Улс төрийн мэдээ

Нэг дороос| Д.Мөнхтөр: Бөөрөлжүүтийн цахилгаан станц тогоо 238 төгрөгөөр нийлүүлнэ

Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил форум Төрийн ордонд өнөөдөр /2024.03.14/ болж байна.

Форумаар Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж буй талаар албаны хүмүүс мэдээлэл өгч, олон талт санал солилцож байгаа юм.

Манай сурвалжлах баг Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумаас сурвалжилж байна.


Нэмэлт: 15.20 цаг

Д.Мөнхтөр: Бөөрөлжүүтийн цахилгаан станц тогоо 238 төгрөгөөр нийлүүлнэ

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд "Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын Гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр оролцож байна.

Тэрбээр, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал ярихаар яах аргагүй эрчим хүчний хомсдолтой байдал, дараа дараагийн том бүтээн байгуулалт хийхэд яалтачгүй эрчим хүч шаардлагатай. Дан ганц метро гэхээсээ илүү бусад орон сууцжуулах өөр томоохон бүтээн байгуулалт хийх гэр хорооллыг цахилгаанаар халаадаг болох гэх мэтчилэн аливаа дэвшилттэй зүйл ярихаар яах аргагүй эрчим хүч хомсдолтой байгаа учраас шинэ эх үүсвэр маш чухал. Манай төслийн хувьд ойрын үед хамгийн бодитой хэрэгжиж байгаа томоохон цахилгаан станц байгаа.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нийт хүчин чадал хэд вэ. Метро руу хэчнээнийг нийлүүлье гэж ярьж байгаа вэ?

-Манай хүчин чадал 300 Мкв. Монгол улсын нийт эрчим хүчний хэрэглээний 20-30 орчим хувийг хангана. Мөн Оросын холбооны улсаас авч байгаа импортын эрчим хүчийг орлохуйц, хямдаар нийлүүлэх бололцоотой гэдгээрээ онцлог. Эрчим хүчийг тухай бүрд нь үүнд зориулсан гэж хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл нэгдсэн шугам сүлжээнд нийлүүлээд тэндээсээ хэрэглэгчид нь шугам сүлжээгээрээ дамжуулж тархаагддаг.

-2016 онд танай төсөл яригдаж байсан шүү дээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл бий юу?

-Мэдээж бэрхшээлүүд байгаа. Ялангуяа сүүлийн үед нүүрсээр ажиллах цахилгаан станцуудад санхүүжилт өгөхөө гаднын улс орнууд зогсоосонтой холбоотойгоор хэд хэдэн бэрхшээлүүд байсан. Бидний хувьд богино хугацаанд цахилгаан станцаа барих боломж нь байгаад байгаа.

-Хятад талаас гэснээс манай улсын цахилгаан станцуудтай холбоотойгоор хойд хөршүүд гацаах, зогсоох зэрэг асуудлууд яригддаг. Танай дээр энэ асуудал ажиглагдсан уу?

-Хойд хөршөөс хамаарч байгаа зүйл Эгийн голын цахилгаан станцын асуудал л байгаа байх. Бусад станцууд дээр тийм илэрхий хаасан, гацаасан зүйл байхгүй.

 -Бөөрөлжүүтийн цахилгаан станц 10 дугаар сард төвийн эрчим хүчний системд холбогдоно-

-Хэзээ ашиглалтад орох вэ?

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга 2022 оны долоодугаар сард барилгын ажил эхэлсэн. Одоогоос нэг жилийн дараа ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжлээд явж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний хомсдолыг арилгах, эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх ингэснээр улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь бөөрөлжүүтийн уурхайг түшиглэн барьж байгаа. Манай цахилгаан станц 10 дугаар сард төвийн эрчим хүчний системд холбогдоно. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь бөөрөлжүүтийн уурхайд нийтдээ 700 гаруй ажлын байр нэмэгдэхээр байгаа.

-Эрчим хүчээ хэдэн төгрөгөөр нийлүүлэх урьдчилсан тооцоо гарсан уу?

Гарааны тариф нь 7 цент, тэрнээс хойш дунджаар 8 цент орчим болно. Монгол улсын эрчим хүчний дундаж өртөг 7.5 цент болчихсон байна. ОХУ, Хятадаас авч байгаа эрчим хүчний үнэ 10-12 цент орчим байх шиг байна" гэсэн юм.


Нэмэлт: 14.05 цаг

Э.Бат-Үүл: Гэнэт метроны олон улсын тендер зарлачихлаа. Юу нь ч бэлэн биш байгаа

Эл форумд Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл иржээ.

Тэрбээр “Метро гэдэг нь зүгээр нэг хонгил доогуур вагон явуулах ажил биш. Түүнийг ажиллуулдаг 1500 инженер, техникийн ажилтныг хаана, хэн бэлтгэх гэж байгаа юм. Маш өндөр зардалтай. Миний үед энэ асуудлыг Японы талтай тохирчихсон байсан. Метрог баталгаатай, хариуцлагатай хийж, дуусгаж өгдөг нь Японы Засгийн газар шүү дээ. Тиймээс олон улс японоор хийлгээд байгаа юм.

Тэгэхэд метрон дээр олон улсын тендер зарлаад байна. Яг үнэндээ Японы Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайд хоёр санамж бичиг зурсан. Японы тал одоо гайхна. Бид нараар төсөл хийлгэчхээд  санамж бичиг зурчхаад гэнэтхэн метрондоо олон улсын нээлттэй тендер яриад байна. Уг нь энэ бол Засгийн газар хоорондын тохиролцоогоор хийгдэж, хүн хүчээ бэлтгэх ёстой. Дээрээс нь метро барихтай зэрэгцээд Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн томоохон шинэчлэл явагдах байхгүй юу. Өөрөөр хэлбэл баруун талаас зүүн тал руу чиглэх бүх дулаан, цахилгааны шугамууд өөрчлөгдөнө.

Метроны цахилгаан хангамжид шаардлагатай тавдугаар цахилгаан станцыг барих ёстой. Тэр бүхэн тендерт байгаа юм уу. Бөөрөлжүүт бол одоо байгаа дутагдалтай эх үүсвэрийг хангана. Дээрээс нь гэр хорооллын дахин төлөвлөлт хийхэд цахилгаан хэрэгтэй. Дахиад эрчим хүчний нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Энэ бүхнийг уялдуулахгүйгээр атрын хоёрдугаар аян шиг юм зарлаад байх юм. Энэ яаж болдог юм бэ" гэж ярив.


Үүний дараагаар сэтгүүлчид Улаанбаатар хотын хөгжил, дэд бүтэцтэй холбоотой сонирхсон асуултдаа хариулт авлаа.


-Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг нийслэлээс төсөв гаргахгүйгээр хийх боломжтой байсан-


-2013 оноос хойш гацсан метроны төслийн шалтгааныг хэрхэн хардаг вэ?

-Үүнийг би улс төржсөн гэж хардаг. МАН сонгуульд ялаад Батболдын хийсэн ажил нь хамгийн түрүүнд метроны төслийг зогсоосон. Уг нь 2016 оны эхлээд 2020 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байсан. ТЭЗҮ нь хийгдээд Японы Засгийн газартай санамж бичгээ зурчихсан байсан. Тэгээд УИХ-аар метро хийх ерөнхий төлөвлөгөө батлагдаад хууль эрх зүй, хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн байдаг. Зогсоосноос хойш агаарын тээвэр, монрайл гэх зэрэг хачин юм их ярьцгааж байна.

Улаанбаатар шиг -30 хэм хүрч хүйтэрдэг хотод болдоггүй ажил шүү дээ. Дүүжин тээвэр нь болдог байсан бол Москва, Бээжин, Нью-Йорк тэгэхгүй яасан юм. Энэ чинь уулын орой дээр цанын баазад л хүн буулгах суулгах зориулалттай эд. Ийм юм ярихаа болох хэрэгтэй.

Монрайл ч мөн -35 хэмд ажиллахгүй хөлдүүс байдаг. Энэ бүхний эцэст метро руугаа эргэж байгаад баяртай байна. Гэхдээ үүнийг ингээд сонгуулийн  PR болгочхож болохгүй.

-Автобусны парк шинэчлэлд ямар байр суурьтай байна вэ?

-Автобусны парк шинэчлэлтийг хийх ёстой. Гэхдээ хувийн хэвшилд боломж олгочихвол хотоос заавал хөрөнгө мөнгө гаргахгүйгээр хийх боломж байгаа юм. Миний үед хууль эрх зүйн орчин болж өгөхгүй байсан болохоос биш тухайн үедээ нийтийн тээврийн компаниудтай ярьсан.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуддаа нийтийн тээврийн зам маршрутыг цуг өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Энхтайвангийн өргөн чөлөөний дагуу энэ компани 10 жил нийтийн тээвэр хийх бол шугамын эрхийг өгөх ёстой. Тэгэхгүй бол зүгээр л автобусыг энэ шугамаар явуул гэвэл тэд хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Нөгөө шугамаас автобусыг нь хөөгөөд гаргачихвал яах юм. Баахан шинэ автобус авч ирсэн байдаг. Ингэхээр хувийн хэвшлийнхэн бидэнд янзын сайхан үйлчилгээ үзүүлнэ шүү дээ.

Э.Бат-Үүл: Гэнэт метроны олон улсын тендер зарлачихлаа. Юу нь ч бэлэн биш байгаа


Нэмэлт: 13:50 цаг

Х.Нямбаатар: Бид агаарын бохирдол, түгжрэлийн байж болох хамгийн дээд цэг дээр байна

Хотын дарга Х.Нямбаатар, "Улаанбаатар хот 1960 онд 45000 хүнтэй байсан. 1992 онд 600,000 хүнтэй байсан. Одоо 1,700,000 хүнтэй болсон байна. Энэ 1,700,000 хүнээс гадна бүртгэлгүй хөдөө орон нутгаас ирж ажиллаж амьдарч байгаа 200 гаруй мянган хүн байна.

1976 онд Улаанбаатар хотын гуравдугаар ерөнхий төлөвлөгөөг баталж байх үед өнөөгийн Улаанбаатар хотын дэд бүтцийн үндсэн суурь тавигдсан. Өөрөөр хэлбэл, энэ төлөвлөгөөгөөр хотод 85,000 орчим иргэд зорчино гэж өнөөгийн авто замын зураглалууд зурагдсан. Өнөөдөр Улаанбаатарт бүртгэлтэй авто машины тоо 730 мянгад хүрчхээд байна. Тэгэхээр өнөөдрийн энэ түгжрэлийн нөхцөл байдал хүн ам өсөн нэмэгдсэнтэй холбоотой. Гэсэн ч нэгэнт суурьшаад хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүсээ хөдөө орон нутаг руу нь явуулах боломжгүй. Жилд 30 гаруй мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орж байна. Энэ нь жил бүр шинээр сургууль барихыг шаардаж байгаа. Үүнийг дагаад нийгэм соёлын үйлчилгээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагууд ч гарч байна.

Бид сая гэр хорооллыг орон сууцжуулах. түгжрэлийг бууруулах хуулиар нэгдүгээрт дахиж шинээр 0.7 га газар олгохоо больё гэдгийг хуульчилсан. Мөн 730 мянгаас хэтрүүлж автомашины дугаар олгохоо больё гэж шийдвэрлэсэн.

Бид одоо Улаанбаатарын агаар орчны бохирдлын, түгжрэлийн хамгийн дээд цэг дээр байна. Харин энэ өдрөөс хийгдэж байгаа бүтээн байгуулалт, зам болгон түгжрэлийг бууруулахын чиглэл рүү явна. Гэр хорооллыг орон сууцжуулах тухайд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан дэд төвийг байгуулах төлөвлөлтүүд хийгдээд гурван дэд төвийнх нь дэд бүтцийн ажил үндсэндээ дууссан. Одоо үлдсэн гурвынх нь дэд бүтцийн ажлыг хийж байна. Энэ дэд төвүүдээ түшиглээд бид орон сууцжуулах ажлыг хийж чадвал хотын агаарын бохирдол 40-45 хувь буурна гэдэг тооцоо гарсан.

Метроны төсөл эхэлчихсэн явж байна. Эхний нэгдүгээр сонгон шалгаруулалт гуравдугаар сарын 14 буюу өнөөдрөөр дуусаж байгаа. Харин хоёрдугаар үе шат дөрөвдүгээр сарын 28-нд дуусахаар байгаа байх. Тодруулбал, метроны төслийн менежментийг хариуцаж явах зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулж буй юм. Бидэн дотор яг метро барьж байсан, метроны зураг зурж байсан нэг ч мэргэжилтэй боловсон хүчин байхгүй. Тийм учраас гаднын инженерингийн компанийг өөрийнхөө өмнөөс захиалагчийн ажлыг хариуцуулъя гэж сонгон шалгаруулж байгаа юм. Энэ баг шалгараад бид нарт маш яаралтай метроны инженерингийг зурах, худалдаа авах ажиллагаа, барьж угсрах ажлыг хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг хамтдаа хийж өгнө. Энийг ойролцоогоор наадмын дараа болох болов уу гэж бодож байна. Ингээд үндсэндээ 2024 онд дээрх ажлууд хийгдэнэ. Харин 2025, 2026 онд үндсэн барилгын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ.


Нэмэлт: 11.14 цаг

Хүрэлцэн ирж оролцож буй зочдын фото сурвалжилгыг хүргэж байна.

  • Гэрэл зургийг Б.Мягмарбаяр

Эхлэл: 10:55 цаг

Л.Оюун-Эрдэнэ: “Дархан цаазтай Богд уулыг нүхлээд тунель гаргая” гэдэг зоригтой сайд байгаагүй

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бид нийслэлтэйгээ хэрхэн уях вэ гэдэг асуудал бий. Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө өгөхөөс өмнө нийслэлийн асуудлаа хэлэлцүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын эдийн засаг, нэг хүнд ногдох ДНБ, хүн ам, дундаж наслалт өссөн. Эдийн засаг 17 дахин тэлж буй ч, ядуурлын нөхцөл байдал бидний хүсэж байгаа шиг буураагүй. Зам харгуй ч сайн хөгжсөн.

Засаглалын дундаж нас хангалтгүй явж ирсэн. 1.3 жил байсан. 1.8 болж байна. “Энэ тэрний хийсэн ажил” бие биенээ үгүйсгэх байдлаар засаглал тогтворгүй явж ирсэн.

Үндсэн хууль батлагдаж байх 1992 онд ч Улаанбаатарын төвлөрлийн талаар яригдаж л байсан. Энэ төвлөрлийн нэг асуудал нь авлига. Нийслэл, БОАЖЯ газар олгодог болчихсон. Зайсан олгосон отог нэртэй газруудыг нийслэл мэдэх ч үгүй, төлөвлөлтгүй явчихсан байх жишээтэй.

Хандлага өөрчлөх гэдэг хамгийн том асуудал. Түгжрэл, утаа бол шинж тэмдэг. Суурь асуудалд анхаарал хандуулахгүйгээр шинж тэмдэгтэй хөөцөлдөөд үр дүн гарахгүй юм. Авлигатай тэмцэх, цахим засаглалтай болох гэсэн оролдлогууд хийгдэж байна. Иргэдийн мэдэх эрх бодитоор хангагдсанаар дүгнэлт хийгээсэй.

Урт хугацааны бодлогын тогтвортой байдлыг авч ирж чадна гэдэгт итгэлтэй байна. Намын төлөөллийг жагсаалтаар оруулна. Багш, эмч, инженерүүдийн төлөөлөл жагсаалтаар орж ирэх боломжийг олгоно.

Говийн бүс сэргээгэдэх эрчим хүч, аялал жуулчлал, уул уурхай хүнд үйлдвэр чиглэлд хөгжих боломжтой. Хангайн бүс ХАА, хөнгөн, хүнс үйлдвэрлэл, худалдаа тээвэр логистик хөгжих боломжтой. Баруун бүс аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, ХАА чиглэлд хөгжих боломжтой. Хойд бүс эрчимжсэн мал аж ахуй, зүүн бүс илүү боомт, тээвэр логистик чиглэлд хөгжинө.

Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувь дээр байрлаж байна. Гэвч хүн амын 47.6 хувь, ДНБ-ний 63 хувь үйлдвэрлэгдэж байна. Орон сууцжуулъя гэвэл эрчим хүчээ эхлээд шийдвэрлэхээс өөр аргагүй.

Бага тойруугийн 86 га газар буюу Улаанбаатарын 0.2 хувьд дээр төрийн 51 байгууллага, Их тойруугийн 770 га газарт төрийн 140 байгууллага төвлөрсөн байна.

Төрийн байгууллагын төвлөрлийг задлахгүйгээр их сургуулиудыг орон нутгууд руу шилжүүлнэ гэж ярих нь утгагүй. Энэ бол хувиа хичээлт.

1960 онд нийслэлд 4 районтой, 1992 онд есөн дүүрэгтэй болж байв. Одоо нийслэлд реформ хийх цаг болсон. Үүнийг хийхгүй бол эс үйлдэхүй болно.

Нийслэл реформ хийж чадвал Улаанбаатар 20 минутын хот болж чадна. Эмнэлэг, цагдаагийн тасаг, ажил руугаа 20 минутад, цэцэрлэгт хүрээлэн, ЕБС, худалдааны төв рүү 15 минутад, цэцэрлэг, бага сургууль руу 10 минутад очдог болно.

Манай нийслэл Хөшигийн хөндий рүү, голоо дагаад Багануур, Налайх, Тэрэлж, Гацуурт руу тэлэх боломжтой. Өнөөдөр 86га газарт байгаа Их Тойруу сунгалтын дасгал хийгээд Богд уул руу тэлмээр байна. Дархан цаазтай Богд уулыг нүхлээд тунель гаргая гэдэг зоригтой сайд байгаагүй. Бүх зүйлд мухар сүсгээр ханддаг, ТЭЗҮ-ээ хүртэл үл тоодог баймааргүй байна” хэмээлээ.Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Сэтгүүлч: П.Урнаа
Зураглаач: Б.Эрдэнэбаяр, Б.Мягмарбаяр
Буулгалт: Д.Мөнхбат, Э.Үүрийнцолмон, Ц.Наранцацрал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Воля
Воля
3 сар 14, 2024 14:50

Энэ Батүүл дахиад бүү гай бол.Одоо чи улаанбаатарт байтугай монголд ч огт хэрэггүй.Гэртээ харьж хэвт өвгөөн .

Зочин
Зочин
3 сар 14, 2024 22:31
Reply to  Воля

Бат-Үүлийн хийсэн олон сайн ажлыг Су зогсоосон шүү, энэ бол улс төржсөний л гай л даа. Эх орондоо хайргү йдээ ч биш улс төрийн л гай !

zochin
zochin
3 сар 14, 2024 15:32
Reply to  Воля

Үнэн шүү, эрх мэдэлтэй байх үедээ, жолоо атгаж байх үедээ, з�##�уу сайхан байх үедээ хийж чадаагүй л бол чадаагүй, тэрнээс энэнээс гээд ш�##�таг одоо яриад яахав, зайгаа тавьж өгөх хэрэгтэй, одоо хэн засаг барьж хэн хүчтэй байна, чадах юм байв�##� тэр хүмүүст тус�##�, эсвэл гэртээ сайхан харьж амар

ЗочинБУЗРЫГ БУЗРААР
ЗочинБУЗРЫГ БУЗРААР
3 сар 14, 2024 16:02

БАТ ҮҮЛ ШОРОНД БАЙЖ БАЙХ ЁСТОЙ ХҮН ЯАГААД ИНГЭЭД СУЛ ЧӨЛӨӨТЭЙ ЯВЖ БАЙДАГ БИЛЭЭ? ДЭЭРЭЭС НЬ

Зочин
Зочин
3 сар 14, 2024 16:45

Цагаан толгойт хулгайчид ялыг нь өг.

Зочин
Зочин
3 сар 14, 2024 17:01

Бөөрөлжүүт гэдэг хаана байдаг газар юм бол?

Зочин
Зочин
3 сар 14, 2024 19:57

Богд уулыг нүхэлж туннель гаргана гэж Барсболд сайд хэлж байсан юм даа. Даанч дэмжээгүй, з�##�уу хүний солиорол гэж бодож байсан даа

Зочин
Зочин
3 сар 14, 2024 19:58
Reply to  Зочин

З@луу хүний

Бат инженер
Бат инженер
3 сар 15, 2024 10:45

Тог -оо гэж бичих юм уу

Холбоотой мэдээ

Back to top button