Top StoriesДатаграфик СтатистикНийгмийнЭдийн засгийн мэдээ

Даатгалтай 8 хувь малчид хохирлоо 60-100 хувь барагдуулж, даатгалгүй нь хоосон хоцорно

Цаг уурын хүнд үеийг малчин ард даван туулж байна. Тухайлбал, 2023-2024 оны өвлийн сар шувтарч буй энэ үед 13 аймгийн 58 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 суманд цагаан зуд,18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Түүнчлэн хоёр сая орчим мал хорогдоод буйг УОК-ын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хүргэлээ.

Малын хорогдлын байдал нь малчдын цаашдын амьдрал ахуйтай шууд уялддаг. Тэд цаг үеийн давагдашгүй хүчинд эд хөрөнгөө алдсан ч эргүүлэн тодорхой хувийг нь барагдуулах боломж манай улсад одоогийн байдлаар даатгалын тогтолцоо л байгаа юм.

-

Өнөөдрийн байдлаар малчдын малаа даатгуулсан байдлыг шугаман графикаар танилцуулбал,

Эх сурвалж: ҮСХ

Нийт даатгалтай малын тоо долоо орчим сая байгаа ч үүнийг малчин өрхөөр нь авч үзвэл 27 мянга 457 өрхийн мал даатгалтай гэсэн үг. Харин Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 242 мянга 23 өрх, 2023 онд 248 мянга 296 малчин өрх байдаг гэх судалгаа бүртгэгджээ.


-Нийт малын 8 хувь нь даатгалтай, 92 хувь нь даатгалгүй-

Даатгуулагч малчин өрхөд даатгалын хураамж буюу даатгалынхаа зардлыг хамгийн боломжит түвшинд тохируулах, даатгалын компаниуд буюу хувийн хэвшлийн оролцоог хангах зэрэг олон хүчин зүйлийг үнэлж байгаад малын индексжүүлсэн бүтээгдэхүүнийг олон улсын шинжээчийн багтай хамтран боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх төсөл 2014 онд дуусч, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 оны зургадугаар сарын 14-ний өдөр батлагдсан байдаг. Энэ хуулийн дагуу Үндэсний давхар даатгалын компани үүсгэн байгуулагдсан юм.

Тэгвэл хууль батлагдаагүй үед ч зарим малчид эрсдэлээс сэргийлж малаа даатгуулж байсан нь дээрх шугаман графикт харагдаж байна. Гэсэн хэдий ч энэ нь нийт малын ердөө 10 хувь хүрэхгүй хэмжээнд байна. Тухайлбал, 2022 онд нийт 5 сая 704 мянга 107 мал даатгагдсан бол тухайн жилийн мал тооллогод 71 сая 120 мянга 433 мал бүртгэгдсэн байгаа юм. Энэ нь тухайн жилд нийт малын найман хувь нь даатгалтай, үлдсэн 92 хувь нь даатгалгүй байсныг харуулж буй.

Монгол Улс дахь малын тоог доорх шугаман графикаас хараарай.

Эх сурвалж: ҮСХ

-Малчид сайн дураар даатгуулах хуулийн заалттай-

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар малаа даатгуулсан 27 мянган өрх буюу 5.7 сая малыг даатгуулахдаа сайн дурын үндсэн дээр, тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах, төрлөөр нь даатгуулах, хорогдлын хувийг сумын түвшинд тодорхойлох, нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилах зэрэг хуулийн зүйл заалтад тулгуурлан даатгуулдаг аж.

Тэгвэл даатгуулсан малчид нөхөн төлбөрийг авахдаа тус хуулийн зургадугаар зүйлд үндэслэх юм байна. Тус зургадугаар зүйлд ийн тусгажээ.

6.1.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн оны хагас жилийн мал тооллогын дүнг үндэслэн сумын малын хорогдлын тоог гаргана.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан тооллогыг тухайн жилийн 6 дугаар сарын эхний хагаст багтаан түүвэр судалгааны аргаар зохион байгуулна.

6.3.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон малын хорогдлын тоог өнгөрсөн жилийн эцэст тоологдсон малын тоонд харьцуулан сумын малын хорогдлын хувийг малын төрөл тус бүрээр гаргаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

6.4.Бүх шатны Засаг дарга Статистикийн тухай хуульд заасан статистикийн мэдээллийн талаарх бүрэн эрхээс гадна энэ хуулийн 6.3-т заасан мэдээллийг даатгуулагчид шуурхай хүргэх арга хэмжээг авна.

-"Хүнд жилд малаа сайн малласан малчин ч даатгал авах боломжтой"-

Дээрх хуульд үндэслэн малаа даатгуулснаар малчин зүй бус мал хорогдолдоо сумын хэмжээний дүндээ үндэслэн нөхөн төлбөр авах аж. Энэ талаар Үндэсний давхар даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхланттай малын индексжүүлсэн даатгалын талаар ийн тайлбарласан байдаг.

Тэрбээр "Өнгөрсөн жил 27 мянган малчин өрх даатгалд хамрагдсанаас 14 мянга нь 4.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авсан. Өөрөөр хэлбэл, даатгалд хамрагдсан малчдын хоёр хүн тутмын нэг нь авчээ гэсэн үг. Малчид малынхаа үнэлгээг өөрсдөө сонгодог. Энэ төрлийн даатгалын онцлог бол малыг зүсэлж биш, сүргийн бүтцээр нь даатгадаг. Таван хошуу малынхаа хонин сүргийг даатгуулъя гэхэд нэгж хониныхоо үнэлгээг өөрөө тогтооно гэсэн үг. Ингэхдээ хэдээр ч тогтоож болно. Сүүлийн үед малын индексжүүлсэн даатгалын дийлэнх орлогыг банкны системээр дамжуулж бүрдүүлж байна. Малчны зээлтэй уялдуулаад даатгалд хамрагдах уу, үгүй юү гэдгийг сонгоно. Хамрагдвал тодорхой хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээл авах боломжтой гэх байдлаар хэрэгжүүлж байна.

2023-2024 оны даатгалын эрсдэлийн жил гэвэл 2023 оны намраас 2024 оны зуны эхэн сар хүртэл буюу долдугаар сарын 1 хүртэл гарсан хохирлыг даатгалд хамруулахдаа 2023 оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд даатгалын гэрээ хийгддэг. Түүнээс хойш хийгдэхгүй. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл гэрээ хийгдэнэ. Энэ нь 2025 оны даатгалын гэрээ гэсэн үг. Өнгөрсөн жилийн байдлаар 35 мянган малчин өрх буюу нийт малчин өрхийн 18 хувь нь хамрагдсан. Малын тоо толгой гэвэл долоон сая мал даатгуулсан байна.

Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт зургаан хувиар тооцоход тухайн сумын малын хорогдол хагас жилийн түүвэр тооллогоор 10 хувь гарлаа гэж бодъё. Зургаа хүртэлх хувийн эрсдэлийг малчин өөрөө даадаг. Харин 6-10 хүртэлх буюу дөрвөн хувийн хохирлын нөхөн төлбөрийг даатгалаас авах эрхтэй болдог. Гэхдээ мал нь хорогдоогүй малчин энэ дөрвөн хувийн нөхөн төлбөрийг авах боломжтой.

Гол нь даатгуулчихсан байна. Магадгүй сайн малчин гэж хэлж болно. Нэг ёсондоо сайн малчны урамшуулал ч гэж ойлгож болно. Малаа онд мэнд оруулахын тулд маш их хөдөлмөр зарсан байгаа. Гэтэл сумын хэмжээнд гамшгийн үзүүлэлтэд хүрчихсэн, их хэмжээний хохирол гарчихсан байдаг. Тиймээс л авч байгаа хэрэг.

Нөгөө талд сумын нийт малын хорогдлын хэмжээ зургаан хувьд хүрээгүй мөртлөө малынхаа тал хувийг алдах тохиолдол бий. Малын босго үзүүлэлтээс даваагүй учраас тэд нөхөн төлбөр авах боломжгүй. Сумын малын хорогдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрээгүй учраас тэр. Өнгөрсөн жил гэхэд Сүхбаатар аймгийн хэд хэдэн суманд хохирлын хэмжээ найман хувь гарсан. Гэтэл 20, 30, 40 хувиар малаа алдчихсан малчид байсан. Сумын хэмжээнд хохирол найман хувьтай байгаа учраас зөрүү болох хоёр хувийн нөхөн төлбөрийг л даатгуулсан малчид нийтээрээ авсан. Малаа бага үнэлгээгээр даатгуулж байгаа учраас нөхөн төлбөр бага гардаг. Энэ бол даатгуулагч буюу малчны хувьд сул тал гэж хэлж болно. Гол нь энэ бол гамшгийн эрсдэлийн даатгал шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд хамгийн өндөр нөхөн төлбөрийг Төв аймгийн Баянцогт сумын малчин 14 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан байдаг.

Энэ жилийнх шиг цастай хүйтэн хавсарсан хүнд өвөл 2010-2011 онд болж байсан. Нийт малын 30 хувь хорогдсон. Энэ жил хэд болохыг хэлж мэдэхгүй. Хавар нь урт болно. Энэ хугацаанд одоо муудсан мал сэхэх магадлал багатай" гэж тайлбарласан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button