Г.Хишигсайхан марафон гүйлтийн Ази тивийн аварга боллоо

Өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр БНХАУ-ын Хонконг хотноо зохион байгуулагдсан 19 дэх удаагийн марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай улсын тамирчин Г.Хишигсайхан 2 цаг 33 мин 50 секундийн амжилтаар тэргүүлж, Ази тивийн аварга болжээ.
Тодруулбал, Standart Chartered Honkong Marathon уламжлалт марафон нь Азийн марафон гүйлтийн 19 дэх удаагийн тэмцээнтэй цугтаа явагдсан бөгөөд Азийн тамирчдын үзүүлэлтээр тивийн аваргын медальтнууд тодорч Г.Хишигсайхан алтан медаль хүртэн, энэ амжилтад хүрсэн Монголын анхны эмэгтэй марафончоор тодорсон байна.
Ази тивийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээнээс өмнө нь гавьяат тамирчин Б.Сэр-Од 2008 онд мөнгө, 2013 онд алтан медаль, 2015 онд Ж.Олонбаяр, 2017 онд Ц.Бямбажав нар хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.