Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн тойм, анализ

Олон асуудалтай тулгараад буй БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2024 онд удааширна

Өнгөрсөн жил дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд хэцүүхэн өнгөрсөн. Үүнд манай урд хөрш ч орно. Тэгвэл БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа, дэлхийн томоохон байгууллагууд энэ жил ямар өсөлт үзүүлнэ гэж тооцоолсныг харцгаая.

Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засагт хэд хэдэн асуудал тулгараад байгаа. Үүнд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн түүхэн уналт, дефляц, өрийн өсөлт, төрөлтийн бууралт, ажиллах хүчний хомсдол мөн үзэл сурталд суурилсан бодлогын улмаас гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан явдлууд орно.

Үүсээд байгаа асуудлуудыг илүү дэлгэрэнгүй авч үзвэл

БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтийн хөдөлгөгч хүчин зүйл болж өгсөн томоохон салбаруудын нэг нь үл хөдлөх хөрөнгийн салбар. Хурдтай өсөж буй хүн ам болон хотжилтоос үйдэлтэй үл хөдлөх хөрөнгийн салбар тус улсад хурдацтай хөгжсөн юм.

Гэвч Хятадын эдийн засгийн 30 гаруй хувийг үүсгэдэг үл хөдлөх хөрөнгийн салбар гурван жилийн өмнө хямралд орсон. БНХАУ-ын барилга бүтээн байгуулалтын компаниуд эрэлт өндөр байгаа тул олон жилийн турш баригдаж дуусаагүй байгаа барилгууд зарсаар ирсэн байна.

Зургийн эх сурвалж: New York Times

Ингэхдээ компаниуд их хэмжээний зээл авдаг байв. Гэвч үүний улмаас санхүүгийн тогтворгүй байдал үүснэ гэж БНХАУ-ын засгийн газар болгоомжилсон тул үл хөдлөх хөрөнгийн компаниуд их хэмжээний зээл авах явдлыг таслан зогсоосон юм.

Үүний улмаас БНХАУ-ын хоёр дахь хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани болох “Evergrande” 2021 оны арван хоёрдугаар сард 300 тэрбум ам.долларын өрөө төлж чадахгүйд хүрч, дампуурлаа зарласан.Үүний улмаас БНХАУ-д шинээр баригдаж буй барилгын тоо метр квадратаар тооцвол 2020, 2021, 2022 онд тус тус 2, 11, 39 хувиар буурчээ.


Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын эхээр БНХАУ-ын эдийн засаг дефляцад орсон. Тус улирлын дундуур энэ асуудал нь дээрдсэн ч энэ жилийн нэгдүгээр сард дефляцад улам гүн орсон байна.

БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооны энэ сард гаргасан тоо баримтаас харвал нэгдүгээр сард хэрэглээний үнийн индекс (CPI) нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурчээ. Энэ нь 2009 оны есдүгээр сараас хойш үзэгдсэн хамгийн огцом уналт юм.

CPI буурснаар бараа, үйлчилгээний үнэ тогтмол буурч инфляцыг багасган заримдаа дефляцад хүргэдэг. Гэхдээ шинжээчид Цагаан сарын баяраар эрэлт нэмэгдсэн тул CPI хоёрдугаар сард нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

Зургийн эх сурвалж: CNN

БНХАУ-ын хөрөнгийн зах зээл энэ оныг хэцүүхэн эхлүүлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 6 их наяд ам.доллароор буурсан юм. Хятадын хөрөнгийн биржид арилждаг шилдэг 300 хувьцааны CSI 300 индексийн ханш сүүлийн 5 жилд байгаагүй доод хэмжээндээ хүрсэн.

Мөн БНХАУ-ын гадаадаас орж ирж буй хөрөнгө оруулалтыг хэмждэг хэмжүүр 1998 оноос хойш анхны удаа өнгөрсөн жил буурсан байна. Тодруулбал гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжүүр нь 2022 онтой харьцуулахад 82 хувиар буурч, 1993 оноос хойш харагдаагүй хэмжээнд хүрч буурсан юм.

Хятадын албан тушаалтнууд ямар арга хэмжээ авав

Эрх баригчид Цагаан сарын баяр эхлэхээс өмнө хувьцаануудын ханш уналтыг зогсоох хэд хэдэн арга хэмжээ авсан. Тодруулбал хөрөнгө оруулагчид ханш нь унаад буй хувьцаагаа худалдаж байгаа явдлыг багасгахын тулд төрийн сангууд төрийн өмчит томоохон банк болон компаниудын хувьцааг худалдан авахаа нэмэгдүүлсэн байна.

Мөн хувийн хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компани, нийгмийн даатгалын сан, даатгалын компаниуд гэх мэт хөрөнгө оруулагчдыг хувьцаа худалдан авахад дэмжлэг үзүүлж эхэлсэн юм.

Үүний үр дүнд CSI 300 индексийн ханш Цагаан сарын өмнөх долоо хоногт 5 жилийн доод түвшинд хүрээд байснаасаа 5.8 хувь өссөн байна. БНХАУ-ын хөрөнгийн биржүүд Цагаан сарын баяраар буюу хоёрдугаар сарын 9-нөөс 16-ний хооронд амарч, хувьцаа арилжаагүй.

Арилжаа нээсний дараа хувьцааны голлох индексүүд өссөн юм. Тухайлбал CSI 300 индекс баасан гарагт 0.86 хувийн өсөлт үзүүлж, найман арилжаа дараалан нэмэгдсэн байна.

БНХАУ-ын Төв банк, зургийн эх сурвалж: Bloomberg

Мөн БНХАУ-ын Төв банк үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжихийн тулд ипотекийн зээлийн хүүд урьд өмнө нь байгаагүй хэмжээгээр бууруулав. Мягмар гарагт /2024.02.20/ ипотекийн зээлийн хүүд нөлөөлөх бодлогын хүүгээ бууруулж буйгаа мэдэгдсэн.

Тодруулбал Хятадын ардын банк таван жилийн хугацаатай зээлийн хүүгээ 4.2 хувиас 3.95 хувь болгон бууруулсан байна. Харин нэг жилийн хугацаатай зээлийн хүүг өөрчлөлгүй 3.45 хувьд барьжээ. Банкнууд таван жилийн хугацаатай зээлийн хүүг ипотекийн зээлийн хүүний суурь болгон ашигладаг юм.

БНХАУ-ын эдийн засаг энэ жил хэдий хэмжээний өсөлт үзүүлэх вэ

Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засагт ямар асуудал үүсээд байгаа, үүнтэй тэмцэхийн тулд эрх баригчид ямар арга хэмжээ авсныг авч үзлээ. Одоо дэлхийн томоохон байгууллагууд БНХАУ-ын эдийн засаг 2024 онд ямар өсөлт үзүүлнэ гэж таамагласныг харцгаая.

БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.2 хувийн өсөлт үзүүлсэн. АНУ-ын хамгийн том банкнууд болон “Goldman Sachs”, “Morgan Stanley” БНХАУ-ын эдийн засгийг 2024 онд 4.6 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.“JP Morgan” банк 4.9 хувийн өсөлт үзүүлнэ хэмээсэн байна. Тэгвэл Олон улсын валютын сан 4.6 хувиар өснө гэж хэтийн төлөвийн тайландаа бичсэн юм.

Эх сурвалж: CNN, CNBC, Business Standard, South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зөв шүү
зөв шүү
2024-02-24 10:31

ГЭХДЭЭ Л 4.6 ХУВЬ БОЛ ӨНДӨР ӨСӨЛТ ШҮҮДЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button