АНУ-ын Сенатын танхим Украин, Израил, Тайваньд $95 тэрбумын тусламж илгээхийг дэмжлээ
Ардчилсан нам олонх суудлыг эзэлдэг АНУ-ын Сенатын танхим Украин, Израил, Тайвань руу 95.34 тэрбум ам.долларын тусламж илгээх хуулийн төслийг дэмжлээ. Одоо тус төслийг Бүгд найрамдах нам олонх суудлыг эзэлдэг Төлөөлөгчдийн танхим хүргэх юм.
Сенатын танхим аливаа төслийг дэмжихийн тулд 60 хууль тогтоогч зөвшөөрсөн санал өгөх ёстой байдаг. Мягмар гарагт /2024.02.13/ явагдсан санал хураалтаар сенаторууд 70:29 харьцаатай тус төслийг дэмжжээ.
Сенатын олонхын тэргүүлэгч Чак Шумер “Сенатын танхим үндэсний аюулгүй байдал болон холбоотон улсуудынхаа аюулгүй байдалд хамаарахаас гадна ардчиллын аюулгүй байдалд их ач холбогдол бүхий үүн шиг хуулийн төсөл батлаагүй олон жил магадгүй хэдэн арван жил болж байна” гэсэн юм.
Шумер тус хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимд дахь хоёр намын гишүүд мөн дэмжинэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Гэвч $95 тэрбумын тусламжийн төсөл нь Төлөөлөгчдийн танхимыг давж гарах магадлал бага байна.
Учир нь тус танхимын спикер, Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон АНУ-Мексикийн хилийг давж буй цагаачдын урсгалыг таслан зогсоох заалт байхгүй байгааг онцолсон юм.
Өнгөрсөн жилийн сүүлээс хойш Конгресс Украин, Израил болон Тайвань руу илгээх тусламжийн төсөл дээр санал зөрөлдөж, хоёр нам нэг нэгнийхээ дэвшүүлсэн төслийг дэмжилгүй явсаар ямар ч зүйл батлаагүй байгаа.
Сенатын дэмжсэн төсөлд хилийн хамгаалалтыг сайжруулах заалт байгаагүй учир Бүгд найрамдах намын сенатор Рик Скотт “Өнөөдөр бидний санал хураасан төслийг Төлөөлөгчдийн танхим хэзээ ч батлахгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.