Гадаад мэдээДЭЛХИЙТехнологиЭдийн засгийн тойм, анализ

Технологийн компаниудын орлого нь нэмэгдсэн ч цомхотгол явуулсны учир юу вэ

Дэлхийн томоохон технологийн компаниуд ашиг нь өндөр байгаа ч ажилчдаа олон мянгаар нь цомхотгох болжээ. Үүний учир юу вэ?


Өнгөрсөн сард АНУ-ын Сенатын танхимд томоохон таван сошиал платформын захирлууд оролцсон нээлттэй сонсгол болсон нь дэлхий дахины анхаарлыг татсан. Сонсголын үеэр “Meta” компанийн захирал Марк Зукерберг компанийнх нь сошиал платформуудаас болж хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлал гуйсан юм.

Марк Зукерберг эцэг эхчүүдээс уучлал гуйсан мөч. Зургийн эх сурвалж: BBC

Зукербергийн уучлал гуйсан явдал тэр даруйдаа олон нийтийн анхаарлыг татаж, технологийн салбарт ярианы сэдэв болсон. Тэгвэл нийтийн анхаарлын төвд хараахан ороогүй байгаа нэг зүйл дэлхийн томоохон технологийн компаниудад болоод байна.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн мягмар гарагт /2024.02.27/ “Apple” компани автомат жолоодлоготой цахилгаан машин хөгжүүлэх төслөө зогсоож буйгаа мэдэгдсэн. Тус төсөл дээр ажиллаж байсан зарим ажилчдаа хиймэл оюун ухааны хөгжүүлэлт рүү шилжүүлэх бол үлдсэн олон зуун ажилтнаа цомхотгох юм.

Технологийн компаниуд хэр их ажилтнаа цомхотгосон бэ

2024 он гарснаас хойш бусад технологийн компаниуд ч гэсэн олон мянган ажилтнаа цомхотгосон. Тодруулбал цар тахлаас хойш технологийн компаниудын цомхотголыг бүртгэж ирсэн “Layoffs.fyi” сайтаас харвал энэ жил эхэлснээр 182 компани 46,066 ажилтнаа цомхотгосон байна.

Энэ тоонд үйл ажиллагаагаа зогсоосны улмаас ажилгүй болсон хүмүүс багтаж байгаа ч өнгөрсөн жилийн сүүлийн улиралд орлогын тайлан нь сайн үр дүнтэй гарсан томоохон компаниудын ихэнх нь мөн оржээ.

Тухайлбал “Microsoft” тайландаа орлого нь 17.6 хувиар өсөж 62.02 тэрбум ам.долларт хүрсэн гэж зарлахынхаа өмнө 1,900 ажилтнаа цомхотгосон. “Google” орлого нь 13 хувиар өсөж 86.31 тэрбум ам.долларт хүрснийг мэдэгдэхээсээ өмнө мянга гаруй ажилтан цомхотгосон байна. Мөн “Amazon” компанийн ашиг 14 хувиар нэмэгдэж 169.96 тэрбумд хүрсэн ч мянган ажилтан цомхотгосон.

Зургийн эх сурвалж: Tipranks

Эдгээр компаниудтай харьцуулахад жижигхэнд тооцогдох компаниуд бага хэмжээгээр ажиллах хүчээр цөөлжээ. “Zoom” компани ажиллах хүчнийхээ 2 хувь буюу 150 хүн, “Discord” компани ажиллах хүчнийхээ 17 хувь буюу 170 ажилтан, “Snapchat” ажиллах хүчнийхээ 10 хувь буюу 540 ажилтнаа чөлөөлсөн байна.

Цомхотголын нийт тоо нь 2022 болон 2023 онтой харьцуулахад бага. Гэхдээ тэдгээр жилүүдтэй харьцуулахад эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байгаа. Тухайн үед улс орнуудын инфляц өндөр түвшинд хүрч, дэлхийн эдийн засаг тодорхойгүй нөхцөл байдалд ороод байсан юм.

Гэвч одоо АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт сайжирч, инфляц харьцангуй бага түвшинд очсон байгаа билээ. Тэгвэл технологийн компаниуд яагаад нэмж хүн ажилд авахаас татгалзаж, ажиллах хүчээ цөөлөөд байна вэ?

Хэд хэдэн шалтгаантай

“New York Times”-д мэдээлснээр 2019 оны сүүлээс компаниуд их хэмжээгээр ажиллах хүчнээ цомхотгож эхлэх хүртэл “Apple”, “Amazon”, “Meta”, “Microsoft” болон “Google” компанийн нийт ажилчдын тоо 900 мянгаар нэмэгджээ.

Ажиллах хүчээ цөөлөх болсон нэг шалтгаан нь цар тахлын эрэлт өндөртэй үед ажилд авсан орон тоонуудаа хасах гэж “Layoffs.fyi” сайтын үүсгэн байгуулагч Рожер Ли “Bloomberg” агентлагт хэлсэн байна.

Тэрбээр “Технологийн компаниуд цар тахлын үеэр үүсгэсэн илүүц ажлын байраа багасгахыг одоо хүртэл оролдсоор байна. Учир нь өндөр бодлогын хүү, технологийн салбарын талаар зах зээлд үүссэн сөрөг хандлага таамагласнаас удаан үргэлжиллээ” хэмээсэн юм.

Мөн нэг шалтгаан нь компаниуд хиймэл оюун ухааны хэрэглээнд шилжилт хийж байгаа явдал. Улирал бүр шинээр мянга мянган хүн ажилд авахын оронд компаниуд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд хөрөнгө оруулахыг илүүд үзэх боллоо.

Тухайлбал “Meta” компанийн захирал Марк Зукерберг хиймэл оюун ухаантай холбоо бүхий урт хугацааны зорилгодоо хөрөнгө оруулахын тулд нэгдүгээр сард цомхотгол явуулсан гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Calcalist Tech

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button