NZ Herald: Монголоос зугтсан хар тамхины наймаачин Шинэ Зеландад “хамгаалагдсан хүн” гэсэн статустай болжээ

Дөрвөн өдрийн өмнө \2024.04.09\ Шинэ Зеландын "NZ Herald" сонинд "Монголоос зугтсан хар тамхины наймаачин Г нь олон улсын конвенцийн дагуу Шинэ Зеландад "хамгаалагдсан хүн" гэх статустай болсон талаар мэдээлсэн байна. Тухайн хүнийг албадан гаргахгүй гэсэн үг.
Г нь Монголд шоронд хоригдож байгаад батлан даалтад гарсныхаа дараа БНХАУ-аар дамжин 2019 онд Шинэ Зеланд руу очжээ. Тухайн үед эхнэртэйгээ хамт очсон хэлий ч хэсэг хугацааны дараа эхнэр нь Монгол буцжээ.
Тэрбээр Монголд “мөс” буюу метамфетамин наймаалсан хэргээр буруутгагдаж байсан бөгөөд уг хэрэгт холбогдсон өөр нэг залуугийн аав нь Г-г дарамталж, түүнийг шоронд зодуулахын тулд цагдаад авлига өгсөн гэж мэдүүлсэн байна. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхдүүдэд "мөс" зарсан, уг хэрэг нь "Монголын нөлөө бүхий хүмүүстэй" холбоотой гэжээ. Г нь Монголын цагдаа, шүүхийг авлигад автсан, цагдаа өөртэй нь зүй бусаар харьцаж эрүүдэн шүүсэн, шударга бусаар хорьсон гэдгийг ярьсан байна.
Монголын шүүхээс Г-д хүчээр хэрэг хүлээлгэхийн тулд цагдаагийн алба хаагчид түүнийг “сэтгэл санааны дарамт, эрүү шүүлт тулгасан талаар хэлжээ. Улмаар Шинэ Зеландын шүүхээс үндэслэлтэй гэж үзээд "Хамгаалагдсан хүн" гэх статустай болгосон байна.
Манай улс 1984 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдсэн. Уг конвенцийн дагуу "Олон улсад хамгаалагдсан хүн" гэх тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.