Нэг дороос | Хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын дүрэм”-д гарын үсэг зурцгаасан юм. Уг комиссын дүрмийг үзэглэснээр талууд цаашид олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэхээ харилцан нотоллоо.
Мөн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев нар ноос импортлох нөхцөл харилцан зөвшөөрөх тухай мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг солилцов.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн бүлгийн дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Т.Аубакир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев нар болон албаны бусад хүмүүс байлцлаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатар Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа-
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Айлчлалын үеэр Жогорку Кенешийн дарга Н.Шакиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавих юм.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар маргааш (2024.04.24) Чингис хаан музейд болох “Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэн”-гийн нээлтэд оролцож, “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоно.
Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр талууд хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэн билээ.
Хоёр улс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаатай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2024.04.23) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно.
Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, холбогдох эрх зүйн үндсийг бататгах ач холбогдолтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.