Top StoriesНИЙГЭМ

Уран хатгамалч И.Сандаг-Очир: Эмэгтэй хүн л даалин оёдог гэдэг явцуу ойлголт, би саяхныг хүртэл нуудаг байсан

Арван жилийн хөдөлмөрийн хичээлээр ангийнхаа охидын зүү ороож, даалин хийж байхыг нь хараад ихэд сонирхож заалгаад түүнээс хойш найман жил тууштай уран хатгамал хийж яваа Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат И.Сандаг-Очиртой ярилцлаа. Тэрбээр сумандаа уул уурхайн компанид ажиллахын хажуугаар чөлөөт цагаараа уран хатгамал хийж, дайлан урладаг байна.

-Яагаад уран хатгамал хийх болсон түүхээсээ хуваалцаач?

-Би багаасаа их сониуч хүүхэд байсан. Анх 11-р ангийн сурагч байхад охидын хөдөлмөрийн хичээл дээр зүү ороох хичээл орж, даалин оёж байхыг нь харж сонирхоод, ангийнхаа нэг охиноор заалгаж сурч байсан. Тэр цагаас хойш уран хатгамал тууштай хийгээд найм орчим жил болж байна.

-Олон зүйл сонирхож хийдэг, сониуч хүүхэд байсан гэлээ. Тэр дундаас уран хатгамлыг сонгож, өдийг хүртэл тууштай байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хамгийн эхний шалтгаан гэвэл авч явахад хялбар. Жишээ нь мод, арьсаар урлал хийе гэвэл олон багаж хэрэгсэл авч явах шаардлага гарна. Харин зүү орооход зүү, материал хоёр л байхад болно. Бас сэтгэл гутралд их эерэг нөлөөтэй. Уран хатгамлаа хийгээд суухаар сөрөг бодол ер бодогддоггүй. Хүнд маш сайн дадал суулгаж өгдөг. Өдөрт 10 минут хийх ч үе байсан. 16 цаг тасралтгүй хийсэн үе ч байсан. Хамгийн гол нь тасалдуулахгүй, тууштай байх л чухал. Тэр ч утгаараа хүлээцтэй болдог юм билээ. Би хүмүүсийг уйдаад байна, Монголд хийх юм олдохгүй байна гэж ярихаар их гайхдаг. Надад бол хоногийн 24 цаг хүрэлцдэггүй. Заавал над шиг уран хатгамалч бол гэж байгаа юм биш. Гэхдээ залуучуудад хоббитой болох хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна. Өөрийн гэсэн хийх дуртай юмаа олчихвол өнөөдөр, маргааш, сар, жилийн дараа гээд хийх юмаа төлөвлөдөг, зорилготой болно.

-Эрэгтэй хүн зүү ороодог гэхээр хүмүүс яаж хүлээж авдаг вэ?

-Үнэнийг хэлэхэд саяхныг хүртэл ер нь нууж амьдарсан. Тоотой цөөхөн хүн л мэддэг байсан. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон “Уран хатгамалчдын анхдугаар чуулган”, сая болсон “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгээр л сонирхол нэгтэй, хүрээллийнхээ хүмүүстэй уулзаж танилцаад урам зориг авсан. Тэрнээс хойш харин цахим хаягтаа хийсэн урлалынхаа зургийг оруулдаг болсон.

Зүү ороох, уран хатгамлыг хүмүүс урлал талаас нь түлхүү хардаг байгаасай гэж боддог. Хүмүүс эмэгтэй хүмүүс л хийх ёстой юм шиг хардаг. Гэтэл уран бүтээлч ямар нэг зүйлд захирагддаггүй гэдэг утгаараа, гоо зүй талаасаа ч энэ бол яах аргагүй урлал.

-Уран хатгамалчдын чуулган, үзэсгэлэнд өөрөө сонирхлоороо оролцсон уу, эсвэл сум орон нутгаас нь санал тавьсан уу? Ач холбогдол нь юу байв?

-Өөрөө саналаараа ирж оролцсон. Ер нь сум, орон нутгаас энэ төрлийн хүмүүсийг дэмжих нь их ховор. Чуулганаар хамаг л шилдэг уран хатгамалч нартай уулзаж танилцах боломж тохиосон. Уран хатгамалч хүмүүс их гоё эерэг энергитэй хүмүүс байдаг. Би одоо 25 настай. Цаашид юунд илүү суралцаж, юу хийхээ төлөвлөсөн.

Би хөдөө уул уурхайн компанид ажилладаг. Тэс өөр чиглэлийн ажлынхаасаа санал бодлыг нь асуух, мэргэжлийн туршлагатай хүмүүсээс асуух эрс өөр. Жишээ нь ажлынхнаасаа хийж байгаагаа хэр байна гээд асуувал "Өө гоё байна" л гэж хариулдаг бол уран хатгамалчид өнгө үзэмж, бэлгэдэл талаас нь тохирох тохирохгүйг нь нарийн хэлж зөвлөдөг. Тэднээс маш ихийг суралцдаг. Энэ төрлийн үзэсгэлэнгээр цангаж байсан юм шиг их гоё үзэсгэлэн болсон.

-Чуулганд оролцсон хүмүүс ихэвчлэн хэдэн насны ямар хүмүүс байсан бэ? Эрэгтэй уран хатгамалч хэр олон байв?

-Эрэгтэй уран хатгамалч нар байдаг. Гэхдээ нийгэмд ил гарах сонирхол бага. Нөгөө л хүйсийн хэвшмэл ойлголттой холбоотой. Нөхөртөө даалин оёж өгөх нь монгол эмэгтэй хүний л хийх ёстой зүйл гэж хардаг. Монгол улсад албан бус тоогоор 100 мянга гаруй уран хатгамалч байгаагийн 200 гаруй нь л эрэгтэй хүн байх. Чуулганд бол надаас гадна нэг л эрэгтэй хүн байсан. Ихэвчлэн л гэртээ хүүхдээ хардаг ээж нар, эгч нар байсан. Зохион байгуулагчид нь хүртэл эмэгтэй хүмүүст л зориулсан ая дугаар мэндчилж байсан.

-Уран хатгамалын тухай ерөнхий мэдээлэл өгвөл?

-Оёдол дотроо нэгтгэх оёдол, гоёлын оёдол гэсэн хоёр том бүлэгт хуваагддаг. Уран хатгамал бол гоёлын оёдол дотроо ордог. Дэлхийд задгай хатгамлаар бол мундаг урладаг олон хүн байгаа. Харин зүү ороох бол манай монгол үндэстний ондоошил болдгоороо онцлог. Миний сэтгэлгээнд ч илүү сайн тохирдог учир түлхүү энэ талаа сонирхдог. Уран хатгамлын хэрэглээ голдуу дайлан дээр л гардаг.

-Нэг дайланг дунджаар хэдий хугацаанд хийдэг, ямар үнэлгээтэй байдаг вэ?

-Хоёр сард нэг, гурван сард нэг дайлан гаргах ч үе байдаг. Хүмүүс авахдаа үнэ ханш дээрээ тохирч өгдөггүй. Дунджаар 2.5 сая төгрөгөөр зарлаа гэж бодоход сард хуваагаад үзэхээр, өдөрт хуваагаад үзэхээр маш бага үнэлэмжтэй. Яг сайхан эзэн нь таниад шууд үнээ хэлээд авах тохиолдол мэдээж бий.

Уран хатгамалчид үндсэндээ хоёр хэсэгт хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь урлаг гэж харж байгаа бол нэг хэсэг нь бизнес гэж хардаг. Хүний нүдэнд анхны сэтгэгдлээр цензур сууна гэж байдаг. Аливаа зүйлийг хараад үнэлэх үнэлэмж хүн хүнд өөр. Чанар муутай бүтээл гаргаад түүнийгээ хямдхан борлуулж буй нь таалагддаггүй. Яагаад гэвэл маш их цаг хугацаа зарцуулагдаж байгаа, түүнээс гадна урлал гэдэг утгаар нь таниулах гэж яваа хүмүүсийн нөр их хөдөлмөр орж байгаа. Тиймээс түүнийг нь үнэгүйдүүлж байгааг харах сэтгэл гонсоймоор л байдаг. Чанартай бүтээл гаргаж, үнэлэмжийг нь өсгөхөд л анхаараасай гэж боддог.

-Одоогоор нийт хэдэн дайлан хийсэн бэ?

-10 орчим дайлан хийсэн.

-Яг одоо өмсөөд сууж байгаа дээл, хантааз, малгайн дээрх хатгамлаа хийхэд хэдий хугацаа зарцуулав?

-Малгайны оёдлыг 10 хоног, хантаазыг яс суугаад сар гаран, дээлэн дээрээ хоёр сар орчим гээд бүхэлдээ миний гурван сар гарангийн хөдөлмөр шингэсэн.

-Цагаан сар, үндэсний баяр наадмаар даалингийн захиалга ихэсдэг байх. Захиалга их авдаг уу?

-Захиалга бол авдаггүй. Өөрийнхөө л сонирхлоор хийдэг. Захиалга авчихвал тэрэндээ баригдахаар юм шиг санагдсан. Тиймээс захиалга авахгүйгээр өөрийнхөө л өнгө, хэв шинжээр даалингаа урлахыг хичээдэг.

-Анх удаа даалин урлах гэж байгаа хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Материал, бэлдцээ сайн судалж авах хэрэгтэй. Анхлан даалин оёж байгаа тохиолдолд пүүсүү гэхээсээ илүү биетэй зузаан материал дээр оёвол зүгээр. Бас хүмүүст зөвлөхөд гараа мялааж, гартаа гоё сайхан зүйл зүүдэг байх хэрэгтэй. Нэг талаараа маш том дом юм билээ. Мөн хагас өлсгөлөн байхдаа оёвол гараас юм гарахад их дөхөм болдог шиг санагддаг.  

-Үндэсний хувцсаа хэр их өмсдөг вэ?

-Үндэсний хувцсаараа гоёх дуртай. Монгол үндэсний хувцас шиг гоё хувцас байхгүй. Дээл өмсөх, европ хувцас өмсөөд явах хоёр хоорондоо маш их ялгаатай. Өгөгдөл, царай төрхөд маань ч монгол хувцас л сайхан зохидог.  Гэхдээ өдөр тутамдаа өмсөх нөхцөл нь бүрддэггүй.

-Үндэсний соёл, уламжлалын үнэ цэнийг юу гэж ойлгодог вэ?

-Монгол бэлгэдэл зүй гэдэг өөрөө маш том агуулгатай. Зураас болгон нь бэлгэдэлтэй. Тиймээс хүмүүс хэт хөнгөн хуумгай хандсанаасаа болоод хайртай хүмүүстээ насны цөв суулгах вий гэж боддог. Жишээ нь 20 настай ч эдлэх ёстой эд нь том хүн байна. 60 настай ч түүнийг эдлэх ёсгүй хүн гэж байна. Мөн заяа тавилан гэх зүйлийг мөнгөөр хэмжиж болохгүй юм болов уу даа гэж боддог. Оёдолчдын дунд эдлэх эд, өмсөх хувцасны тоо гүйцнэ гэж яриа байдаг. Хэчнээн шашингүй үзэлтэй байлаа ч гэсэн монгол уламжлал явж л байдаг. Наад зах нь гэрийн босгон дээр хүүхэд гишгэж байвал болдоггүй юм болиорой гээд л хэлнэ. Энэ өөрөө уламжлал. Гэтэл хүмүүс би шашингүй үзэлтэй гээд уламжлалаа тоохгүй яваад байдаг нь өрөөсгөл санагддаг.

-Гэр бүлийнхээ танилцуулаач? Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Аав, ээж маань малчин хүмүүс байдаг. Би нэг ах, нэг эрэгтэй дүүтэй айлын дунд хүү. Ах дүү хоёр маань бол машин, механизм талдаа их сонирхолтой. Ганц эрлийз цустай нь би. /Инээв/ Ээж маань ч оёдол, хатгамал хийх талаар ойлголт байхгүй. Эцэг эх маань хүссэн юмаа хий гэдэг ч энэ тал дээр ойлголт багатай болохоор дэмжлэг харьцангуй бага. Бүх л юмаа би өөрөө л хийдэг. Манай ээжийн ээж дээл их сайхан оёдог хүн байсан. Аавын маань аав бол бурхан зурдаг, бурхан урлаач хүн байсан.

-Энэ чиглэлээрээ гүнзгийрүүлж мэргэжил эзэмшсэн үү, эсвэл өөр мэргэжилтэй юу?

-2016 онд ЕБС-иа төгсөөд анх дизайнер болъё гэж боддог байсан. Тэгээд Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл, урлалын нэрэмжит политехникийн коллежид зөөлөн эдлэлийн оёдлын технологиор сурч байгаад төгсөж амжилгүй цэрэгт явсан.

-Цэргийн албаа хаана хаасан бэ?

-2018 онд Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 243-р ангид алба хаасан. Тэр үедээ бас цол ахисан он жавууддаа зүү ороолтоор мөрдөс оёж өгөөд та нар Монголд байхгүй мөрдөс зүүж байгаа шүү гэж наргиж байсан. Мөн 243-р ангийнхаа логог, Хил хамгаалах ерөнхий газрын логотой зүү ороолтоор оёж ангидаа үлдээсэн.

-Үргэлжлүүлээд ер нь сурч, боловсоръё гэж боддог уу?

-Бодолгүй яахав. Өнөөдөр хүний ур чадварыг дипломоор л үнэлж байгаа. Их, дээд сургууль төгсөж чадаагүй гэдгээ хэлэхээр маш олон хүний царай нь хувирч байсан. Тиймээс цаашид сурна гэж боддог. Гэхдээ яг одоогоор нөхцөл нь бүрдээгүй байна. Гэхдээ зарим талаараа сургуульд нь сураагүй болохоор харин ч илүү  сурах, судлах тэмүүлэлтэй эрэл хайгуулч байгаа юм шиг санагддаг. Тэгж мэдсэн сурсан зүйл маань ч надад илүү үнэ цэнтэй.

Хүний зам мөр, өгөгдөл гэж байдаг юм болов уу гэж сүүлийн үед бодох болсон. Саяхан би нэг утсаа дуусгачхаад мэддэг хамаг л гайгүй газраараа явж хайсан. Тэгж явж байгаад бас нэг утас хайж явсан эгчтэй таараад ямар утас хайж байгааг нь асуутал яг миний хайж буй утсыг гаргаж ирээд хүрэхээргүй байгаа учир шинээр өөр утас авах гээд явж байна гэсэн. Тэгээд тэрийг нь аваад өөр утас сонгож өгсөн. Хэрвээ би тэр үед 10 минутын дараа ч юм уу орсон бол тэр хүнтэй таарах ямар ч боломжгүй. Бас тэр хүн утсаа гэртээ үлдээгээд ирсэн байсан бол бас хэцүү. Тэгэхээр цаанаасаа л зам мөр, заяа тавилан минь үүнийг хийх ёстой л гэж шаардаад байна гэж бэлгэшээж боддог.

-Даалин хийхээс гадна өөр зүйл дээр өөрийгөө сорьж үзэх бодол бий юу?

-Эртний хаадын түүхэн олдворуудаар цогц бүтээл гаргахаар төлөвлөж байгаа.

-Удахгүй цагаан сар болох гэж байна. Өөрөө гэр бүлтэй юу. Цагаан сарыг хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг вэ?

Би тусдаа гараагүй. Уурхайн ажил маань улирлын чанартай амарчихсан байгаа учир юм юмтайгаа ойр гээд хотод түрдээ ирчихсэн байгаа. Цагаан сараар нутагтаа очиж, төрсөн гэртээ сар шинээ тэмдэглэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Basca Feiza
Basca Feiza
2 сар 8, 2024 00:02

сайн байцгаана уу. Юун хөөрхөн юмбэ. Зүгээрдээ, дүү минь, харин ч гоё байна. Оёдол, хатгам�##�, нэхмэл гэдэг хүйс заасан үйл ерөөсөө бишээ. ХУВЦАС ЗАГВАРААР Л ГЭХЭД ДЭЛХИЙН ТОМ ТОМ ГЭГДДЭГ ХУВЦАС ЗАГВАРЧИН ЭРЧҮҮЛ БИЙ БУЙ БАЙДАГ. ҮҮНТЭЙ Л АГААР НЭГ. ҮЙЛ ТАНЬ УРАН БАЙГ.

Зочин
Зочин
2 сар 8, 2024 01:47

Монгол ма лгайн за лааны доод үзүүр дээр СОЁМБО, НАР САР битгий хийж байгаарай ! Хүний хондлой �######�өн дээр таараад муухай байдаг юмшүү. Зарим тэнэг уяач нар тийм за лаатай ма лгай өмссөн яваа нь ой гутмаар харагддаг шүү!

Мөнх
Мөнх
2 сар 9, 2024 07:48

Монгол хэлээр да�##�ин гэж бичнэ

Мөнх
Мөнх
2 сар 9, 2024 07:58

Daalin

Холбоотой мэдээ

Back to top button