БНСУ-ын сонгууль: Юн Сок Ёлын нам томоохон ялагдал хүлээж, түүнд бодлогоо явуулахад илүү хүндрэлтэй боллоо

Товч агуулга: БНСУ-д Үндэсний Ассамбалей буюу парламентын гишүүдийг сонгох санал хураалт лхагва гарагт /2024.04.10/ болж өнгөрсөн. Тус сонгуульд гол сөрөг хүчин ялалт байгуулав. Өчигдрийн санал хураалтад Ардын хүч нам ялалт байгуулсан бол Юн Сок Ёлд хууль тогтоох эрх мэдлийг өөрийн талд авах цорын ганц боломж байсан юм. Гэвч сөрөг хүчний Ардчилсан нам ялалт байгууллаа.
Парламентын сонгуулийн санал хураалт 06:00-18:00 цагийн хооронд орон даяар байршуулсан 14,259 санал хураах байранд явагдсан. Аливаа орны улс төрд хоёр томоохон нам л ноёрхдог. БНСУ-ын хувьд нэр хоёр нам нь И Жэ Мюний Ардчилсан нам болон Хан Дунхуны Ардын хүч нам.
Гуравдугаар сарын байдлаар Ардчилсан нам 160 ,Ардын хүч нам 113 суудал эзэмшиж байв. “Gallup Korea” агентлаг гуравдугаар сарын 29-нд санал асуулга явуулахад солонгосчуудын 37 хувь Ардын хүч намд харин 29 хувь нь Ардчилсан намд саналаа өгнө гэж хариулж байсан юм.
Харин “MBC” суваг хэд хэдэн санал асуулгаар Ардчилсан нам тэргүүлж байна гэж мэдээлж байв. “MBC” сувгийн нийтлэл сонгогчдын үзэл бодолтой илүү ойр байсан бололтой.
Санал хураалт хаагдах үед “KBS”, “MBC”, “SBS” сувгууд явуулсан санал асуулгаар Ардчилсан нам 178-197 суудал авна гэх тооцоолол гарсан. Харин Ардын хүч нам 85-110 суудал авах төлөвтэй байна.
Солонгосын Үндэсний Ассамблей ямар бүтэцтэй вэ
Үндэсний Ассамблейн сонгууль холимог байдлаар явагддаг. Өчигдөр солонгосчууд саналаа өгөхдөө хоёр хуудас бөглөсөн. Богино хуудас нь тойргоосоо дэмжиж буй хүндээ саналаа өгсөн.

Харин хоёрдох урт хуудаст пропорциональ байдлаар хуваарилагдах суудлын төлөө өрсөлдөж буй 38 намаас сонгосон юм. Үндэсний Ассамблей нийтдээ 300 суудалтайгаас 254 нь богино хуудсаар сонгогддог. Нэг тойргоос нэг л хүн ялна. 254 суудлыг Ардын хүч нам болон Ардчилсан нам л авч таардаг юм.
Үлдсэн 46 суудлыг пропорциональ хувилбараар дүүргэдэг. Сонирхолтой нь урт хуудаст буй Ард түмний ирээдүйн нам, Ардчилсан нэгдсэн нам нь Ард түмний хүч болон Ардчилсан намын нэмэлт суудал авах зорилгоор үүсгэсэн дагуул намууд аж.
Яагаад энэ сонгуулийн ач холбогдол өндөр байсан гэж?
Үндсэн хуулийн дагуу нэг удаагийн 5 жилийн бүрэн эрхт хугацаанд ажиллах хязгаарлалттай Ерөнхийлөгч Юн Сок Ёлын хувь энэ сонгууль ач холбогдол өндөр байсан юм.
Тэрбээр дахин сонгууль нэр дэвших боломжгүй тул өчигдрийн сонгууль нь хууль тогтоох эрх мэдэл Юн Сок Ёлын талд ирэх ганц боломж байлаа. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Stimson Center” энэхүү сонгуулийг Юн Сок Ёлын бүрэн эрхт хугацааны тал нь өнгөрсний дараа өгч буй үнэлгээ хэмээн харж болно гэжээ.
Мөн тус төв Ардын хүч нам энэ сонгуульд тааруухан үр дүн үзүүлж, мажоритар байр суурийг олж авч чадахгүй бол Юн Сок Ёлын захиргаа сүүлийн гурван жилдээ эрч хүчээ алдах магадлалтай хэмээн үзсэн.
Инчоны улс төр судлалын профессор И Жунхан “Сөрөг хүчин парламентыг удирдаж байгаа учир сүүлийн хоёр жилд Юн Сок Ёлд бодлого хэрэгжүүлж, амжилт гаргахад хүндрэлтэй байсан. Өөрчлөлт гарахгүй бол түүний хувьд үлдсэн бүрэн эрхт хугацаандаа ажил хийхэд хэцүүхэн хэвээр байх болно” гэжээ.
Гол өрсөлдөгч намууд ямар амлалт өгсөн бэ?
Өмнөд Солонгост хэд хэдэн асуудал нүүрлээд буй. Тухайлбал эдийн засгийн удаашрал, орон сууцны үнэ өсөж, хурдацтай хөгширч буй нийгэм, жил ирэх тусам буурч буй төрөлт гэх мэт шийдэлд хүрч чадаагүй асуудлууд байгаа юм.
Энэ удаагийн сонгууль анхны удаа 60-аас дээш насны сонгогчдын тоо 20-30 насны сонгогчдын тооноос давсан гэдгээрээ онцлог. Ийм учраас Ард түмний хүч болон Ардчилсан нам өндөр настай сонгогч нарт таалагдах амлалтууд ихээр өгчээ.
Хоёр нам асрамжийн газрын зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас өгөх санхүүжилтийг нэмэгдүүлж, ахмадын төвүүдэд өдрийн хоолыг үнэ төлбөргүй болгохоор амласан. Гэхдээ хэрхэн, яаж үүнийг гүйцэтгэхээ тайлбарлаагүй байгаа.

Мөн Юн Сок Ёл ахмадуудад зориулж жил бүр 3 мянган нийтийн түрээсийн орон сууц үүсгэнэ гэсэн. Үүнийг давуулахдаа Ардчилсан нам ирэх дөрвөн жилд ахмадуудад зориулж 100 мянган орон сууц барина хэмээсэн юм.
Хоёр нам мөн жил ирэх тусам буураад буй төрөлтийн асуудлыг шийдэх хэд хэдэн бодлого шинээр хэрэгжүүлэхээ мэдэгдээд байсан. Хоёрдугаар сард БНСУ-ын засгийн газраас гаргасан тоо баримтаар бол 2023 онд төрөлт 0.72 болж буурчээ. Төрөлт энэ хэвээр буурсаар байвал БНСУ-ын хүн ам 2100 он гэхэд хоёр дахин багасна гэсэн тооцоо бий.
Яагаад Юн Сок Ёлын хувьд муу мэдээ вэ?
Ардчилсан нам 178-197 суудал авна гэх тооцоолол гарсан гэдгийг дээр дурдсан. Ингэснээр тус нам Үндэсний Ассамблейд өөр сөрөг хүчний жижиг намуудтай хамтран мажоритар хүчин болоход шаардлагатай 200 суудлыг босгож чадна.
Ингэж мажоритар болсноор тэд Юн Сок Ёлын хориг тавих эрхийг давсан эрх мэдэлтэй болно гэсэн үг. Учир нь БНСУ-ын хуулиар бол аливаа хуулийн төсөлд ерөнхийлөгч хориг тавихад тус хоригийг хүчингүй болгохын тулд 200 хууль тогтоогчийн санал шаардлагатай байдаг юм.
Өмнө нь Ардчилсан нам ийм хориг тавих хэмжээний суудал эзэмшдэггүй байсан. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдлөө.
Эх сурвалж: Korea JoongAng Daily, Korea Times, Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНСУ-ын ерөнхийлөгчийн зарим болчимгүй хатуу шийдвэрүүд нь ард иргэддээ та�##�агддаггүй гэж судлаачдын бичээд байдаг үнэний ортой бололтой.