Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөө дэмжих шинэ стратеги

Товч агуулга: БНХАУ-ын эдийн засаг хэд хэдэн асуудалтай тулгараад буй. Тэдний нэг нь эдийн засгийнх нь чамлашгүй хэсгийг бүрдүүлдэг үл хөдлөхийн салбар. БНХАУ тус салбарыг өөд нь татахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх шинэ бодлого баримталж эхэллээ. Тодруулбал тус улсын засгийн газар үйлдвэрлэлийн салбараа дэмжих болов.


Дэлхийн хоёр дахь хамгийн том ДНБ-тэй БНХАУ эдийн засгийн өсөлтөө сэргээхийн тулд үйлдвэрлэлийн салбарт анхаарлаа хандуулах боллоо. БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтийн хөдөлгөгч хүчин зүйл болж өгсөн томоохон салбаруудын нэг нь үл хөдлөх хөрөнгийн салбар. Сүүлийн 20 жилд үзэгдсэн эдийн засгийн өсөлтийн чамгүй хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар үүсгэсэн гэдэг билээ.

“UBS” фирмийн шинжээчид өнгөрсөн жил үл хөдлөхийн салбар БНХАУ-ын эдийн засгийн 22 хувийг үүсгэдэг гэж тооцоолсон юм.

Хятадын эрх баригчид гуравдугаар сарын эхээр үйлдвэрлэл, дотоодын технологи хөгжүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулахын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.

Эрх баригчдын гаргасан гурван том төлөвлөгөөнөөс харвал энэ жилд Бээжингийн хамгийн том зорилго нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх байна.

Зургийн эх сурвалж: Associated Press

БНХАУ-ын Сангийн яамнаас гаргасан тайланд төв засгийн газар “Үйлдвэрлэлийн салбарын суурийг сэргээн босгож, өндөр чанартай үйлдвэрлэлийг дэмжихэд” 10.4 тэрбум юань (1.45 тэрбум ам.доллар) зарцуулна гэжээ.

Хэдийгээр өнгөрсөн жил тус улс үйлдвэрлэлийг дэмжихийн тулд илүү их буюу 13.3 тэрбум юань зарцуулсан ч энэ жил илүү чухал байр суурь эзлэх боллоо. 2023 онд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ач холбогдлын хувьд иргэдийн хэрэглээг дэмжихийн дараа орж байсан юм.

Хятадын эрх баригчдын танилцуулсан төлөвлөгөөний талаар “HSBC” банкны Азийн эдийн засгийн ахлах шинжээч Фредерик Нойманн “Орон сууцын зах зээлдээ томоохон өөрчлөлт хийсэн бусад улсуудаас ялгаатай нь БНХАУ-ын үл хөдлөхийн салбарт хийх хөрөнгө оруулалт буурсангүй. Харин хөрөнгө оруулалт дэд бүтэц, хамгийн чухал нь үйлдвэрлэл рүү шилжиж байна” хэмээжээ.

Энэ өөрчлөлт нь үл хөдлөхийн зах зээл эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөг багасгах ч үл хөдлөхийн салбарт хэт их хөрөнгө оруулалт төвлөрөх эрсдэлтэй болохыг тэр анхааруулсан байна.

“HSBC”-ийн эдийн засагчид “Үл хөдлөхийн эрэлт хөрөнгө оруулалттай адил нэмэгдэж, тогтвортой байхгүй бол хатуухан зохицуулалт хийх шаардлагатай болно” гэдгийг онцолжээ.

Бодлогоор дэмжих бусад салбарууд

Сангийн яамны тайланд үйлдвэрлэлийн салбарын тогтолцоог дэмжих нь бодлогын тэргүүний байр суурийг эзэлсэн. Харин үүний дараа “Шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан Хятадыг бэхжүүлэх стратегийн хэрэгжилтийг дэмжих” тухай тусгасан байна.

Энэхүү хоёрдох зорилтоо дэмжихийн тулд БНХАУ-ын Сангийн яам 31.3 тэрбум юань мэргэжлийн боловсролд зарцуулахаа мэдэгдсэн юм. Залуучуудын дунд, ялангуяа их дээд сургууль төгсөгчид дунд ажилгүйдэл өндөр байгаа.

Иргэдийн хэрэглээг дэмжих нь бодлогын жагсаалтын гуравдугаарт орж, хэдий хэмжээний санхүүжилтээр дэмжих талаар мэдээлэл өгөөгүй юм.

Үүнээс гадна технологи, үйлдвэрлэлийн хөгжилд өмнөх жилтэй харьцуулахад илүү анхаарал хандуулах болсон байна. Ялангуяа цахилгаан машины салбарт БНХАУ-ын манлайллыг тогтоох талаар тусгажээ.

Хятадын эрх баригчид технологийн салбарт анхаарлаа хандуулахаас өөр аргагүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын засгийн газар БНХАУ руу хиймэл оюун ухаан, бусад дэвшилтэт технологид шаардлагатай хагас дамжуулагч нийлүүлэхээ больсон.

Ийм учраас Хятад компаниуд өөрсдийн гэсэн дээд зэрэглэлийн хагас дамжуулагч бүтээхээр ажиллаж эхэлсэн. Шинжээчид БНХАУ-ын хагас дамжуулагчийн технологи АНУ-ыг гүйцэхэд хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Үйлдвэрлэл, өндөр технологийн хөгжилд анхаарлаа хандуулж байгаа нь ашгаа өгч байгаа бололтой. Тэгвэл энэ жилийн эхний улиралд БНХАУ-ын эдийн засаг дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн ачаар тооцооллоос давж өссөн байна.

БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.04.16/ гаргасан тоо баримтаар бол энэ оны эхний улиралд ДНБ өмнөх жилтэй харьцуулахад 5.3 хувиар нэмэгджээ.

“Reuters” агентлагийн санал асуулга явуулсан эдийн засагчид тус улсын ДНБ-ийг нэгдүгээр улиралд 4.6 хувиар өснө гэж таамаглаад байсан юм.

Гуравдугаар сард болсон Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулганы үеэр Коммунист нам 2024 онд эдийн засгаа 5 хувиар өсгөнө гэх зорилт тавьсан. Энэхүү зорилгодоо хүрэхэд хүндрэлтэй байх болно гэж эдийн засагчид үзэж байсан. Ийм учраас БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөө дэмжих шинэ бодлого баримталж эхлэв.

Эх сурвалж: CNBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button