Япон эрдэмтэд урт наслалтын нууцыг нээхээр судалж байна
Япончууд өндөр насалдаг гэдгээрээ алдартай. Тус улсын Эрүүл мэндийн яамны гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харвал Япон эмэгтэйчүүд дунджаар 87.09 насалдаг нь дэлхийд нэгт, эрэгтэйчүүд 81.05 насалдаг нь дэлхийд дөрөвт орох үзүүлэлт юм. Тэгвэл урт наслалтын нууц юу вэ? Үүний хариултыг олохоор хоёр мянган Япон эрдэмтэд засгийн газрын хөрөнгө оруулалттай судалгаа явуулж байна.
Хэдийгээр Япон хамгийн өндөр наслалттай орнуудын нэг ч гэсэн ямар нэгэн архаг өвчин эмгэггүй амьдарч буй хугацааг хасаж, эрүүл наслалтыг нь тооцвол хамаагүй богино хугацаа гардаг.
Хөгшрөлтийг судалж буй эрдэмтдийн нэг болох Яасүмичи Арай 2000 онд явуулсан судалгаагаар бол Токио хотод амьдардаг 100 насыг давсан 300 ахмадын 20 хувь нь л туслалцаа, асрамж авахгүй амьдрах чадвартай эрүүл байжээ. Сонирхолтой нь тэдгээр ахмадууд судалгаанаас хойш хэдэн жилийн дараа ч гэсэн эрүүл чийрэг байсан аж.
Арай Кэйо Их Сургуулийн Анагаах Ухааны сургуулийн профессор, Зуун Настнуудыг Судлах Төвийн захирлаар ажилдаг байна. Тэрбээр “Зуун настнуудын хувьд хөгшрөлт нь эсийн түвшинд удааширдаг эсвэл хөгшрөлтийн эсүүдийн тоо цөөрдөг гэх таамаглалыг бид дэвшүүлсэн. Гэсэн хэдий ч үүнийг батлахын тулд эсийн түвшний судалгаа хийх нь чухал болоод байна” хэмээжээ.
Судлаачдын зорилго бол зарим хүмүүс яагаад хэвтрийн байдалд орж асаргаа сувилгаа авах шаардлагагүйгээр урт насалдаг талаар олж мэдэж, бусад хүмүүс харьцангуй эрүүл хөгшрөхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэйг олох юм.
Японы засгийн газраас хөгшрөлттэй холбоо бүхий зарим судалгааны ажлуудад зориулж “Moonshot” төслийн дагуу санхүүжилт өгдөг байна. Тэдгээр судалгааны ажлуудыг явуулж буй эрдэмтэд 2040 он гэхэд хорт хавдар, зөнөх гэх мэт гол өвчлөлийг давах туулах эрүүл мэнд, нийгмийн тогтолцоог үүсгэхээр эрмэлзэж буй. Мөн өөр нэг зорилго нь хүн бүр эрүүл мэндийн асуудалгүйгээр 100 наслах.
“Moonshot” төслийг тус улсын засгийн газар 2020 онд 10 жилийн хугацаатай явуулахаар баталжээ. Тэрхүү төслөөс найман судалгааны ажил санхүүжилт авдаг байна. Төрийн дэмжлэгтэй Анагаах ухааны судалгаа, хөгжлийн агентлагийн хөтөлбөрийг хянадаг Тошио Хирано “Moonshot” төсөл жил бүр 3 тэрбум иений (69 тэрбум төгрөг) санхүүжилт авдаг гэж хэлжээ.
Тэгвэл одоо судлаачид юунд анхаарлаа хандуулан ажлаа явуулж байгаа талаар харцгаая.
Архаг үрэвсэл
Хөгшрөлтийг судалж буй эрдэмтдийн тус тусын сэдвийг холбодог зүйл бол хорт хавдар гэх мэт наслалттай холбоотой өвчин үүсэхэд гол нөлөө үзүүлдэг архаг үрэвсэл юм.
Олон хүн үрэвслийг цочмог явцтай өвчин, гэмтлийн үр дүнд үүсдэг эсвэл арьс улайх, ханиад хүрсний дараа хоолой өвдөх зэргээр төсөөлдөг. Харин Хираногийн хэлснээр бол архаг үрэвсэл нь наслалт, бактерийн болон вирусийн халдвар, таргалалт, агаарын бохирдол, тамхины хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс сэдээгддэг байна.
Архаг үрэвсэл бие махбодод аажмаар тархаж, олон жилийн дараа хорт хавдар, альцхаймер, чихрийн шижин, зүрх судасны гэх мэт олон төрлийн өвчин үүсгэдэг юм.
Дархлаа судлаачийн мэргэжилтэй Хирано “Бид эдгээр өвчнүүдийг шинж тэмдэг нь илрэхээс өмнө оношлох боломж үүсэх магадлалтай. Мөн зөнөх өвчнийг амьдралын хэв маяг, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, нойроо зохицуулах, тэр байтугай дасгал хийсэн мэт нөлөө үзүүлэх эмүүдийг бүтээснээр урьдчилан сэргийлэх боломж үүсэж магадгүй” хэмээжээ.
Хөгшрөлтийн эс
Токиогийн Анагаахын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн профессор Макото Наканиши “Moonshot”-ийн хөрөнгө оруулалттай найман төслийн нэгийг удирддаг. Тэрбээр хөгшрөлтийн эсүүд буюу үржихээ больсон ч үхээгүй эсийг устгаж, хөгшрөлтийг зогсоох зорилготой.
Наканиши 30 жилийн турш эсийн хөгшрөлтийг судалж, 2021 онд ийм эсийг устгаснаар хөгшрөлтийн үйл явцыг эргүүлэх боломжтой гэдгийг харуулсан эрдэм шинжилгээний ажлыг хийжээ.
Хөгшрөлтийн эсүүд нь хүний биед үрэвслийг өдөөдөг химийн бодисыг ялгаруулдаг гэж эрдэмтэд үздэг. Наканиши “Би хөгшрөлтийн эсийг хүний биеэс авч хаях хэрэгтэй гэж боддог” гэсэн юм.
Тэрбээр “Урт насалдаг, хөгшрөх процесст тэсвэртэй амьтад хөгшрөлтийн эсийг хуримтлуулахгүй байхаар программчлагдсан байдаг. Тэдгээр амьтдаас үхэхээс нь өмнө хөгширсөн шинж тэмдэг илэрдэггүй"
Наканиши хөгшрөлтийн эсүүд хэрхэн амьд үлддэгийг тайлбарласнаар бол тэдгээр эсүүд нь “муу” уураг их хэмжээгээр үүсгэдэг байна. Энгийн үед “Муу” уурагнуудыг лизосом нэртэй эрхтэнцэр залгин задалдаг. Гэвч хөгшрөлтийн эсэд хэт их “муу” уураг ялгардаг тул лизосомыг шахаж бүрхүүлийг нэвтлэн идэвхгүй болгодог байна.
Лизосом нь дотроо хүчил агуулдаг учир задарснаар эсийн дотоод орчин хүчиллэг болдог. Энгийн үед хүчиллэг орчинтой болсон эсүүд үхдэг байна. Гэвч хөгшрөлтийн эсүүд глутаминаза-1 (GLS-1) нэртэй фермент ялгаруулснаар хүчиллэг орчныг саармагжуулдаг юм. Глутаминаза-1 нь аммон үүсгэдэг, аммон нь суурилаг тул лизосомоос ялгарсан хүчлийг саармагжуулах үйлчлэл үзүүлнэ.Ингэснээр хөгшрөлтийн эсүүд үхэлгүй “муу” уургаа үргэлжлүүлэн үүсгэсээр байдаг.
Наканаши GLS-1 ферментийг идэвхгүйжүүлэх бодис ашиглан аммон үүсгэхийг нь зогсоох арга бодож олжээ. Тус ферментийг идэвхгүйжүүлснээр хөгшрөлтийн эс доторх үйл ажиллагаа нь зогсоогүй лизосомууд “муу” уургуудыг устгаж чадах юм.
Түүний явуулсан туршилтад GLS-1 ферментийг идэвхгүйжүүлэх эм уулгасан хөгшин хулганууд турникээс зүүгдэх хугацаа нь 30 секундээс 100 секунд болж нэмэгджээ. Эрүүл, залуу хулгана 200 секунд зүүгдэж чаддаг. Наканашийн хэлснээр хөгшин хулганын зүүгдэх чадвар нэмэгдсэн нь хүнтэй зүйрлэвэл 70-аас 79 насны хүн 40 настай хүн шиг биеийн тамирын хүчин чадалтай болж байгаатай ижил аж.
Наканашийн анхаарлаа хандуулж буй зүйл нь PD-L1 нэртэй эсийн гадаргууд бэхлэгддэг уураг. PD-L1 уураг нь дархлааны Т эсийн гадаргуу дээрх PD-1 уурагтай холбогдож Т эсийн үйл ажиллагааг зогсоодог байна. Ингэснээр Т эс хортой эсүүдийг устгаж чадахгүй болдог.
Тэрбээр хөгшрөлтийн эсүүд Т эсийг идэвхгүйжүүлдэг байж магадгүй гэж таамаглан хөгшин хулгануудад PD-L1 уургийг дарангуйлах эсрэг бие өгсөн байна. Туршилтын үр дүнд хулгануудын бие дэх хөгшрөлтийн эсийн тоо цөөрчээ.
Нойроо зохицуулах
Судлаач Масаши Яанагисава наслалтын талаарх судалгаагаа нойрыг зохицуулах талаас авч үзэн явуулж байгаа юм. Тэрбээр 1998 онд Техасын Их Сургуулийн Баруун Өмнөд Анагаах Ухааны Төвийн лабораторид Такэши Сакүрайтай ажиллаж байхдаа орексин нэртэй уургийг илрүүлж дэлхийн шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлжээ.
Орексин нь мэдрэлийн эсээс ялгардаг сэрэл, сэргэг байдал болон хоолны дуршлыг зохицуулахад оролцдог уураг юм. Яанагисава болон Сакүрай хоёрын нээлтийн үндсэн дээр орексины рецепторыг дарангуйлагч эмнүүд бүтээгдсэн байна. Тэдгээр эм нь орексин ялгаруулж сэргэг байдлыг дэмждэг мэдрэлийн эснүүдийн үйл ажиллагааг дарангуйлж, нойргүйдлийг сайжруулдаг юм.
Одоо Яанагисава 200 гаруй судлаачтай Цүкүбагийн Их Сургуулийн Олон Улсын Нойрны Анагаах Ухааныг Судлах Хүрээлэнг удирддаг байна. Тэрбээр “Бидний ажил нойрсолтын механизмыг судлах. Хүмүүс амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Харин Япон хүмүүс нойрны дутагдалтай явдаг” хэмээжээ.
Нойр дутуу байх нь сэтгэл гутрал, зөнөх болон артерийн судас хатуурах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг олон улсын судлаачид эртнээс илрүүлж, нойроо зохицуулахыг зөвлөж ирсэн билээ.
Дээр дурдсан зүйлсээс гадна ДНХ метилжилт, хромосомын теломерийн урт гэх мэт зүйлс мөн хөгшрөлтөд нөлөөлдөг байна. Теломер нь ДНХ-ийг хамгаалах зориулалттай хромосомын төгсгөлд байдаг бүтэц.
Эс хуваагдах бүрт теломерууд бага зэрэг богиносдог. Эсүүд хуваагдсаар теломер хэтэрхий богино болсон үед эс үхнэ.
Өөрөөр хэлбэл теломерийн урт нас ахих тусам аажмаар буурдаг юм. Зуун настнуудын дунд, 105-аас дээш насныхны хувьд теломерийн урт нь өөрчлөгдөхөө больдог байна. Үүний учрыг олохоор эрдэмтэд ажиллаж буй.
ДНХ-ийн метилжилт нь зарим генийг идэвхжихийг дарангуйлж, хөгшрөлт болон насжилттай холбоотой өвчний явцыг хурдасгадаг гэдгийг олон улсын эрдэмтэд илрүүлсэн.
Эдгээр процессыг судлах арга жил ирэх тусам хөгжсөөр байгаа юм. Тухайлбал эрдэмтэд ахмад настнуудын шээснээс авсан эсийг ашиглан мэдрэлийн эс үүсгэн судлахаар төлөвлөжээ.
Кэйо Их Сургуулийн профессор Арай “Зуун настнуудаас мэдрэлийн эс авах нь хэтэрхий инвазив учраас боломжгүй. Харин шээсний дээжээс мэдрэлийн эстэй төстэй эс бүтээж чадвал ДНХ-ийн метилжилт гэх мэт маш олон зүйлийг судлах боломжтой” гэсэн юм.
Эх сурвалж: Japan Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.