Т.Мөнхболд: Цагаан сараар ААН-үүд хэрэглээгээ багасгавал өрхийн цахилгаан хүрэлцэнэ
Өнгөрсөн өдрүүдэд нийслэл хотод цахилгааны тодорхой бүсүүдэд хязгаарлалт хийсэн. Үүнтэй холбогдуулан сар шинийн баярын үеэр эрчим хүчийг хэрхэн хангахаар ажиллаж байгааг УБЦТС-ний инженер Т.Мөнхболдтой холбогдож тодрууллаа.
Тэрбээр “ТЭЦ-4 дээр өчигдөр өглөө гуравдугаар зууханд гэмтэл гарч зогссоноос цахилгааны хязгаарлалт хийсэн. Хоёрдугаарт, манай эрчим хүчний системд салхины эрчим хүчний гурван станц 155 МВт нийлүүлэх ёстой байдаг. Өчигдрийн байдлаар оргил ачааллын үед 10 МВт хүрэхгүй нийлүүллээ. Тэгэхээр ТЭЦ-4 дээр гарсан гэмтэл болоод салхин эрчим хүч дутагдсанаас үүдэн их хэмжээгээр цахилгаан хязгаарлахад хүрсэн.
Өнөөдөр болон маргааш сар шинийн өдрүүдэд эрчим хүчийг өрхүүдэд хэрхэн тасалдуулахгүй байхад бид анхаарч байна. Зуух хэзээ засагдаж дуусах болон салхи хэр байх бол гэдгээс их зүйл хамаарахаар байна. Сар шинийн өдрүүдэд өндөр хэрэглээтэй хэрэглэгч болоод үүрэг хүлээсэн үйлдвэрүүдэд эрчим хүчний хэрэглээгээ багасгах хүссэн. Ингэснээр баярын өдрүүдэд өрхийн цахилгаан эрчим хүчийг хүргэх боломжтой гэж харж байна.
Үүний зэрэгцээ иргэд дор бүрнээ ашиглахгүй разетикт залгасан цахилгаан хэрэглүүрээ салгахыг уриалж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.