Top StoriesСПОРТЯрилцлага

Б.Болдбаатар: Шүүгч бид хоёр оюутан цагаас хамт тоглож байсан найзууд, уучлалт гуйсан

"BCH Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатартай ярилцлаа.

-Та Багануураас тоглож эхэлсэн үү?

-Би чинь их олон нутагтай хүн байгаа юм. Яг төрсөн нутаг гэвэл Дорнотын Халх гол. Төрсний дараа манайх Багануурт ирсэн учраас тэнд өссөн. Төрснөөсөө хойш Багануурт байсан болохоор төрсөн нутгаа сайн мэдэхгүй. Аавыгаа дагавал Увсынх, ээжийгээ дагавал Ховдынх. Ингэхээр дөрвөн нутагтай болж таардаг. 

-Сагсан бөмбөгийн спортоор хэзээнээс хичээллэж эхлэв, сонгоход нөлөөлсөн зүйл юу байв?

-Би анх 2011 оноос буюу есдүгээр ангиасаа эхэлж энэ спортоор хичээллэсэн. Тухайн үед найзууд маань тоглодог байсан учраас сагсан бөмбөгт дурлах болсон. 

-Түүнээс хойш 13 жил өнгөрсөн байна. Харин дээд лигт тоглоод зургаан жил. Таныг оюутан байхдаа дээд лигт тоглох урилга авсан гэж сонсож байсан?

-Оюутан болсноосоо хойш оюутны лигт тоглосон. Тухайн үед буюу 2015, 2016 онуудад дээд лигт тоглох боломж гарсан. Намайг авах сонирхолтой хоёр ч баг байсан. Гэхдээ тоглоогүй. Тэр үед дээд лигт тоглож байгаа бол оюутны лигт тоглож болохгүй, тийм бол дээд лигт тоглож болохгүй гэдэг байсан. Учир нь манай сургууль сургалтын төлбөрийг маань хариуцдаг, тэтгэлэг өгдөг байсан болохоор зөвшөөрч чадаагүй л дээ.

-Та аль сургуульд, ямар мэргэжлээр суралцдаг байсан бэ?

-Би 2017 онд "Сити" дээд сургуулийг Олон улсын худалдааны менежмент мэргэжлээр суралцаж төгссөн. Төгссөн зунаа "Гарьд" багтайгаа гэрээ байгуулаад 2018 оноос дээд лигт тоглож эхэлсэн. Одоогоор зургаа дахь жилээ дээд лигт тоглож байна.

-Дээд лиг хүртэлх энэ хугацаа амаргүй байсан байх?

-Тулгаралгүй яах вэ. Оюутны лигт тоглодог байх үеийн өрсөлдөөн дээд лигийн тоглолтын өрсөлдөөн хоёр өөр. Мэдээж дээд лигт оронгуутаа оюутны лигт тоглодог шигээ тоглоно гэж байхгүй. Сэлгээнд сууна, өөрөө хичээж байж бага багаар минутаа олж авдаг болохоор асар их зөрүүтэй. 

-Оюутны лигт тоглож байсан Б.Болдбаатар дээд лигт одоо тоглож байгаа Б.Болдбаатар хоёрын ялгааг та хэлээч?

-Мэдээж тэсвэр тэвчээр, ур чадвар гээд тамирчин хүнийг харуулах бүхий л тал дээр өөрчлөлт гарсан. Хамт тоглодог багийн ах нараасаа суралцаад, илүү их туршлагажина гэдэг ч юм уу. Наад зах нь яаж тоглох уу, ямар системээр тоглох уу гэдэг хүртэл дээд лигт нарийн байдаг учраас энэ болгонд тоглогч өөрчлөгдөж, шинээр ахиж байдаг гэж боддог. Тиймээс оюутны лигт тоглодог байсан би, өнөөдөр дээд лигт тоглож байгаа би хоёрын хооронд их зөрүү гарсан гэж хэлнэ ээ, туршлагын хувьд. 

-Монголын сагсан бөмбөг гээд ярихаар хэдэн жилийн өмнө Т.Санчир, Билгүүн зэрэг тоотой хэдхэн нэр хэлэгддэг, нэрлэгддэг байлаа. Одоо бол шинэ, залуу үеийнхэн голчилж байгаа тал анзаарагдаад байгаа. Лигт тоглосон энэ зургаан жил та юуг илүү анзаарав?

-Яг одоогийн нөхцөлд манай улсад сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж байгаа гэж ойлгодог. Манай доод үеийн дүү нарын ур чадвар нэмэгдсэн, шинэ түвшинд ирсэн. Мөн шинээр дээд лиг рүү орж ирж байгаа дүү нар сэтэл зүй, бие бялдарын хувьд лигт тоглоход бэлэн болчихсон байгаа нь нийтлэг сайн тал. Би лигт тоглож эхэлж байх үеэ одоогийн дүү нартайгаа харьцуулахад миний хувьд харьцангуй муу тоглодог, сэтгэлзүйгээ бэлдээгүй байсан зэрэг сул талуудтай байжээ гэж хардаг. 

-Шинэ, залуу гэж тодотгоод буй энэ хүүхдүүдийн үеэрээ жигд сайн байгаагийн гол шалтгааныг цаг үетэй нь холбож харж байна уу?

-Цаг үетэй нь л холбож ойлговол зөв байх. Ажиглавал одоогийн хүүхдүүд бүгд жигд өндөртэй, өв тэгш биетэй. Энэ давуу тал дээрээ нэмээд өөрийгөө хөгжүүлээд, ур чадвараа нэмэгдүүлээд ороод ирэхээр илүү давуу талтай байгаад байна. 

-Тэгвэл нийтлэг төрхөөр нь харбал 5х5 сагсанбөмбөг 3х3 шиг Азид болоод дэлхийд өрсөлдөх хэмжээнд хөгжиж байгаа гэх итгэл танд төрдөг үү?

-Боломжтой гэж хардаг. Наад зах нь таван жилийн дараа гэхэд Монгол тоглогчдын нурууны өндөр бүх байрлалд тэгш болж, гаднын тоглогчдод биеийн хөгжлөөрөө дээрэлхүүлэхгүй байх хэмжээнд хүрчихнэ байх. Энэ сайн тал дээрээ системээ зөв суулгаад явчихвал аль ч түвшинд өрсөлдөөн үзүүлж чадна шүү дээ. Ядаж л Азийн наадам, Азийн аваргадаа хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, байр эзлэх хэмжээнд хүрэх бүрэн боломжтой. Ингээд Азиасаа шалгардаг болчихвол цаашид маш их боломжууд, гарцууд үүснэ. Энэ хэмжээгээрээ тамирчид маань сайжирч, хөгжиж, амжилтууд гаргана. 

-Та монгол тоглогчдоос хэний тоглолт, арга барилд илүү дуртай вэ?

-Болдоо ах юм болов уу. Тэр хүн арав шидээд арав хийх үгүй нь хамаагүй. Зүгээр л арав шидээд нэг хийхэд баг нь яаж гоё сэргэдэг билээ дээ. Багаа маш гоё сэргээдэг. Тэрнээс нь үлгэр дуурайлал аваад би өөрөө ч гэсэн түүн шиг тоглолт үзүүлж, багаа сэргээж тоглохыг бодож, хичээдэг. 

-Багаа сэргээхийг хичээдэг гэлээ. Ер нь аль ч спортод биеэ барих нь илүү зан, амжилтад нөлөөлдөг байх. Та бол талбай дээр биеэ барьдаг төрлийн хүн биш байх?

-Эгзэгтэй, шийдвэрлэх тоглолтон дээр ямар ч тамирчин биеэ барьдаг байх. Миний хувьд ганц, хоёр оноо авч, орилж, эмоцио гаргаж байж бие тавирдаг. 

-Ингэснээр амжилттай тоглох хувь өсдөг байх боломжтой юу?

-Ер нь тэгж байж л гайгүй сайн амжилттай тоглодог юм болов уу гэж боддог. Миний хувьд тоглолт бүрийн өмнө эмоцио гаргаж тоглоё эсвэл намдуухан байгаад тоглолтоо өндөрлүүлье гэж өөртөө хэлээд талбай руу гардаг. Гэхдээ намдуухан тоглоод гээд гарахаар би их муу тоглодог. Үзүүлэлтүүд буурдаг. Харин эсрэгээрээ орилоод, эмоцио гаргаад ирэхээр илүү сайн тоглож эхэлдэг тал бий. 

-Үүнийг таны тоглолтын арга барил гэж ойлгох уу?

-Тийм ээ, ингэж ойлгож болно. Энэ л миний арга барил байх. Би талбай руу гарах бүртээ биеэ барилгүйгээр тоглож, багаа сэргээе гэсэн зорилготой гардаг. 

-Энэ жилийн лигийн тухайд онцлог сонин зүйл юу байв?

-Дээд лиг энэ жил хамгийн олон буюу 13 багтай, өрсөлдөөнтэй, олон тоглолттой, багууд ур чадварын хувьд эн тэнцүү, маш гоё улирал болж өнгөрлөө. Онцолбол доод түвшнөөс орж ирсэн гэж ялгах аргагүй багууд ур чадвартай байгаа нь маш авууштай зүйл л дээ. 

-Лиг гэхээр тамирчдын цалин хөлс, нийгмийн асуудал дагаад хөндөгдөж таардаг, Жишээлбэл, таны цалин хэр боломжийн гэж хэлэх бэ, давхар мэргэжлээрээ ажилладаг уу?

-Цалин хангамжийн хувьд мэдээж тодорхой хэмжээнд сайжирч ахиц гарсан. Учир нь багууд сайн тоглогч авахын тулд багтаа хөрөнгө оруулалт хийгээд, тухайн тамирчдыг дэмжээд, урамшуулаад, цалин өгч байгаа. Дараа жил нь ч гэсэн мөн адил тамирчин сайн байсан бол гэрээгээ үргэлжлүүлээд цалингаа нэмүүлээд явах бүрэн боломжтой болсон. Тиймдээ ч багийн эзэд энэ спортыг авч яваа чухал хүмүүсийн тоонд багтдаг. Товчхондоо тэдгээр хүмүүс ур чадвар нь ахисан тоглогчийг үнэлээд цалин, урамшууллаа нэмж байна гэдэг өөрөө энэ спортыг хөгжүүлэхэд түлхэц болж, дэмжиж байгаа хэлбэр л дээ. 

-Та 13 жилийн хугацаанд яг юуны төлөө зорьж, энэ хүртэл ирэв?

-Дээд лигийн аварга авах зорилготой. Энэ гэхдээ туйлын хүсэл, зорилго минь биш л дээ. Дүү нар, залуу үедээ биеэрээ үлгэрлэх, буруу зүйлийг нь өөхшүүлж дэмжихгүй, зөв зүйлд чиглүүлж, яавал багтаа хэрэг болох уу. Сагсан бөмбөг зөвхөн оноо авах ёстой спорт биш, оноо авдаггүй ч гэсэн багт хэрэгтэй хүн байдаг гэдэг ч юм уу ийм байдлаар нөлөөлж, харуулж, чамд ч гэсэн боломж байгаа шүү гэдэг байдлаар харилцахыг чухалчилдаг. 

-Тэгвэл хувь тоглогчийнхоо хувьд энэ цэгт л хүрчихвэл гэж боддог цэг бий юу?

-Би анх дээд лигт тоглож эхлэх үедээ л "Танан гарьд" багтайгаа нэгдэж байсан. Одоо ч энэ багтаа тоглож байна. Тиймээс энэ багаа хаа хүртэл явна, тэр хүртэл нь би хамт байж багийнхаа төлөө  зүтгэнэ ээ гэж боддог. Энэ миний хувь тоглогчийн хүрэх ёстой цэг байх аа. Би үнэ цэн бүтээхийг хүссэн. Мэдээж болж өгвөл аваргын тоогоо нэмнэ.

 

-Сүүлд өрнөсөн асуудлын тухай асуулгүй өнгөрч болохгүй байх. Тухайн үйлдлийг гаргасны дараа танд ямар мэдрэмж төрсөн бол?

-Энэ асуудал дээр би өөрийгөө өмгөөлж, хамгаалахгүй. Зуун хувь миний буруу. Гэхдээ зөвхөн миний алгадсан хэсгийн бичлэгийг сэвээд байгаа. Тэрнээс өмнө юу болсон, ямар процесс өрнөсөн гэдгийг огт гаргаж ирээгүй, мэдэхийг ч хүсээгүй санагдсан. Гэхдээ би үүн дээр юм бодож, гомдож, эмзэглэхгүй. Монголын нийгэм алдсан хүнээ яаж дэвсэлдэг гэдгийг мэдэхгүй хэн байх вэ дээ. Гэхдээ би өөрийгөө зөвтгөж байгаа хэрэг биш шүү. Угаасаа миний буруу. Тэр үйлдэлдээ уучлал хүсч байгаа. 

-Зөвхөн миний алгадсан хэсгийн бичлэгийг сэвж байгаа гэлээ. Мэдээж асуудал хоёр талтай. Хүмүүсийн төдийлөн сонирхохыг хүсэхгүй байгаа буюу алгадахаас өмнө юу болов?

-Хүмүүс энэ тухай огт ярихгүй байгаа. Тухайн үед манай легонер тоглогч алдаатай хийгээд торгуулиа шидэх гээд зогсож байхад нь би самбарт үсрэх гээд зогсож байсан. Тэгэхэд шүүгч танай баг жүжиглэлтийн сануулгатай байгаа шүү, битгий жүжиглээд байгаарай. Ахиад жүжиглэх юм бол дараагийн удаа техник өгнө шүү гэсэн. Намайг "Хэн жүжиглэсэн юм бол" гээд асуухад хэлээгүй. Тэгээд шидсэний дараа самбарт үсрээд буухад эсрэг багийн тоглогч тохойгоороо надад хүрсэн. Тэгээд би энэ өөрөө ингэж хүрээд байгаа шүү гээд эргэж хараад гүйтэл надад эхний техник өгчихсөн. Би гайхаад яагаад вэ гэсэн ахиад техник өгөөд талбайгаас хөөчихсөн. Чухал тоглолт дээр тийм түргэдсэн шийдвэр зөв байсан үгүйг мэдэхгүй байна. Би жаахан гайхаад байгаа. Талбайгаас хөөхгүйгээр өнгөрөөж болох байсан байх гэж л. Хоёр талаасаа бид түргэдсэн. Гэхдээ хүн алдаж л байдаг шүү дээ. Дараа нь би найзаасаа уучлалт гуйсан л даа. Бид хоёр оюутан байхаасаа сагсан бөмбөг цуг тоглоод хамт байж үзсэн хүмүүс. Тиймдээ ч буруу үйлдэлдээ найзаасаа уучлалт гуйсан. Ийм л зүйл болсон. Хүмүүсийн ярьж байгаа шиг шууд очоод учир зүггүй алгадаад авсан тийм зүйл болоогүй ээ. 

-Тоглох эрхийг 2026 он хүртэл хасчихсан. Энэ шийдвэрийг хатуудсан гэх хэсэг байгаа. Холбоо шийдвэрээ эргэж харах болов уу?

-Холбоог шийдвэрээ эргэж харах байх гэж бодож байгаа. Лиг өндөрлөсний дараа л болох болов уу. Тэр шийдвэр хувцсаа солиод, автобусандаа суух хооронд гарчихсан. Тэгэхээр арай л түргэдсэн юм болов уу, эргэж харах байх гэж итгэж байгаа. 

-Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй бол танд хүндээр тусах уу?

-Мэдээж хүндээр л тусах байх. Би Монголд сагсан бөмбөгийн хөгжил ирнэ гэдэгт бат итгэдэг учраас зөвхөн сагсан бөмбөгөө л тоглож байгаа хүн шүү дээ. Өөр ажил хийдэггүй. Энэ спортоороо л амьдралаа залгуулж байгаа. Өөрөөр хэлбэл миний ажил. Тийм болохоор надад хүнд л байна байх. 

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-15 08:18

Арбирт дээр очооч

Зочин
Зочин
2024-02-15 09:49
Reply to  Зочин

Өөрийгөө өмөөрөөд байна засрашгүй этгээд

Шүүгч нарыг шалга
Шүүгч нарыг шалга
2024-02-15 09:03

Хүний биед хүрнэ �##�гадана гэдэг байж болохгүй зүйл. Гэхдээ манайд спортын шүүгч нарыг т�##�байн гадна хянах , шүүгчийн давуу байдлаа ашигтай давуу хэрэгсэлэл болгож байгаад ямарч зохицуул�##�т бараг байхгүй ядаж л �##�даатай шүүлт хийсэн тохиолдолд хариуцлага нь мэдэгдэхгүй байх жишээтэй байгаа

Зочин
Зочин
2024-02-15 09:06

Хохь нь эээ

hmghggh
hmghggh
2024-02-15 09:20

хүчирхийлэл бж болохгүй гээд вилл смитийг хэдэн он хүртэл оскарт оролцох эрхийг нь хорьсон билээ? шийдвэр 1 гарснаараа л чанга бх хэрэгтэй. бу�####�д нь сургамж болог.

Зочин
Зочин
2024-02-15 09:47

Ухаан муутай, ёстой л бяр байхад ухаанаар яахав шинжийн хүн байна. Толгойны хэлбэр бол хийсэн үйлдэлтэй нь яг л тохирч байна, бүсгүйчүүд минь ийм л эрчүүдээс хол байхыг хичээгээрэй.

Зочин
Зочин
2024-02-15 10:15

Ойрадууд хэзээний түрэмгий авиртай л даа.

иргэн
иргэн
2024-02-15 10:43

ИЙМЭРХҮҮ БИЕЭ ТООСОН БААСНУУД ХОГООРОО.

Зочинан
Зочинан
2024-02-15 11:15

Спортоо орхио

Зочин
Зочин
2024-02-15 13:05

Gaviya baiguulsan huntei yariltsaj baigaa bish dee

Зочин
Зочин
2024-02-16 09:57

Энэ угаас сэтгэцийн өөрчлөлттэй амьтан бна. Лигт тоглох эрхийг нь бүх насаар нь хасахгүй бол тэмцээний т�##�бай дээр хүн �##�ж ч мэдэх бололтой.

zochin
zochin
2024-02-17 15:11

Zantaisan tolgoitoi arzaisan shudtei xarax tsarainii zerleg araatan shig sejgiin nuxur baina daa

Холбоотой мэдээ

Back to top button