраас цонхоо нээж чаддаггүй. Түлшний үнэрийг бол бид мэднэ шүү дээ. Энэ бол яагаад ч түлш биш хоолой маш их хорсгож, толгой өвтгөдөг. Заримдаа агаарт харласан хачин манан шиг юм буудаг. Яг гэртээ байж байх үедээ л мэдэрч байгаа юм. Гадуур байхдаа үнэртдэггүй. Тэгэхээр ганц манай энэ хавиар л шөнөдөө үнэртээд байдаг байж мэднэ" гэв.

Харин Иргэн Т "Хотод үнэртээд байгаа үнэрийн эх нь “World Mongolia” гээд барилгын баруун доор байдаг бохирын цооногоос үнэртэж байгаа шүү. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө яах аргагүй тэрний хажуугаа явдаг. Үнэртэхийн эцэсгүй огим үнэртэй. Энэ саяхнаас үнэртээгүй. Хэдэн жилийн өмнө ч үнэртдэг байсан. Энэ нүхэнд хаанаас дамжих хоолойгоор юм ирж яаж байна гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс саяхнаас л хотоор юм үнэртээд байна гээд байгаа. Тэрийг нь мэдрээгүй. Энэ үнэр угаасаа энэ хавьд үнэртдэг байсан. Хүхрийн үнэр гээд байгаа чинь энэ байхгүй юу" гэж хэлээд биднийг тус цооног байрлах газарт хүргэлээ.

Энэ үед иргэн Т огьж, цооногоос холдов. Харин ойр хавиар нь зөрөх иргэдийн хамар цоргив уу гэмээр үнэрлэх төдийдөө дагзаа савж, хойш ухарч байлаа. Учир нь эндээс химийн бодис бохирын өтгөнтэй холилдсон мэт маш хүчтэй үнэр цооногийн төмөр таглааны атгын чинээ нүхнээс ялгарч байх аж. Гэвч зарим иргэн энэ үнэрт хэдий нь дассан мэт тоомжиргүй дэргэдүүр нь зөрж өнгөрөв.
79 дүгээр байрны дэргэд байсан шиг давхар таглаасгүй эл цооногийн хажууд зогсож байх үед нэгэн иргэн "Хотод үнэртээд байгаа үнэр наад нүхнээс чинь үнэртдэг байгаа штээ. Наад нүхэнд чинь байгаа үнэр арай шингэн болж агаарт үнэртэж байгаа" гэж хэлэв.
-Үнэрийн учиг УСУГ-т байна уу?-

Манай редакц тус үнэр юунаас яагаад ялгарч буйг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас тодруулахад "Төв цэвэрлэх байгууламжаас үнэртэж байж мэднэ" гэсэн. Харин Төв цэвэрлэх байгууламж "Энэ үнэр манайхаас ялгараагүй. Бидний ажил хэвийн үргэлжилж байгаа" гэв. Харин "Тавантолгой түлш" ХХК хэлэхдээ "Шахмал түлшинд ямар ч алдаа гараагүй. Стандартын дагуу хэвийн хийгдэж байна" гэлээ.
Дээрх байгууллагуудад хамаагүй бол Ус, суваг удирдах газартай холбоотой байж мэдэх сэжүүрийг иргэдийн дээрх мэдээлэл харуулж байна. Хэрэв тийм бол, бохирын цооног ямар нэгэн шалтгаанаар хагарч задарснаар ийн үнэртэж байж мэднэ. Учир нь зөвхөн нэг цэг дэх задарсан цооног Улаанбаатар хотыг бүхэлд нь тийм үнэрт автуулах боломжгүй. Тус хэсэгтэй холбоотой хэд хэдэн цооног бидний нүдэнд үл харагдах байдлаар өвлийн улиралд хөлдөж задарсан байж болзошгүй юм.
Түүнчлэн иргэн Б-ын өгсөн мэдээлэлд өвөлдөө цас орсны дараа цаг агаар тогтуун болмогц бүр ихээр үнэртдэгийн учрыг хар ухаанаар тайлбарлавал, бохирын цооногийн онгорхой хэсэгт чийг очиж, энэ нь салхигүй тогтуун үед дээш ууршин гарч байж мэдэх хардах өнцөг бидэнд байна. Тиймээс тус байгууллалга албан ёсоор тайлбар мэдээлэл нийтэд өгч, хариу аргыг нэн яаралтай авахгүй бол Улаанбаатарчууд бид "хорт" үнэрт утуулж, эрүүл мэндээрээ хохирох бодитой эрсдэл тулгараад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусад улир�##�д ч энэ хавьд наад айхтар үнэр чинь үнэртээд байдаг юм.Үе үе бүр ихэсдэг, ш�##�тгааныг нь олж уршгийг олтол сайн сурв�##�жлаарай
Иймхэн юм илрүүлж чадахгүй бгаа хотын дарга нэртэй хоолны савнууд аас с�##�ая
орон сууы мэдэж бгаа шдээ
10-р хороололд бас үнэртдэг шүү. Сайн сурв�##�жилж илрүүлэх хэрэгтэй.
БГД 4р хороолол 19р хороо Ахмадын эмнэлэг орчимд мөн "Алтан гахайн мах шарах уу" рeстораны ойр орчимд сүүлийн хэдэн жил байнга үнэртдэг болоод байгаа