Гадаад мэдээДЭЛХИЙ

Хаити: 4 мянган хоригдол оргож, гэмт бүлэглэлүүд бослого гаргасан нь улс төрийн чанартай

Товч агуулга: Карибын тэнгист оршдог Хаити улсад эмх замбараагүй байдал ноёрхож байна. Өнгөрсөн сард Хаитийн хамгийн том хоёр шоронгоос 4 мянга гаруй хоригдол оргосон. Үүний улмаас тус улсын нийслэл Порт-о-Пренсийн ихэнх хэсгийг гэмт бүлэглэлүүд эрхшээлдээ авсан байгаа. Гэмт бүлэглэлүүд бослого гаргасан нь улс төрийн чанартай гэж шинжээчид үзэж буй.


Хоёрдугаар сарын 29-ний өдөр Хаитийн гэмт бүлэглэлүүд эвсэлдэн нэгдэж Ерөнхий сайд Ариел Хенрийг огцрохыг шаардан Порт-О-Пренс хот даяар халдлага зохион байгуулсан юм. Хэдэн өдрийн гэмт бүлэглэлийн гишүүд цагдаагийн хэлтсүүдийг шатаан, хамгийн чухал нисэх онгоцны буудлыг эзлэн хаан, томоохон хоёр шорон руу халдсан.

Зургийн эх сурваж: CNN

Үүний улмаас Хаитийн засгийн газар гуравдугаар сарын 3-ны өдөр онц байдал зарлаж, хүчирхийлэл газар авахаас сэргийлэхийн тулд шөнө хөл хорио тогтоосон юм. Гэвч тус улсын засгийн газрын авсан арга хэмжээ үр дүн өгөлгүй гэмт этгээдүүд Порт-о-Пренс хотын 80 гаруй хувийг эрхшээлдээ оруулсан байна. Тус улсад онц байдал даруй 20 хоног өнгөрчээ.

Нөхцөл байдал хэрхэн ийм түвшинд хүрэв

Хаити нэгдүгээр сард явуулах учиртай байсан юм. Гэвч тус улсад гэмт бүлэглэлүүдийн хүчирхийлэл нэмэгдэж, ядуурлын түвшин нэмэгдэн иргэдийн амьдралын чанар буурсаар ирсэн тул засгийн газрын эсрэг жагсаал болж, Ерөнхий сайдаа огцрохыг шаардсан тул сонгуулийг явуулаагүй байна.

Тодруулбал өнгөрсөн жилийн арваас арван хоёрдугаар сарын хооронд Хаитид 2,327 хүн амь үрэгдэж, бэртсэн юм. Энэ нь өмнөх гурван сараас найман хувиар өссөн үзүүлэлт хэмээн НҮБ-ын Хаити дахь нэгдсэн алба мэдээлжээ.

Зургийн эх сурвалж: New York Times

Хоёрдугаар сард Хенри нийгмийн нөхцөл байдлыг сонгууль явуулах хэмжээний аюулгүй болгох хүртэл ажлаа хүлээлгэн өгч чадахгүй гэж мэдэгдсэн юм. Ийм учраас Хенри хоёрдугаар сарын сүүлээр гэмт бүлэглэлүүдтэй тэмцэхийн тулд НҮБ-аас цэргийн тусламж авахаар Кени улсад очсон байв.

Хенрийг Кенид байх хугацаанд гэмт бүлэглэлүүд эвсэлдэн бослого гаргасан юм.

Бослого гаргасан гэмт бүлэглэлүүд

Мэргэжилтнүүд Хаитид 200 гаруй зэвсэгт бүлэг байдаг гэж тооцолдог. Тэдний тал гаруй хувь нь нийслэл Порт-О-Пренст үйл ажиллагаа явуулдаг. Харин нийслэл дэх хамгийн том хоёр гэмт бүлэг нь G9 болон GPep хоёр.

Хоёрдугаар сарын сүүлээр эхлэсэн бослогыг G9 бүлгийн ахлагч “Барбекю” хочтой Жимми Шеризьер юм. GPep бүлгийг Габриэль Жан-Пьер уддирддаг байна. Түүнийг өөрөөр Ти Габриэль гэж дуудах нь ч бий.

Жимми Шеризьер, зургийн эх сурвалж: Reuters

Энэ хоёр бүлэг олон жилийн турш Порт-о-Пренс хотын хэсгүүдийн төлөө тэмцэлдэж иржээ. Мэргэжилтнүүд “G9” болон “GPep” бүлгүүдийг эзэмшлийн дүүргүүддээ оршин суугчдыг олноор нь хөнөөж, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгадаг юм.

Тэгвэл өнгөрсөн жилийн сүүлээр Шеризьер хоёр бүлэг “Хамтдаа оршин тогтноё” нэртэй гэрээ байгуулсан хэмээн мэдэгджээ. Энэ талаар “International Crisis Group” агентлагийн ахлах зөвлөх Мариано дэ Альба “Тэд 2023 оны есдүгээр сард эвсэл үүсгэж, үндэстэн дамнасан аюулгүй байдлын алба Хаитид орж ирж магадгүй нөхцөл байдал үүссэн тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь энэ” гэсэн байна.

Габриэль Жан-Пьер, зургийн эх сурвалж: Haiti Liberti

Хаитийн томоохон гэмт бүлэглэлүүд нам, улс төрчид, бизнесменүүд болон элитүүд гэж нэрлэгддэг нийгмийн дээд давхаргын хүмүүстэй нягт холбоотой байдаг юм.

Тухайлбал G9 бүлэглэл нь тус улсын Ерөнхийлөгч агсан Жовенел Моизын Парти Гаитиен Тет Кале (PHTK) намтай ойрын холбоотой гэгддэг. Моизе 2021 оны долоодугаар сард бусдын гарт амь үрэгдэхээсээ өмнө Хенриг ерөнхий сайдаар томилсон байдаг.

Гэмт бүлэглэлүүд юуг шаардаж байгаа вэ?

“International Crisis Group”-ийн дэ Альба Хаитийн томоохон бүлэглэлүүд 2021 онд Моизе бусдын гарт амь үрэгдсэний дараа улс төрийн шинж чанартай шаардлага тавих нь нэмэгдсэн гэж хэлжээ.

Тэдний хамгийн сүүлд тавьсан шаардлага нь Ерөнхий сайд Хенри сайн дураараа огцрох. Гадаадад байгаа Хенри өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.03.12/ ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгджээ. Хенри ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдэхээс нэг өдрийн өмнө АНУ эмх замбараагүй байдлыг намдаахын тулд огцрохыг уриалсан юм.

Ариел Хенри, зургийн эх сурвалж: CNN

Дэ Альбагийн хэлснээр гэмт бүлэглэлүүдийн зорилго түүнийг огцруулаад зогсох биш аж. Тухайлбал G9 бүлгийн ахлагч Шеризьер Хаитид гадаадын хүчин хөндлөнгөөс оролцох гэж оролдвол эсэргүүцэж тэмцэхээ анхааруулж, улсаа одоогийн хямралаас гарахад нь туслах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Эдгээр бүлгүүд эрх мэдлээ хадгалж үлдэх цорын ганц арга нь ямар нэгэн хэмжээнд улс төрийн эрх мэдэлтэй байх гэж бодох болсон” гэсэн юм.

Эрх баригчид ямар арга хэмжээ авав

Хаитийн засгийн газар үйл ажиллагаагүй болсон байгаа. Ийм учраас хэд хэдэн улс төрчид нэгдэн засгийн газрын ажлыг үргэлжлүүлэх зөвлөл үүсгэхээр ажиллаж буй. Энэ ажлын хүрээнд тус зөвлөлийн бүх гишүүдийг томилсон байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш намууд зөвлөлийн гишүүдийг томилсон явдлыг сайшаажээ. Тус зөвлөл ажлаа өгөхөөр мэдэгдсэн Ерөнхий сайд Хенрийг түр хугацаанд орлох хүнийг сонгоно.

Мөн сонгууль явуулах боломжтой нөхцөл байдал бүрдтэл зөвлөл ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлүүдийг хүлээн авч хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: Axios, Al Jazeera, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гүнээ
Гүнээ
3 сар 23, 2024 18:00

Сайн �##��##�цаад хурдан дуусаасай муу б�##�иар афробактерууд

Холбоотой мэдээ

Back to top button