Top StoriesЯрилцлага

Б.Болороо: Зарим хэсгийг халширч, халгасаар бичлээ. Миний охин энэ бүгдийг ойлгоно

Бидний мэддэг, бас мэддэггүй Б.Болороо өөрийн намтраар бичсэн “Энэ бол би” номоо саяхан хэвлэлтээс аваад байна. Хувь тавилангийн давхар, давхар ачааг чухам тэр л болохоор ийм хүчирхгээр давж, тийм ухаалгаар эрхшээдэг мэт. Энэ удаа “Хөгжлийн бэрхшээлтэй” гэх тодотголыг хэдийн таягдан хаясан, энгийн нэг эмэгтэй миний өмнө суулаа.

-Та юу туулж, юуг суралцсанаа бусдад нууцгүй илэрхийлж ирсэн. Харин ном бичихээр шийдсэн нь яагаад вэ?

-2018-2019 оны үед байна уу даа, энэ санаа анх төрсөн. Одоо миний охин найман настай. Магадгүй хожим нь ээжийгээ анхнаасаа л тогтсон ажилтай, орлоготой явж ирсэн мэтээр ойлгоно. Тийм учраас энэ байр сууринд хүрэхийн тулд ямар их саад бартаа туулсан, аавтай нь танилцаад, бие давхар болоход эмч нар яаж хүлээж авсан гэх мэт бүхий л зүйлийг охиндоо бичиж үлдээхийг хүссэн. Том болох хэрээр уншаад энэ бүхнийг ойлгож авна шүү дээ. Охин маань ном гарсны дараа уншаад, “Ээж ээ, таныг бага байхад дээрэлхэлт их байжээ. Тантай тоглох ч хүүхэд олддоггүй байж. Одоо манай сургууль дээр “Дээрэлхэлтийг дэвэргэх ёсгүй” гэдэг аян явж байгаа шүү дээ” гэж хэлсэн.

Шууд тунгааж бодоод, ийн ярьж байгаа нь хөөрхөн санагдсан. Дараагийн нэг шалтгаан бол, Монголд өөрийн намтрыг бичсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн бараг байдаггүй юм билээ. Түүнчлэн, би 2019 онд ханиа алдчхаад, талбай дээр сууж тэмцсэн бүх үйл явдлыг охиноо мэдээсэй гэж хүссэн. Аав нь ямар сайн хүн байсныг, эрүүл саруул бойжиход нь түүний нөлөө ямар ихийг бичиж үлдээе гэж хамгийн хүчтэйгээр бодсон. 

-Бичихэд хэр хугацаа зарцуулав?

-Би их ачаалалтай ажилладаг, 22.00 цаг хүртэл ажиллах нь дийлэнх. 2018 онд бараг л гарчгийг нь тавиад орхичихсон байсан. Гэтэл дараа жил нь нөхрөө алдаж, амьдралд ном манатай үйл явдал тохиолдсон хэрэг. Тэгээд 2022 оны намраас дахиад барьж авсан. Ажлаа тараад, шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжлүүлж бичсээр дуусгасан. Адармаатай үе олон байлаа. Анх 30 нас хүртэлх амьдралаа л бичье гэж бодсон ч ойр тойрны хүмүүс, найз нөхөд, ээж ч гэсэн яг өнөөг хүртэлх амьдралаа, нэг мөр биччих гэж зөвлөсөн. Би нөхрөө өнгөрснөөс хойш захидал маягаар тэмдэглэл бичдэг байлаа. Сэтгэлээр унах үедээ, яг л түүндээ хаяглаж, жаргалтай, зовлонтой бүх мөчүүдээ захидал болгон бичдэг. Заримдаа охиноо ховлоно. Тэгэхэд яг биеллээ олоод байгаа юм шиг, охин үгэнд ороод эхэлнэ (Инээв). Тэр захидлуудаа эргэн харж, нөхрөө алдсаны дараах үедээ буцаж очоод бичих гэхэд их халширч, халгасан. Ер үг үсэг тавьж чадахгүй байсан. Уг нь арванхоёрдугаар сарын 10-нд нээнэ гэж бодсон ч тэгээд амжаагүй. Аймаар хүнд хэцүү цагтаа буцаж очоод бичих бол амаргүй байсан.

-Хамгийн хүнд даваа нь байж?

-Хамгийн хүнд нь, аймшигтай байсан. Дараа нь ээжийнхээ өвдсөн үеийн тухай бичих мөн л амаргүй санагдсан. Миний ээж 2021 онд гурав дараалсан том хагалгаанд орж байсан. Ар араасаа дараалсан хүнд мэдээ дуулж байлаа. Тэр үеийг бичихэд мөн нэлээд цаг авсан. 

-Хэзээ ч өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй зүйлсээ бичсэн үү?

-Зөндөө бий. Би ихэвчлэн ажилтай холбоотой зүйлсээ түлхүү ярьж, бичиж ирсэн. Харин номдоо бага нас, оюутан байх үеийнхээ тухай гээд тэр бүр ярьж байгаагүй зүйлсээ багтаасан. Нөхөртэйгөө анх болзсон, анх ээж болсон тухай, ажил амьдралын хувьд ч туулсан бүгдийнхээ талаар дэлгэрэнгүй өгүүлсэн. Үнэндээ өнөөдөр намайг хүмүүс мэддэг л гэдэг боловч, яг ямар дуу сонсох дуртай юм, юунд хоббитой юм, мэддэггүй. Ерөнхий байдлаар нь л ойлгож, харж явдаг. Харин Болороогийн бага нас хаана өнгөрөв, найз нөхөд нь ямар сайн хүмүүс байв гэдгийг мэдэхгүй. Гэхдээ би аль болох гэрэл гэгээтэй талыг барьж бичихийг хүссэн шүү. Миний амьдралын философи бол өөрт тохиолдож буй асуудлыг бусдад нялзаахгүй явахыг хичээх. Энд аз жаргалтай мөчөө хуваалцахыг хүсдэг.

Номон дээрээ ч энэ зарчмаа баримталж, хар бараан, сэтгэлд хөндүүр зүйлсээр дагнаагүй. Мэдээж бичигдэх ёстой түүхүүд нь бичигдсэн. Гэхдээ тус бүрд нь дүгнэлттэй, эргэцүүлэлтэй бичсэн. Жишээлбэл, багадаа би ийм эрхээ зөрчигдөж буйг мэддэггүй, анзаардаггүй байж. Гэтэл хожим нь хууль судлаад үзэхэд ийм байсан юм билээ гэх мэтээр бусдад зөвлөх, хуваалцах тал дээр анхаарсан. Хүмүүс бариачид бариулбал саажилт гайгүй болдог гэж бодох нь олонтаа, “Хаана сайн бариач байна” гээд л шуурна. Гэтэл хүн бүрд таардаг нэг бариа засал гэж байхгүй шүү гэж сануулахыг хичээх жишээтэй. Үүгээрээ мөн өөрийнхөө номыг онцлог болсон гэж бодож байгаа (Инээв).

-Номын нээлт дээр хадам ээждээ "Хүүтэй тань өнө удаан жил амьдарна гэсэндээ хүрч чадаагүй, үүндээ хүлцэл өчье" гэж хэлсэн-

-Хүнд үлдэх юмтай бичжээ. Би нээлтэн дээр очиж чадаагүй. Та нээлтийн үеэр, хадам ээждээ хандаж үг хэлэхдээ тэсэлгүй уйлчихлаа гэж бичсэн байсан. Ямар үг байв?

-Нэг их айхтар үг биш л дээ. Гэхдээ өөрийнхөө бичсэн номыг гартаа барина гэдэг хүүхэд төрүүлэх шиг, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж юм билээ. Номынхоо нээлтийг хийнэ гэдэг миний амьдралын хамгийн баяр жаргалтай өдрүүдийн нэг шүү дээ. Ийм өдөр ээж маань Өмнөговиос зориод ирсэнд би маш их баярласан. Би ээждээ хандаад хэлсэн л дээ, “Ирсэнд баярлалаа. Миний ханийг, тийм сайхан залууг төрүүлж өсгөсөнд, надтай амьдралаа холбохыг нь зөвшөөрсөнд баярлалаа. Гэхдээ таны хүүтэй тань өнө удаан жил амьдарна гэсэндээ хүрч чадаагүй, үүндээ хүлцэл өчье” гэж. Уг нь богино үг. Гэхдээ сэтгэл хөдлөл ч их, уур амьсгал өөрөө хүчтэй, хоёр ээж маань өөдөөс хараад сууж байсан болохоор яахын аргагүй нулимс унагасан. Ээж минь гарч ирээд “Ерөөлөөр учирсаан, та хоёр минь” гэж хэлсэн. 

-Та урт хугацаанд нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө явсан. Өнөөдөр асуухад, хэрэг таны санаанд нийцтэл шийдвэрлэгдсэн үү?

-Би нийцсэн гэж хэлнэ. Яагаад гэвэл би үнэнийг тогтоолгож чадсан.  Ихэнхдээ хүмүүс хэрэгтнийг заавал шорон оронд оруулахыг хүсээд байх шиг ажиглагддаг. Надад тийм зорилго байгаагүй, хэн нэгний мууг үзэх гээгүй. Миний охин аавгүй болоод юуг мэдэрч байгаа билээ. Тэр хүний хүүхдүүд ч тийм байдалтай үлдэнэ шүү дээ. Би үүнийг хүсээгүй. Гэхдээ буруутай этгээд хариуцлагаа хүлээх ёстой нь үнэн. Миний чин зорилго бол бүх зүйл үнэнээр байгаасай гэж хүссэнд бий. Архи уугаагүй хүнийг уусан болгоод, 3.4 промилийн согтолттой байсан гэж дүгнээд. Бичлэг байхгүй гэж цагдаа гурван сарын турш ярьсан мөртлөө прокурорт шилжүүлэхдээ гаргаад ирсэн. Манай хүнийг илт буруутгаж байсан. Хамгийн энгийнээр, “Миний нөхөр архи уугаагүй шүү. Хоёрт, компанийн буруу шүү” гэдгийг л тогтоолгохыг хүссэн.

Ханийгаа муу нэртэйгээр явуулахгүй гэж, үлдэж байгаа үрдээ аавынх нь нэр төрийг хамгаалж үнэнийг тогтоолгох нь л чухал байсан. Ташрамд гэж хэлэхэд, орон сууцны лифтийг мэргэжлийн хүн л засах ёстой. Харин Монголд лифт ажиллахаа байчихвал дийлэнхдээ харуул нь л очдог. Дүрэмдээ заасан байдаг юм билээ л дээ, лифтийг 10-14 хоног тутам цэвэрлэж байх ёстой гэж. Гэтэл 19 хоног, тэр доор өтөж өмхийртлөө хэвтсэн хойно нь миний нөхрийн цогцсыг олсон гэхээр цэвэрлэдэггүй л байгаа юм. Би талбай дээр шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулахыг хүсэж, хэргийн харьяаллыг солиулах гэж суулт хийсэн. Хөндлөнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдээр дахин дүгнэлт гаргахаар болсон. Улмаар шинэ дүгнэлт гарсан, танилцахад “19 хоногийн дараа бүх цус нь ууршаад алга болсон байхад, хаанаас цус “гаргаж”, шинжилгээ хийв ээ” гэдэг өгүүлбэрээр эхэлж байсан. 

Өтөж өмхийртлөө зуны тэр халуунд байгаа цогцосны цус гэх зүйл үлдэхгүй л юм билээ. Гэтэл цусгүй байхад цусны шинжилгээ авснаар дүгнэлт гаргасан байсан нь сонин. Мөн өмнөх өдрүүдийнх нь камерын бичлэгийг үзэж дүгнэлт хийдэг юм билээ. Зүүн гараараа ар далаа маажиж байна, энэ бол эрүүл хүний үйлдэл гэх мэтээр. Шүүх эмнэлгийн дүгнэлт зөв гарахаар дараа дараагийн процесс өөрөө явсан. Тэгэхээр би үнэний төлөө л явсан, тэр зорилгодоо хүрсэн.

-Таныг байсхийгээд сонгуульд нэр дэвших нь гэж бичицгээдэг. Олон нийтэд танигдсан Болороогийн нэг дүр бий. Харин та бусдыг ямар байдлаар харж, ойлгоосой гэж хүсдэг вэ?

-Сонгууль болохоор л тэгж бичдэг нь үнэхээр төвөгтэй шүү (Инээв). Энэ жил надад жагсаалтад орооч гэж санал тавьсан л даа. Гэхдээ надад жанжин шугам бий. Олонд танигдсан л бол, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л УИХ-д суух шаардлагыг хангана гэж ойлгоод байх шиг. Миний харах өнцөг бол, жишээ болгоод ярихад, УИХ-ын гишүүн болоод зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган хүний асуудлыг ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр би илүү өргөн хүрээний мэдлэгтэй байх ёстой. Хоёрт, хөгжлийн бэрхшээлтэй байж гэмээнэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг ярих ёстой гэвэл утгагүй. Нөгөөтээгүүр, 126 гишүүний дийлэнх олонх нь асуудлыг ойлгож байж ажил явна.

Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусалсан, дэмжсэн бол эсвэл энэ асуудлыг хөндөж ярьж яваа бол гоё харагддаг имиж бий болчихлоо. Тэгээд л халамжийн тогтолцоог улам гааруулдаг шүү дээ. Халамж өгөхдөө биш, хүртээмжтэй, ээлтэй нийгмийг, дэд бүтцийг, орчныг бий болгох нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэгтээ биш, Болороо өөрөө ард түмнийг төлөөлөх хэмжээний мэдлэгтэй хүн мөн үү гэдэг бодууштай асуудал. Би өөрийгөө болоогүй байна гэж боддог. Мөн заавал УИХ-д орж байж өөрчлөлт авчирдаг ном үгүй. Миний мөрөөдөл бол НҮБ-д, энэ чиглэлээр эх орноо төлөөлөх. Энэ жилийн сонгуулиар, шинэ хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүн парламентад суудалтай болж магад. Харин тэдэнтэй би мэддэг, чаддагаа нээлттэй хуваалцаж, зөвлөлдөн ажиллаж чадна. Харин нэр дэвшинэ гэдэг бодол байхгүй ээ. Би зүгээр л хөгжлийн бэрхшээлтэй гэдэг тодотголтой л болохоос энгийн хүн. Эмэгтэй хүний, ээж хүний хувиар амьдрахыг хүсдэг. Бүх зүйлд л “Хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг тодотголтой амьдрах заримдаа таагүй. Өөрөөс нь нэг л өөр, тусгай хүн шиг хандах нь олонтой. Хөвсгөлд нэг удаа, ажлаа дуусгаад хамт олонтойгоо хоёр хоёр пиво уугаад сууж байтал ард сууж байсан хоёр залуу гайхсан. “Энэ чинь уудаг юм байна ш дээ” гээд.

Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг тодорхойлолтоос салгаж боддоггүй, өөр ертөнцийн хүн шиг хүлээж авдаг хандлагаа л эргэж хараасай. Эмэгтэй, эх хүн гэдэг байр сууринаас хараасай гэж боддог. Мөн олон дагагчтай болох тусмаа хүмүүс бараа, бүтээгдэхүүн сурталчлах гээд байдаг. Надад тийм санал олон ирдэг. Хүлээж авч байгаагүй, цаашид ч тэгэхгүй. Учир нь надад өөрийн үзэл бодол бий. 2016 оноос хойш найман жилийн дотор 93 мянган дагагчтай болохдоо би хөгжлийн бэрхшээлийн асуудлаар л дуугарахыг хүссэн. Намайг дэмждэг хүмүүс надад итгээд худалдаад авдаг, тэр нь муу бүтээгдэхүүн байвал яах билээ. Богино хугацаанд мөнгө олохоос илүү өөрийн үзэл бодлоо эрхэмлэдэг. Олон дагагчтай гэхээр л бас юм зардаг гэж бодохоо болиосой гэж хүсдэг. 

-Юм зардаг л бол инфлүүсэр болчих гээд байна шүү?

-Инфлүүсэр гэдэг ойлголт Монголд жаахан буруу яваад байна. Үзэл бодлоороо бусдад нөлөөлж буй хүнийг инфлүүсэр гэж нэрлэнэ шүү дээ. Монголд бол олон дагагчтай, бүтээгдэхүүн сурталчилдаг бол инфлүүсэр гэж харах гээд байдаг. 

-Заримдаа нам жим суучихмаар санагддаг уу. Олны хараа, таньсан нүднүүдээс залхаад?

-Ер нь бол тэгдэггүй. Яагаад гэвэл энэ миний сонгосон зам. Түүндээ гуньж, гутрах утгагүй шүү дээ. Харин яавал асуудал шийдэгдэх вэ, давж гарах вэ л гэж бодно. Мэдээж хүн юм хойно гуних ч бүх юмнаас хойш суух утгагүй санагддаг. Хэдий чинээ хүнд асуудлыг туулна, төдий чинээ хат суудаг ч байх. 

-Хайртай хүнээс тэгж хагацахын хэцүүг та юуны хүчээр давсан бэ?

-Ээж их айсан гэсэн. Би ер нь цоглог, найзуудтайгаа ч үргэлж маазарч явдаг хүн. Гэтэл миний нүдний оч унтарч, юм бүр дээр дуугарч байдаг хуучны хүн маань байхгүй болсон. Дотогшоо болж эхэлсэн. Яг үнэнийг хэлэхэд, хэргийн араас би яваагүй бол насаараа тиймбайдалтай үлдэх байсан. Нөхөр минь архи уух хүн биш гэдгийг би мэднэ. Гэтэл хуулийн байгууллага буруугаар дүгнээд байхад зүгээр сууж чадаагүй. Харин хүлээн зөвшөөрөөд өнгөрсөн бол би насаараа охиныхоо өмнө буруутай үлдэхээс гадна өөрийгөө аварч чадахгүй байх байсан. Таван жил тэгж их хайрлуулчхаад, би ямар арчаагүй юм бэ гэж өөрийгөө зүхэж амьдрах байсан. Ээж минь надад тусалсан. Ээжийгээ хараад л зориг ордог байсан. Дээр нь, охин маань яг л аавыгаа өвчсөн мэт адилхан. Тэр хоёр маань байсан учраас би давж чадсан. 19 хоног би амьд гэж л хайсан. Эхний хоёр хоног хүлээсэн. Компани нь эхлээд надад түүнийг минь найзуудтайгаа явсан гэж хэлсэн. Эрэгтэй хүн жаал шоудчихаад, гэртээ орж чадахгүй халгаад яваа биз гэж эерэгээр бодоод, хүлээгээд л байсан. Гэхдээ шөнө унтаж чадахгүй байсан. Ээж надад ар гэрийнхээ зовлонг хэзээ ч битгий ажил дээрээ гаргаж бай гэж захидаг. Тэр ёсоор өдөр нь зүгээр юм шиг байхыг хичээгээд л, орой нь, шөнө нь санаж, санаа зовж, нойр хулждаг байсан. Амьд ирнэ гэж хүлээж байтал алдсан гэдгийг мэдэх ямар хүнд байсан гээч. Хоёрдугаарт, алдах алдахдаа өтөж өмхийрсөн цогцос хүлээж авна гэдэг давхар шок шүү дээ. Хэргийн араас явахдаа бүх л аймаар зургуудыг харж байсан. Гурван давхар шок. Надад аймаар хүнд байсан. Өөр хүмүүс ч бас давах л байх л даа. Гэхдээ аймаар байсан. Гүн гүнзгий сэтгэлийн хямралд орсон. Өөрийгөө алдаж буйгаа мэдээд жаахан хичээж эхэлсэн. Давахын тулд Lead Mongolia хөтөлбөрт явж, өөр хүрээлэлд орж үзэхийг хичээсэн. Одоогийн Болороо болох гэж их хичээсэн. 

-Ялангуяа өөрийгөө буруутгах бодол орж ирэхэд амаргүй байх даа.

-Аймаар. Одоо ч би өөрийгөө буруутгадаг. Өчигдөр би хадам ээжээсээ уучлалт гуйсан. Одоо ч надад буруутгал бий гэсэн үг. 

-Гэхдээ ямар буруу гэж? 

-Надтай суугаагүй байсан бол. Амьд мэнд байх байсан ч юм бил үү. Би тэр компанид ажилд оруулаагүй бол. Надад анх ажлын санал тавихад нь, “Би мөрөөдлийн газартаа ажиллаж байгаа. Хэрэв үнэхээр надад тусалмаар байгаа бол нөхрийг маань ажилд аваач” гэж хүссэн юм. Би оруулаагүй бол... Гуравдугаарт, над руу хамгийн сүүлийн удаа залгахад нь би авч чадаагүй юм. Тэр бүх зүйл надад байнга бодогддог. Одоо арай л гайгүй болж байна. Найз нөхөд маань “Битгий тэгж бодоо. Чи сайн сайхныг хүсэж л ажилд оруулсан. Хэн хэн нь ажил хийх зөв л байсан шүү дээ” гэж дэмждэг л дээ. Гэхдээ хүний хэлснээр тэгээд л дээрдчихнэ гэж үгүй шүү дээ.

-Хайрыг юу гэж боддог вэ?

-Би хайрыг халамж гэж боддог. Яагаад гэхээр, манай хүн маш халамжтай хүн байсан. Намайг жирэмсэн байхад нөхөр маань өнжөөд л 5 литрийн усны сав хоёрыг бариад, вокзал руу явдаг байсан. Сүү аваад, өөрөө хөөрүүлж, шинэ өрөм гаргаж надад идүүлнэ. Тал сүүгээр нь тараг бүрж өгнө, үлдсэнийг нь уулгана. Өдөр бүр би шинэ өрөм иддэг байлаа. Хэзээ ч намайг халамжаар дутаагаагүй. Хүүхдээ ч хөхүүлж чадахгүй мунгинаж байхад шөнийн нойргүй л халамжилна. Өөр хүн миний дэргэд тэсэхгүй байсан. Охиноо есөн сартай байхад би ажилд орсон. Өглөө бүр намайг хүргэж өгнө, орой авна. Охиноо тэр минь харна. Өдөр бүр надад өдрийн хоол аваачиж өгнө. Тэгж л намайг хайрласан. Халамжтайгаас гадна хайраа илэрхийлдэг хүн байлаа, их гадагшаа. Охин маань ч түүнийг нь яг дуурайжээ. Орой ирэхээр л энд тэнд захидал бичээд нуучихсан байдаг. Гэнэтийн бэлэг гээд гаргаад ирдэг. Нөхөр маань ч баяр болохоор л элдэв гэнэтийн бэлэг бэлддэг байв. Би хайрыг зүгээр л халамж гэж боддог. 

-Та одоо ямар статустай ажиллаж байна вэ. Бодлогын бичиг баримтуудад ажиллаж байгаа харагддаг, ажлууд нээрэн урагштай юу?

-Би ХНХЯ-нд 2016 оноос ажиллаж эхэлсэн. Найман жил ажиллалаа. Хүмүүс яаманд ороод л миний замыг дардан болчихсон юм шиг ойлгодог. Би угтаа дөрвөн жилийн өмнөөс л бодлого тодорхойлдог гол ажилдаа орсон гэсэн үг. 2016-2020 он хүртэл гэрээгээр ажилласан, орон тоо байгаагүй учраас. Номондоо энэ түүхийг илүү дэлгэрэнгүй бичсэн. Үйлчилгээний албан хаагчийн цалин авдаг л даа, гэрээт ажилтан. Адилхан ачаа үүрдэг мөртлөө хоёр дахин багаар цалинжиж, мөртлөө орон тоо байхгүй гэдэг шалтгаан сонссоор байсан ч мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэвчиж байсан. 2020 оноос эхлээд би орон тооны ажилтан болж, мөрөөдлийнхөө араас жинхэнэ утгаар замнаж эхэлсэн. Би бусад салбар байгууллагаас хүргүүлсэн баримт бичгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх бодлогын саналыг хүний эрхийн мэдрэмжтэйгээр томьёолон боловсруулж хүргүүлэх ажлыг хийдэг. Одоо би Хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль тогтоомж, нийгмийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн. Саадгүй байдал, хүртээмжийн тухай  цоо шинэ хууль дээр одоо ажиллаж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулгын төслийг гардан ажиллаж байгаа. Удахгүй ЗГ-т өргөн баригдана. Мөн гэрээ, конвенцын асуудал хариуцдаг. Энэ ч утгаараа 2023 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын МУЗГ-ын тайланг хамгаалах ажлын бүх ажлыг хариуцаж ажилласан. Тодруулбал, 2012 оноос хойшхи 12 гаруй жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр бүх шатны төрийн байгууллагын хийсэн ажлын тайланг гардан боловсруулж, НҮБ дээр очиж хамгаалсан.

-Олон чухал баримт бичгүүдэд ажиллаж байгаа юм байна. 

-Ер холбогдох хуулийн төслүүдэд ажлын хэсгийн гишүүнээр орж, санал бодлоо хэлээд явж байгаа. Дохионы хэлний тухай хуулийн төсөлд мөн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Дандаа л бодлогын баримт бичигтэй ажилладаг даа. Нэг хэцүү зүйл нь, намайг яаманд ороод яг юу хийв гэдэг. Бараг өөрийгөө сурталчлаад л явж байна гэж ойлгодог хүмүүс бий. Энэ ажил хүмүүсийн гар дээр гурил будаа болж очихгүй. Байшин барилга болж сүндэрлэхгүй. Бага багаар үр дүнгээ өгнө. Гэхдээ би өөрчлөлтийг хараад баяртай явдаг. Та бод л доо, 2016 онд ганцхан МҮОНТ л дохионы хэлмэрчтэй байсан. Өнөөдөр өргөн нэвтрүүлгийн зургаан телевиз энэ жишгийг нэвтрүүлсэн байна. 2016 онд Хөдөлмөрийн тухай хуулиа мөрддөг, 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авъя гэдэг хүн бага л байсан. Өнөөдөр авъя л гэдэг болж. Дээр нь над шиг саажилттай хүн гадуур явбал айж цочдог байсан бол өнөөдөр энгийнээр л хүлээж авдаг болжээ. Ер бодлогын баримт бичгүүдэд санал маань тусгагдаж, улмаар хэрэгжээд явж буйг харах үнэхээр сайхан байдаг. Би харин хийсэн ажлаа сурталчлах дуртай биш ээ. Өөртөө харин ингээд л баярлаад явдаг. Өмнө нь яамдууд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал л байвал манай яам руу явуулчихдаг байсан. Одоо яам бүр дор дороо анхаардаг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульдаа явахад зам нь эвдрэлтэй бол тэр ЗТХЯ-ны, сургуулийн орчин шаардлага хангахгүй бол БХБЯ-ны, багш түүнтэй ажиллах чадваргүй бол БШУЯ-ны ажил болох жишээтэй. Үүнийг бас ойлгодог болж байна шүү. Миний ажилдаа баримталдаг зарчим бол зүйрлээд хэлвэл усруу хүмүүс живэхээр нэг нэгээр нь татаж гаргах биш харин яагаад усруу живээд байгаа тэр шалтгааныг л байхгүй болгох юм.

-Хамгийн олон сайд богино хугацаанд солигддог яам. Танд төвөгтэй санагддаг уу?

-Ганц надад гэлтгүй бүгдэд л төвөгтэй санагддаг байх. Мөн ганц сайд ч биш ер нь төрийн байгууллагын хүмүүс солигдоход хэцүү байдаг. Шинэ хүнд юмаа ойлгуулах гэж их хугацаа зардаг. Сайхан ойлгуулж, мэдлэг ойлголтоор хангасны дараа яваад л өгдөг. Дараагийн сайдад дахиад эхнээс нь ярих болдог. Зөвхөн сайд ч биш л дээ. Орон нутгийн шат шатны ажилчид солигдох бүр хэцүү тусна. Сургалт хийгээд л, ойлголт өгөөд л хэдхэн хонож байтал солигдчихдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж өвчтөн эсвэл халамж хүртэгч биш юм шүү гэдгийг арайхийн ойлгуулж байтал өөрчлөгдөхөөр онцгүй ээ. Төрийн байгууллагын хүний нөөц өөрөө нам дагаж, солигддог нь жаахан төвөгтэй. 

-Одоо ажиллаж байгаа хоёр хуулиа батлуулчхаад ажлаа солино-

-Охин нь том болж байна уу?

-Манай охин яг аавыгаа дуурайсан. Аав шигээ юм юманд элдэвтэй, нэлээд хөдөлгөөнтэй. Ангийнхаа гайгүй сурдаг хүүхдүүдийн нэг нь. Ажлын өдрөөр би охиндоо хангалттай цаг зарцуулж чаддаггүй. Сүүлийн үед ээжийн эмийн зардал ч нэмэгдээд, яамны мэргэжилтний цалингаар гурван биеэ авч явах амаргүй байгаа. Иймд амралтын өдөр, гэрээсээ өөр ажил давхар хийж байна. Тийм ч болохоор одоохондоо охиндоо бага цаг л зориулах юм даа. Одоо ажиллаж буй хоёр хуулиа батлуулчхаад ажлаа солих бодол байна. Гэхдээ салбар дотроо ажиллана. Мэдээж охинтойгоо үргэлж хамт байж, ярилцахыг хичээдэг. Тэр минь маш сэргэлэн, цовоо. Үзэл бодлоо шууд илэрхийлчихдэг нь харин намайг дуурайсан. Буруу юм хийхэд нь төдийлөн загнадаггүй. Аль болох нээлттэй, дотно ярилцахыг хичээдэг. Урлаг, соёлын хүн болж магадгүй гэж бодоод байгаа. 

-Таны ээжийг асуулгүй өнгөрч болохгүй. Өдийг хүртэл хамт байсан ээжийнхээ санааг одоо нэг амрааж, ачийг нь хариулах хэмжээнд хүрлээ гэж боддог уу. Өөрөөс нь хамааралтай бишээр амьдарч эхлээсэй ээжийгээ гэж хүсдэг үү?

-Ээж л байгаагүй бол би амьдарч чадахгүй. Амьдралын боломжоос шалтгаалж ээж эмнэлэгт ч хэвтэж үзээгүй. Өвдөхөөр нь би “Таныг нас барвал араас чинь шууд явах байх аа” гэж хэлдэг байсан. Охин төрөөд хоргодох шалтгаан нэмэгдсэн. Намайг өдий зэрэгт хүргэх гэж залуу нас, бүх зүйлээ золионд гаргасан даа. Бариач гам барихыг шаардана. Тэр дундаа үргэлж шинэ хонины шөл уулгаарай гэнэ. Ээж яс биелүүлнэ. Өглөөд хуушуур, өдөрт долоон банштай цай, оройд хар шөл хийж өгөөрэй гэдэг домтой, ээж яг л тэгнэ, долоо хоноод л шинэ хонины мах авна. Сургуульд орсны дараа бусдаас муу харагдуулахгүйн тулд хамаг л гоё ганган хувцас авч өгнө. Оюутан болсон хойно ч тэр. Манай гэр Толгойтод байсан. МУИС руу ээж өдөр бүр таксидаж явуулан сургадаг байсан. Дөрвөн жилийн турш гээд бод доо. Одоо гартаа хүнд юм барьж чадахгүй байгаа. Ерөөс л мөнгө яаж олох вэ, тэгээд охиноо яаж хүний зэрэгт хүргэх вэ гэж бодсоор амьдралаа өнгөрүүлсэн. Тийм болохоор би одоо тэр ачааг нь хөнгөлөх, ядаж талхны мөнгөнд санааг нь зовоохгүй амьдруулах сан гэж хичээж байгаа. Харин Яана аа, миний охин ингэчих вий, тэгчих вий дээ” гэдэг бодол нь байсаар л байх болов уу.

Ээж амьдралдаа хоёрхон удаа уйлсны нэг нь манай нөхрийг өнгөрөхөд юм. Газар самардан уйлсан. “Бурхны өгсөн бэлгийг би алдчихлаа” гээд л. Нөхөртэйгөө амьдарсан таван жилд ээжийн надад санаа зовох ачаа бага ч гэсэн хөнгөрсөн байх аа. Одоо би ядаж ахуйн талаас санааг нь зовоохгүй байя гэж хичээдэг. Би буруу явж болохгүй. Энэ хүн өөрийнхөө бүх залуу нас, баяр баяслаас татгалзаж байж намайг өдий зэрэгт хүргэсэн. Өөрөө ханиа алдаад би өрх толгойлсон ээж байх ямар хэцүүг ойлгож байна. Гэтэл тэр 1990-ээд онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хөл дээр нь босгох гээд явж байж шүү дээ. Үнэхээр би бурууг хийж, санааг нь зовоочихгүй юм сан гэж хичээдэг. Ядаж энэ хоёр зүйл дээр санаа амар амьдруулъя гэж боддог. 

-Бусдын л адил эмэгтэй, Болороо юунаас кайф авдаг вэ?

-Дуу их сонсдог. Баримт бичиг боловсуулах гэдэг анхаарал шаардсан ажил шүү дээ. Чихэвчээ зүүгээд дуу тавихаар л урсаж өгнө шүү дээ. Тэр мэдрэмж их гоё. Дээр нь миний хобби бол NBA үзэх. 2007 оноос хойш “Lakers”-ийг дэмжиж байгаа. Бүх уналт, босолтын түүхтэй нь хамт байсан. Кобиг нас барахад уйлж байлаа (Инээв). Гэртээ Xbox аваад тавьчихсан, ганцаардах мэтийн хэцүү үед хөгжмөө чангалаад, сагс тоглодог. Тэгж тайвширдаг. 

-Ойрдоо ямар дуу сонсож байна?

-Уянгын, дээр үеийн. Миний хамгийн их сонсдог дуу бол Б.Сарантуяагийн “Учралын блюз”. Цоглог гэвэл Т.Ариунаагийн дуунуудыг сонсдог. Гэхдээ нэг л мэдэхэд хуучны дуунуудын лист рүүгээ буцаад оччихсон байдаг. Манай ээж эсрэгээрээ их цоглог дуу сонсоно шүү. Би уянгын юманд л аягүй дуртай. Охин бас эмээгээ дуурайсан шиг билээ (Инээв).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2024 15:43

АН ын Тулгат зика вирүс хоёр энэ эмэгтэйн нөхөрт буруутай

аз жаргал хүсье.
аз жаргал хүсье.
4 сар 30, 2024 15:58

одоогийн энэ эдийн засгийн амьдр�##� энгийн ганц бие хүнд /өөрийгөө сайн илэрхийлэх чад�##� байхгүй, ажил хийлээ ч сарын ханг�##�ттай орлого олдоггүй, туслах ханг�##�ттай чадвартай ах дүү, аав ээж байхгүй хүн/ өдөр тутамдаа хэцүү байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бүр их хэцүү гэж би боддог. Хүн аз жарг�##�тай байхын тулд ханг�##�ттай хэмжээний мэдлэгийг заах хичээлд хамрагдах ёстой байх. Мөн олон төрлийн шинжлэх ухааны хичээлээс гадна дор хаяж 5-10 төрлийн хөгжим дарж сурч, �##�ь нэгийг сайн чаддаг байх, бүх төрлийн усан ба тосон будгаар зураг зурж үзсэн, спортын олон төрлөөр хичээлллэж үзээд 1-2 төрлөөр байнга хичээллэдэг байх, ханг�##�ттай хоол хүнс жимс ногоо иддэг байх, ядаж эх орондоо эсвэл УБ хотын нутаг дэвсгэрт хамаарах сайхан газруудыг очиж үзсэн байх, олон төрлийн сэдэвтэй ном уншиж, найз нартайгаа хамт кино үзэж бас жүжиг тоглож үзсэн байж өөрийгөө юунд илүү дуртайг мэдэж, аз жарг�##�тай байж чадах байх. Амьдр�##� мөнгөнөөс болоод ийм төвөгтэй байхад энэ бүсгүй маш их хичээж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай ойлголтыг өөрчлөөд зогсохгүй бу�####�даа үлгэр дуури�##� болж яваад нь үнэхээр их гайхан биширч байна. Хүссэн бүхэн чин хурдан биелээсэй гэж ерөөе.

oogii
oogii
4 сар 30, 2024 19:20

darga bolsond chin bayar xvrgee.bas uuchlaarai.

Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
4 сар 30, 2024 20:50
Reply to  oogii

УРТЫН ДУУ СОНСОЖ УЯРЛЫН ЕРТӨНЦӨД АЯЛЖ БАЙ, УЛАМ УХААРУУЛНА.

хүннү
хүннү
4 сар 30, 2024 19:44

Баяр хүргэе. Номыг нь хаанаас авах вэ?

Зочин
Зочин
5 сар 1, 2024 08:14
Reply to  хүннү

Ном хаанаас авах вэ? Номын нэр?

Zochin
Zochin
4 сар 30, 2024 21:17

Сайхан ярилцлага өгчээ. Баярл�##�аа

зочин
зочин
4 сар 30, 2024 23:05

хөгжлийн бэрхшээлтэй гэхэд энэ чинь маш ухаантай бүсгүй юм байна шүү дээ

Зочин
Зочин
5 сар 1, 2024 01:31

Маш уха�##�аг эмэгтэй байна. Хамгийн сайн сайхныг ерөөе.

Зочин
Зочин
5 сар 2, 2024 11:01

Ih hurald baigaa avgaichuudaas deer emegtei baina ih hurliin gishuun bolooroi

Зочин
Зочин
5 сар 2, 2024 12:11

Товч бөгөөд маш тодорхой ярина.Маш мундаг хүн дээ.Ээж 'охин та 3 т сайхан бүхнийг ерөөе.

Зочин
Зочин
5 сар 3, 2024 08:36

Эрүүл энхийг хүсье. Зорилгодоо хүрдэг мундаг эмэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button