Top StoriesСПОРТ

ОУХМ Л.Хосбаяр: Би дахиад нэг жил л тоглох байх, харин ирээдүйд лигийн багтай болох мөрөөдөлтэй

2023 оны Волейболын Үндэсний дээд лигийн шилдэг давуулагч, холбогч, Лигийн хошой аварга ОУХМ Л.Хосбаяртай ярилцлаа.


-Шилдэг давуулагч, холбогчийн шагнал авахдаа баярлахаас илүү айсан-

-Лигийн аварга цолоо хамгаалж хошой аварга боллоо. Аваргаа хамгаалах үүрэг хүлээсэн гэдэг утгаараа хариуцлага нэмэгдсэн, хожигдох эрхгүй олон тоглолтын ард гарсан гэж хэлж болох байх. Амаргүй байв уу?

-Бид энэ жилийн лигт аваргаа хамгаална гэдэг зорилготойгоор орж ирсэн. Аваргаа хамгаалах нь л бидний чухал үүрэг байсан. Энэ лигийн тухайд өмнөх гурван жилийнхтэй харьцуулбал арай урт хугацаанд үргэлжиллээ. Мэдээж аваргаа хамгаалж чадсан учраас сэтгэгдэл сайхан байна. Миний хувьд бол аваргын төлөөх тоглолт гэхээсээ илүү семфинал дээр Алтайн барс багтай таарч тоглоод,  ялаад аваргын төлөө гарч ирсэн нь хамгийн гоё мэдрэмж байсан. 

-Хилчин биш Алтайн барсыг хүчтэй өрсөлдөгч гэж харж байсан гэсэн үг үү?

-Тийм гэж хэлж болно. Учир нь Алтайн барс сүүлийн гуравдугаар тойрогт нэг ч хожигдолгүй гарч ирсэн. Тиймдээ ч хүчтэй өрсөлдөгч байсан. Нөгөө талаараа семифиналаа л хожоод аваргын төлөө гараад ирвэл аваргаа хамгаалах чухал алхамаа хийчихсэнтэй ялгаагүй гэдэг бодол миний дотор байсан. Магадгүй маш их хичээж, ач холбогдол өгч тоглосон тоглолт маань байсан гэж хэлж болох байх. 

-Аваргын төлөөх цувралд Хилчинг гурав дараалж ялсан шүү дээ. Алтайн барстай хийсэн тоглолтуудтай харьцуулбал?

-Алтайн барстай тоглосон тоглолт илүү хэцүү, оноо салгахад амаргүй байсан гэж хэлнэ. Хилчингийн хувьд манай багийнхантай харьцуулахад нурууны өндөр ойролцоо. Зарим довтлогчид нь манайхаас нам байсан. Ийм ялгаагтай талууд байсан учраас Хилчинтэй тоглох нь оноо авахад жаахан амар байсан гэж бодож байна. 

-Таны хувьд 2023 оны дээд лигээс шилдэг давуулагч болон холбогч гээд хоёр ч шагнал хүртлээ. Би буруугүй санаагүй бол энэ анхны тохиолдол байлаа тийм үү?

-2023 оны Залуучуудын улсын аваргаар Өмнөговь Шанх Транс багийн холбон тоглогч ийм шагнал авч байсан. Харин лигт өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй, анхных л гэсэн. Эхлээд намайг шилдэг давуулагч гэж зарлахад гайхсан. Тэгээд нэмээд шилдэг холбогчоор шалгарсандаа айсан. Ер нь баярлах гэхээсээ илүү айх мэдрэмж л төрж байсан. 

-Яагаад айсан гэж?

-Улирлын турш давуулалт маань ашигтай байсан уу гэвэл байсан. Гэхдээ шилдэг авах хэмжээнд байсан уу гэвэл эргэлзээтэй. Зүгээр статистикт суурилж л шалгаруулсан байх. 

-Хувийн амьдрал, гэр бүл төлөвлөлтөө хойш тавиад спортдоо бүхнээ зориулсан-

-Аав тань таныг энэ спортод хөтөж оруулсан гэдэг. Тэр цаг хугацаанаас хойш хэдэн жил өнгөрсөн байна вэ?

-Миний санаж байгаагаар би 12 наснаасаа хойш тоглож байна. Ингээд бодохоор яг 16 жил өнгөрсөн байна. Миний аав өөрөө бүх спортод сонирхолтой, оролдлоготой, сайн мэддэг хүн л дээ. Тиймдээ ч намайг спортоор хичээллүүлэх болсон байх. Анх намайг “Энэ хүүхдийг л сайн холбогч болгоод өг” гээд багшид хөтлүүлж байсан. Одоо аавынхаа миний төлөө гэж хийсэн энэ шийдвэр, алхамд маш их баярлаж явдаг даа.

-16 жил гэдэг богино хугацаа биш гэж санагдаж байна. Энэ олон жилийг спортод зарцуулахдаа зарим зүйлээ орхисон, золиослосон л байх. Та юу гэж хариулах вэ?

-Би бүх хичээлдээ сайн, жигд онц сурдаг охин байсан. Волейбол тоглож эхэлснээс хойш хичээлээсээ бага зэрэг хөндийрч, сурлагын хувьд үзүүлэх амжилтууд багассан. Оюутан байхад бол нэг улиралд 2-3 хичээл дээр унах тохиолдол гардаг л байсан. Тав билүү зургаан хичээл үзэж байгаад гурав дээр нь ч юм уу. Энэ чинь бас цаг хугацаа, мөнгө шүү дээ. Хамгийн том золиос гэвэл хувийн амьдрал, гэр бүлийн төлөвлөлт юм болов уу. Би одоог хүртэл гэр бүл зохиогоогүй, хүүхэдтэй болох хугацаагаа хойш тавиад явж байгаа гээд бодохоор энэ л миний хувьд нэг талын золиос байх. 

-Харамсдаг уу?

-Би амьдралынхаа ихэнх хугацааг энэ спортдоо зориулсан. Мэдээж үнэхээр хайртай дуртай учраас шүү дээ. Нөгөөтэйгүүр аливаа зүйлд амжилт гаргая, шилдэг нь байя гэвэл угаас ямар нэг золиос шаардана. Тиймээс харамсах сэтгэл бол төрдөггүй ээ. Би цаг хугацааны хувьд л золиос гаргажээ гэж хэлнэ. 

-Анх аав нь энэ спортод оруулж ирсэн. Энэ ачийг нь хариулаад гэж хэлвэл болох болов уу ямартай ч лигийн хоёр удаагийн аварга боллоо. Аав нь хэрхэн хүлээж авч байна?

-Айхтар баярлаад, ийм тийм гэж хэлдэггүй. Сайн байна, баяр хүргэе л гэдэг. Заримдаа бүр энэ спортоо боль ч гэх үе бий. 

-Тэгвэл таны тоглолтыг ирж үздэг үү?

-Багануурт байдаг болохоор ихэнхдээ зурагтаар л үздэг. Хотод ирчихсэн байж таарвал л ирж үзнэ. Ер нь одоо ингээрэй, тэгээрэй, мундаг шүү ч гэдэггүй. Тоглолтын өмнө  ярихаар өнөөдөр л сайн тоглох хэргтэй байна. Гэхдээ танайх ингэх хэрэгтэй байна шүү. Чи өнөөдөр тийм байна лээ. Баг чинь ингээд байна гээд дүгнэлт хийсэн, шүүмжилсэн байдлаар ханддаг. 

-Намайг байсаар байхад манай баг холбогчгүй гээд тэмцээн өнжиж байсан тэр тохиолдол надад хүч болсон-

-Хосооноогийн хувьд нуруу намтай гэдэг шалтгаанаар олон удаа боломжоо шүүрүүлж байсан тухайгаа ярьсан байдаг. Мартагддаггүй, магадгүй өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд нөлөөлөх хэмжээнд таныг хурцалсан тийм тохиолдол байна уу?

-2017 билүү 2018 онд Тэнүүн Огоо кап гэдэг тэмцээн болж эхэлж байсан. Тэр жил Тэнүүн Огоо баг байгуулагдсан байсан юм. Тэр үед одоогийн Тэнүүн Огоогийн холбогч Батжаргал эгч Энагурэд байсан. Харин би хоёрдугаар холбогч нь болоод гарч ирж байсан тийм үе. Тэгээд Батжаргал эгчийн гэрээний хугацаа дуусаад Тэнүүн Огоогийн холбогчоор тоглохоор гарсан юм. Яг тэр нөхцөлд би багтаа байгаа ганц холбогч нь болж үлдсэн. Гэтэл тэр жил холбогч байхгүй гэдэг шалтгаанаар манай баг тухайн тэмцээнийг өнжиж байсан. Тухайн үед маш их шар хөдөлж, уур хүрч байсан. Түүнээс хойш нэлээн сайн хааз авсан. Яагаад намайг байсаар байхад холбогчгүй гэж хэлээд тэмцээнд оролцохгүй өнжиж байгаа юм бол гээд гомдох сэтгэл төрж байсан санагдаж байна. 

-Гэрээ нь дуусаад гараад явсан холбогчтой тухайн үед ур чадварын хувьд хэр ойр байсан бол. Гараад явахад нь та хэрхэн хүлээж авсан бол гэдэг сонин байна?

-Надад тухайн үед би Батжаргал эгчийг 100 бувь орлож чадна гэдэг бодол төрөөгүй. Зүгээр л надад боломж гаргаж өгөөд явлаа. Би хичээх хэрэгтэй, сайжрах хэрэгтэй, энэ хөгжих боломжийг ашиглах хэрэгтэй гэдэг байдлаар л хүлээж авч байсан. Өөрөөр бол би гарааны холбон тоглогч хийх хэмжээнд бэлтгэгдчихсэн байгаа гэж бодоогүй л дээ. 

-Та бэртэл авч байв уу?
-Би нурууны гэмтэлтэй. 2015 оноос хойш ийм байдалтай явж байгаа. Ер нь жаахан хүнд хэлбэрийнх. 2021 оны дээд лигээр нурууны зургаа авхуулахад эмч маань хөдөлгөөн хорих хэрэгтэй, тоглож болохгүй гэж байсан. Тэр жил илүү их өвддөг байсан үе л дээ. Гэсэн ч тоглохгүй байж чаддаггүй юм билээ. Одоог хүртэл нуруундаа тогтмол эмчилгээ хийлгэдэг. Тоглох явцад байнга өвддөг. Энэ байдалдаа дасчихжээ.

-Тоглож болохгүй гээд хөдөлгөөн хорих хүртэл хэмжээнд оччихоод больж чадахгүй байгаа шалтгаанаа юу гэж тайлбарлах уу?

-Эргэж буцахгүйгээр энэ спортыг сонгосон, хайртай дуртай болохоор л үргэлжлүүлээд тоглоод байгаа байх. Хааяа тэсвэрлэшгүйгээр их өвдөх үед харамсах сэтгэл төрдөг. Ер нь мэдлэггүйгээсээ болж л ийм байдалд хүрсэн гэж хэлж болно. Хор шартайгаасаа болоод хэтрүүлж, тунг нь тааруулахгүйгээр их хүнд бэлтгэл удаан хугацаагаар хийдэг гэдэг ч юм уу. 

-Би одоо нэг жил л тоглох байх. Түүнээс цааш хувийн амьдралдаа анхаарна-

-Хобби Эйс багийн бүрэлдэхүүнд байхдаа хоёр ч удаа лигийн мөнгөн медаль хүртсэн. Тухайн баг өөрөө маш сайн бүрэлдэхүүнтэй, хурдан дэвшиж өрсөлдсөн гэж харсан. Энэ багийн бүрэлдэхүүн хуваагдах болсон шалтгаан юу байв?

-Гэрээний хугацаа дуусаад сунгах эсэх асуудал тухайн үед яригдаж байсан юм. Өөр ямар нэг асуудал байгаагүй ээ. Тухайн үед гарсан бид хэд нэг багийн тамирчид гэхээсээ илүү найзууд байсан. Тэгээд л хоорондоо ярилцаад гарахаар шийдээд Хөвсгөл Эрчимд нэгдсэн. 

-Багийнхаа ОУХМ Г.Хонгорзултай сайн найзууд байх. Та хоёрыг тоглолтын хамтрагчид гэхээс илүү нөхөрлөл бат бөх холбодог шиг санагддаг?

-Бид хоёр талбай дээр харагдаж байгаа шигээ амьдралын найзууд. Гэхдээ бичлэг, зурган дээр харагдаж байгаа шигээ аз жаргалтай байнга инээлдэж байдаг найзууд биш. Ер нь бол байнга хэрэлдэж, сөргөөцөлдөж байдаг тийм хүмүүс. Гэхдээ нэг л мэдэхэд юу ч бодож саналгүй зүгээр болчихсон явцгааж байдаг. Талбай дээр бол юу ч ярилгүйгээр ойлголцож, гар нийлж хамтарч, биесээ мэдэрч чаддаг. Өөр амьдралын найзууд гэвэл одоо хамт тоглож байгаа багийнхан маань байна даа. 

-Та цаашид хэр олон жил тоглоно гэдэг төсөөөлөлтэй байна?

-Яг өнөөдрийн байдлаар бол би өөрийгөө дахиад нэг жил л тоглох байх гэж төсөөлж байна. 

-Тэгвэл түрүүн хэлсэн гэр бүл төлөвлөлтийн асуудал энэ шийдвэрт нөлөөлсөн гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. 2024 оны лигээр тоглох тоглохгүй магадлал 50, 50 хувьтай л байна. Тоглох нь 70 хувь ч юм уу. Ирэхгүй байх магадлал 30 хувь. 

-Ирэхгүй гэхээр өөр тийш явах гэж байгаа гэсэн үг үү?

-Би 23-нд Австрали явах гэж байгаа. Тэнд манай нөхөр сурч байгаа. Гэхдээ ирэхгүйгээр явж байгаа гэсэн үг биш мэдээж ирнэ. 

-Багийнханы хувьд хүнд шийдвэр сонсож ээ?

-Тийм гэж хэлж чадахгүй байна. Манай хэд намайг буцаж ирээд тоглоно л гэж бодож байгаа. Би ч гэсэн ирнэ гэж л бодож байна. Ирнэ ээ. 

-Лигт тоглоод, багт харьяалагдаад сард 1 сая төгрөгийн цалин авдаг-

–Энэ жил олон улсын чанартай тэр дундаа Азийн тэмцээн, уралдаануудад оролцсон. Таны бодлоор ямар дүгнэлт хийсэн бэ, Ази ер нь сэтгэлд багтаж байна уу?

-Азид дээгүүр эрэмбэлэгддэг багуудтай харьцуулбал бид хангалтгүй түвшинд яваа гэж хэлнэ. Үүнд дасгалжуулагчийн чадамж, тамирчдын хангамж гэдэг ч юм уу тодорхой шалтгаанууд нөлөөлдөг байх. Жишээ нь дэлхийн чансаанд тоглож байгаа багуудтай харьцуулаад харахаар тэдний хувьд волейбол тоглох гэдэг ажил нь болчихсон. Тэд ажлаа л сайн хийж байгаа. Харин бид ажиллах, амьдрахын хажуугаар сонирхлоороо тоглож байна. Жишээ нь тэдний түвшинд очоод тоглохоор нэг сумын юм уу аймгийн баг лигийн багтай тоглож байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгэхээр тамирчдыг волейболоор нь ажил хийлгэдэг болсон цагт л дөхөж очих байх гэж бодож байна.

-Жишээ нь та ямар мэргэжилтэй вэ?

-Би ШУТИС-ийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш яг мэргэжлээрээ бол ажиллаагүй. Худалдан авалт хангамжийн чиглэлээр хувийн компанид ажиллаж байгаад өнгөрсөн наймдугаар сард олон тэмцээнүүдээс шалтгаалж ажлаасаа гарсан.

-Ажлаасаа гарсан гэлээ. Амьдралаа залгуулдаг ажлаа орхиод спортоо сонгоно гэдэг манай нөхцөлд бол золиосын нэг хэлбэр л дээ. Ер нь сүүлийн жилүүдэд тамирчдын хангамж өөр болсон гээд яриад байна. Хэр бодитой гэж хардаг вэ?

-Бүх багуудын гарааны тоглогчид бол цалин авч байгаа байх гэж бодож байна. Манайх бол бас ийм байдлаар буюу гарааны бүрэлдэхүүнд гарч тоглодог тамирчид тогтмол цалинждаг. Харин сэлгээний тамирчид маань ихэнх нь оюутан дүү нар байдаг. Тэд тэмцээний үеэр л тодорхой хэмжээний урамшуулал авдаг.

-Нууц биш бол сард хэдийг авдаг юм бол. Хангалттай байж чадах уу?

-Манайх бол 1 сая төгрөгийн л цалинтай байдаг. Анхны үетэй харьцуулбал сайжирсан байгаа дүн нь энэ л дээ. Гэхдээ мэдээж хангалттай, хүрэлцээтэй бол биш. Гэхдээ эрэгтэй хангалт сайтай зарим багууд ямар байдгийг сайн тодорхой мэдэхгүй байна.

-Энэ спортоор олон жил тасралтгүй хичээллэсэн хүний хувьд цаашид юуг мөрөөдөж байна?

-Би дээд лигийн багтай болно гэж мөрөөддөг. Гэхдээ дасгалжуулагч болно гэсэн үг биш шүү, чадахгүй байх. Бас л амаргүй хөдөлмөр шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button