Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн сурвалжилга

Коммент залилан: Гадаадын иргэд мөнгө зээлдүүлэх нэрээр Монголчуудын бичиг баримт, мэдээллийг цуглуулж байна

Олон дагагчтай пэйж хаягуудын сэтгэгдэл хэсэгт “Хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэх зар эрчээ авсаар байна. Бид туршилт хийж, ийм байдлаар зар бичдэг хүмүүс рүү холбогдлоо. Ингэхэд гадаадын иргэд байсан ба цахим залилан хийж, хүмүүсийн данс, хувийн мэдээллийг авдаг болох нь батлагдсан юм.


Туршилтаар “Dulamjav Puntsag” гэх монгол хаяг руу бичиж “Долоон сая төгрөг хэрэгтэй байна” гэхэд “Хуульд заасан мэдээллийг өгөх шаардлагатай тул дансны дугаар, мэйл хаяг, иргэний үнэмлэхийн ар, өвөр зураг, гадаад паспортын зураг, жолооны үнэмлэхийн зураг болоод өөрийн нүүр царай тод харагдах 2-3 зураг” гэх мэт хувийн мэдээллүүдийг шаардлаа. Цаашлаад “Таны өгсөн мэдээллийг нууцлах болно”, “Бид үйлчлүүлэгчээ хүндэтгэнэ” гэх байдлаар ятгаж эхлэв.


Харин “Мария Болор” гэх хаяг руу хандахад “Зээл нэртэй ч буцалтгүй тусламж юм шүү. Бид Европын банк, Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажилладаг. Цар тахлын дараагийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн монгол өрхүүдэд тусламж үзүүлэхийг зорьж байгаа. Уг тусламжаар 80 хүртэлх сая төгрөгт олгох боломжтой” гэв. Түүнчлэн, хувийн мэдээллийг шаардаж, өөрийн болоод бичиг баримтын зургаа, өөрийн нүүр царай тод гарсан гэрэл зураг явуулахыг шаардав.


Мөн "Ягаан Сильвиа" зээл олгох тухай зарыг олон группийн пост, зургийн доор бичдэг хаяг руу ижил байдлаар хандлаа. Тэр биднээс бүхий л бичиг баримт болоод өөрийн зургийг шаардахын зэрэгцээ "Та хувийн мэдээллээ өгсөн тул таны зээл хэдхэн минутын дотор шийдэгдэхээр боллоо. Баяр хүргэе. Таны бүртгэлийг 6557DCQA/847М55ЗҮ/24DNPH бүртгэлийн дугаараар бүртгэсэн. Нотариатч гэрээг хүлээн авсны дараа гэрээг байгуулна. Үүнийг байгуулахын тулд эхлээд 315 мянган төгрөг төлөх шаардлагатай бөгөөд таны сэтгэл ханамж бидний тэргүүлэх чиглэл юм шүү" гэв.


Хачирхалтай нь, зээл авах гэж буй мэтээр хандан крилл үсгээр бичиж эхлээд дунд хэсэгт нь латин үсэг ашиглан чат бичихэд,

-Туршигч: Yg zeelee hezee ogoh bolomjtoin

-Dulamjav Puntsag: Монголоор бичнэ үү эрхэм ээ

-Туршигч:Asuultad hariulah bolomjtoi yu xo

- Мария Болор: Монголоор ярина уу

-Туршигч: aanxa awmaar bn boljin

-Ягаан Сильвиа: Монголоор бичнэ үү эрхэм ээ.

Латин үсэг ойлгохгүй байгаагаас харахад "Google translate" ашиглаж байх боломжтой харагдаж байна. Мөн ярианы үг хэллэг ашиглахгүй, хэт албан бөгөөд модон найруулгатай байсан юм. Тиймээс ийм байдлаар иргэдийг залилж, цуглуулсан бичиг баримтын мэдээллээрээ хэрхэж болзошгүй талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяагаас тодрууллаа.

-Иргэдэд зээл өгдөггүй бөгөөд итгэл үнэмшил дээр нь тулж, мөнгө авдаг-

Тэрбээр "Та их хэмжээний зээл, тусламж авч байгаа юм чинь "300 мянган төгрөг явуулах хэрэгтэй. Гурван сая төгрөг явуулах хэрэгтэй" гэх байдлаар иргэдээс мөнгө авдаг. Ингэхдээ хүүгүй, урьдчилгаагүй зээлдүүлнэ гэдэг. Мэдээлэл авахаар хандсан хүмүүс рүү автомат хариулагч нээчихсэн эхний ээлжид мэдээлэл өгдөг. Нас насны ангилалд нь тохирсон байдлаар чат илгээдэг. Автомат хариулагчийн илгээсэн мэдээлэлд хариу өгч, сонирхож байгаагаа илэрхийлбэл тухайн хүнтэй харьцах зорилттойгоор хүн бичиж эхэлдэг. Ихэвчлэн чатлахдаа "Google translate" буюу интернэтээр орчуулдаг хэрэгсэл ашигладаг. Хүмүүсийн итгэл үнэмшил, мөнгөний хэрэгцээнд нь тулгуурлаж залилаад байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс чатаар харьцаж хүнийг залилсан асуудалд тоон судалгаа хийх боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 буюу залилах гэмт хэрэгт нэг хэсэг нь хамрагдчихдаг. Нөгөө талдаа цахим хэрэгсэл ашиглаж үйлдэж буй учраас цахим гэмт хэрэгт хамардаг. Зүйлчлэлүүд нь өөр өөр учраас хэчнээн хүн эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг заваараа хохирсон гэдэг мэдээлэл гарах боломжгүй юм. Орон зай үл хамааран алсаас залилж байна.

Тэд хүмүүсийн бичиг баримтын мэдээллийг цуглуулж байгаа нь итгэл үнэмшил төрүүлж албан харилцааны ойлголт төрүүлдэг. Түүнчлэн тэдгээр этгээдүүд монголд данс нээлгэсэн байдаг. Харилцах банкны данс нээлгээд мөнгөн гуйвуулгаар гадаад руу татаж авдаг. Ингэхдээ өөр өөр гадаад хүний данс руу татдаг. Тиймээс бидний мөрдөн шалгах ажиллагаа гацчихдаг. Монгол Улсад ойр ойрхон баяр болж, иргэдэд мөнгөний хэрэг их байдаг. Эдийн засгаар сул улс орны иргэдэд байдаг түгээмэл хандлага дээр нь тулгуурлан ийм залилан манай улсад нэвтэрч чадсан гэж хэлж болно. Ихэвчлэн ийм хэргүүд ядуу буурай, Азийн улс орнуудад голлон бүртгэгдсээр байна. Яг аль улсын иргэд ийм байдлаар залилаад байгаа нь тодорхойгүй. Аль ч улсаас үүнийг хийж байж болно. Тиймээс иргэд хялбар аргаар зээл авах, банкны үйлчилгээ, процессоос цааргалж байгаад ийм үр дүнд хүрэх вий гэдгээс сэргийлэх хэрэгтэй байна" гэлээ.

Гадаадын иргэдийн үйлддэг энэ төрлийн залиланд өртсөн иргэнийг бид цагдаагийн байгууллагаар дамжин холбогдож, мэдээлэл авлаа.

-Бүртгэлийн хураамжаа баталгаажуулах, шилжүүлгийн шимтгэл гэж 5.3 саяыг залилуулаад блоклуулсан-

Иргэн У /Тэрбээр гэрэл зураг болоод нэрээ бүтнээр хэлэхээс татгалзав/: Зээл өгнө гэсэн зар нэг мэдээллийн доорх коммент уншиж байгаад харсан. Холбогдож асуухад надад "150 сая төгрөгийн зээл танд гарах боломжтой" гэсэн. Тэр үедээ итгээд л "Одоо ах нь яах вэ" гэхэд "Та таван сая төгрөг шилжүүлэх хэрэгтэй. Бүртгэлийн хураамжаа төлчих, хоёр хуваагаад хийж болно" гэсэн. Шилжүүлсний дараагаар таны данс руу мөнгө шилжихэд бэлэн боллоо. "Шилжүүлгийн хураамж 300 мянган төгрөг нэмээд хийгээрэй" гэсэн. Яг үнэн юм байна гэж ойлгоод тэр мөнгийг нь ч хийсэн. Гэхдээ намайг блоклосон. Би хаанаас яаж хайхаа мэдэхгүй байгаа" гэсэн юм.

-Надаас авсан бичиг баримтын мэдээллийг ашиглаж өөр хүмүүсийг залилж байна-

Бидэнд залилуулсан тухай мэдээллээ ярих иргэнийг хайж байх явцад ийм гэмт хэргийг зөвхөн гадаадын иргэд бус Монголчууд ч мөн ижил аргаар үйлддэг тухай мэдээлэл ирэв. Цахимаар ийн залилуулсан иргэн С.Чинтогтох хэлэхдээ "Би хохирогч. Мэдээллээ явуулаарай гэхээр нь явуулчихсан юм. ШИлжүүлэх шаардлагатай мөнгийг нь ч илгээсэн. Дараа нь намайг блоклсон. Би залилуулаад л өнгөрлөө гэж ойлгож байлаа. Гэвч намайг залилсан шигээ өөр хүмүүсийг маш олон янзаар "Диплом гаргана, жолооны үнэмлэх гаргана" гэж залилсан байсан. Ингэхдээ нэг хүнээс 300 мянгаас 3 сая төгрөг хүртэл дүнгээр авсан байв. Хамгийн аймшигтай нь миний нэрээр фейсбүүк хаяг нээсэн байгаа юм. Цаад хүн нь чамд яаж итгэх юм гэхээр "Би чамд иргэний үнэмлэхээ явуулах уу" гэж бичиж явуулаад "Одоо иргэний үнэмлэхтэйгээ авахуулсан зургаа явуулъя" гээд надаас авсан зүйлсээ ашигладаг байсан байгаа юм. Ийм байдлаар хоёр жилийн өмнө залилуулсан ч одоо ч яг миний нэр дээр залилангийн хэрэг бүртгэгдсээр л байна" гэлээ.

Ийм хэрэг олон улсад хэрхдэг талаар судлахад, залилангийн томоохон бүлэглэл байдаг агаад мөнгөн гуйвуулгыг тухайн улсын данснаас татаж авахдаа өөр өөр хүний нэр дээрх дансыг ашиглаж шилжүүлж авдаг байна. Ингэснээр олон улсад мөрдлөг хийх хүндрэлтэй байдаг тул хохирсон иргэн мэдээллээ нягтлаагүйгээрээ бурууддаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-15 10:17

Үгүй тэгээд хаяж болохгүй. Хэн хэн гэдэг хүний данс ашигласныг ядаж цагдаагийн газар ганц захиа тухайн орон руу илгээгээд мэдээлж болно. Шууд олдохгүй ч олон хэрэг дээр тэдний цагдаа сонирхож олж болно. Чимээгүй олон орон руу боломжгүй гээд хаяж болохгүй. Ядаж ийм гэмт хэрэг Монголд үйлдээд гадаадын ийм данс руу явуулаад байгааг мэдээлж болно.

Зочин
Зочин
2024-02-15 10:22

Тэр эмэгтэйн нэр, бичиг баримт ашиглаж з�##�илан хийгээд байгаа бол энэ том гэмт хэрэг. Эмэгтэй чи өөрөө иргэний үнэмлэхээ барьж буй зураг видэо бичлэг хийгээд өөрийгөө мөн гэдгийг батлаад Фб рүү холбогдох газар руу нь явуулж хүмүүс намайг з�##�илаад, миний нэр ус иргэний үнэмлэхний зураг ашиглаад (identity theft) з�##�илан хийгээд байна гэж хэлбэл фб тэр данснуудыг хаана. Чи мэдэгдэж буй ФБ хаягнуудыг шууд нэрлээд хаахыг хүссэн юм илгээх хэрэгтэй. Өөрөө гадаад хэл мэдэхгүй бол мэдэх хүнтэй хамт сууж байгаад бич. Тэр эмэгтэй болгоомжтой байхгүй бол, чамайг гэж з�##�иланд итгэсэн хүмүүс чамд муу юм хийхийг байг гэхгүй. Болгоомжтой байж хурдан дб-ийн тусламжтай фб-ээр өөрсдөөр нь хамаг мэдээлэл устгуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-02-15 10:24

Энэ хүмүүс эхлээд өөрийгөө хэн гэдэг хүнтэй/байгууллагатай харьцаж байгааг өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Ямар ч мөнгө зээлүүлдэг байгууллага шууд ФБ-ээр зээл олгодоггүй.

зочинy
зочинy
2024-02-16 09:17

ИЙМ ХОГИЙН ЮМАНД ИТГЭЭД МАЛ ЦАРАЙЛААД ЯВДАГ МААНАГ ИРГЭД ЯМАР ИХ БАЙНА АА ХАРАМСМААР
ХҮҮХЭД ШИГ ГЭНЭН ТЭНЭГ ИТГЭМТГИЙ БАЙВАЛ МАЛЛАХ ЛУЙВАРЧИН МАШ ИХ ШҮҮ МОНГОЛЧУУДАА
БИТГИЙ ИЙМ ТЭНЭГ ГЭНЭН МАНГАР БАЙ Л ДАА

Холбоотой мэдээ

Back to top button