"Электрон жаал" Э.Энхпүрэв: Боловсролын салбарт судалгаа хийлээ, одоо бодлогын түвшинд ажиллана

Монгол Улсын хамгийн өндөр IQ-тэй хүүхдээр шалгарч, 13-тайдаа их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан Э.Энхпүрэвтэй ярилцлаа.
"Электрон жаал" нэрээр олонд танигдсан тэрбээр 2005 онд "Ес-Эрдэм" сургуулийг байгуулж, 2016 оноос хүүхдүүдийн математик болон англи хэлний хичээл хоцрогдлыг арилгах suraad.mn платформыг амжилттай хөгжүүлж яваа нэгэн билээ.
-Хүүхэд насандаа Японы NHK телевизээр "Оны онцлох хүүхэд"-ээр тодорч байсан сайхан дурсамж танд бий. "Электрон жаал" нэрийг хэн өгсөн юм бэ?
-Японы NHK телевизийн NHK world smile 20 жилийн ойн хүрээнд хэд хэдэн улсаас хүүхэд сонгон шалгаруулж 20-25 минутын баримтат нэвтрүүлэг хийсэн юм. Энэ бол олон жилийн өмнө болсон үйл явдал л даа. "Электрон жаал" нэрийг бол манай 10 жилийн ангийн хүүхдүүд өгч байсан юм. Яагаад вэ гэхээр Нэгдүгээрт, 3, 4-дүгээр анги алгасаад сурчихсан, Хоёрдугаарт, ямар нэгэн шалгалт болохоор л хамгийн түрүүнд өгөөд бусдадаа тусалдаг байсан болоод ч тэр юм уу. Тухайн үед кино нэг их гардаггүй байсан үе л дээ. Тэгэхэд "Электрон жаал" гэдэг Орос кино гардаг байлаа. Энэ бүгдээс шалтгаалаад "Электрон жаал" хэмээх хочтойгоо олон жил явж байна даа.
-Би багадаа бусад хүүхдүүдийн адил найзуудтайгаа тоглож өнгөрөөсөн. Хамгийн гол нь өдөр бүрийг алдалгүй нэг цаг л хичээлээ хийдэг байсан-

-Таны фейсбүүктээ нийтэлсэн "Story telling" бичлэг их олонд хүнд хүрлээ. Хүмүүс сайн, муу олон янзаар л сэтгэгдлээ үлдээж байгаа харагдсан?
-Би 12 настайдаа ЕБС-иа дүүргэсэн. Зарим хүмүүс “Хүүхэд насаа хүүхэд шиг өнгөрөөх хэрэгтэй. Яагаад тэгж амьдарсан юм” гэсэн сэтгэгдэл бичсэн. Хүмүүсийн хэлж байгаа үнэн л дээ. Миний хувьд хүүхэд насаа тодорхой хэмжээнд алдсан. Гэхдээ би байнга хичээлээ хийгээд, ах, эгч нартай нэг ангид суугаад байсан уу гэвэл үгүй.
Би Улаанбаатар хотын нэгдүгээр хороололд хүүхэд насаа өнгөрөөсөн. Надад байрны найз гэж 20, 30-аад хүүхэд байсан. Тэр үед найзуудтайгаа бусад хүүхдүүдийн адил гадаа сагс тоглоно, шороон дээр тоглоно. Ер нь тоглож болох бүгдээр л тоглож хүүхэд насаа өнгөрөөсөн.
Өөрийнхөө түүхийг өгүүлсэн бичлэгтээ "Амьдралын шаардлагаар" энэ процесс болсон гэж дурдсан. Тэр юу вэ гэхээр тухайн үед ээж минь хүнд өвчтэй байсан юм л даа. Заавал нэг хүн асрах шаардлагатай хүнд өвчин байсан болохоор ээжийгээ асарч гэртээ харангаа гэрээрээ хичээл зааж, өөрөө ч суралцаад явж байсан минь тэр. Тухайн үед боловсролын тухай хуульд экстернат гэдэг дараагийн ангийн шалгалтаа цуг өгөөд, анги алгасаад явчихдаг систем байсан тулдаа анги дэвшээд дэвшээд явсан.Одоо бол заавал 12 жил суралцах шаардлагатай.
-Тэр олон мэргэжил дундаас чухам яагаад багшийн мэргэжлийг сонгосон юм бэ?
-Би анх ШУТИС-д элсэн орж байсан. Явц дундаа амьдралын шаардлагаар хүүхдүүдэд хичээлээ заагаад л яваад байсан. Удалгүй БСШУЯ-аас “Энэ хүүхэд үе тэнгийн хүүхдүүддээ яаж хичээл заагаад байна” гэсэн судалгааны ажил явуулсан. Миний хувьд хүүхэд байхдаа өөрийн гэсэн суралцах арга барилаа олоод бусдад зааж байгаа нь ойлгоход илүү амар ирээдүйтэй байсан юм билээ. Тэгээд л энэ арга барилын дагуу төсөл үргэлжлээд хувийн сургууль байгуулбал яах вэ гэдэг асуудал үүссэн. Тухайн үед би инженерийн мэргэжлээр суралцаж байсан. Хэрэв сургууль байгуулах юм бол би өөрөө л багшлах учраас албан ёсоор багшийн мэргэжлээр суралцаад багшийн сургуулийг төгссөн. Харин түүний дараа нэгэнт багш болчихсон юм чинь гээд үргэлжлүүлээд боловсрол судлалын чиглэлээр магистраар суралцаад боловсролын салбарт эргэлт буцалтгүй орсон.
Залуу хүн байж насаараа л гээд ярих тиймхэн байх. Гэхдээ амьдралын минь ихэнх цаг хугацаа хүүхдүүдэд хичээл заах, судалгааны ажил хийх, төрийн байгууллага болон судалгааны байгууллага удирдаж ажиллаж байсан. Мөн докторын зэрэг хамгаалахдаа Suraad.mn хэмээх цахим сургалтын платформын хөгжүүлэлтийг 2017 оноос хойш хийгээд 2018-2020 онд хувийн сургууль дээрээ туршсан. Цаашлаад хөдөө орон нутаг, сум дүүргүүдийн сургуулиудад хэрэгжүүлсэн. Сүүлийн 2021-2023 онд боловсролын сайд Э.Энх-Амгалан хамтарч ажиллая гэж дэмжээд төслийн шугамаар хөдөө хотгүй туршилтын шугамаар нэвтрүүлээд ажилласан. Товчхондоо бол миний өнгөрсөн амьдрал ийм байна.
-Тэгвэл одоогоор ямар ажил хийж байгаа вэ?
-Харин одоо бол АН-д гишүүнээр элсэж, боловсролын асуудлыг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдоод ажиллаж байна.
-Энэ салбарын хүмүүсийг улстөржихөөр хүлээн авч байгаа хүмүүс итгэл үнэмшилгүй болох зэрэг асуудал үүсдэг. Таны хувьд яагаад улстөрийг сонгох болов?
-Би 2012 оноос хойш боловсролын яаманд сайдын зөвлөхөөр томилогдож ажиллаж байсан. Харин 2014-2017 онд боловсролын хүрээлэнгийн захирлаар ажилласан. Өмнө нь хувийн сургуульд багшилж байсан хүн төрийн байгууллагад ажиллаад үзэхээр туршлага дутах зэргээр залуу хүний хувьд шинэ сорилтуудтай нүүр тулж эхэлсэн. Тэр ажлаа би өөрийн хэмжээнд алдаж онож чадлаараа л сайн хийхийг хичээсэн.
Манай боловсролын салбарт гурван сая иргэн маань шууд болон шууд бусаар оролцоотой байдаг маш том салбар. Миний тархинд бүр бага байхад нэг зүйл кодлогдчихсон байсан. Тэр юу вэ гэхээр Нэгдүгээрт “Сурахгүй хүүхэд гэж байдаггүй" Хүүхдийн аргийг нь олоод өгчих юм бол тухайн хүүхэд ямар ч хичээлийг маш сайн сурах боломжтой. Ялангуяа монгол хүүхдүүд. Хоёрдугаарт, “Хүүхэд болгон өөр” гэдгийг ойлгох. Жишээ нь, Нэг ангид сурч байгаа 30 хүүхэд хоорондоо харилцан адилгүй. Учир нь анги, нас нь адилхан ч гэсэн сэтгэн бодох чадвар, шаардлага нь ялгаатай байдаг тул багш болгон тохирсон аргазүйгээр хичээллэхээс өөр арга байхгүй. Гуравдугаарт, манайхан уламжлалт /1921 оноос өмнөх үе/ нүүдлийн соёл мал аж ахуй эрхэлдэг байхдаа хүүхдүүддээ ардын зүйр үг, үлгэрээр дамжуулж хүн болоход нь тусалдаг уламжлалт боловсролын систем маш их чухал байсан байна. Үүнийг орчин үеийн техник технологийн шинэчлэлтэй уялдуулаад явах юм бол монгол хүүхдэд тохирсон системийг монголчууд бид өөрсдөө л гаргахын байна. Тэгвэл бид хүүхдүүдийг дэлхийн боловсрол эзэмшихэд нь гарц гаргалгааг нь олох ёстой юм байна гэдэгт маш их итгэлтэй болсон. Тэр итгэлээ нэг ёсондоо ажил хэрэг болгохын тулд төрийн тодорхой зорилго, зорилтод оруулах ёстой бол ирсэн. Тэгэхийн тулд намын мөрийн хөтөлбөрт зайлшгүй орох хэрэгтэй болдог юм байна.
Тэрнээс биш би хувиараа явж байгаад сайд дарга нарт хэлэхээр дэмждэг хэдий ч тухайн намын, засгийн газрын төлөвлөчихсөн байсан төлөвлөгөө дунд миний бэлдсэн ажил ороод ирэх юм бол хойшлогдох, гацах зэрэг асуудал гарах эрсдэлтэйг ойлгосон. Тийм учраас нэг арга зам нь өөрийн саналыг намын мөрийн хөтөлбөрт тусгаж түүнийгээ намын бодлогоор дамжуулж засгийн газрын үйл ажиллагааны зорилт болж ажил явагддаг юм байна гэдгийг сүүлд ойлгосон.
Би боловсролын салбараас өөр салбар мэдэхгүй. Жоохон байхаасаа л энэ салбарт орчихсон учраас өөр ямар нэгэн салбарт орох сонирхол байхгүй. Үлдсэн амьдралаа энэ чиглэлээр мэргэшиж өөрийнхөө үйл хэргийг бүтээхийн төлөө ажиллана. Хэдий намд орсон ч гэлээ улстөрч болсон гэх нь ч хаашаа юм. Хамгийн гол нь манай салбарын эрдэмтэн багш нар урдах ажлаа л хийж байдаг хүмүүс. Багш нар бол ямар ч улс төржих зав байдаггүй. Зөвхөн урдах ажлаа л хийж байдаг. Нийгэмд тэр хүмүүсийн санал бодол маш чухал байдаг. Тэрийг улс төрийн намууд төдийлөн сайн сонсоод байдаггүй юм байна гэдгийг анзаарсан. Тийм учраас боловсролын салбарын хүмүүсийн санал бодлыг мөн өөрийнхөө санал бодолтой нийлүүлээд улс төрийн намд дамжуулах гүүрний ажлыг би хийх нь зүйтэй юм байна гэдэг утгаар л орсон.
-Залхуу хүүхэд гэж ер байхгүй, хийх зүйлээ мэдэхгүй хүүхэд л гэж бий-

-Боловсролын салбарт бусад салбараас илүү судлаачид, докторууд төрөн гардаг. Гэтэл энэ салбар жил ирэх тусам муудаад байгааг юу гэж тайлбарлах вэ?
-Миний ажигласнаар доктор болгон судалгааны ажил хийдэг. Ямар гэдгээс шалтгаалаад тухайн судалгааны зорилтдоо хүрч ч болно, хүрэхгүй ч байж болно. Зорилтдоо хүрээгүй судалгааны ажлыг дараа дараагийн докторууд хараад “Аан, энэ ажил бүтэлгүйтсэн юм байна” гэдэг ойлголтыг авна гэсэн үг.
Миний хувьд багаасаа бие даан сурч, хүүхдэд хичээл заах явцдаа анализ хийж нэгтгэн дүгнээд Suraad.mn гэсэн цахим сургалтын систем үүсгэсэн. Энэ систем бүтээл болж гараад одоог хүртэл явж байна.
Боловсролын салбарын тухайд жил ирэх тусам муудах тал руугаа яваад л байна. Сүүлийн 100 жилийг аваад үзэх юм бол 70 жилийн хугацаанд орос школын хөтөлбөрийн дагуу хичээллэдэг байсан. Сүүлийн 30 жилд бид ардчилсан нийгэмд шилжээд өөрсдийнхөө хөтөлбөрийг боловсруулах гэж хичээсээр ирсэн. Боловсролын хувьд монгол хүүхэд ирээдүйд хэр байвал дэлхий нийттэй хөл зэрэгцэн амьдарч чадах вэ гэдэг чиг баримжаагаа их сайн олохгүй байгаад байна. Бид олон гадаад орны хөтөлбөрүүдийг туршаад явж байгаа. Үүнд сайн зүйл ч бий. Саар ч зүйл байгаа. Энэ бүхнээс дүгнээд үзэх юм бол бид монголчууд бид боловсролын системээ өөрсдөө боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хувьдаа дүгнэж байгаа. Мөн бид тухайн системээ хэрэгжүүлэхдээ тааруу юм байна гэдгийг анзаарсан. Учир нь цаасан дээр хүүхдүүдэд маш сайн таарсан хичээлийн боловсруулалт байлаа гэж бодъё. Гэтэл тэр цаасан дээрх агуулгыг 100 хувь гаргаж ирж ажил хэрэг болгож чаддаггүй юм байна гэдгийг судлаач хүний нүдээр харсан. Залхуу хүүхэд гэж ер байхгүй, хийх зүйлээ мэдэхгүй хүүхэд л гэж бий.
-Боловсрол, мэдлэгтэй хүнд хүмүүжил, төлөвшил өөрөө сууна-

-Боловсролын салбарт шүүмжлэл дагуулж явдаг бас нэг зүйл нь хүүхдийн хүмүүжил орхигдоод байна гэдэг..
-Боловсрол мэдлэг, хүмүүжил төлөвшил гэдэг зүйл саланги тусдаа зүйл бол огт биш юм. “Эрдэмтэй хүн даруу” гэдэг шиг хүн их зүйл сурч, уншиж судалж, боловсорсныхоо хэрээр мэдлэгийн хүрээ нь тэлж, хүмүүжил төлөвшил сууж байдаг. Тархи нь хоосон, сурлага нь тааруухан, мэдлэг нь нимгэн учраас л хүмүүжил төлөвшил орхигдоод байгаа хэрэг.
Сайн боловсрол дотор хувь хүний хөгжил, бие даах чадвар, хүний үг сонсох, сууж сурах бүх чадварууд шингэчихсэн байдаг. Сургууль бол хоёрдогч гэр гэдэг шиг мэдээж, энэ бүх чадварыг сургуулиар, боловсролын байгууллагаар дамжуулж олж авна. Тухайн хүүхэд багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ, найз нөхдөдөө тусална, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, цаг барьж сурна гэдэг чинь хүмүүжлийн нэг хэлбэр. Хоёрдугаарт, гэр бүлийн орчин үүнд их нөлөөлнө. Тиймээс хүүхдийн хүмүүжил төлөвшилд гэр бүл, сургуулийн орчин нөлөөлөхөөс гадна сайн боловсрол чухал нөлөөтэй.
Оюуны чадамжийн хувьд, монгол хүүхдүүд сэргэлэн. Асуудлыг шийдвэрлэх гэх мэт зүйлд гүйлгээ ухаан сайтай, хөрвөх чадвартай. Тиймээс монгол хүүхдүүд Ази, Африк, Хятад, Япон, Солонгос гэлтгүй бусад орны хүүхдүүдээс дутаад байх зүйлгүй, оюуны потенциал сайтай. Харин монгол хүүхдүүдийн IQ-гийн түвшин тийм, ийм гэж худлаа тодорхойлолт хэлж чадахгүй. Оюуны чадамж бол хүүхэд болгонд тогтсон нэг л үзүүлэлт. Харин тухайн төрж өссөн, нутаг усны онцлог, байгаль цаг уурын нөхцөл байдал, орчин ахуй, амьдрах хэв маяг зэргээс шалтгаалаад харилцан адилгүй байж болно. Ер нь бол монгол хүүхдүүд сэтгэхүйн хурд сайтай. Юмыг богино хугацаанд шийдвэрлэх зэрэгтээ сайн боловч гүйцэтгэл талдаа тааруухан санагддаг. Тиймээс хот, хөдөөдөө хүүхдүүдээ жигд хөгжүүлээд явбал монгол хүүхдүүдэд давуу тал олон бий.
-Сүүлийн үед хүүхдээ гадаадад төгсгөх сонирхолтой эцэг, эх олон болсон. Гаднын боловсрол сайн, дотоодын боловсролын систем тааруу гэх шүүмжлэл байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Мэдээж гадаадад сурах нь өөр орчинтой танилцана, өөр хүмүүстэй танилцана, олон улсын соёлд суралцана гээд маш олон давуу талтай. Гэхдээ гадагшаа сурахаар явахад ямар хөтөлбөрт хамрагдах гэдэг нь бас чухал асуудал байдаг. Гадагшаа суралцахаар явахад нарийн мэргэжлийн эмч, инженер, нарийн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа бол том давуу талтай байна.
Гадаадад манайд эрэлт хэрэгцээтэй мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдчихсэн мэргэжлээр суралцсанаас бараг Монголдоо боловсорч, мэргэшсэн нь дээр ч юм шиг санагддаг. Монголдоо дээд боловсрол эзэмшээд, карьер хөөгөөд явчихсан нь илүү дээр шүү дээ. Харин нарийн мэргэжлээр буюу эмч, био технологич гэх мэт байгалийн шинжлэх ухаан дээр суралцвал илүү үнэ цэнтэй зүйлийг бий болгох юм болов уу гэж бодож байна.
-Алсдаа боловсролын асуудлыг бодлогын түвшинд аваачиж ахиц гаргахыг зорьж байна-

-Бид таны ажил мэргэжлийн тухайд өнгөрсөн болон одоо цагт ярилцсан. Харин ирээдүйд юуг төлөвлөж бас зорьж байгаа вэ?
-Хатуухан хэлэхэд Монголд боловсролын салбар бараг ангалын ирмэг дээр байгаа. Саяхан Писагийн шалгалтаар 15 настай хүүхдүүдийн унших чадвар гэхэд хоёр хүүхэд тутмын нэг нь уншсан зүйлээ ойлгохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн математикийн хичээлд олон улсын дунджаас 4-5 жилээр хоцрогдчихсон байна. Тийм учраас бид нэн яаралтай хоцрогдлоо арилгахгүй бол урагш алхаж чадахгүй гэсэн үг. Тэр дотроо математик, байгалийн ухаан, эх хэлний хичээлүүд маш чухал. Эдгээр хичээлүүдийн сургалтын чанарыг бүх шатны сургуулиуд хоцрогдлоосоо ангижрах ёстой. Цаашлаад сургалтаа сайжруулж, чанараа тогтмол барих ёстой. Мөн боловсон хүчнээ бэлтгэх нь хамгийн чухал юм байна. Би саяхан Вьетнам яваад ирсэн. Тэгэхэд “Бид хүнээ бэлдэж байж дараагийн ахиц дэвшилтэд хүрэх юм байна” гэдгийг маш сайн ойлгож ирсэн. Ингэхийн тулд миний зүгээс одоо бодлогын түвшинд аваачиж ахиц гаргахыг зорилгоо болгосон байгаа. Би залуу хүн учраас ирээдүйгээ их гэрэл гэгээтэй харж байгаа. Яагаад гэвэл монгол хүүхдүүдийн суурь ген бусдаас ялгарах давуу тал учраас миний өнгөрсөн амьдралд судалсан зүйлүүд амьдрал дээр хэрэгжээд олон сайхан ололт амжилтыг авчрах байх аа гэж итгэж байна. Энэ ажлыг хийх үүрэгтэй хүн гэж өөрийгөө боддог болохоор эх орондоо амьдарч, ажиллана.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Би хувь хүнийхээ хувьд 2000-аад оны эхээр “электрон жаал” нэрээр олон хүнд танигдсан. Тухайн үед зарим хүүхдүүд “Чамаас болж ээждээ загнуулсан. Чи яагаад ингэж бусдаасаа өөр байгаа юм. Яг ямар зорилготой юм” зэргээр хэлдэг байсан л даа. Энэ бол миний туулж яваа л амьдралын нэг кэйс. Миний хийж байгаа эдгээр зүйлс заавал бүх хүнд таалагдаад байх алба байхгүй. Гэхдээ бид нэг зүйл дээр анхаарах ёстой. Боловсрол гэдэг ойлголтыг зөвхөн багшаар дамжуулж авдаг гэхээсээ илүүтэй олон нийтээрээ анхаарах хэрэгтэй. Анхаарах анхаарахдаа маш гүнзгий анхаарах ёстой юм байна. Яагаад гэвэл Ковидын дараагаас боловсрол бидэнд ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ анхаараад эхэлсэн. Хүмүүс боловсролыг зөвхөн хичээл гэж үзэхээсээ илүүтэйгээр олон талаас нь хардаг байгаасай. Мөн танд зөвхөн багш гэдэг хүн боловсрол олгодоггүй юм шүү. Илүү өргөн утгаараа нийгэм, соёл, спорт гээд бидний хүрээлэн буй бүхий л зүйлс боловсролын том суурь байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх-Амг�##�ан сайдтай нийлж аваад юм хийгээсэй
Улс даяараа улс төрч, төрийн ажилтан болох синдромтой болчихсон. Манлайл�##� гэдгийг �##�бан туша�##� гээд ойлгочихсон
Итгэлийг нь бусниулчихгүй шиг ашиглаад хамтраад ажиллаасай
Энэ ёстой Царайлаг Банди тэ?Солиор олон нийтийн Сайт дээр юү жиргээдаан гол юм аа бич бичихгүй бол боль.За