Европын холбоо Ираны эсрэг шинэ хориг тавих боллоо

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Иран Израил руу 300 орчим дрон, пуужингаар халдсан. Үүний дараа Европын холбоо болон АНУ Ираны эсрэг тавьсан хоригоо чангатгахаа мэдэгдсэн юм.
Тэгвэл Европын холбоо мягмар гарагт /2024.04.22/ Ираны эсрэг арга хэмжээ авах тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү хориг нь дрон, баллистик пуужин үйлдвэрлэхэд ашигладаг Европын холбоонд үйлдвэрлэсэн эд ангиудын экспортыг хязгаарлах зорилготой.
Өмнө нь Европын холбоо Иранд үйлдвэрлэсэн Шахед дроны эсрэг хориг арга хэмжээ авч байсан. ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд тэдгээр дронуудыг ашиглан халдлага үйлдэхэд ашиглаж байгаа юм.
Хэдийгээр Иран дроны ихэнх хэсгийг дотооддоо үйлдвэрлэдэг ч гадаадаас дэвшилтэт технологи бүхий бүрэлдэхүүн худалдан авч үйлдвэрлэлдээ ашигладаг. Тус улс олон жилийн туршид нарийн технологи бүхий бүрэлдэхүүн худалдаж авах нарийн сүлжээг үүсгэжээ.
Иран ОХУ-д дрон худалдаалахаас гадна Йемений Хусит, Ливаны Хезболла, Газын зурвасын Хамас бүлэгт зэвсэг нийлүүлдэг юм. Ийм учраас Европын холбоо шинэ хориг арга хэмжээндээ Ойрх дорнод болон Улаан тэнгисийн бүсийг хамруулах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.