Израилын армийн удирдагч Иранд хариуг нь өгнө гэдгээ мэдэгдлээ

Бямба гарагийн /2024.04.13/ орой Иран 300 гаруй пуужин, дроноор Израил руу халдсан. Тэдгээр зэвсгүүдийн ихэнхийг Израилын агаарын хамгаалалтын систем АНУ-ын тусламжтай устгасан юм.
Тэгвэл Израилын Батлан хамгаалах хүчний топ генерал Иранд хариу барина гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй. Мэргэжилтнүүд Израилаас өгөх хариу цохилт Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдлыг хурцатгах хэмжээний хүчтэй байх вий хэмээн эмээж байгаа юм.
Израилын Батлан хамгаалах албаны штабын дарга, дэслэгч генерал Херци Халеви улсынхаа цохилтод бага зэрэг өртсөн Неватим агаарын цэргийн баазаас “Израилын газар нутаг руу маш олон пуужин, дроноор халдсанд хариу өгөх болно” гэж маш товч бөгөөд тодорхой мэдэгдэл хийв.
АНУ-ын албан тушаалтнууд даваа гарагт /2024.04.15/ Ираны халдлагад хариу цохилт өгөх нь бараг гарцаагүй зүйл хэмээсэн юм. Харин Байдены захиргаа Ираны нутаг дэвсгэрт чиглээгүй, өргөн цар хүрээний бус цохилт өгнө гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Харин Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, Батлан хамгаалахын сайд асан Бенни Ганц нар хэнд хэдэн удаа уулзалдаж ямар байдлаар хариу арга хэмжээ авахыг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.