Инженер, техникийн ажилчид тоноглолоо өөрсдөө үйлдвэрлэж байна

Дулааны IV цахилгаан станцын Механик цех станцын тоноглолуудад шаардлагатай сэлбэг, эд ангийг өөрийн орны нөхцөлд тааруулж технологийн дагуу засвар хийж, өөрсдөө үйлдвэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, эд ангиудын чанартай байх эсэх нь энэ цехээс шалтгаалдаж аж.
Энэ цехээс 1993 онд ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн инженер Д.Тулга “Энд 1983 онд суурилагдсан насос бий. Экранаас бүрдсэн тоног төхөөрөмжийг бид зуух гэж нэрлэдэг. Бид одоо зуухны экраныг шинээр хийж байна. 40 жил болсон тоноглол ч бий. Бид засаж сэлбээд, зарим тоноглолоо шинээр хийгээд явж байна. Орос, Хятадаас шаардлага хангасан материалуудаа авчраад өөрсдөө үйлдвэрлэж байгаа. Бид 140 атмосферийн агаарын даралттай, 560 градусын температуртай бүтээгдэхүүнийг ажиллуулж байна. Шугам хоолойн гагнуур, түүний угсралтыг хийж байгаа ажилчдын ур чадвар мэдээж өндөр түвшинд яригдана. Тиймээс ажилчдаа алдахыг хэн хүсэх билээ” хэмээв.
Дулааны IV цахилгаан станц 1400 гаруй ажиллагсадтай бөгөөд инженер техникийн 298 ажилтантай. Үүнээс 60 орчим хувийг нь 35-45 насны хүмүүс эзэлдэг байна. Гэвч 2022 оноос хойш тус станцаас гарч байгаа ажиллагсдын тоо нэмэгдсээр боловсон хүчний дутагдалд ороход хүрчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.