Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн ярилцлагаЯрилцлага

П.Нямдорж: 1072-ын ногдол ашгаар дахин хувьцаа авбал сарын дотор 12.5%-ийн өгөөж хүртэх боломжтой

“Новел ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Нямдоржтой хөрөнгө оруулалт, хувьцааны салбарын өнөөгийн байдал болоод ухаалаг хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх вэ агуулгын хүрээнд ярилцлаа.

-Хөрөнгийн зах зээл тэр дундаа хувьцааны салбарын оргил үе ирж, компаниуд санхүүгийн тайлангаа гаргажээ. Энэ жилийн санхүүгийн тайлан өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар ялгаатай гарсан бэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Өнгөрсөн хоёр жил банкны салбарын реформтой холбоотойгоор системийн таван банк IPO хийсэн. Энэ таван банк Монголын хөрөнгийн зах зээл дээр соёл, шинэ засаглал, ашиг орлогын шинэлэг үзүүлэлтүүдийг гаргаж байна. Хаанбанк тухайлбал 550 орчим тэрбумын цэвэр ашигтай ажилласан гэдэг бол Монголын хөрөнгийн зах зээл дээр хамгийн өндөр ашигтай ажилласан нээлттэй хувьцаат компани боллоо. Ийм өндөр ашигтай ажиллаж байсан хувьцаат компани түүхэнд байгаагүй. Бусад банкнууд мөн өндөр хэмжээний ашигтай ажиллаж байгаа нь бусад хувьцаануудад үлгэр дуурайлал, тодорхой хэмжээний өрсөлдөөнийг бий болгож байна.

Хөрөнгө оруулагчид аль ашигтай, үнэ цэнтэй хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг. Бидний сайн мэдэх APU, Говь үйлдвэрийн газруудын цэвэр ашгийн хэмжээгээрээ банкнуудаас харьцангуй бага байна. Түүнтэй холбоотойгоор банкнуудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна. Эсрэгээрээ хуучин үнэ цэнтэйд тооцоогддог байсан компаниудаас гарах, тэдгээр компаниудын хувьцааны ханш унах, ногдол ашигтай холбоотойгоор өндөр өсөлтийг үзүүлдэг байсан нь багассан байна. Үүгээрээ онцлог жил болж байна.

Маш өндөр хэмжээний буюу өмнөх жилүүдээсээ ашигтай ажилласан хэр нь үнэ ханшид нь нөлөөлөхгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь банкны үйл ажиллагаа, ашиг орлоготой холбоотой байгаад байна.

-Санхүүгийн тайлан гарсан тул зах зээл идэвхтэй хөдөлгөөнд ороод эхэлжээ. Энэ үед хүмүүс ханшийн зөрүүнээс ашиг хүртэх эсвэл ногдол ашгийн өгөөж авах зэрэг янз бүрийн зорилготойгоор арилжаанд оролцож байна. Санхүүгийн шинжилгээг хийхдээ иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хөрөнгө оруулалт хийхэд санхүүгийн шинжилгээ хамгийн чухал. Шинжилгээ судалгаан дээр үндэслэж орсон арилжаа эрсдэл багатай, өгөөж өндөр байх боломжтой. Иргэд шууд хөрөнгө оруулалтаар уг зах зээлд оролцох нь дийлэнх тохиолдолд ажиглагддаг. Олон улсын жишгээр шууд бус буюу Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж арилжаанд оролцдог. Ингэснээр хувь иргэд шинжилгээ судалгаа хийхээс чөлөөлөгдөж байгаа юм. Монгол Улсын хувьд шууд хөрөнгө оруулалт маш түгээмэл буюу нийт зах зээлийн 90 орчим хувь нь иргэд өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд явж байдаг. Нэгэнт ийм урвуу тогтолцоотой байгаа учраас иргэд тодорхой хэмжээний суурь судалгаа шинжилгээ хийх арга барилд суралцах зайлшгүй шаардлагатай.

Суурь шинжилгээн дээр хэд хэдэн үзүүлэлтийг анхаарах хэрэгтэй. Компанийн үйл ажиллагаа хэр зэрэг явж байна, цаашдын ирээдүйн төлөвлөгөө нь юу байх, салбарынх нь үйл ажиллагаа ямар байгаа, улс орон, дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа зэргийг анхаарах нь зүй. Бүс нутагтаа ямар оролцоотой үйл ажиллагаатай байгаа юм бэ гэх маягаар шинжилгээ судалгаа хийх хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь компанийн санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж сурах хэрэгтэй. Хэцүү зүйл байхгүй. Хэд хэдэн голлох харьцаануудыг харах хэрэгтэй.

-Голлох харьцаанд юу юу багтаж байна вэ?

-Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсан дээр компани болгоны санхүүгийн тайланд үндэслэж үндсэн харьцаа үзүүлэлтийг гаргадаг. Үүнд нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ, үнэ ашгийн хэмжээ зэрэг голлох үзүүлэлтийг харуулсан байдаг тул хамгийн эхний алхмаа Монголын хөрөнгийн биржийн мэдээллээс харж, унших чухал. Эхний ээлжид тухайн компаниа нэгж хувьцаандаа хэр зэрэг өгөөжтэй байх, үнэ ашиг буюу хэр өндрөөр үнэлэгдэж байгаа юм. Одоо байгаа зах зээл дээрх үнэлгээ бодитой юу хөөсрөлтэй юү гэх үзүүлэлтийг харж болно. Мөн нийт хөрөнгөө хэрхэн ашиглаж хэр хэмжээний үр ашигтай явж байгаа, нийт хөрөнгөө эргэлтэд оруулж үр өгөөжийг нь гаргаж байна вэ гэх мэтчилэн харьцаа үзүүлэлтийг харах хэрэгтэй.

Аль үзүүлэлт нь ямар хэмжээнд байх вэ гэдгийг тодорхой хэмжээнд ойлгоод авах чухал. Ингэвэл бэлэн үзүүлэлтийг хараад ойлголт авч хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг гаргаад явахад санхүүгийн харьцаа үзүүлэлт чухал нөлөө үзүүлнэ.

Мөн хамгийн гол зүйл бол үйлчлүүлж байгаа брокерын газраа хандаж, мэдээлэл авсны үндсэн дээр арилжаанд оролцвол эрсдэлийг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой.

-Хөрөнгө оруулалтын сангаар дамжиж хөрөнгө оруулалт хийдэг гаднын жишгийг та дурдлаа. Харин бид урвуу утгаар нь үүнийг хэрэгжүүлдэг юм байна. Энэ нь хөрөнгийн зах зээлд алдаа гаргах эрсдэл болдог уу?

-Хувь хөрөнгө оруулагчид арилжаанд орохын эрсдэлтэй тал нь мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч, зөв дүн шинжилгээ хийж чадаагүйгээс алдах магадлалтай байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид тухайн компани дээр ямар мэдээлэл гарч байна гэдгийг анхаарч мэдээлэлд дүгнэлт хийдэг. Нэг, хоёр, гуравдугаар улирлын тайланд дүн шинжилгээ хийсний үндсэнд дөрөвдүгээр улиралд хэр хэмжээний ашигтай ажиллах боломжтойг тооцоолж, ногдол ашиг хэр хэмжээгээр хуваарилах зэрэг магадлалыг тооцоолдог. Тиймээс явцын дунд хөрөнгө оруулалтууд хийгээд явдаг. Ингэж байгаад дөрөвдүгээр улирлын үндсэн мэдээлэл тайлан гармагц зах зээлд хүчтэй нөлөөлөл болдог. Энэ үед хөрөнгө оруулалт сонирхдог, тодорхой хэмжээнд арилжаанд оролцоод явж байгаа хүмүүс арилжаанд орж эхэлдэг тул ханш огцом хөдөлгөөнүүд үзүүлдэг. Энэ үед улирлын мэдээллүүдийг харсны үндсэн дээр орсон мэргэжлийн хөрөнгө оруулагчид гарч байдаг. Гарах үед зах зээлд нийлүүлэлт ихсэж байгаатай холбоотойгоор үнэ ханш унаж байдаг. Нэлээн өсөлт явсан ханшин дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид нийлүүлэлт хийснээр тодорхой хэмжээнд унах үзэгдэл гардаг. Энэ нь компаниасаа шалтгаалж харилцан адилгүй хэлбэлздэг.

Үүний дараа олон нийтэд мэдээлэл очиж эхэлдэг. Мэдээллийн талаар хүн болгон цахим сувгуудаар аваад ирмэгцээ хөрөнгө оруулалтад ороцдоггүй иргэд ч оролцох шийдвэрт хүрдэг. Энэ үед дараагийн томоохон өсөлт үүсдэг. Үүнд харьцангуй туршлагатай болсон хөрөнгө оруулагчид ашгаа хийгээд гараад явдаг. Ингээд анх хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс өндөр дүнд орсон болж таардаг. Компанийн хувьцааны бодит ханш унахад тэд алдагдалд ордог. Үүнээс үүдэн "Хөрөнгийн зах зээл эрсдэл өндөртэй юм байна. Алддаг юм байна" гэх ойлголт авчихдаг.

Ийм байдлаар уг зах зээлээс дайжих нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг. АНУ-ын хөрөнгө оруулагчдын 60 гаруй хувь нь хөрөнгө оруулалтад оролцохдоо мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаар дамждаг учраас алддаггүй эрсдэлд бараг ордоггүй гэхэд болно. Монголчууд уг жишгээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжиж хөрөнгө оруулбал эрсдэлд орохгүйгээр өгөөж хүртэх боломжтой.

-Хувьцааны ханш хөөсрөлтэй байгаа эсэхийг нэгж хувьцааны өгөөж болон үнэ ашгийн харьцаанаас мэдэж болно-

-Та хувьцааны үнэ хөөсөрдөг талаар явж байна. Яг лангуун дээр байгаа бараа шиг хувьцаанууд өөр хоорондоо ялгаатай үнэтэй байдаг шүү дээ. Гэхдээ тухайн хувьцааны үнэ хөөсрөлтэй буюу үнэтэй байгааг эсвэл зах зээл дээр үнэлэгдэх үнэлэмжээсээ хямд байгааг ямар харьцаа үзүүлэлтээр мэдэх боломжтой вэ?

-Компаниуд харилцан адилгүй үйл ажиллагаа явуулж, харилцан адилгүй ашиг орлого олж байдаг учраас нэг үзүүлэлтийг барих нь төдийлөн учир дутагдалтай. Мэргэжлийн үнэлгээний компаниуд ирээдүйн мөнгөн урсгалыг нь хорогдуулж, өнөөдрийн ямар үнэ цэнээр байх нарийн тооцооллыг хийдэг. Хувь хөрөнгө оруулагч үүнийг тооцоолоход төвөгтэй. Гэхдээ хамгийн эхэнд харах хоёр өгөгдөл бий.

Энэ хувьцаа ямар үр өгөөжтэй буюу нэгж хувьцаандаа ямар хэмжээний ашигтай ажиллаж байгаа вэ гэдгийг хардаг. Мэргэжлийн хэллэгээр EPS гэх харьцааг хардаг гэсэн үг. Энэ нь тухайн компанийн хэдэн төгрөгийн ашигтай ажилласан, хэдэн хувьцаатай юм гээд хувьцаанд нь хуваахаар нэг хувьцаанд хэдэн төгрөгийн ашиг оногдож байгаа юм бэ гэдгийг харж тухайн компаниа үр ашигтай ажиллаж байгаа эсэхийг хамгийн түрүүнд харуулдаг. Маш хялбар хийх боломжтой шинжилгээ юм.

Нөгөөтээгүүр нэгж хувьцааны өгөөж дээр суурилж, одоогийн байгаа ханш нь ашигтай нь харьцуулахад хэр зөрүүтэй байна вэ гэдгийг үзнэ. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн дараа нөхөх боломжтой юм бэ гэдгээ гаргаж ирдэг. Үнэ ашгийн харьцаа 10-аас дээшээ байвал үнэтэй байна гэсэн үг. Оруулсан хөрөнгөө 10 жилээс доош хугацаанд нэгж хувьцаанд ногдож байгаа ашгийнхаа хэмжээгээр нөхөх боломжтой байвал хямд үнэлэгдсэн хувьцаа болно. Харин 10-аас дээшээ байвал өндөр үнэтэй байна гэсэн үг.

Гэхдээ энэ үзүүлэлтээр бүх компанийг хайрцаглах нь зохимжгүй. Өнөөдөр маш үнэ цэнтэй төслийг эхлүүлж байж болно. Хэрвээ тийм бол одоохондоо ашигтай ажиллагаа байхгүй. Тухайлбал, Tesla компани ирээдүйн маш том зорилго, зорилтод суурилсан бизнесүүд өнөөдрийн байдлаар ашгийн хэмжээ байхгүй, шинэ ашгийн хэмжээ нь хэдэн зуугаар яригддаг. Гэхдээ л хөрөнгө оруулагчид авдаг. Ингэхдээ “Энэ бол ирээдүйд үнэлэгдэх үнэ цэнээсээ харьцангуй хямд байна гэж үнэлэн зорьж худалдан авалт хийж байгаа учраас эрэлт нэмэгдэнэ.

Эрэлт нэмэгдэхийн хэрээр ханш өснө. Ханш өсөх тусам үнэ ашигт ажиллагааны харьцаа маш их зөрүүтэй болж эхэлдэг. Ихэнх компаниудыг нэгж хувьцааны ашиг болон үнэ ашгийн харьцаагаар харж болно. Зарим онцлог компанийг ирээдүйн зорилго, зорилт бизнес төлөвлөгөөнд нь зориулж хөрөнгө оруулалт хийх нь үр ашигтай байх боломжтой. Харин алдагдалтай ажиллаад ирвэл харьцаа үзүүлэлтүүд хасах руу ордог.

-Хөрөнгө оруулалт хийхдээ ганцхан хувьцаанд төвлөрөхгүйгээр багц бүрдүүлэх ёстой гэдэг. Үүнийг хэрхэн бүрдүүлбэл оновчтой вэ?

-Дээрх харьцаа үзүүлэлтүүдийг хараад уул уурхайн компанийн хувьцаа авах боломжтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрье гэж бодъё. Гэтэл маргааш нь БНХАУ хилээ хаах, дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханш унах зэрэг мэдээллүүдээс болж хувьцааны ханш хэд дахин унаж болно. Тэгэхээр бүх өндгөө нэг сансанд хийж явж байгаад халтирч унахаас сэргийлэх хэрэгтэй. Хэд хэдэн сагсанд тараан байршуулах ёстой. Үүнийг багц бүрдүүлэх гэж нэрлээд байгаа хэрэг.

Олон жилийн туршлагаас харахад анх хөрөнгө оруулж байгаа хүмүүс 4-5 хувьцаанд хөрөнгө оруулалтаа тараан байршуулах нь маш зөв сонголт байдаг. Хяналтаа тавихад ч амар байдаг. Мөн нийтлэг зарчмаараа хоорондоо хамааралгүй компани сонгох ёстой болдог. 10-15 компанийг сонгочихвол хоорондын хамаарал нь нэмэгддэг. APU-гийн хувьцаа өсөж байхад Говийн хувьцаа өсдөг, APU унахад СҮҮ-гийн хувьцаа унадаг гэх мэтээр хамаарлууд байдаг учраас нийт багцын үр өгөөж буурах эрсдэлтэй. Хамгийн тохиромжтой шийдэл нь 4-5 компаниар багц бүрдүүлэх нь зөв сонголт болно. Харьцангуй эрсдэл багатайгаар өндөр өгөөж хүртэх боломжтой.

-Бодлогын хүү өндөр үед бонд ав, бага үед хувьцаа ав гэдэг үг байдаг. Ер нь бодлогын хүү хөрөнгө оруулалттай хэрхэн уялддаг вэ?

-Санхүүгийн зах зээлийг хөдөлгөгч хэд хэдэн нөлөөлөгч хүчин зүйлүүд байдаг. Түүний нэг нь бодлогын хүү юм. Хувьцаа худалдан авахдаа хийдэг судалгаа шинжилгээний томоохон нөлөөлөгч хүчин зүйл болдог. Тухайлбал, зах зээл дээр мөнгө хэр хэмжээгээр байх вэ гэдгийг бодлогын хүү тодорхойлж байдаг. Бодлогын хүү бага байх тусам зах зээл дээр их мөнгө байна. Их мөнгө байх тусмаа хөрөнгө оруулалт их байна. Ингэхээр хувьцаанд хандах мөнгөн урсгал их байна. Харин бодлогын хүү өсөөд ирвэл зах зээл дээрх мөнгө хумигдана. Мөнгө багасаад ирэхээр хөрөнгө оруулалтын урсгал багасна. Ирэхээр мэдээж эрэлт буурч, ханшууд унана. Тэгэхээр мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа үед хувьцааны ханш өсөх магадлал өндөр байдаг. Тиймээс зөөлөн бодлоготой үед хувьцаанд хөрөнгө оруул гэдэг хэлц үг явдаг.

Эсрэгээрээ бодлогын хүү өндөр болоод ирэхээр зах зээл дээрх мөнгөнүүд багасдаг. Бодлогын хүү өсөхөөр хадгаламж болон зээлийн хүү өсдөг. Тэгэхээр санхүүжилт татаж байгаа компаниудын бондын хүү өсдөг. Ингэхээр хөрөнгө оруулагчдад найдвартайгаар өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байгаа юм. Бодлогын хүү өссөн үед бондын хөрөнгө оруулах нь өндөр өгөөж авах боломжийг хөрөнгө оруулагчид олгодог давуу талтай. Тиймээс бодлогын хүү өссөн үед бондод хөрөнгө оруул гэж ярьдаг учиртай.

-10 төгрөгөөр ч хөрөнгө оруулалт хийж болно-

-Хөрөнгийн зах зээлд хувьцаа бонд гэх нийтлэг бидний мэддэг үнэт цааснаас гадна сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/ зэрэг байдаг шүү дээ. Эдгээрийн өгөөжтэй байдлын ялгааг тайлбарлаж өгөхгүй юү?

-Энэ яриа бидний анхны сэдэвтэй холбогдож байна. Хүмүүс шууд хөрөнгө оруулалт хийх үү, мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжиж хөрөнгө оруулалт хийх үү гэдэг сонголтын хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх олгодог. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх нь ямар хөрөнгө оруулалтын менежментийн компани ямар санг үүсгэж байгаа юм. Тэр нь үр ашигтайгаар ажиллах юм бэ гэдгийг танилцуулаад хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татдаг. Тэрхүү татсан хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг худалдан авсан хөрөнгө оруулагч маань үнэ ханш өссөн эсвэл өөрт мөнгө хэрэг болсон үедээ худалдан борлуулж бирж дээр арилжаалдаг. Тэгэхээр энэ нь мэргэжлийн хөрөнгө оруулалтаар удирдуулах сонголтыг хийсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.

Мэдээж хөрөнгө оруулалтын менежментийн компани үйл ажиллагаагаа сайн явуулж, хөрөнгийг зөв зохистой удирдаад явж байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх харьцангуй тогтвортойгоор өндөр өсөлтийг үзүүлэх боломжтой. Эсрэгээрээ менежментийн компаниудын бодлого, үйл ажиллагаа, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг ур чадвар дутагдсан тохиолдолд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа муу явна. Энэ чинээгээрээ хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх унадаг. Тэгэхээр аль сангийн нэгж эрхийг авах вэ гэдэг нь маш чухал. Түүнээс л хөрөнгө оруулалтын үр өгөөжтэй байдал тодорхой болно.

Харин ХБҮЦ Монгол Улсад тодорхой дүрэм журмын өөрчлөлтэй холбоотойгоор бий болсон бүтээгдэхүүн юм. Энэ нь харьцангуй том давуу талтай, тогтвортой өгөөжийг өгдөг. Бид бондыг мэднэ шүү дээ. Бонд гаргаж байгаа компани бол тодорхой хугацааны дараа тогтоосон хүүгээ үнэдсэн төлбөрийн хамтаар төлөхийг гэрчилсэн үнэт цаас байдаг. Харин ХБҮЦ бол банк болон банк бус байгууллагаа өөрсдийн барьцаанд авсан хөрөнгө дээрээ суурилж, түүгээрээ барьцаалан дараагийн мөнгөн урсгалыг бий болгож буй бүтээгдэхүүнийг ХБҮЦ гэдэг. Энэ нь бондыг бодвол харьцангуй хүү өндөртэй, хөрвөх чадвартай. Тиймээс хөрөнгө оруулагчид маш идэвхтэй үүнд оролцдог.

Хөрөнгийн бирж дээр орж ирж байгаа ХБҮЦ-нуудын арилжаа анхдагч зах зээлийн арилжаан дээрээ л шууд дуусдаг. Тэгээд хоёрдох зах зээлийн арилжаа харьцангуй бага хийгддэг. Үр ашигтай байгаа учраас анхдагч арилжаагаар авсан хөрөнгө оруулагчид зарж борлуулдаггүй талтай. Харин компаниудын бондыг хоёрдогч зах зээл дээр арилжаа идэвхтэй байдаг бол ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа идэвх сул байдаг байх нь.

-Хөрөнгө оруулалт заавал их мөнгөөр байх ёстой гэх нийтлэг ойлголт байгаа нь анзаарагддаг. Ярилцлагын төгсгөлд анхлан арилжаанд орж эхлэх гэж буй хөрөнгө оруулагч нарт зөвлөгөө өгөхгүй юү?

-Хөрөнгө оруулалт гэдэг зүйлийн талаар мэдлэг мэдээлэл хомс байдгаас үүдэн алдаатай ойлголт их байдаг. Их хэмжээний мөнгөтэй байж бонд авдаг, хувьцааны хөрөнгө оруулалтыг мэргэжлийн хүмүүс хийх юм байна гэх мэт буруу ойлголт түгээмэл байдаг нь үнэн. Гэтэл үнэт цаас тэр дундаа хувьцааны хөрөнгө оруулалтыг маш бага дүнгээс эхлэх боломжтой.

Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр 10 төгрөгийн хувьцаа байна. Энэ бол хүн болгонд байдаг мөнгө шүү дээ. Ийм хэмжээний мөнгөөр анхны хөрөнгө оруулалтаа хийх боломжтой. 10 төгрөгөөр хийсэн хөрөнгө оруулалт нь тухайн компанийн үйл ажиллагаанаас хамаарч магадгүй хэдэн 1000 төгрөг хүрэх боломжтой шүү дээ. Үүнийг хөрөнгийн бирж дээр байгаа компаниудын 10, 20  жилийн түүхэн датанууд харуулж байна. 10 төгрөгийн үнэтэй байсан хувьцаа өнөөдөр 100 мянган төгрөг болтлоо өссөн тохиолдол байна. Хөрөнгө оруулалтыг маш бага дүнгээр хийж болно. Гэхдээ үр өгөөж нь харьцангуй өндөр байх боломжтой талбар бол хөрөнгийн зах зээл юм. Тиймээс хөрөнгө оруулагчид ямар ч дүнгээр оролцож, зах зээлийн үр ашгийг хүртэх боломжтой. Гэхдээ нөгөө талдаа эрсдэл байнга байдаг гэдгийг тооцох хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулалтын бүх л бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний эрсдэл байдаг. Банканд мөнгөө хадгалуултал дампуурах, хувьцаанд хөрөнгө оруултал компани нь дампуурах гэх мэтчилэн эрсдэлүүд байнга байдгийг анхаарч байх хэрэгтэй.

Иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны ногдол ашиг тараагдсан. Энэ сарын 25-наас эхлэн 2023 оны ногдол ашгийг тараах гэж байна. Энэ ногдол ашгаараа иргэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Түрүүнд ярьсан тав хүртэлх компанид хөрөнгө оруулалт хийвэл оновчтой. Манай үнэт цаасны компани дээр судалгаа хийсэн. Яг энэ 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах гэж байгаа таван компанийн хувьцаа сарын дотор 12.5 хувийн өгөөжийг үзүүлэх боломж байна. Тэгэхээр иргэд ногдол ашгийн мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулахаас илүү хөрөнгө оруулалт хийх чухал байна. Ялангуяа хүүхдүүдийнхээ ногдол ашгаар яг үнэ цэнтэй компаниудын хувьцаанд хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэж чадвал хэдэн арав 100 дахин өссөн байх боломжтой. СҮҮ компанийн нэг ширхэг хувьцааны үнэ 2008 онд 1000 төгрөг байсан бол 2018 онд 100 мянган төгрөг болтлоо өссөн. 100 дахин өссөн. Гэтэл банкны хадгаламжийн өсөлт 2.5 дахин өссөн. 100 мянган төгрөгтэй байсан бол 250 мянган төгрөг болж өснө. Харин 100 мянган төгрөгөөр СҮҮ-гийн хувьцаа авсан бол 10 сая төгрөг болсон байх байлаа. Тиймээс ийм боломж зах зээл дээр байгаа учраас энэ боломжийг өөрсдөдөө болон үр хүүхдэдээ нээж өгөөсэй, тодорхой хэмжээний хөрөнгөтэй болоосой гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
3 сар 5, 2024 07:55

hudal hucaad bai

Зочин
Зочин
3 сар 5, 2024 16:13
Reply to  зочин

chi uuruu huts

Зочин
Зочин
3 сар 5, 2024 08:16

ЭТТ хувьцаа нэртэй хульхи юм нь нэг ийм ардын зүйр үгийг санагдуулам ( бухын доодохыг харж үнэг турж үхэх) гэж?

зочин
зочин
3 сар 5, 2024 11:49

сайхан хөөрөгдөж байна даа, жилд 150 хувь өснө гэнэ, инфляци хэд билээ ......

Зочин
Зочин
3 сар 5, 2024 16:15
Reply to  зочин

хха, наад мэдээгээ сайн уншиж ойлгочоод олон юм яриач

Гнггэ
Гнггэ
3 сар 5, 2024 13:05

10 жилийн өмнө л иймэрхүү яриа яваад бдаг блаа яг хэвээрээ

Н.Ж
Н.Ж
3 сар 5, 2024 22:47

Хаяг утасныхаа дугаарыг өгөөч

зочин
зочин
3 сар 6, 2024 10:44

750 хувьцаатай, гүйцээж 1072 болговол хаанаас яаж авах вэ

Зочин
Зочин
3 сар 6, 2024 12:36
Reply to  зочин

Этт гээс мөнгөөр буцааж худ�##�даж авна гэсэн

Зочин
Зочин
3 сар 6, 2024 14:10

Гол нь хулгайчууд идээд, хусчаад болохгүй байна. Тиймээс өгч байгаа дээр нь авч л байх нь зөв.

Зочин
Зочин
3 сар 6, 2024 15:57

За яршигоо...тэгж замхраагаад яахав

Erdenesee aldsan irgen
Erdenesee aldsan irgen
3 сар 6, 2024 17:48

Huvitsaa ch ugui bolgoh gd bgaa uymuu oilgosongui haan bank hodolmorloj bgaa bugdiin hols huchiig huugeeree sorno uldegdel suraggui alga bolno ashigtai bhaas yahav naad ett gee bugdiig n uneleed zarchih tgeed ard tumendee huvaagaad ogchih bas neg ganhuyg bj l baigaa bag n ter chigeeree bgaa tavan tolgoi tulshid ch hurtel

Зочин
Зочин
3 сар 6, 2024 17:58

М�##�д�##� даатг�##�ын ноднинхон 6000 хүмүүсийн мөнгөөр 50 тэрбум хөрөнгө босгож монголын толгой банкны ipo худ�##�дан авч хөрөнгө оруулсан 6000 гаруй хүмүүст ямар ч ашиг өгөөгүй. Тэд 10 жилийн дараа өсгөсөн мөнгийг нь өгнө гэж хуурч туз бүрэлдхүүнд орсонхөрөнгийн бирж болон сзх зэрэг хэдэн нөхдийн ххөрөнгийн суурийг тавьж өгчээ. Энэ бол худ�##� шүү. Монголд энэ байхгүй шүү. Ганзориг гэж захир�##� нь /2 ш ганзохиг/ хөөрхий хүмүүсийг сайн хуурчээ. Монголд хувьцааны бирж бхгүй луйврын бирж бн. Номингийн хувьцааны жилийн ашиг 300₮ хасбанк 500 ч гэлүү түмэн шувуут 260 гээд өрөвдмөөр. Нэлээн дээр үед нэг сонинг манайхан 10к хөрөнө оруулж хувьцааны эрхтэй болж бсан бас бөх ерөнхийлөгч баттулга цонжин богдыг монголын хүүхэд бгонд хувьцаа өгөөд бсан билүү. Монгол луйврар-н орон болжээ

Монгол
Монгол
3 сар 7, 2024 00:02

479 л байна худ шаагаад

Зочин
Зочин
3 сар 8, 2024 02:49

монголд хувьцааны зах зээл хөгжихгүй заваан хэдэн юмнууд хүн оруулж хэдэн цаасыг нь суг�##�аж аваад гаргажихна
банкнаас ашигтай энэ тэр худлаа ш дээ хэзээ ч тийм юм байхгүй 12% бол зүүд шүү бас ноогдол ашиг гэж худлаа туз хур�##�даад зөвшөөрсөнгүй гэх шиг том хувьцаа эзэмшигч нь бүгдийг мэднэ жижиг хэдэн хохирдог хамга�##�сан эрх зүйн орчин байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button