Нийгэм мэдээ

Бүжиглэх дуртай Б.Тэлмэн: Хүүхдүүд гар утас оролдолгүйгээр өөрсдийн сонирхлоо олоосой

“Миний бичлэгний доор хүмүүс “тураач, ямар тарган юм бэ” гэдэг. Би турчихнаа, бүжгээ сайн хийж байгаад л зөндөө турчихна” гэж хэвлүүхэн ярих хүү бол есөн настай Б.Тэлмэн. Анх долоон настайдаа ах, эгч хоёрыгоо дагаад бүжиглэж эхэлжээ. Одоо бүжиг түүний хувьд хобби, хамгийн дуртай зүйлсийнх нь нэг болсон. Гэртээ, бэлтгэлийн зааландаа ихэнх цагийг бүжиглэж өнгөрүүлдэг аж. 

Бид түүнтэй хэсэгхэн ярилцлаа.

-Бүжиг бүжиглэхээр маш их аз жаргалтай болдог-

-Яагаад бүжиглэх болсон бэ?

-Манай ах бүжигчин. Ахынхаа бүжиглэхийг харахаар, их гоё санагддаг байсан. Тэгээд хамт бүжиглэж эхэлсэн. Ах эгч хоёр маань бүжгийн заалтай болоод бүх насныханд олон төрлийн бүжиг заадаг болсноос хойш байнга л бүжиглэдэг болсон. 

-Ах, эгчтэйгээ багш шавийн харилцаатай байх ямар байдаг вэ, хааяа гомддог уу?

-Бэлтгэлийн үед багш шавийн харилцаатай, гэртээ ах дүүсийн харилцаатай байдаг. Хааяа загнахаар нь гомдоно, тунина. Гэхдээ бүжгийн бэлтгэлийн үеэр намайг ядарвал амрааж, өлсвөл хоол авч өгч, зөндөө халамжилдаг болохоор гоё байдаг. 

-Чи бүжиглэх үедээ ямар мэдрэмж авдаг вэ?

-Аз жаргалыг мэдэрдэг гэх үү дээ. Дуртай зүйлээ хийхээр нэг тийм гоё мэдрэмж авдаг. Манай үеийн хүүхдүүд утас их оролддог шд ээ. Харин би бүжиглэж, өөртөө ашиглтай зүйл хийдэг. 

-Бүжиглэдэг болсноос хойш чамд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Маш олон найз нөхөдтэй болсон. Бас дуучдын клипэнд тоглож, хэзээ ч мартагдашгүй дурсамжуудыг өөртөө бүтээсэн. Том тайз, том дэлгэц, бүжгийн халз тулаан, шүтэн биширч явдаг бүжигчин гээд маш олон гоё зүйл бүжигт шингэсэн байдаг. Би энэ бүхнийг мэдэрдэг болохоор надад нөлөөлсөн хамгийн том нөлөөлөл, өөрчлөлтүүд юм. 

-Миний үеийн хүүхдүүд утсаар бага оролдоосой, өөрсдийн дуртай зүйлээ олоосой-

-Ямар дуучдын клипэнд тоглосон бэ, сэтгэлд үлдсэн тайзтайгаа холбоотой дурсамжаасаа хуваалцвал?

-Shuwu, Sekstsagaanbogd гээд дуучдын клипэнд тоглож байсан. Харин сүнсний баяраар Trishna ахын “Assassin” дуун дээр том тайзан дээр бүжиглэсэн. Миний өндрийг 170 см хүрэхээр илүү том тайзан дээр бүжиглүүлнэ гэсэн. Би одоогоор 146 см. Цаашдаа сайн өснө гэж бодож байна. 

-Сая яриандаа бүжгийн халз тулаан гэж ярьсан, энэ талаар дэлгэрүүлбэл?

-Бүжгийн халз тулаан бол хамгийн гоё. Хоёр бүжигчин хоёр талаасаа гарч ирээд нэг нэгэнтэйгээ оноолтоор бүжиглэдэг. Хэн нь илүү ур чадвартай, хурдтай байсан бэ, тэр нь ялна гэсэн үг. Шүүгч ялагчийн баруун гарыг өргөж, ялалтыг зарласнаар халз тулаан өндөрлөнө. Би хэд хэдэн удаа ийм бүжгийн тулаанд орж байсан. Хүмүүс намайг дэмжиж байхыг сонсоод маш их урам авч, илүү их хичээсэн. 

-Чамд бүжиглэхээс өөр сонирхол эсвэл авьяас байдаг уу?

-Байгаа. Би хөлбөмбөг тоглодог, бас кино үзэх их дуртай. Ах бид хоёр хамтдаа аймшгийн кино их үздэг. Үзсээр байгаад зомбитой, аймшийн кинонд их дуртай.

-Ирээдүйд ямар хүн болно гэж боддог вэ?

-Би кино найруулагч болно. Гэхдээ хөлбөмбөг, бүжиг хоёроо орхихгүй ээ. 

-Яагаад кино найруулагч гэж?

-Анх “Оскар” гэж шагнал байдгийг мэдээд, “Би энийг авч чадна” гэж бодсон. Хоёр жилийн өмнө зомбитой болон, аймшгийн хоёр кино зохиолл биччихсэн. Яваандаа сайжруулна. Гэр бүлийнхэн маань ерөнхийдөө мэднэ. Гэхдэ одоогоор яг намайг сайн ойлгоогүй байгаа байх.

-Үеийнхэндээ хандаж үг хэлбэл?

-Утсаар оролдолгүйгээр өөрсдийн хоббигоо олоорой. Бас миний бүжиглэж байгаа бүжгийн төрөл чөлөөт бүжиг биш шүү. Маш олон бүжгийн төрлүүд байдаг электро, поппинг гээд энэ бүхнийг ялгаж сураарай гэж хэлмээр байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-12 15:44

Их гоё мэдээ уншлаа бонгорд гартай хөөрхөнөө амжилт хүсье

Зочин
Зочин
2024-02-13 18:56

ха ха

Холбоотой мэдээ

Back to top button