Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Трамп “мөнгө”-өө төлдөггүй НАТО-гийн орнуудад ОХУ хүссэн зүйлээ хий гэсэн нь шуугиан дэгдээлээ

Дональд Трамп Ерөнхийлөгч байхдаа НАТО-гийн орнуудыг зэвсэгт хүчиндээ зарцуулах мөнгөө нэмэгдүүлэхийг шаардаж байсан. Тухайн үед Европын холбооны нэгэн дипломат “Ширүүн өдөр өнгөрлөө. Хэцүүхэн л хэлсэн. Үнэхээр илэн далангүй бас захирангуй байдалтай хэлсэн” гэсэн юм. Тэгвэл Трамп НАТО-гийн орнуудын зарцуулалтын талаар дахиад ярсан нь барууны орнуудын зарим томоохон албан тушаалтнуудаас шүүмжлэл дагууллаа.

Трампын ярьсан сэдэв нь “Хоёр хувийн зарцуулалт” гэгдээд буй улс орнууд хувийн зэвсэгт хүчиндээ ДНБ-ээсээ хоёр хувийг зарцуулах зорилт тавьсан тухай юм. Энэ сарын 10-ны өдөр Өмнөд Каролина мужид сонгуулийн кампанит ажлаа хийж байхдаа хэлсэн үг нь шүүмжлэл дагуулсан.

Тэрбээр “Намайг Ерөнхийлөгч болоход л НАТО-гийн тогтолцоо сүйрсэн байсан. Тэгээд би “Хүн болгон мөнгөө төлнө” гэж тэдэнд хэлсэн. Тэгтэл тэд “Хэрвээ төлөхгүй бол бид нарыг хамгаалсаар байх уу?” гэж асуусан юм. Огт үгүй гэж хариулсанд минь тэд балмагдсан шүү. Үгүй ээ, би та нарыг хамгаалахгүй. Үнэнийг хэлэхэд тэднийг (ОХУ) хүссэн зүйлээ хий гэж хэлмээр байна. Төлөх хэрэгтэй, мөнгөө төлөх хэрэгтэй” гэсэн юм.

Трамп Өмнөд Каролина мужид, зургийн эх сурвалж: CTV News

Трампыг ингэж хэлснээс нэг өдрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Дональд Трамп хэлсэн зүйлдээ Путинд дахин дайн, хүчирхийлэл үйлдэхэд нь ногоон гэрэл тавьж өгч, эрх чөлөөт Украины эсрэг харгис хэрцгий дайралтаа үргэлжлүүлэн, Польш болон Балтын ард түмэнд рүү түрэмгийлэх зөвшөөрөл өгөх санаатай гэж хэлсэн нь аймшигтай бас аюултай” хэмээсэн.

Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эндрю Бейтс “Хамгийн ойрын холбоотон улсууд руу алуурчин дэглэмүүд халдахыг өөгшүүлэх нь аймшигтай хэрэг. Энэ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, дэлхийн тогтвортой байдал, дотоодын эдийн засагт аюул учруулж байна” гэсэн юм.

НАТО гэж юу вэ?

Хойд Атлантын Эвслийн Байгууллага буюу НАТО нь 1949 онд Хүйтэн дайны хурцадмал байдал болон ЗХУ-ыг эсэргүүцэх зорилгоор Хойд Америк, Европын орнуудын үүсгэсэн улс төр, цэргийн эвсэл.

НАТО нь анх 12 гишүүнтэй үүсгэн байгуулагдсан бол Украины дайн эхэлсний дараа 2023 онд Финланд нэмэгдэж одоо 31 гишүүнтэй болсон. Тус холбоонд байх хамгийн том давуу тал нь гишүүний гэрээний тавдугаар зүйл юм.

НАТО-гийн далбаа, зургийн эх сурвалж: Reuters

Тавдугаар зүйлд зааснаар аль нэг гишүүн рүү халдвал бүгдэд нь халдсан гэж үзэж холбоогоороо хариу арга хэмжээ авна. Гэхдээ Зургаадугаар зүйлд зааснаар газар нутгийг Мэлхийн замаар хязгаарладаг. Ийм учраас Мэлхийн замаас доор оршдог АНУ-ын эзэмшлийн Хавай, Пуэрто-Рико эсвэл Францын Гвиана, Их Британийн Флокландын арлууд гэх мэт арлууд руу дайрсан тохиолдолд тавдугаар зүйл үйлчлэхгүй.

НАТО гишүүн орнуудын зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр гаргадаг ч улс төр, цэргийн хүч чадал, цөмийн зэвсгийн нөөц зэрэг нь АНУ-ыг тус холбооны хамгийн хүчирхэг, нөлөө бүхий орон болгодог.

Трамп яг юуны талаар яриад байгаа вэ?

2017 оноос 2021 оны хооронд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа НАТО-гийн гишүүн орнуудыг өөрсдийнхөө батлан хамгаалахын салбарт хангалттай мөнгө зарцуулдаггүй, аюулгүй байдлаа Вашингтонд найдаж байна гэж шүүмжилсэн юм.

НАТО-гийн орнууд 2006 онд хуралдаж ДНБ-ийхээ хоёр хувийг дотоодынхоо зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд зарцуулах зорилт тавьсан байдаг. Тухайн үед тус холбооны төлөөлөгч “Тодруулж хэлье, энэ нь гишүүн орнууд үүнийг биелүүлнэ гэсэн хатуу амлалт биш. Харин биелүүлэхээр зүтгэнэ гэсэн амлалт” гэж байв.

Зургийн эх сурвалж: Politico

2023 оны байдлаар НАТО-гийн 31 гишүүний 11 нь (Польш [3.9%], АНУ [3.49%], Грек [3.01%], Эстони [2.73%], Литва [2.54%], Финланд [2.45%], Румын [2.44%], Унгар [2.44%], Латви [2.27%], Их Британи [2.07%], Словак [2.03%]) ДНБ-ийхээ хоёр хувийг батлан хамгаалахын салбартаа ашигласан.

Трампын хэлсэн үгийг сонсохоор улс орнууд НАТО-гийн үйл ажиллагааг явуулахад төлөх ёстой хэмжээндээ мөнгө өгдөггүй мэт бодол төрнө. Гэхдээ “хоёр хувь” гэгдээд буй хэмжээ нь улс орнуудын дотоодын зэвсэгт хүчиндээ зарцуулах амлалтын хэмжээ юм.

Гэхдээ НАТО АНУ дээр тулгуурладаг гэдэг нь үнэний ортой. Тухайлбал 2020 онд НАТО-гийн батлан хамгаалахын зардлын 70 хувийг АНУ бүрдүүлсэн байна.

Тус холбоо жил бүр улс орнуудаас авдаг нийтлэг санхүүжилт гэж бий. Нийтлэг санхүүжилтийн мөнгөний хамгийн их хувийг АНУ болон Герман төлдөг байна. Тодруулбал 2023 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс 2024 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэл АНУ, Герман хоёр тус тус нийтлэг санхүүжилтийн 16.1964 хувийг төлөх болжээ.

Трампын хэлсэн үг ямар өөрчлөлт авчрав?

НАТО-гийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн лхагва гарагт /2024.02.14/ Европ зардлын зорилтоо биелүүлнэ хэмээсэн байна. 2023 онд НАТО-гийн Европ дахь гишүүн орнууд нийтдээ ДНБ-ийхээ 1.85 хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулсан.

Үүнийг 2024 онд хоёр хувь болгон Европын гишүүн орнууд нийтдээ 380 тэрбум ам.долларыг зарцуулна гэж Столтенберг мэдэгджээ. Харин Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте өнгөрсөн бямба гарагт /2024.02.17/ “Трампын талаар гуншгинан, гонгинохоо боль” гэсэн байна.

Йенс Столтенберг, зургийн эх сурвалж: Reuters

Барууны орнуудын зарим албан тушаалтнуудын эмээж буй зүйл нь Трамп дахин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ирээдүйн нөхцөл байдал. Энэ жилийн сонгуулиар Трамп ялах магадлал өндөр байгаа. Зарих шинжээчид Трамп сонгогдвол АНУ НАТО-г орхино гэж үзэж буй.

АНУ НАТО-гоос гарахын тулд Конгрессын 60 хувь дэмжих шаардлага тулгарна. Ийм учраас бараг бүтэхгүй гэсэн үг. Гэхдээ Хилари Клинтон Трамп НАТО-д санхүүжилт өгөхөө зогсоож, зүгээр л нэр төдий гишүүн болгож магадгүй хэмээжээ.

Метте Фредериксен, зургийн эх сурвалж: Euro News

Ийм учраас Рютте мөн Германы канцлер Олаф Шольц, Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен гэх мэт Европын томоохон албан тушаалтнууд тодорхойгүй ирээдүй тулгараад байхад Европ бие даах чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлжээ. Тухайлбал Фредериксен “АНУ-д юу ч боллоо гэсэн бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй” хэмээсэн юм.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трампын хэлсэн үг ийнхүү НАТО-гийн гишүүн орнуудад шуугиан тарьж, Европ батлан хамгаалахын салбарт бие даасан байдлаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн ярианд хүч нэмсэн явдал боллоо.

Эх сурвалж: Reuters, CNBC, Statista, Rollcall, Radio Free Europe

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2024-02-19 13:06

Трампын зөв. НАТО- н гишүүн орнууд мөнгөө төлөх ёстой. Ганц АНУ-д биш Туркт бас мөнгө төлөх ёстой. Цаашлаад Япон, БНСУ зэрэг азийн улсыд АНУ-д төлбөр төлөх нь шударга болно. Улс орныхоо гадаад аюулгүй байдлыг хүнээр харуулчаад бусдыг өдөөд суугаад байж таарахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button