Гадаад мэдээДЭЛХИЙ

Сонгуульд ялагдсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл ард түмний хоолойг сонсохоо амлалаа

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.04.10/ БНСУ-ын парламент буюу Үндэсний Ассамблейн сонгууль болсон. Тус сонгуульд гол сөрөг хүчин болох Ардчилсан нам болон бусад жижиг намууд ялалт байгуулсан юм.

Тодруулбал Ардчилсан нам, бусад жижиг намуудтай хамт 300 суудлаас 192 суудал авсан байна. Харин төрийн эрхийг барьж буй Ардын хүч нам 108 суудал л авсан.

Ардын хүч нам парламентын сонгуульд ялж чадаагүй тул БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гарагт /2024.04.16/ мэдэгдэл хийжээ.

Тэрбээр олон нийтийн санал хүсэлтийг тусгаж авч чадаагүйдээ уучлал гуйсан байна. Юн Сок Ёл өнгөрсөн долоо хоногийн сонгуулиар ард түмэн үзэл бодлоо илэрхийлснийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, иргэдийн дуу хоолойг сонсохын төлөө чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргахаа амлав.

Засгийн газрын хуралдааны эхэнд тэр “Сонгуулиар дамжуулж олон нийтийн илэрхийлсэн үзэл бодлыг даруухнаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний бие, бид бүгд олон нийтийн санаа бодлыг анхааралтай сонсож, уян хатан байдлаар нэр дэвшигчидтэй харилцах болно” гэжээ.

Ардчилсан нам мажоритар болсноор тэд Юн Сок Ёлын хориг тавих эрхийг давсан эрх мэдэлтэй болно гэсэн үг. Учир нь БНСУ-ын хуулиар бол аливаа хуулийн төсөлд ерөнхийлөгч хориг тавихад тус хоригийг хүчингүй болгохын тулд 200 хууль тогтоогчийн санал шаардлагатай байдаг юм.

Өмнө нь Ардчилсан нам ийм хориг тавих хэмжээний суудал эзэмшдэггүй байсан. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ийм учраас Юн Сок Ёл бодлогоо явуулахыг хүсвэл сөрөг хүчинтэй хамтарч ажиллахаас өөр аргагүй.

Гэвч Юн Сок Ёл хэрхэн сөрөг хүчинтэй хамтран ажиллах талаар мягмар гарагийн мэдэгдэлдээ дурдсангүй. Гол сөрөг хүчин болох Ардчилсан нам, Солонгосыг сэргээн босгох намын удирдагчид Юн Сок Ёлтой уулзах хүсэлтэй буйгаа мэдэгдсэн.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button